Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

-

-

  2019          02           18                                           202              

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга  А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808044651557 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алтан хорол овогт Төмөрбаатарын А /РД: /.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Т.А нь 2018 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” бааранд иргэн Г.Агийн эзэмшлийн “Самсунг-Жи7” маркийн гар утас, монетон гинж зэрэг эд зүйлсийг буюу эд хөрөнгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авч, бусдад нийт 861.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Ажил хийгээд 3 сарын хугацаанд 861.000 төгрөгийг төлж барагдуулна. Буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1808044651557 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Агийн: “...Цэрэнтогтохын төрсөн өдөр болоод тэд нарын найзынд пиво уусан. Тэндээсээ хороололд Тогтохын найзынд очиж пиво уугаад байж байсан чинь Тогтохын эхнэр хүрч ирээд хэрүүл хийгээд байхаар нь тухайн үед бухимдаад уйлсан. Тогтохын найз гэх А гээд хүүхэн “эгчээ хоёулаа гарч сэтгэлээ сэргээе, гэр нэг зүгт юм байна, хоёулаа гаръя” гээд гарсан. А ATM орж 30.000 төгрөг аваад “хоёулаа энэ мөнгөөр нэг газар орж сууя” гээд такси бариад 1 дүгээр хорооллын Вест бааранд орсон. Бид хоёр нэг, нэг шил пиво захиалж уусан. Аийн найз гэх хоёр эмэгтэй хүрч ирээд “эгчээ нэг татчих” гээд надад архи хундагалж өгчихөөд цаашаа ширээ лүүгээ яваад өгсөн. Би гар утас, монетон гинжээ цүнхэн дотроо хийгээд сандал дээр тавьчихсан байсан. Тэгээд бие засчихаад ирсэн чинь А миний цүнхний хажууд сууж байсан. Тэгэхээр нь би “хоёулаа одоо харьцгаая” гээд гарахаар болоод би цүнхэн дотроо хийсэн гар утсаа үзсэн чинь алга байхаар нь “миний утас яаваа” гэсэн чинь А “надад байгаа” гэсэн. Би “утсаа авъя” гэсэн чинь “надад байгаа, хоёулаа юу ч гэсэн баарнаас гаръя” гэхээр нь цуг гарсан. А баарнаас гараад явах гээд байхаар нь “миний гар утсыг өгөөч, авъя” гэсэн чинь “надад утас чинь байхгүй” гэхээр нь би цамц, цүнх хоёроос нь зуураад “одоо гаргаад өгөөдөх” гэсэн чинь цүнхнийхээ оосорноос татаж надаас салгаж аваад цамцаа тайлж хаячихаад булан тойроод зугтаад явсан. А цохиж зодсон асуудал байхгүй. Миний гар цүнхнээс утас, монетон гинж хулгайд алдсан. Тэр даруйд нь мэдээд Аээс цүнхнээс утас, гинж алдсан байна, цүнх онгорхой байна гэхэд утас чинь надад байгаа авъя гэхэд байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-24-26, 27-28/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.10.15-ны өдрийн СХЗ-18-529 дүгээр тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь /3,5 гр монетон гинж, Samsung J7 гар утас/ зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 861.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-47-48/,

