Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

-

-

     2019          02           14                                         190         

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

иргэдийн төлөөлөгч Ш.Бадамханд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-Очир, өмгөөлөгч Б.Тэнгис,

шинжээч Г.Энхбаатар,

гэрч А.Эрдэнэбулган, З.Алтанхуяг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808000000685 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Оюунаагийн А /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3-89Г тоотод оршин суух иргэн Г.Цэцэгмаагийн өмчлөлийн хувийн байшинд 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Бгийн зүүн эгэмний баруун дээд хэсгээс цэжний хөндий рүү, мөн зүүн гүрээ, оочин тус газруудад хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 9 дүгээр сард найзтайгаа явж байгаад хохирогчтой танилцаж байсан. Талийгаач 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр эх, эмээтэйгээ “хөдөө явлаа” гэж яваад 6 дугаар сарын 08-ны өдөр “хот руу орж ирж байна, Баянхошууны байшинд уулзъя” гэж тохиролцоод орой 21 цагийн үед уулзсан. Маргааш нь бас кино үзэж байгаад архи авч уусан. Нилээн орой болчихсон байхад “ээжийн санаа зовж байгаа байх, явчихаад ирье” гэхээр нь би “согтуу машин барьж яах гэж байгаа юм бэ” гэхэд үгэнд оролгүй яваад өгсөн. Тэгээд маргааш нь машинаа хүнээр бариулчихсан нилээн халамцуу ундаа барьчихсан орж ирсэн. “Ядраад өлсөөд байна, хоол хийгээд өг” гэхээр нь би “мах байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд нэг хүнтэй утсаар яриад байсан. Хоол идчихээд амрах гээд байж байтал хоёр найз нь орж ирсэн. Пүрэвдорж нэг шил архи авчихсан байсан. Тухайн үед Пүрэвдорж их согтчихсон орны хажууд унтсан. Талийгаач “Халиунаатай усанд явчихаад ирье” гээд гарсан. Би тэр хоёрыг байхгүйд хэсэг унтсан. Талийгаач маш ууртай орж ирээд хоёр найзыгаа явуулсан. Толгой өвдөөд байхаар нь би оронд ороод унтаж байтал гэнэт миний үснээс зулгаагаад татсан. Би “яаж байгаа юм бэ” гэж асуухад “чи намайг гарсан хойгуур Пүүжээтэй яасан” гээд намайг босож ирэхээр л өшиглөж унагаагаад, нуруун дээр дэвсээд байсан. Би өмнө нь ингэж айхтар уурлаж байхыг нь хараагүй. “Болиоч чи, яаж байгаа юм бэ” гэхэд чамайг “яасан ч яадаг юм” гээд эргэхээр нь хутга авчихвий дээ гэж бодсон. Өмнө нь над руу хутга барьж байсан удаа байгаа. Би ширээний хажуугаас хар иштэй хутгыг авах гээд очтол галын шилээвэр төмрөөр миний мөр лүү цохисон. Тэгээд миний гарыг бариад хойш нь унагаах гээд байсан. Өмнө нь намайг хоёр удаа боогоод ухаан алдуулж байсан. Би тухайн үед хутга барьчихсан байснаа мартчихсан байсан. Нааш цааш түлхэлцээд гэтэл гар нь сулраад хохирогчийн хувцаснаас цус гарч байсан. Тухайн үед түргэн дуудах гэтэл утас унтарчихсан байсан. Би ухаан жолоогүй гарч гүйсэн. Нэг харахад хөл нүцгэн байсан. Урд гудамж руу гүйгээд нэг эмэгтэй хүнтэй тааралдаад “хүн цус алдаад байна, түргэн дуудаад өг” гээд хаягаа хэлээд явсан. Намайг ороход талийгаач ухаан алдсан байсан. Би хиймэл амьсгаа хийсэн, маш их айсан. Би санаатайгаар алаагүй. Тухайн үед талийгаач гэнэт маш их уурласан. Удалгүй цагдаа, түргэнийхэн хамт ирээд цагдаа нар намайг аваад явсан. Талийгаачийг нас барчихна гэж бодоогүй. Би талийгаачид сайн байсан учраас надад ингэх шалтгаан байхгүй. Би зүгээр маш их айсан. Маш их харамсалтай байна. Цагдаагийн газар очоод өдөр шөнө болж байгааг, мөн юу ярьснаа ч санахгүй байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохиролд 17.500.000 төгрөг төлсөн байгаа. Үлдэх хохирлыг төлнө. Миний хань байсан, би санаатай үйлдэл хийгээгүй. Хайрласныхаа төлөө зодуулдаг байсан. Өөрийгөө хамгаалах гэж хутга авсан. Үнэхээр их айсан, хүний гарт үхэх юм байна гэж бодогдсон” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би талийгаачийн төрсөн дүү. Түүний хамгийн ойр дотны хүн байсан учраас гэр бүлийнхээ хурлаар талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болсон. Хуулийн дагуу шийдвэрлэж, сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Шинжээч Г.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зүүн бугалганы гадна дунд хэсэгт үүссэн 8х6см хөхөлбөр ягаан цус хуралт нь шилээвэр төмрөөр үүсгэгдээгүй. Хавдаж болно. Цус их гардаг, артерийн судсыг бодвол даралт багатай байдаг. Ямар нэгэн эд зүйлээр шархыг дарахад цус алдах процесс тасалдахгүй” гэв.

 

Эрүүгийн 1808000000685 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-Очирын: “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 20 цаг 17 минутын орчимд гэрт цагдаа ирээд “энд Б гэх хүн амьдардаг уу, та юу нь вэ” гэхээр нь би “төрсөн дүү нь байна” гэхэд “та цагдаагийн хэлтэс дээр ирж уулз” гэж хэлээд би цагдаагийн хэлтэс дээр ирээд хэргийн талаар сонссон. ...О.А нь Б ахыг хамт авч явж архи уудаг, хамт архи уучихаад эргүүлээд элдэв зан гаргадаг. Миний мэдэж байгаагаар 2017 оны өвөл Б ахын гар нь түлэгдсэн байдалтай байхаар нь асуухад “А согтчихоод мөнгөний маргаанаас болоод хайруулын тавгаар хайрчихсан” гэж хэлж байсан. Б ахын машиныг А банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад мөнгө авч, уг мөнгөөр нь пааб ажиллуулдаг гэж яригдаж байсан. Тэрнээсээ болоод маргалдсан гэж би ойлгосон. Мөн 2017 оны 11 дүгээр сарын орчимд Б ахын автомашины салхины шил нь хагарсан байдалтай ирэхээр нь асуухад А зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь маргалдсан чинь машины шил тоосгоор цохиод хагалчихсан гэж хэлж байсан. Түүнээс өөр маргалдаж муудаж байсан зүйл одоогоор санаанд орохгүй байна. Ер нь Б гэртээ ирсэн байхад А байнга дуудаж авч яваад архи уулгаад, уруу татаад байдаг хүн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43-44/,

Гэрч Р.Оюунчимэгийн: “Би 2018 оны 6 дугаар сарын 10-ны 18 цагийн үед зээ охинтойгоо найзындаа орох гээд явж байтал 40 орчим насны, хөл нүцгэн, эрээн даашинзтай, хөл, гар, нүүр нь цус болчихсон хүүхэн сандарчихсан гүйж ирээд “түргэн дуудаад өгөөч, 109 рүү залгаад өг” гэхээр нь би “хүний бие муудаад байгаа юм” байх гэж бодоод 102 дугаарын утас руу залгаад нөгөө хүүхнээс “гэрийн чинь хаяг хэд юм” гэж асуутал “АОС-н 3-109” гэж хэлээд явсан. Би цагдаад “энд нэг хүүхэн хамаг хувцас нь цус болчихсон түргэн дуудаадах, цагдаа дуудаад өг” гэсэн гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-47-48/,

Гэрч Ж.Халиунбатын: “2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Пүүжээтэй таарсан чинь “цуг Б дээр оччихоод ирье, очоод ганц юм уучихаад удахгүй буцна” гээд надад бензины мөнгө гээд 10.000 төгрөг өгсөн. ...Тэгээд бид хоёрыг очиход Б, А хоёр архи уучихсан халамцуу, нилээн манарсан байдалтай байсан. Би машин барьж явсан болохоор архи уугаагүй, нөгөө гурав хөзөр тоглонгоо архиа уугаад суусан. Архи нь дуусахын алдад А хоол хийсэн. Тухайн үед Пүүжээ нилээн согтсон байсан. Орон дээр доод буланд хэвтээд үлдсэн. Б бид хоёр худаг орж ус авчихаад 20 гаран минут болоод буцаад ирэхэд хоол болчихсон аяганд хийгээд Пүүжээгийн хажууд тавьчихсан Пүүжээ орон дээр хэвтсэн чигээрээ унтаж байсан. Хойд талаар нь А буруу хараад хэвтэж байсан. Б тэр хоёрыг харчихаад хардаад байгаа бололтой уурлаад амандаа юу гээд байгаа нь мэдэгдэхгүй бувтнаад үглээд уурлаж байгаа нь илт мэдэгдээд эхэлсэн. А “чи чинь одоо мэдрэл муутай юм уу, юм уухаараа хардаад балайраад байдаг юм, юундаа уурлаад байгаа юм, Пүүжээтэй хардаад байгаа юм уу” гэхэд Б өөдөөс нь юм хэлэхгүй, уурлаад орж гараад тамхи татаад байсан. Тэгэхээр нь би Пүүжээг орхиж явах гэснээ түүнтэй хардаад байгаа юм чинь хэрэггүй юм байна гэж бодоод Пүүжээг босгож хоолыг нь идүүлчихээд толгой дээр нь ус асгаж сэргээчихээд аваад явсан. Бид хоёрыг уг айлд байхад маргалдсан зүйл болоогүй. ...Бид хоёрыг гарах үед А, Б нар нь нилээн согтуу үлдсэн. Би Бтэй ус авах гээд гарахад Б хөл алдаад унаад байсан. Пүүжээг гэрт нь хүргэж өгчихөөд гадуур явж байтал 17, 18 цагийн орчимд Бгийн утаснаас дуудлага ирэхээр нь авсан чинь А байсан. “Яана аа Халиунаа, би бүр баларлаа, цус гараад байна” гэхээр нь би “яасан юм бэ” гэхэд юм хэлээгүй утсаа салгачихсан. Удалгүй ахин залгаад А нь “яана аа Халиунаа, би цаадахыг чинь хутгалчихлаа, чи хүрээд ир” гээд уйлаад байсан. Би “тэгвэл цагдаа, түргэн дууд” гэж хэлсэн чинь утас нь салчихсан. Эргүүлээд талийгаачийн дугаар луу залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон. Би итгэдэггүй “худлаа ярьсан юм болов уу” гэж бодоод өнгөрсөн. Дахиж над руу ч залгаагүй, би ч дахин залгаагүй. Маргааш нь Бг нас барсан гэж мэдсэн. ...Бид нар хааяадаа нийлж ууж идэх зүйл болдог, тэгэхэд л Б нь А руу залгаад хардаад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-49-50/,

Гэрч Э.Пүрэвдоржийн: “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Б яриад “А бид хоёр Хөтөлд ганц юм уугаад сууж байна, чи ганц юм аваад хүрээд ирээч” гэж хэлсэн. Би “мөнгө байхгүй, очиж чадахгүй” гэхэд “аргалаад хүрээд ир” гэхээр нь гарч яваад Халиунаатай таараад замаараа 0.75 литрийн нэг шил Хараа архи, ойр зуурын идэж уух юмтай аваад очсон. Б, А нар 0.5 литрийн нэг шил архи уугаад дууссан байсан. Нэг, нэг пиво барьчихсан уугаад сууж байсан. Тухайн хоёр хүн согтоогүй, халамцуу байсан. Ямар нэгэн маргалдаж муудсан зүйлгүй байсан. Ингээд Б, А бид гурав хувааж уугаад хөзөр тоглоод суусан. Тэгээд архиа уугаад дуусахад би нилээн согтсон, ухаан санаа орж гараад байсан. Би манарсан согтсон байсан болохоор зарим юмыг сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг нь хоол хийж байх шиг байсан. Миний санаж байгаагаар ширээн дээр мах хэрчээд тавьсан хутга байхаар нь би “миний хөгшөөн хутгаа цааш нь далд хийгээрэй, архи уусан хүмүүст хутга ойр байгаад хэрэггүй шүү” гэж хэлж байсан боловч миний яриаг тоож сонссон хүн байгаагүй. Хоол хийж дуусахад нь би идэх гэсэн чинь идэж чадахгүй байсан учир амсчихаад явахаар гарах гэхэд Б “Пүүжээ хөгшөөн нэг юмны мөнгө үлдээчих” гэж хэлж байсан. Халиунаа бид хоёр багцаагаар 13 цаг өнгөрч байхад явсан. Бид хоёрыг А, Б хоёр хоёулаа гаргаж өгч байсан. Тэр орой нь цагдаагаас залгаад “Бг өнгөрчихсөн, хүрч ирж мэдүүлэг өг” гэж хэлэхээр нь би Халиунаа руу залгаад “юу болсон юм бол” гэж асуусан чинь Халиунаа надад хэлэхдээ “А над руу залгаад би Бг хутгалчихлаа гэж ярьсан би итгээгүй шүү дээ, тоглож байгаа юм байхдаа гэж бодоод цагдаа, түргэн дууд гэж хэлсэн” гэж хэлж байсан. ...Халиунаа бид хоёрыг байхад Б нь Атай хардаж маргалдсан зүйл болоогүй. Архи уучихаараа нэг нэгнээ хардах гээд байдаг зантай. А согтхоороо элдэв зан гаргаад агсраад байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-51-52/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.27-ны өдрийн 1301 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаач Д.Б-н биед ир үзүүр бүхий зүйлийн гэмтэл, зүүн эгэмний баруун дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн гүрээний венийг бүрэн тасалсан хатгагдаж зүсэгдсэн шарх, оочинд шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн, ир, үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаачийн цусанд 5,2 промилли, ходоодны шингэнд 6,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 5. Талийгаач зүүн эгэмний хутгалагдсан шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ. 6. Талийгаачийн цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-84-85/,

Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2018.07.06-ны өдрийн 6496 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хутга, гар утаснаас цус илэрсэн. 2.Хар өнгийн иштэй хутга, гар утаснаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. 3.Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо Д.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4.Уг цус нь О.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-122-123/,

Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2018.6.29-ний өдрийн 6497 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн даашинзнаас цус илэрсэн. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. 2.Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо Д.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3.О.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-125-126/,

Шүүгдэгч О.Агийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд Б нэг танихгүй хүнээр машинаа бариулаад ирсэн. Б ирэхдээ 0.5 литрийн нэг шил архитай, согтуу, унтаагүй юм уу гэмээр байдалтай ирсэн. Тэр архинаас нь би нэг татчихаад мах авахаар гарахдаа 0.5 литрийн нэг шил архи, боорцог, талх зэрэг эд зүйл аваад орж ирээд хоол цай хийгээд байж байтал Бгийн найз Пүүжээ Б рүү залгаад яриад манайд ирэхээр болсон. Пүүжээ нь Халиунаатай 12 цагийн орчимд ирээд юм яриад сууж байгаад би 00 орчихоод ирсэн чинь Б Халиунаагийн хамт гараад явчихсан байсан. Гэрт Пүүжээ ганцаараа үлдчихсэн согтуу байдалтай орон дээр унтаж байсан. Би ширээн дээрх юмнуудаа янзлаад хогоо шүүрдээд байж байтал 20 орчим минутын дараа Б, Халиунаа хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд хэсэг хугацаанд Б, Халиунаа хоёр юм яриад суусан. Пүүжээ унтаж л байсан. Б Пүүжээ, Халиунаа хоёрыг “та хоёр одоо яв яв” гээд Халиунаа Пүүжээг босгоод явуулсан. Тэгэхэд ямар нэгэн хэрүүл уруул болоогүй “найзууд нь явлаа” гээд явсан. Тэр хоёрыг явсны дараа Б “Пүүжээ та хоёр яасан, намайг байхгүйд юу хийсэн” гэж хэлэхээр нь би “чи одоо юу яриад байгаа юм бэ, юу болдог юм бэ" гэж хэлсэн чинь “тэгээд яагаад Пүүжээ орон дээр унтаж байгаа юм” гэсэн утгатай зүйл хэлээд намайг муу үгээр хараагаад байж байхдаа “пизда, янхан гичий” гэж хэлэхээр нь би “чи өөрөө пизда” гэсэн чинь Б үүдний пийшингийн тэндээс над руу гүйгээд ирсэн. Тухайн үед би ширээний хажууд зогсож байсан. Б намайг өмнө нь багалзуурдаад дээрээс дараад уначихдаг учир намайг багалзуурдах гэж байна гэж бодоод би Бг айлгах санаатай ширээн дээрээс хутга аваад урдаа барьсан чинь өөдөөс гүйгээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “цаашаа байл даа” гээд гараараа өөдөөс нь далайсан чинь Б миний гарнаас хальт бариад авахаар нь гараа салгах гээд татаад буцаагаад түлхсэн чинь хүзүүнийх нь хажуу талд хутгалчихсан. Тэгэхдээ би яг дүрчихлээ гэж бодоогүй. Б гэнэт хойшоо ухраад гишгэснээ саваад уначихсан. Тэгэхэд хүзүүнээс нь цус гарахаар нь би хутгалчихсан байна гэдгээ мэдсэн. Би даавуугаар дарсан. Тэгэхэд Б ухаан алдчихаар нь би “битгий нүдээ аниарай” гэж хэлээд хэдэн удаа хиймэл амьсгаа хийсэн. Тэгээд 102 луу залгах гээд Бгийн утсыг аваад дөнгөж залгах гээд дугаар хийж амжаагүй байхад утасных нь цэнэг дуусаад унтарчихсан. Тухайн үед миний утасны цэнэг дууссан байсан учир би гэрээс гарч гүйгээд урд талын гудамжинд явж байсан хүнийг гуйж байгаад “миний дүү эгчдээ утсаараа цагдаа руу нэг залгаад өгөөч, хүн алчихлаа” гэж хэлээд хаягаа хэлээд тэр хүн цагдаа руу залгаж дуудлага өгсөн.

...Талийгаач намайг орон дээрээс үсдэж чирээд газар унагаасан. Баруун гар дээр дэвссэн. Тэгээд бөгс, зүүн гар луу өшиглөөд байсан. Би талийгаачийг “зайл цагдаа дуудна шүү” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач цохих юм хайгаад байсан. Ер нь өмнө нь ч ингээд байдаг байсан. Хутга бариад над руу дайрч байсан болохоор нь би шалан дээрээс бостол талийгаач гал тогооны хэсэг рүү явахаар нь гурав дөрвөн алхмын цаана байсан ширээн дээр хутга байхыг нь хараад хар өнгийн иштэй урт хутгыг нуух санаатай баруун гартаа барьсан. Талийгаач галын дэгээ төмөр бариад над руу хүрч ирээд миний хутгатай гарын бугуйнаас барьж аваад намайг хойшоо түлхсэн. Ар талд диван тээгэлдсэн. Би хойшоо унавал намайг боогоод авах байх гэж бодоод би урагшаа зүтгэсэн. Урьд нь намайг хоёр удаа боож байсан болохоор урагшаа зүтгэсэн чинь намайг хоёр гурван удаа татаад угзарсан. Нэг харсан чинь талийгаачийн зүүн талын эгэмнээс цус гарч байсан. Тэгэхээр нь “хөөе эндээс чинь цус гарч байна” гэтэл талийгаач хойшоо нэг ухарсан. Тэгэхэд л би миний барьж байсан хутганд талийгаач зүсэгдчихлээ гэж бодсон. Би хутгаа тавьчихаад гараараа талийгаачийн зүүн эгэмний цус гарч байсан газар нь дарсан. Талийгаач доошоо бөгсөөрөө шалан дээр суусан. Тэр хооронд би сандраад цус тогтоох юм хайгаад өөрийн өмсдөг цагаан өнгийн футболкоор цус гарч байсан хэсгийг дарсан. ...Эргээд хартал талийгаач газар мөлхөж байсан. Тэгэхээр нь би “яасан бэ” гээд очтол талийгаач ухаан алдсан. Энэ хэрэг их хурдан болж өнгөрсөн. Би ийм хэрэг болно гэж зүүдлээ ч үгүй. Би сандарч гараад урд талын гудамжинд нэг эмэгтэй хүнтэй тааралдахаар нь “нэг хүн ухаан алдчихлаа, хутга зүсэгдчихлээ, түргэн дуудах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-156-158, 159-162/,

Гэрч М.Энхтуяагийн: “...2016 оны цагаан сарын үеэр 2 дугаар сарын хавьцаа би А руу залгаад “манай гэрт хүрээд ир” гэтэл А “би найз Бгийн хамтаар Сансарт нэг зочид буудалд байна, чи өөрөө хүрээд ир” гэхээр нь би хоол унд аваад очсон. Тэгтэл тэр хоёр өмнөх өдөр нь зочид буудалд орсон гээд нилээн архи уусан, согтуу байдалтай байсан. Тэгээд бид нар архи хувааж уугаад юм ярьж байтал, тэр хоёр хоорондоо юунаас болсны мэдэхгүй маргалдаад байсан. Б нилээн дээрэлхүү зантай хүн байна гэж надад харагдсан. А ч мөчөөгүй өгөхгүй хэрэлдэж маргалдаад байсан. Тэгтэл Б Аг ор луу түлхээд унагаахаар нь би Бг болиулах гэтэл намайг бас түлхээд унагааж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-29-30/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.18-ны өдрийн 7394 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.О.Агийн биед зүүн бугалга, нуруу, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.О.А нь А 2 дугаар бүлгийн цустай байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-89/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018.7.04-ний өдрийн 592 дугаар дүгнэлтэд: “1.О.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.О.А нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3.О.А нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.О.А нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. 5.О.А нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-91-92/,  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-2-19/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-21-25/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-30-34/, гэрч Л.Бат-Ирээдүйн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56-57/, гэрч Л.Бат-Оргилын мэдүүлэг /хх-1 дүгээр хавтас, хх-58-59/, гэрч А.Оюунгэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-70-71/, гэрч С.Туулын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-74-75, 76/, гэрч Х.Отгоны мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-77-78/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-163/, иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-168/, хохирогч талын хүсэлт /1 дүгээр хавтас, хх-245-248/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт /2 дугаар хавтас, хх-12/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-18-20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн “Ачтан” эмнэлгийн тодорхойлолт, “Болор мэлмий” эмнэлгийн бичиг, хохирлын мөнгө өгсөн баримтууд, мөн улсын яллагчаас гаргаж өгсөн мөрдөгчийн тогтоол, галын дэгээ төмрийн 3 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтүүдийг талуудын хүсэлтээр уншиж,  

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлсийг таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Санаатайгаар алсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцааны хувьд ямар байдаг талаар гэрчүүд мэдүүлсэн. Амь хохирогч нь шүүгдэгчийн эрх чөлөөнд халддаг байсан байна. Тэдний хооронд өс хонзонгийн асуудал тогтоогдсонгүй. Амь хохирогч 16 удаа согтуугаар зөрчил гаргасан нь хэргээс тогтоогдож байна. Энэ нь шүүгдэгч О.Агийн мэдүүлгийг нотлож байна” гэж гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан болно.

Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар тухайлбал амь хохирогч шүүгдэгчийг хардсан, эрх чөлөөнд нь халдсан болох нь гэрч Ж.Халиунбатын “...Б тэр хоёрыг харчихаад хардаад байгаа бололтой уурлаад амандаа юу гээд байгаа нь мэдэгдэхгүй бувтнаад үглээд уурлаж байгаа нь илт мэдэгдээд эхэлсэн. А “чи чинь одоо мэдрэл муутай юм уу, юм уухаараа хардаад балайраад байдаг юм, юундаа уурлаад байгаа юм, Пүүжээтэй хардаад байгаа юм уу” гэхэд Б өөдөөс нь юм хэлэхгүй, уурлаад орж гараад тамхи татаад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-49-50/, шүүгдэгчийн “...Тэр хоёрыг явсны дараа Б “Пүүжээ та хоёр яасан, намайг байхгүйд юу хийсэн” гэж хэлэхээр нь би “чи одоо юу яриад байгаа юм бэ, юу болдог юм бэ" гэж хэлсэн чинь “тэгээд яагаад Пүүжээ орон дээр унтаж байгаа юм” гэсэн утгатай зүйл хэлээд намайг муу үгээр хараагаад... ...Талийгаач намайг орон дээрээс үсдэж чирээд газар унагаасан. Баруун гар дээр дэвссэн. Тэгээд бөгс, зүүн гар луу өшиглөөд байсан. Би талийгаачийг “зайл цагдаа дуудна шүү” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач цохих юм хайгаад байсан. ...Талийгаач галын дэгээ төмөр бариад над руу хүрч ирээд миний хутгатай гарын бугуйнаас барьж аваад намайг хойшоо түлхсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-156-158, 159-162/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.18-ны өдрийн 7394 дүгээр шинжилгээний “1.О.Агийн биед зүүн бугалга, нуруу, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-89/ зэргээр нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.А согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3-89Г тоотод иргэн Б.Бг хутгалж, зүүн эгэмний баруун дээд хэсгээс цээжний хөндий рүү зүүн гүрээний венийг бүрэн тасалсан хатгагдаж зүсэгдсэн шарх, оочинд шарх учруулж алсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь гэрч Р.Оюунчимэгийн “...40 орчим насны, хөл нүцгэн, эрээн плажтай, хөл, гар, нүүр нь цус болчихсон хүүхэн сандарчихсан гүйж ирээд “түргэн дуудаад өгөөч, 109 рүү залгаад өг” гэхээр нь...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-47-48/, гэрч Ж.Халиунбатын “...Пүүжээ орон дээр хэвтсэн чигээрээ унтаж байсан, хойд талаар нь А буруу хараад хэвтэж байсан. ...Б тэр хоёрыг харчихаад хардаад байгаа бололтой уурлаад эхэлсэн. ...А “яана аа Халиунаа, би бүр баларлаа, цус гараад байна” гэхээр нь би “яасан юм бэ” гэхэд юм хэлээгүй утсаа салгачихсан. Удалгүй ахин залгаад А “яана аа Халиунаа, би цаадахыг чинь хутгалчихлаа, чи хүрээд ир” гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-49-50/, гэрч Э.Пүрэвдоржийн “...Халиунаа надад хэлэхдээ “А над руу залгаад би Бг хутгалчихлаа гэж ярьсан, би итгээгүй шүү дээ, тоглож байгаа юм байхдаа гэж бодоод цагдаа, түргэн дууд” гэж хэлсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-51-52/, цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 1301 дүгээр “1.Талийгаач Д.Б-н биед ир үзүүр бүхий зүйлийн гэмтэл, зүүн эгэмний баруун дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн гүрээний венийг бүрэн тасалсан хатгагдаж зүсэгдсэн шарх, оочинд шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн, ир, үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Талийгаач зүүн эгэмний хутгалагдсан шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-84-85/, шүүгдэгч О.Агийн яллагдагчаар өгсөн “...Бг айлгах санаатай ширээн дээрээс хутга аваад урдаа барьсан чинь өөдөөс гүйгээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “цаашаа байл даа” гээд гараараа өөдөөс нь далайсан чинь Б миний гарнаас хальт бариад авахаар нь гараа салгах гээд татаад буцаагаад түлхсэн чинь хүзүүнийх нь хажуу талд хутгалчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-156-158/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-2-19/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-21-25/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-30-34/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-37/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-18-20/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Агийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бгийн амь нас хохирсон бөгөөд оршуулгын зардалд 17.500.000 төгрөг төлөгдсөн талаар шүүгдэгч, хохирогч талууд харилцан зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Оршуулгын зардал төлөгдсөн” гэх мэдүүлэг шүүх хуралдаанд өгснийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоож өгнө үү” гэж дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба хүний амь нас, бие эрхтэн, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй тул мөнгөөр нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.А нь гэм буруугаа хүлээдэггүй, амь хохирогчид учирсан шарх, гэмтэл, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэлэх зүйл алга” гэж,   

шүүгдэгч “Санаатай алъя гэж бодоогүй. Миний хань байсан. Би санаатай үйлдэл хийгээгүй. Хайрласныхаа төлөө зодуулдаг байсан. Үнэхээр айсан, хүний гарт үхэх юм байна гэж бодогдсон. Өөрийгөө хамгаалах гэж хутга авсан” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, амь хохирогч хэн аль нь согтуурсан, хардалтын улмаас маргаан үүссэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /амь хохирогчийн зүүн эгэмний баруун дээд хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрч зүүн гүрээний венийн судсыг бүрэн тасалсан хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж хүний амь нас хохирсон, оршуулгын зардал 17.500.000 төгрөг төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /эмэгтэй, 50 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж дүгнэн шүүгдэгч О.Ад 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Агийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл урьдчилсан хоригдсон 184 /нэг зуун наян дөрөв/ хоног /1 дүгээр хавтас, хх-142, 145, 148, 149, 151, 2 дугаар хавтас, хх-34, 73/-ийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж,

шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, Хараа архины шил 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн богино өмд 1 ширхэг, цагаан өнгийн сандаал 1 хос, хөх өнгийн дотоож 1 ширхэг, ягаан алаг плаж 1 ширхэг зэргийг устгаж,

“Самсунг” маркийн гар утсыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч О.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунаагийн Аг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Агийн урьдчилан хоригдсон 184 /нэг зуун наян дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Сэтгэл санааны хохирол 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, “Хараа” архины шил 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн богино өмд 1 ширхэг, цагаан өнгийн сандаал 1 хос, хөх өнгийн дотоож 1 ширхэг, ягаан алаг даашинз 1 ширхгийг устгаж, “Самсунг” маркийн гар утсыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэт гүйцэтгэх газар даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Аг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                              Л.БААТАР

 

 

                              ШҮҮГЧИД                                   Б.БАТАА

                                                               

 

                                                                                         Г.МӨНХЗУЛ