Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

   2019          02           18                                           201         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт О.Баттулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808055801616 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух,

урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2/01 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, Чичин овогт Оюуны Б /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29-60 тоотод байх гэртээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн С.Тын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, шалан дээр түлхэж унагаан өшиглөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон удаагийн үйлдлээр олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчилган зовоож, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. 2 шил 0,75 литрийн архи уусан. Ттай багын найз. Эхнэрийн гар утас авсан гэснээс болж тийм асуудал болсон. Хохиролд 1.815.000 төгрөг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр харамсаж байна” гэв.

 

Эрүүгийн 1808055801616 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Тын: “2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед О.Бтай яриад “манайд хүрээд ир” гэхээр нь очихдоо гэрт нь цайны сүү, боов, хүүхдүүдэд нь чихэр, жимс болон Оросоос авчирсан Шампанск, мөн дэлгүүрээс 0,75 литрийн Хараа гэсэн бичиглэлтэй архи аваад очсон. Очиход Шаамарын Баадай гэх залуу болон Б хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би нэг шил архиа Баадай, Б нарын хамт ууж дууссан чинь Баадай дэлгүүр яваад 0,75 литрийн Хараа гэсэн бичиглэлтэй архи авчирч ууж байтал О.Б надад гомдоллоод “манай Сэлэнгийн Гэрэлсүх гэх залуу болон өөр зөндөө хүмүүсийг гомдоож хаясан” гээд үг хаяад байсан. Б “чи муу лалар, Мөөгий, Ганбаа та нар бүгдээрээ лалар шүү” гээд эхлээд намайг барьж аваад толгой руу гараараа 10 гаран цохиж унагаагаад, дээрээс хөлөөрөө хавирга болон цээж хэсэг рүү 10 гаран удаа өшиглөсөн. Тухайн үед Б гуталгүй байсан. Тэгж зодуулж байхдаа би ухаан алдаад унасан. Тэгээд нэг ухаан орсон чинь миний хоёр хөлнөөс Б барьж үүдний хэсгээс гал тогооны өрөө рүү чирээд “хутга аваад ир, энийг өнөө шөнө алаад булчихъя” гээд Баадайг Б “пизда минь нүх ух” гээд хэлж байсан. “Маргааш машиныг нь эд анги болгож задлаад зарчихъя” гээд байсан. Би “машин тэрэг хамаагүй, намайг битгий ингээч, болиоч” гэж гуйсан. Гал тогооны өрөө рүү чирж оруулангуутаа миний цээж болон нуруу хэсэг рүү дэвсээд байсан. Тэгээд би дахиж ухаан алдсан байсан. Сэрсэн чинь үүдний хэсэгт Баадайн хажууд хиртэй хөнжил дээр хэвтэж байсан. ...Тэгээд сэртэл Б босож ирээд “пизда минь зодуур дааж чадахгүй маяглаад байвал нэмээд алаад хаячихна шүү” гэхээр нь би “зүгээр ээ зүгээр” гэж хэлээд босож иртэл намайг буйдан дээр хэвт гээд Б эхнэрээрээ хөнжил тавиулаад намайг хэвтүүлсэн. ...Би амь хамгаалахын тулд зодуулж байхдаа сүүлд ухаан оронгуутаа Баттулгын цээж рүү нь гараараа 2 удаа цохиод хаалгаар зугтаад гарах гэтэл Б буцааж татаад дахиж унагааж дэвсээд би ухаан алдчихсан...” гэх мэдүүлэг /хх-6-7/,

Гэрч Ц.Баатархүүгийн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Б руу нэг хүн залгаад Б утсаар ярьсан. ...Тэгээд Б гэрээсээ гараад нөгөө залууг дагуулаад орж ирсэн. Б гаднаас орж ирэхдээ 1 шил 0,75 литрийн Хараа гэсэн бичиглэлтэй архи авчрахаар нь би нөгөө ирсэн залуу /Т/, Б нарын хамт хувааж ууж байгаад тасарчихсан. Би архи ууж чаддаггүй юм. Нэг сэрэхэд тэр залуу /Т/ миний хажуугаар ороод унтчихсан байсан. ...Б тэр залуугаас /Т/ уучлалт гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Гэрч Ц.Магсаржавын: “Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед ажлаас тараад гэртээ ороход манай гэрт Таа, Баатархүү, Б нар 0,75 литрийн Хараа гэсэн бичиглэлтэй архи ууж дуусаж байхаар нь би “манай гэрт яагаад архи уугаад байгаа юм бэ” гэсэн чинь “Бтай уулзалдаагүй удсан болохоор найзыгаа зорьж ирлээ” гэсэн. Тэгээд сууж байснаа гэнэт Т “миний 630.000 төгрөгөөр лизингээр авсан утас алга болчихлоо” гэж байсан. Би “юун утас юм бэ” гэсэн чинь Таа “би лизингээр авч байсан үнэтэй утас байсан юм” гэсэн чинь манай нөхөр Б “чи миний эхнэрийг хулгайд сэрдлээ” гээд уурлаад Таатай барьцалдаад авсан. Эхлээд Б Тын нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь Т Баттулгыг зөрүүлээд гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиход Б Тын нүүр лүү гараараа дахиж нэг удаа цохиод Тын мөрнөөс нь Б барьж байгаад хөлөөрөө дэгээдээд унагаачихсан. Тыг унагаахдаа Б дээрээс нь дараад уначихсан. Тэгээд Т босож ирээд “би явлаа” гээд гэрээс гарсан чинь Б ардаас нь гараад Б, Т хоёр хоорондоо барьцалдаж аваад байсан. Тэгээд Б Тын ардаас тэврээд оруулж ирэхээр нь би ор засаж өгсөн чинь Б Тыг хэвтүүлээд дараа нь өөрөө орондоо ороод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч Ц.Мөнхгэрэлийн: “Би 2018 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө ажилтай байсан. С.Таа Бтай ярилцаад байсан. Тэгээд С.Т намайг “машин бариад дөхүүлээд өгөөч, би найзтайгаа уулзахаар болчихлоо” гэж хэлж байсан. ...Би С.Тын машиныг бариад Баттулгын гудамжны ойролцоо зогсоод би такси бариад ажил руугаа явсан. ...Тэгээд би маргааш өглөө нь гэртээ ирээд унтаж байтал С.Таа “би хүнд зодуулчихлаа” гэсэн орж ирсэн. ...Тухайн үед орж ирэхдээ өвдөж шаналсан байдалтай, амьсгаа авч чадахгүй орж ирж байсан. Дотуураа өмссөн бор цамц, майк байхгүй байсан. Дотуур өмд нь цус болчихсон, дотуур хувцсыг нь урчихсан байсан. Тухайн үед С.Тын нүүрний нэг тал нь битүү хавдчихсан, хавиргаа бариад ёолоод байсан...” гэх мэдүүлэг /хх-98-99/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.12.07-ны өдрийн 14355 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Т-н биед баруун 7,8,9, зүүн 6,7,8-р хавирганы хугарал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дотор салстанд язрал, хэлэнд язрал, эрүүний зүүн доор зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-11/,

Шүүгдэгч О.Баттулгын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19-20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирсэн. С.Таа залгаад “хаана байгаа юм бэ, уулзъя” гэхээр нь би “ажил дээрээ байна, уулзах боломжгүй байна” гэж хэлсэн юм. Тэгтэл С.Таа “хаана байгаа юм бэ, яваад очъё” гэхээр нь би “яах юм бэ, би хол байна” гэж Таад хэлсэн чинь Таа “хамаагүй ээ, би яваад очъё” гэхээр нь би “боломжгүй байна” гээд утсаа тасалтал Таа дахиж залгаад “яваад очъё, найз нь эхнэр хүүхэддээ хөөгдчихсөн хувцсаа аваад явж байна” гэхээр нь би “за за тэгвэл хүрээд ир” гэсэн. Тэгээд би Таагаас “чи архи уусан юм уу, архи уусан байж машин барьж болж байгаа юм уу” гэсэн чинь “зүгээрээ би дандаа гуравдугаар эгнээгээр явдаг юм” гэж хэлсэн. ...Таа хүрээд ирсэн байсан. Тэгээд урд нь би гэрээ заагаад манай хашаа руу цуваад орсон. Таагийн авчирсан 0,75 литрийн Хараа гэсэн бичиглэлтэй архийг Баатархүү, Т бид гурав хувааж ууж дуусаад би хэсэг унтчихсан байсан. Таа миний унтаж байсан орон дээр хүрч ирээд “чи миний найз биш юм уу” гээд 2-3 удаа аяархан намайг сэрээх гээд алгадахаар нь би босоод Таагийн цээж хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохисон. Таа ард байсан буйдан дээр унасан. Тэгтэл манай эхнэр орж ирээд Таа руу “гэрт архи уулаа” гэж уурласан. Тэгээд Таа буйдан дээр суучихсан, манай эхнэр Таагийн хажууд суугаад цай ууж байтал Таа “миний гар утас байхгүй болчихлоо” гээд манай эхнэрийг сэрдээд байх шиг байхаар нь би эхнэрээ өмөөрч уурлаад Тын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон чинь Т миний өөдөөс нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд Тын нүүр лүү гараараа 1 удаа цохиод Тын хоёр мөрнөөс барьж байгаад дэгээдээд шалан дээр унагаасан. Тухайн үед Тыг унагаахдаа би Тын цээж хэсэг дээр тохойгоороо дараад уначихсан. Би архи уусан байсан болохоор тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байнаа. Нэг мэдэхэд гадаа цасан дээр би Тын ардаас нь тэвэрчихсэн зогсож байсан. Би Тыг оруулаад Баатархүүг унтаж байхаар нь хажуугаар нь эхнэрээрээ ор засуулаад унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-114-117/,

Гэрч О.Батдоржийн мэдүүлэг /хх-23/, гэрч Ө.Энхчимэгийн мэдүүлэг /хх-26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-37/, хохирлын баримтууд /хх-102-107/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/, ажлын газрын тодорхойлолт /хх-122/, хохирол төлсөн баримт /хх-123/, эвлэрлийн гэрээ /хх-133/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт, хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, банкны дансны хуулгыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Б согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29 дүгээр гудамж, 60 тоот гэртээ иргэн С.Тыг зодож, биед нь баруун 7,8,9, зүүн 6,7,8-р хавирганы хугарал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дотор салстанд язрал, хэлэнд язрал, эрүүний зүүн доор зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхийн хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Тын “Б ...намайг барьж аваад толгой руу гараараа 10 гаран цохиж унагаагаад, дээрээс хөлөөрөө хавирга болон цээж хэсэг рүү 10 гаран удаа өшиглөсөн. ...Гал тогооны өрөө рүү чирж оруулангуутаа миний цээж болон нуруу хэсэг рүү дэвсээд байсан...” гэх мэдүүлэг /хх-6-7/, шүүх эмнэлгийн 14355 дугаар “1.С.Т-н биед баруун 7,8,9, зүүн 6,7,8-р хавирганы хугарал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дотор салстанд язрал, эрүүний зүүн доор зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-11/, гэрч Ц.Магсаржавын “...Б Тын нүүр лүү гараараа нэг удаа цохисон ...Тын нүүр лүү гараараа дахиж нэг удаа цохиод Тын мөрнөөс нь Б барьж байгаад хөлөөрөө дэгээдээд унагаачихсан. Тэгээд Тыг унагаахдаа Б дээрээс нь дараад уначихсан. ...Б ардаас нь гараад Б, Т хоёр хоорондоо барьцалдаж аваад байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Ц.Мөнхгэрэлийн: “...С.Таа “би хүнд зодуулчихлаа” гэсэн орж ирсэн. ...Тухайн үед орж ирэхдээ өвдөж шаналсан байдалтай, амьсгаа авч чадахгүй орж ирж байсан. Тухайн үед С.Тын нүүрний нэг тал нь битүү хавдчихсан, хавиргаа бариад ёолоод байсан...” гэх мэдүүлэг /хх-98-99/, шүүгдэгч О.Баттулгын яллагдагчаар өгсөн: “...би эхнэрээ өмөөрч уурлаад Тын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон ...Тын нүүр лүү гараараа 1 удаа цохиод Тын хоёр мөрнөөс барьж байгаад дэгээдээд шалан дээр унагаасан. Тухайн үед Тыг унагаахдаа би Тын цээж хэсэг дээр тохойгоороо дараад уначихсан. ...Нэг мэдэхэд гадаа цасан дээр би Тын ардаас нь тэвэрчихсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-114-117/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Баттулгын иргэн С.Тыг олон удаа цохиж, шалан дээр түлхэж унагаан өшиглөх зэргээр үргэлжилсэн үйлдлээр зодож, биед нь баруун 7,8,9, зүүн 6,7,8-р хавирганы хугарал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дотор салстанд язрал, эрүүний зүүн доор зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий олон тооны шарх, гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...биеийн байдал сайжирч, хэвийн байдалд орсон тул О.Бас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэг гомдол, саналгүй болно...” гэх хүсэлт, хохирогчид 1.815.000 төгрөг төлсөн талаарх дансны хуулга /шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгчийн гаргасан ааш авир зан үйлтэй нь холбоотой. Хохирогч 2 удаа ухаан алдсан гэдэг. Олон тооны шарх, гэмтэл учирсан. Бусдад төлөх төлбөргүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргахгүй. Хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн. Хохирлоо төлж, уучлал гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учирсан хохирлыг төлсөн, 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг анхаарч үзнэ үү гэх дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн, олон удаагийн үйлдлээр/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, мөн учруулсан хохирлын шинж чанар буюу цээжний 2 талд олон тооны хавирга хугарсан, олон тооны шарх гэмтэл учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай/, мөн гэм буруугаа хүлээж байгаа зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чичин овогт Оюуны Баттулгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч О.Бд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

                   

 

ДАРГАЛАГЧ                                  Л. БААТАР