Шүүгдэгч Т.Аийн яллагдагчаар өгсөн: “...Тэнд бид хэд нэг том пиво уусан. Хороолол орж Тогтохын найзынд очиж архи уусан. Тогтохын эхнэр ирээд А эгч рүү дайрч давшлаад, манай нөхөртэй явалдлаа гээд хэрэлдсэн. А эгч уйлж унжаад сэтгэл санаа тиймэрхүү байна гээд байхаар нь “сэтгэлээ сэргээе” гээд аваад гарсан. 1 дүгээр хорооллын Вест бааранд орсон. Бааранд ороод бид хоёр пиво захиалж уусан. Бүжгийн талбай дээр хэсэг бүжиглэсэн. Дахиад пиво захиалж уусан. А эгч согтоод байхаар нь гар утсаа хаячиж магадгүй гээд гар утсыг нь аваад левчикэндээ хийгээд А эгчийг “баарнаас гаръя” гээд гарсан. Бид хоёр уг баарнаас гараад “хойшоохон байдаг Лотус гээд пааб руу оръё” гээд хөтлөлцөөд алхаж байсан чинь хоёулаа зэрэг бүдэрч унасан санагдаж байна. Би газар унахдаа А эгчээс авсан гар утсыг унагаачихсан юм шиг байна лээ. Тухайн үедээ мэдээгүй. Тэгээд бид хоёр Лотус паабад ороод нэг, нэг шил пиво захиалж уугаад хэсэг суусан. Энэ хооронд А эгч 00 явсан хойгуур би цүнхийг нь уудлаад түрүүвчинд байсан монетон гинжийг хулгайлж аваад кармаандаа хийгээд нуусан. Удалгүй паабаас гараад “гэртээ харьцгаая” гээд такси бариад таксинд суусан. А эгчийг “хүргээд өгье” гэсэн чинь “би өөрөө харьчихаж чадна, харин миний утсыг өгөөдөх” гэхээр нь би утсыг нь левчикнээсээ гаргаад өгөх гэтэл алга болчихсон байсан. А эгч “утсаа авна” гээд нэхээд байхаар нь “хоёулаа юу ч гэсэн таксинаас бууя” гээд цуг буусан. А эгч миний цамцнаас зуурчихаад тавихгүй байхаар нь цамцаа тайлаад зугтааж байгаад замаас такси бариад хорооллын эцсийн тэр хавьд байсан одоо нэрийг нь сайн санахгүй байна, нэг ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 60.000 төгрөгт тавьсан...

...А эгч намайг гар утас, гинж хоёрыг авсныг мэдсэн юм шиг байгаа юм. Гар утсыг өгөөдөх гэхээр нь надад утас чинь байгаа, одоо өгье гээд левчикиндээ хийсэн байсан болохоор авах гэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-56-57, 58-59, 90-91/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-20/, гэрч Т.Одончимэгийн мэдүүлэг /хх-40/, гэрч М.Нэмэхжаргалын мэдүүлэг /хх-43/, гэрч Н.Цэрэнтогтохын мэдүүлэг /хх-44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-64-66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, дансны хуулга /хх-80, 81/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлон баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.А согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Вест” бааранд иргэн Г.Агийн эзэмшлийн “Samsung J7” маркийн гар утас, 3,5 гр монетон гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 861.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Агийн “...Миний цүнхнээс утас, гинж хулгайд алдагдсан. Би тэр даруйд нь мэдээд Аээс ...“миний гар утсыг өгөөч, авъя” гэсэн чинь “надад утас чинь байхгүй” гэхээр нь би цамц, цүнх хоёроос нь зуураад “одоо гаргаад өгөөдөх” гэсэн чинь цүнхнийхээ оосорноос татаж надаас салгаж аваад цамцаа тайлж хаячихаад булан тойроод зугтаад явсан...” гэх мэдүүлэг /хх-24-26, 27-28/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СХЗ-18-529 дүгээр “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 861.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-47-48/, шүүгдэгч Т.Аийн яллагдагчаар өгсөн “...А эгч согтоод байхаар нь гар утсаа хаячиж магадгүй гээд гар утсыг нь аваад левчикэндээ хийгээд А эгчийг “баарнаас гаръя” гээд гарсан. ...би цүнхийг нь уудлаад түрүүвчин дотор нь байсан монетон гинжийг хулгайлж аваад кармаандаа хийгээд нуусан. ...А эгч миний цамцнаас зуурчихаад тавихгүй байхаар нь цамцаа тайлаад зугтааж...” гэх мэдүүлэг /хх-56-57, 58-59, 90-91/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-20/ зэрэг шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Аийн хохирогч Г.Агийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч зугтааж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ад 861.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хохирол төлөгдөөгүйн зэрэгцээ шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Т.Аээс 861.000 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Г.А /Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 10-27 тоотод оршин суух, РД-АК76060708/-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1-6 насны буюу бага насны 3 хүүхэдтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулаад шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ гаргалаа. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтуурсан байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 861.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1-6 насны 3 хүүхдийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Аийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх тул тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүүхэдтэй болох нь төрсний бүртгэлийн лавлагаа /хх-66/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно...” гэж заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Ат гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Алтан хорол овогт Төмөрбаатарын Аийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аээс 861.000 төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Г.А / /-д олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Ат гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР