Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 322

 

    Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Од хэсэг 00 тоотод оршин суух, Боржигон овгийн Цэрэндашийн Дамдинжавын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Хархорин-Өргөө 3-1-1 тоотод оршин суух, Ц.Шийлэгбатад холбогдох

“558750 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Дамдинжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Шийлэгбат нь 2015 оны 04 дүгээр сард манай Од барилгын материалын дэлгүүрээс дээврийн төмөр авсан бөгөөд одоо болтол мөнгөө өгөхгүй байна. Иймд Ц.Шийлэгбатаас дээврийн төмрийн үнэ болох 558750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Шийлэгбат шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Шийлэгбат миний бие Ц.Дамдинжавын нэхэмжилсэн 558750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 30-нд 280000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-нд 278750 төгрөгийг тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Дамдинжав нь Ц.Шийлэгбатад холбогдуулан 558750 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Шийлэгбат “558750 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчЦ.Дамдинжавын нэхэмжлэлтэй Ц.Шийлэгбатад холбогдох “558750 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчЦ.Шийлэгбат хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Шийлэгбатаас 8706 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 8706 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Дамдинжавд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12412 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА