Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00493

 

 

 

 

 

 

 

        2024       03            13                                        210/МА2024/00493

 

 

 

    Д.Б-, М.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/00585 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-, М.Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.М-д холбогдох,

19,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Д.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Д.Б- нь Д.М-тэй мах худалдаж аваад өвөл мах үнэд орохоор нядлаад худалдаж ашиг олохоор хамтран ажиллах санал тавьсаны дагуу Д.М- нь мал худалдаж авахаар Дорнод аймаг явахаар тохиролцсон. Д.М- нь “...Дорнод аймгийн Дашбалбар суманд хямдхан мал худалдах хүмүүс байна, мал авах мөнгөө хийгээрэй” гэсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 18,000,000 төгрөгийг Д.М-гийн Хаан банкны 0000 тоот дансанд, М.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот данснаас шилжүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.М-гийн Хаан банкны 0000 тоот данс руу М.Б-ээс 20,000,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Д.М-гийн Хаан банкны 0000 тоот дансанд М.Б-ээс 11,000,000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Д.М-гийн 0000 тоот дансанд 900,000 төгрөгийг М.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот данснаас шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.М-гийн Хаан банкны 0000 тоот дансанд 15,000,000 төгрөгийг М.Б-ийн Хас банкны 000 тоот данснаас шилжүүлсэн. Д.М-д мал худалдаж авахуулахаар 5 удаагийн шилжүүлгээр нийт 64,900,000 төгрөг шилжүүлсэн.

1.2. Д.Б- нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.М-тэй Дорнод аймгийн Дашбалбар сум руу хамт явж Д.М-гийн худалдаж авсан малыг үзэж, Дорнод аймгийн Дашбалбар сум руу явах замын зардлыг Д.Б- эхэлж төлөөд тухайн үед гарсан зардлыг хувааж төлөхөөр Д.М-тэй тохиролцсон. Уг зардал нь нийт 410,000 төгрөг болсон. Д.М-гийн худалдаж авсан малыг бүртгэж цуглуулахад эм хонь 193х130,000 төгрөг=25,090,000 төгрөг, эм ямаа 106х110,000 төгрөг= 11,660,000 төгрөг, бяруу 4х600,000 төгрөг=2,400,000 төгрөг, үхэр \тугалтай\ 4х1,500,000 төгрөг=6,000,000 төгрөг, даага 1х450,000 төгрөг=450,000 төгрөг, нийт 45,600,000 төгрөгийн мал худалдаж авснаас бяруу, үхэр /тугалтай/ 8,400,000 төгрөгийн малыг худалдаж авсан гэсэн боловч Д.Б- нүдээр хараагүй.

1.3. Ингээд малаа цуглуулаад бүртгэж үзэхэд шилжүүлсэн мөнгөнөөс 19,300,000 төгрөг дутаж байсан. Учрыг асуухад Д.М- “би мөнгөгүй үлдэгдэл мөнгийг чинь хэрэглэчихсэн 11 дүгээр сард мал нядлах үеэр мал нэмж өгнө” гэж хэлсэн.

Д.М- нь Д.Б-д 64,900,000 төгрөгт авсан малаас нийт 10,000,000 төгрөгийн ашиг гарна гэж хэлж тохиролцсон. Д.М- 2023 оны 01 дүгээр сарын 15-ны үед Дорнод аймгаас махаа ачиж ирсэн бөгөөд зооринд хийх үед нь Д.Б- очсон. Тухайн үед Д.Б-тэй тооцоогоо нийлье гэхэд бүх малаа худалдаж нэг мөсөн тооцоо нийлье гээд нийт махны хэмжээг хэлээгүй. Д.Б- нь нядалсан ямааныхаа арьс болон махаа худалдаж зоорь болон тээврийн зардлаа гаргасан. Д.М- эхний ямааны мах худалдсан мөнгө гэж 2022 оны 01 дүгээр сарын 19-ний 10,000,000 төгрөг,  2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөг тус тус өгсөн.

1.4. Д.Б- үлдэгдэл болох 14,900,000 төгрөгийг хэзээ өгөх вэ гэж шаардахад миний байрыг хувь лизингээр худалдаж авсан хүн сард 3,900,000 төгрөг өгнө түүнээс хуваагаад өгье гэж хэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгийг өгөхгүй, утсаа авахгүй алга болсон. Тухайн үед Д.М- нь зардлаа нөхөөд 10,000,000 төгрөгийн ашиг гарна гэж хэлж байсан. Д.М- нь Д.Б-, М.Б- нараас 64,900,000 төгрөг авч мал худалдаж аваад махалж худалдаад ашгаар нь байр худалдан авч 3 жилийн дараа Д.Б, М.Б- нар шилжүүлсэн мөнгөө ч гүйцэд авч чадахгүй ашиг ч үгүй хохирч үлдсэн. Д.Б-эс хөдөө орон нутагт явах бензин, тос бусад нийт 4,000,000 төгрөгийн зардал гарсан. Мөн мал худалдаж аваад малаа хариулах малчин хөлсөлж 700,000 төгрөгийн зардал гарсан. Д.Б-, М.Б- нар нь мал худалдан авахаар Д.М-д шилжүүлсэн 64,900,000 төгрөгөөс 14,900,000 төгрөг, мал махалж худалдсаны ашиг 10,000,000 төгрөгийг Д.М-гээс авч чадахгүй хохирсон.

Иймд Д.М-гээс 14,900,000 төгрөг, мал махалж зарсны ашиг 10,000,000 төгрөг нийт 24,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.1. Д.М- миний бие 2021 оны 08 дугаар сард найз Д.Б- утсаар залгаад “би эмээлт дээр мал авах гэж явна энд өөдтэй мал алга, мал олдохгүй байна яах вэ? мах хямдхан байгаа дээр нь мал аваад намар үнэ ороход нь нядалж зарах гэсэн юм. Чи надад мал олоод өгөөч” гээд байсан. Тухайн үед би “цуглуулаад өгч болно. Харин чи өөрөө янзалж худалдана биз, би зөвхөн цуглуулж өгч тусалъя” гэж хэлснийг Д.Б- хүлээн зөвшөөрсөн.

Ингээд мал авахуулахаар Д.Б- нь 64,900,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн нь үнэн. Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Бид хоёр нийт сар гаруй хугацаанд мал цуглуулж яваад нийт 57,180,000 төгрөгийн үнэ бүхий 216 хонь, 106 ямаа, 4 бяруу, тугалтай үнээ 4, даага 1, малыг Д.Б-д өөрт нь хүлээлгэж өгсөн.

Д.Б нь малаа хүлээж аваад, тусдаа малчин хөлсөлж малчны хөлс 800,000 төгрөгийг миний данснаас авч малчиндаа өгсөн, Ихэнхдээ мал нь хашаатай байдаг байснаас болж турж намар 11 дүгээр сард Д.Б-ийг ирэхэд нь дунджаас доогуур маш муудаж турсан байсан. Нэгэнт мал турж эцээд жин хүрэхгүй байсан учраас худалдаж чадахгүйд хүрээд намайг борлуулж өг гэж шахсан. Миний найз учраас махыг нь худалдаж Д.Б-ийн дансанд 55,000,000 төгрөг шилжүүлж мөнгийг нь бүгдийг нь өгсөн.

2.2. Д.Б-ийн мөнгөнөөс малчинд цалин 800,000 төгрөг, махыг нь ачуулсан ачигчийн зардал 1,170,000 төгрөг, мал эмнэлгийн бичиг авахад 397,000 төгрөг, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн тээврийн зардал 3,500,000 төгрөг, Улаанбаатар хотод зооринд хадгалсан зоорины түрээс 1,701,000 төгрөг зэрэг нотлогдож байгаа зардлууд нийт 7,568,000 төгрөг болсон. Үүнээс гадна нотлогдох баримт байхгүй зардлууд Д.Б-ийг ирснээс нь буцах хүртэл автомашины бензин тос, масло байнга банкийг нь дүүргэж байсан зардал, хоол хүнс, тамхи тариа гэх мэтийн зардлуудад 3,000,000 гаруй төгрөг, Д.Б- өөртөө 1 адуу, 81 кг хонины мах нийлээд нийт 1,308,000 төгрөгийн үнэ бүхий мах авч явсан нь нийт 4,308,000 төгрөг болсон.

Миний зүгээс Д.Б-тэй хамтран махны наймаа хийх санал тавиагүй тийм санал ч хүлээж аваагүй. Зөвхөн мал авахад нь тусалсан тул ашиг гэж нэхэмжлээд байгаа 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Д.Б-д нэг ч төгрөг өгөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч Д.М-гээс 5,863,940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлээс нэхэмжлэгч М.Б-ийн гаргасан нэхэмжлэл болон Д.Б-ийн нэхэмжлэлээс 14,036,000 төгрөг холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-гээс улсын тэмдэгтийн хураамжид 108,773 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс 5,800,000 төгрөгийг Д.М-гээс гаргуулж Д.Б-д олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ агуулахын мөнгө, ачаа тээвэр болон ачигчийн хөлсийг Д.Б-эс гаргуулж, олгох мөнгөн дүнгээс хасч шийдвэрлэсэн. Үүнд нэхэмжлэгч талаас маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Б-, М.Б- нар нь хариуцагч Д.М-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 14,900,000 төгрөг, мал махалж зарсаны ашиг 10,000,000 төгрөг, нийт 24,900,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 19,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-, М.Б- нарын Хас банк болон Худалдаа хөгжлийн банк дахь данснаас 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 18,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 11,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 900,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 64,900,000 төгрөгийг хариуцагч Д.М-гийн дансанд “малын үнэ, хонь худалдаж авах үнэ” зэрэг гүйлгээний утгаар шилжүүлсэн,  мөн, хариуцагч Д.М- нь Д.Б-ийн Хаан банкны 5064292425 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөгийг “махны үнэ” гэж шилжүүлсэн үйл баримтыг тус тус зөв тогтоосон байна. /хх6-11, 32-35, 48-52/

 

            4. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Д.М- нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Учир нь, хариуцагч  нь “...мал цуглуулж өгөх үүргийг хүлээсэн, хамтран ажиллах талаар нэхэмжлэгч нартай тохиролцоогүй” гэх боловч мах худалдан борлуулах зорилгоор мал цуглуулах ажлыг хамтран гүйцэтгэж, уг малыг малчин хөлслөн харуулж, талууд ажилд гарсан зардлуудыг нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөөр гүйцэтгэж байсан зэрэг нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байна.

Харин талуудын хамтын үйл ажиллагаанд нэхэмжлэгч М.Б-ийн оролцоо байхгүй гэж үзэж түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж амаар хэлбэрээр хэлцэл байгуулсан байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулна.

 

6. Дээрх хамтын үйл ажиллагаанаас талууд ашиг олсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

7. Хариуцагч Д.М- нь Н ХХК-ийн хөргөлттэй агуулахад 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 1,701,060 төгрөг нь Д.Б-тэй хамтарч авсан махыг хадгалуулсны төлбөрт, мөн нэхэмжлэгчтэй хамтран ажиллах явцад гарсан зардал болох 4,670,000 төгрөгийн 50 хувь буюу 2,335,000 төгрөгийн зардал гарсан  үндэслэлээр, шүүхээс үлдэгдэл 9,900,000 төгрөгөөс хасч тооцсоныг зөв гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн хөргөлттэй агуулахад хадгалуулсан 1,701,060 төгрөгийг бүхэлд нь хасч тооцсон хэсэгт шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс энэ хэсгийг өөрчлөх үндэслэлгүй байна.

 

8. Харин, анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мал эмнэлгийн гарал үүслийн бичиг авахтай холбоотой 397,500 төгрөг, малчны ажлын хөлсөнд төлсөн гэх 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 300,000 төгрөг, нийт 1,197,500 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-тэй шууд холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн буруу болжээ./хх 30, 39-40/

 

Дээрх мөнгөн хөрөнгө нь талуудын хамтын үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж үзэхээр байх тул 1,197,500 төгрөгийн 50 хувь болох 598,750 төгрөгийг  хасч тооцон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана. Нэхэмжлэгч уг үйл баримтыг баримтаар няцаагаагүй болно.

 

            9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шилжүүлсэн 9,900,000 төгрөгөөс (9,900,000-2,335,000-1,701,060-598,750) зардлыг хасч тооцон 5,265,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/00585 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М-гээс 5,265,190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,634,810 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч М.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “108,773 /нэг зуун найман мянга долоон зуун далан гурав/” гэснийг “99,194” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