Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

   2019          02           20                                           220         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Н.Үтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Үтуяаг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808040490120 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын баруун талд байрлах “Хүнсний мухлаг”-т худалдагч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нямдуламын Үтуяа /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Н.Үтуяа нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын баруун талд байрлах “Хүнсний мухлаг” гэсэн нэртэй ТҮЦ-д иргэн Ц.Үтыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хутгаар цээжний арын буюу баруун дал хэсэгт нь хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Үтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ТҮЦ-д сууж байтал Үт ах согтуу орж ирсэн. Охиныгоо бохь залгихаар нь “бөөлжүүлнэ” гэсэн. Би “боль” гэж хэлсэн. Үт ах над руу дайрсан. Эгч орж ирээд ахтай хэрэлдээд гарсан. Эгчтэй зодолдож байхаар нь би салгасан. Тэгсэн намайг өшиглөсөн. Айлгачихъя гээд хутга авсан. Нуруунд нь хатгасан. Тэгээд эгч цагдаа дуудсан. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 1808040490120 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Үтын: “2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би Саппоро дээр хоёр найзтайгаа таараад 0.75 литрийн архи хувааж уугаад тэр хоёроос салаад ТҮЦ дээрээ очиход эхнэрийн дүү Үтуяа ирчихсэн байсан. Манай 3 настай хүүхэд Үтуяатай хамт байсан. Тэгээд манай хүүхэд бохь зажилж байгаад залгихаар нь би “хүүхдийнхээ бохийг бөөлжиж гаргана” гэхэд Үтуяа “заваан юм боль” гэж хэлэхээр нь Үтуяад уурлаад “танайхан дандаа ТҮЦ-ээс идэж уудаг” гээд маргалдсан. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор зарим юмаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн эхнэртэй маргалдаж байсан. Тэр үед Үтуяа эгчээ өмөөрөөд миний нуруу руу ТҮЦ-д байсан жижиг хар иштэй хутгаар хатгасан юм байна лээ. Би тухайн үед хутгалуулснаа мэдээгүй цагдаа ирээд мэдээд түргэн тусламж дуудаад Цэргийн төв эмнэлэг очиж нуруундаа 3 оёдол тавиулсан. ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.09.05-ны өдрийн 10703 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Үт-н биед баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үүсгэгдэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байна. 4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түрх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-50/,

 Гэрч А.Оюунгэрэлийн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед санагдаж байна. Миний ажилладаг ТҮЦ-ийн баруун талын хүнсний мухлагийн гадаа шуугилдаад маргалдаж байсан. Тэр ТҮЦ-ийн эмэгтэйн нөхөр гэх залуу газар 1 хөлөө дараад суучихсан байсан. Нямаагийн нөхөр нь нэг охинтой маргалдсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Гэрч С.Нямсүрэнгийн: “2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ТҮЦ дээрээ сууж байгаад ажил гараад дүү Үтуяаг дуудаж суулгасан. ТҮЦ дээрээ ирэхэд манай нөхөр Үт согтуу, Үтуяатай маргалдаад байж байхаар нь би Үт руу уурлаад “битгий хүүхэдтэй маргалдаад бай, би дуудаж суулгасан юм” гэж хэлэхэд Үт над руу уурлаад намайг ТҮЦ дотор түлхээд унагаачихсан. Тэгтэл Үтуяа намайг өмөөрөөд Үтыг “боль” гээд хэлж байсан. Би босоод ТҮЦ-ээс гарахад Үт гарч ирээд хажууд суухад араас нь цус гарч байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд түргэн тусламж дуудаад Үтыг авч яваад Үтуяаг цагдаа авч явсан. Би Үтуяагаас “юу болсон юм бэ, яагаад Үтын нуруунаас цус гарсан байгаа юм бэ” гэхэд Үтуяа “таныг түлхээд авахаар нь би ТҮЦ-д байдаг жижиг хар иштэй хутга аваад Үт ахыг айлгах гэж байгаад араас нь хатгачихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-43-44/,

Шүүгдэгч Н.Үтуяагийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ТҮЦ дээрээ ирээд сууж байхад манай ТҮЦ-ийн эзэн Нямсүрэн эгчийн нөхөр Үт согтуу орж ирээд “ТҮЦ-ээс юм идэж уудаг, манай гэрийг тэжээж байна” гэх мэтээр надад үг хэлсэн. Тухайн үед Үт ахын бага хүүхэд ирчихсэн байсан. Тэгээд хүүхэд бохь зажилж байгаад залгичихсан чинь Үт ах “бөөлжүүлж гаргана” гээд аманд нь гараа хийгээд байхаар нь “та болиоч” гэхэд “чи дуугүй бай, би хүүхдэдээ ухаан зааж байна” гэхээр нь би Үт ахад хандан “та өөртөө ухаан суугаач, байнга архи ууж байх юм” гэж хэлэхэд Үт ах над руу дайраад миний гарыг мушгаад хөл рүү өшиглөсөн бид хоёр хоорондоо маргалдсан. Гаднаас Нямсүрэн эгч орж ирээд Үт ахыг загнаад “боль” гэхэд Үт ах эгчтэй маргалдаж байгаад түлхээд унагаачихаар нь би “боль” гээд лангуун доор байсан жижиг хар иштэй хутгыг аваад Үт ахыг айлгах гээд араас нь нэг удаа хатгасан. Би тухайн үедээ Үт ахыг хутгалсан гэж бодоогүй. Тэгээд ТҮЦ-ээс гараад байж байхад цагдаа хүрч ирээд Үтыг хутгалуулсныг мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-61-64/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14/, АСАП сангийн мэдээлэл /хх-67-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-77/, эд хөрөнгө бүртгэгдээгүй талаарх тодорхойлолт /хх-81/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-83/, цагдаагийн хэлтсийн албан бичиг /хх-105/, хохирогчийн хүсэлт /хх-107/, шүүгдэгчийн хүсэлт /хх-108/  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж,

эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 16,5см урттай, ажлын хэсэг нь 8см урттай, хар өнгийн төмөр 1 ширхэг хутгыг таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар Н.Үтуяа нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын баруун талд байрлах “Хүнсний мухлаг”-т иргэн Ц.Үтыг хутгалж, биед нь баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Үтын “...Үтуяатай маргалдсан. ...Үтуяа эгчээ өмөөрөөд миний нуруу руу ТҮЦ-д байсан жижиг хар иштэй хутгаар хатгасан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-35-36/, шүүх эмнэлгийн 10703 дугаар “1.Ц.Үт-н биед баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үүсгэгдэх боломжтой. 3.Шинэ гэмтэл байна. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түрх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-50/, гэрч С.Нямсүрэнгийн “...Үтуяа намайг өмөөрөөд Үтыг “боль” гээд хэлж байсан. Тэгээд би босоод ТҮЦ-ээс гарахад Үт гарч ирээд хажууд суухад араас нь цус гарч байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-43-44/, шүүгдэгч Н.Үтуяагийн яллагдагчаар өгсөн “...Үт ах эгчтэй маргалдаж байгаад түлхээд унагаачихаар нь би “боль” гээд лангуун доор байсан жижиг хар иштэй хутгыг аваад Үт ахыг айлгах гээд араас нь нэг удаа хутгаар хатгасан...” гэх мэдүүлэг /хх-61-64/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Үтуяагийн иргэн Ц.Үтыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Үтын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, миний бие эдгэрсэн” гэх мэдүүлэг /хх-35-37/, түүний хүсэлт /хх-107/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Үтуяа нь 300.000 төгрөгийн цалинтай ажилладаг, гэмт хэрэг үйлдэхдээ хутга ашигласан, ар гэрээ тэжээдэг болох нь тогтоогдсон. Эх нь тэтгэвэрт, дүү нь хөгжлийн бэрхшээлтэй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч зэвсэг хэрэглэсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хүнсний мухлагт  худалдагч ажилтай, ар гэрийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үтуяаг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч Н.Үтуяаг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Үтуяа урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямдуламын Үтуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үтуяаг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үтуяаг 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Үтуяа торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Үтуяа урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Үтуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР