Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00583

 

 

 

 

 

 

 

 

     2024         03            22                                    210/МА2024/00583

 

 

О.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/04096 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ГХГУТҮГ-т холбогдох,

2,600,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ш-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хүүхдийн төлөө ажиллаагүйгээс гадна, намайг тагнаж, чагнаж байнга хууль бус ажиллагаа явуулсан. Тодруулбал, “Хүүхдийн 100,000 төгрөгийг авах зорилгоор ач хүүгээ өөрийн асрамжид авах гэж байна, урьд ял шийтгүүлж байсан, хүүхдээ зарах гэж байна” гэх зэргээр миний талаар ташаа мэдээлэл тарааж, эрхэнд маань халдсан. Иймд ач хүү Б.Д- болон намайг хохиролгүй болгож өгнө үү.

Миний ач хүүд 2020-2021 онд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт 6 удаа гарсан. Гэвч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Сүртэй юм бэ, та ямар их үзүүлдэг юм бэ” гэх зэргээр хууль тогтоомжоор хүлээсэн хүүхэд хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Миний бие тус газрын дээрх хариуцлагагүй үйлдлээс болж удаан хугацаанд бухимдаж эрүүл мэндээрээ хохирсон. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02/17 дугаар шаардлага бүхий албан бичгээр хариуцагч байгууллагын хариуцлагагүй үйлдлийг тогтоосон. Уг шаардлагад “...хэлтсийн удирдлага, ажилтан, албан хаагчид нь Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ аваагүй, хүүхэд хамгааллын үйлчилгээнд зохих ёсны хяналт тавиагүй, ажилдаа мэргэжлийн бус, хайхрамжгүй хандсан, хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлээгүй, улмаар хүүхдийн эрх зөрчсөн...” гэж дүгнэсэн. Эндээс үзвэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрхийг зөрчиж хохироосон.

Иймд ГХГ-аас 2,600,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу гаргуулж өгнө үү.

Тухайн үед миний ач хүү шат, шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйгээс илүү их өвчилж над дээр ирсэн. Чих, хамар нь битүү идээтэй байсныг эмчилсэн боловч цаашид мэдрэлийн эмнэлзүйн оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Хохиролд нэхэмжилсэн 2,600,000,000 төгрөгийн 300,000,000 төгрөг нь Япон Улсад 1 удаагийн оношилгоо, шинжилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардалд зарцуулагдана. Үлдэх 2,300,000,000 төгрөгийг хүүхдээ эрсдэлээс хамгаалж, ирээдүйн тусламж үйлчилгээнд нь зориулна. Дахин, дахин шүүхэд хандахгүйн тулд ач хүүгээ 18 нас хүртэл нь төрийн хамгаалалтад авхуулмаар байна гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр О.Ш- нь Сонгинохайрхан дүүргийн ГХХ-т ач хүү болох Б.Д-ийг өөрийн асрамжид тогтоолгох хүсэлт гаргаж хандсан бөгөөд тус хэлтсээс баримт бичигтэй танилцаад “...хүүхдийн төрсөн эх болох М.Э-гийн О.Ш-т хүүхдээ асран хамгаалуулахыг зөвшөөрсөн хүсэлт байхгүй, мөн ял шийтгэлийн лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулна...” гэсэн үндэслэлээр буцаасан байдаг.

Уг шийдвэрийг О.Ш- эс зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт гомдол гаргасны дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулсны эцэст “Б.Д-ий асран хамгаалагчаар О.Ш-ыг тогтоох боломжгүй гэсэн шийдвэр үндэслэлтэй байна...” гэсэн хариуг иргэнд бичгээр өгсөн.

Тухайн үед Б.Д- нь эмээ болох О.Ш-ын асрамжид байсан ба хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч болох эх М.Э- нь “Би хүүхдээ бусдад өгөхгүй, манай хадам ээж миний хүүхдийг авчихаад өгөхгүй байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн ГХХ-т гаргасны дагуу Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхтэй” гэсэн үндсэн эрхийг хүндэтгэж Б.Д-ийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр М.Э-гийн асрамжид буцаан авч өгсөн.

2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр О.Ш- нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст “Б.Д-ийг эх М.Э- нь зодож, хавиргыг нь хугалсан тул шалгаж өгнө үү” гэсэн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн хэргийг шалгаж буй цагдаагийн албан хаагч, хүүхдийн эх М.Э- нартай уулзаж нөхцөл байдлын талаар тодруулж, Б.Д-ийг түр хамгаалах байранд байлгах болсон. Б.Д-ийг түр хамгаалах байранд авсан өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн зүгээс хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг тасралтгүй үзүүлж ажилласан бөгөөд Б.Д-ийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, шаардлагатай тохиолдолд гадуур хувийн эмнэлэгт үзүүлсэн.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Д-ийг сульдаатай гэсэн онош тавьсан тул Нийслэлийн ГХГ-аас Сонгинохайрхан дүүргийн ГХХ-т Хүүхдийн төв сувилалд сувилуулах чиглэл өгсний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 60 хоног сувилалд хамруулсан.

2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Д-ийг Хамтарсан багийн хурлын шийдвэр, М.Э-гийн гэрт хийсэн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн ар гэрт нь нэгтгэсэн. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4250 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр эх М.Э-д холбогдох Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол гарсан. Уг хэргийг О.Ш-ын гомдлоор Нийслэлийн прокурорын газар, Улсын Ерөнхий прокурорын газраас татаж шалгаад, прокурорын шийдвэр үндэслэлтэй гэсэн хариу өгсөн.

О.Ш-ын зүгээс удаа дараа өмгөөлөгч томилж өгөх хүсэлт гаргасан тул Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Б-, Ч.Ш- нартай гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр холбон зуучилсан. Шат, шатны хүүхэд хамгааллын төрийн байгууллагууд Б.Д-д хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлсэн ба Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГХГ-аас хүүхэд хамгааллын шаардлагатай арга хэмжээг авч, холбогдох байгууллагуудад өөрийн чиг үүргийн хүрээнд чиглэл өгч ажилласан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр нь Засгийн газрын 2017 оны 231 дүгээр тогтоолоор байгуулагдсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/163 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа байгууллага болон ажиллаж байна. Нэхэмжлэлд дурдсан Б.Д-ий эрх зөрчигдсөн гэх дуудлага мэдээллийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг түр хамгаалах байранд байрлуулан үйлчилгээ үзүүлсэн байна.

Эдгээр баримтуудаас үзэхэд, тус газар нь хүүхдийн эрхийн зөрчлийн тохиолдол болоход хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээг тухай бүр үзүүлж ажилласан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ О.Ш-, ач хүү Б.Д-д учирсан сэтгэл санаа, эд материал, эрүүл мэндийн хувьд 2,600,000,000 төгрөгийн хохирол учирсан талаар дурдсан байна.

Гэвч Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас 2,600,000,000 төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: иргэн О.Ш- нь ач хүүгээ асарч хамгаалах өөрийн үүргээ биелүүлэх атал төрийн байгууллага руу бүх бурууг өгч байна. Хүүхэд хамгааллын байгууллагууд ч үүргээ хариуцлагагүй биелүүлсэн явдал байна. Асран хамгаалагч нь үндэслэлгүй 2,600,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Нотлох баримт ч алга. Ач хүүгээ өсгөж хүмүүжүүлж чадах чадвар муу харагдаж байна. Иймээс хүүг төрүүлсэн эцэг, эх болон эмээ нь ч буруутай байна. Хүүхдийн эрхийг хариуцсан байгууллагууд шат шатандаа нягт нямбай ажиллах шаардлага байгаа нь харагдлаа гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ГХГ-аас 2,600,000,000 төгрөг гаргуулах тухай О.Ш-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлд нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодорхойлж, холбогдох бичгийн нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс Б.Д-ий өвчний оноштой холбоотой баримт буюу Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн баримтыг, мөн Япон улсын Осакагийн эмнэлэгт Б.Д-ийг үзлэгт хамруулахаар цаг авсан баримт, онгоцны тийз захиалсан баримтыг тус тус шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн. Гэвч анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулах явцад Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн баримт авагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслахын хариуцлагагүйн улмаас хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт алга болсон байсан.

Миний зүгээс энэ талаар шүүхэд мэдэгдсэн боловч хариуцагчаас Б.Д-ий өвчний онош тусгагдсан дээрх баримт бичиг угаас байгаагүй мэтээр шүүхэд худал мэдүүлсэн. Шүүх хурлын дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга х.Ө-аас Б.Д-ий өвчний оношийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлж байсан талаар нотолж албан бичиг өгсөн. Энэхүү баримт нь хариуцагч анхан шатны шүүх хуралд худал мэдүүлж байсныг нотлох баримт юм.

Бага насны хүүхдэд буюу 10 нас хүрээгүй хүүхдэд томограф аппаратын тусламжтайгаар тархинд үүссэн гэмтэл, өвчнийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн байгууллагууд оношлох боломжгүй болохыг илэрхийлдэг тул ач хүү Б.Д-ий тархинд нарийн мэргэжлийн үзлэгийг өндөр хөгжилтэй оронд хийлгүүлэх, үүнтэй холбоотой зардлыг хүүхэд хамгааллын байгууллагаас хуульд заасан үндэслэлээр гаргуулах хүсэлтээ 2020 оны 05 дугаар сараас хойш удаа дараа илэрхийлж байсан боловч өнөөг хүртэл асуудлыг шийдвэрлээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Хүүхэд хамгааллын байгууллагаас холбогдох зардлыг хариуцан 2020 оны 09 дүгээр сард Б.Д-ийг томографийн шинжилгээнд хамруулсан боловч онош зөв гарахгүй болохыг мэдэгдсэн. Тухайн үед хүүхэд хамгааллын байгууллагын төлөөлөл хамт байлцаж байсан болно.

Шүүхийн шийдвэрийн 11 дүгээр талд “Нэхэмжлэгч О.Ш- нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/486 дугаар захирамжаар ач хүү Б.Д-ий асран хамгаалагчаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар түүний эрх, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй байна” гэж дүгнэсэн.

Хүний эрхийн үндэсний комиссоос “...хэлтсийн удирдлага, ажилтан, албан хаагчид нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенци, Хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ аваагүй, хүүхэд хамгааллын үйлчилгээнд зохих ёсны хяналт тавиагүй, ажилдаа мэргэжлийн бус, хайхрамжгүй хандсан, хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлээгүй, улмаар хүүхдийн эрх зөрчсөн” гэж дүгнэн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02/17 дугаартай албан шаардлагыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хариуцагчийн зүгээс дээрх албан шаардлагын хэрэгжилтийг хангаж хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлсэн гэх баримтууд хавтаст хэрэгт ирүүлээгүй буюу энэ нь шаардлага биелүүлээгүй болохыг нотолдог.

Шүүхээс энэ асуудлыг “Эндээс үзвэл, тус хэлтсийн удирдлага, албан хаагчдын дотоод зохион байгуулалт, уялдаа холбоо хийгээд хувийн хэрэг хөтлөлт, баримт материалын бүрдүүлбэр зохих шаардлага хангаагүй байгаа тухайд буруутгасан байна” гэж дүгнэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас нэхэмжлэгч болон түүний ач хүү Б.Д-д гэм хор учруулсан гэх нөхцөл байдал мөн тогтоогдсонгүй гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний албан шаардлагыг биелүүлээгүй нь хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлага, албан хаагчдын дотоод зохион байгуулалт, уялдаа холбоо хийгээд хувийн хэрэг хөтлөлт, баримт материалын бүрдүүлбэр зохих шаардлага хангаагүйтэй холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан, хэрэглэж нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг зөв шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчээс хүсэлттэй холбоотой санал хүсэлт байнга авч, түүний гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх иргэн О.Ш-аас шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргаж өгөх үү гэж шүүх хуралдаан эхлэх үед асуухад нэхэмжлэгч нь энэ талаар ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө тайлбарлаад явна гэж хэлсэн. Дээрх үйл баримт нь шүүх хуралдааны тэмдэглэл болон түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдоно. Мөн гомдлын агуулгад дурдагдаж байгаа Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн баримт хэрэгт авагдаагүй. Энэ талаар шүүгчийн туслахад хэлсэн гэж гомдлын агуулгад дурдагдсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч О.Ш- нь Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тодорхойлолт нь хэрэгт авагдаагүй байсныг мэдсэнгүй, хариуцагч тал мэдэх боломжтой байсан гэж үзсэн. Уг асуудлаар шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Уг үүргийн дагуу нэхэмжлэгч нь нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7-8 дугаар талд Хүний эрхийн үндэсний комиссын шаардлагаар хүүхдийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон гэж нэхэмжлэлд дурдсан. Энэ талаар 2022 онд албан шаардлагын дагуу ГХГУТҮГ-аас холбогдох арга хэмжээг авч нотлох баримтын шаардлага хангаж, хэрэгт хавсаргасан. Уг шаардлага нь нэхэмжлэгчийн ач хүүд холбогдох хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, тус хэлтсийн удирдлага, албан хаагчдад мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар өгсөн шаардлага гэж хариуцагч тал үзсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч О.Ш- нь хариуцагч ГХГУТҮГ-т холбогдуулан гэм хорын хохиролд 2,600,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх дараах хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

2.1. О.Ш- нь 2020 оны 05 дугаар сард өөрийн ач хүү болох Б.Д-ий асран хамгаалагчаар тогтоолгохоор Сонгинохайрхан дүүргийн ГХХ-т хандсаныг, тус дүүргийн 35 дугаар хорооны хамтарсан багийн хурлаар 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр уг асуудлыг авч хэлэлцэн, Б.Д-ийг төрсөн эх М.Э-гийн асрамжид байлгах шийдвэр гаргаж, улмаар Б.Д-ийг эх М.Э-д хүлээлгэн өгсөн. /1хх61-63, 68-69/

 

2.2. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 07/2476 дугаар албан бичгээр ач хүү Б.Д-ий асран хамгаалагчаар О.Ш-ыг тогтоох боломжгүй тухай хариуг түүнд өгсөн. /1хх 158/

 

2.3. Нийслэлийн ГХГ-аас Б.Д-ийг Хүүхдийн төв сувилалд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 60 хоног сувилуулж, эх М.Э-гийн асрамжид шилжүүлсэн байна./1хх 88-96/

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/02265 дугаар шийдвэрээр Б.Б- болон М.Э- нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Д-ийг “эцэг Б.Б-г Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж суллагдах” хүртэл хугацаанд эх М.Э-гийн асрамжид байлгаж, хорих ял эдэлж суллагдсаны дараа эцэг Б.Б-гийн асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. /1хх90-96/

 

4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/486 дугаар захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 67 дугаар зүйлийн 67.1.1, 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасныг үндэслэн Б.Д-ий асран хамгаалагчаар эмээ О.Ш-ыг тогтоосон байх тул түүнийг ач хүү Б.Д-ий өмнөөс нэхэмжлэл гаргах  эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

         /2хх 149/

 

5. Нэхэмжлэгч нь ач хүү Б.Д-ий биед нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийлгэхэд шаардлагатай холбогдох зардал болон хүүхдийн ирээдүйг баталгаатай байлгах үүднээс 2,600,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа гэх боловч, түүний ач хүү Б.Д-ий эрүүл мэндийн талаарх онош тодорхойгүй, мөн Б.Д-ий эрүүл мэндийн байдлыг дотоодын эрүүл мэндийн байгууллага оношилж тогтоох боломжтой эсэх нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5.1. Түүнчлэн, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ач хүү Б.Д-ий эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6072 дугаартай дүгнэлтэд “...Б.Д-ий биед хоёр гар, хоёр гуяны гадна хэсэгт арьсны нөсөө тогтоогдлоо. Уг нөсөө нь маажсанаас үүссэн байх боломжтой ба гэмтлийн бус гаралтай тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Б.Д- нь сульдаа өвчтэй байна...”, мөн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1073 дугаартай актад “...Б.Д- жингийн алдагдалтай, сульдаа /рахит/, цус багадалт өвчтэй байна. Шинжилгээгээр Д амин дэмийн дутагдалтай, цусны гемоглобин багассан үзүүлэлттэй гарсан. Уг өвчин хэзээнээс ямар шалтгаанаар үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, Б.Д- жингийн алдагдалтай боловч тураалд ороогүй байна...” гэж тус тус дурдсан байна.

          /2хх 8-12, 32-36/

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

6.1. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “...эх нь архи ууж байхдаа энд тэнд унагааж байсныг харсан хүмүүс нь хэлсэн. Согтуу учраас хүүхэд нь унаад уйлахад хөхөө хөхүүлээд хэвтүүлчихдэг, хүүхдээ анхаардаггүй байсан...” гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

6.2. Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 6072, 8810, 986, 1073, 7264, 7769 дугаартай дүгнэлтүүд, Монгол Улсаас Осакад суугаа ерөнхий консулын газраас О.Ш-т хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Е/39/23/127 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн “Дотны туслагч” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дүгээр тодорхойлолт зэргийг харьцуулан үзвэл Б.Д-ий эрүүл мэндэд учирсан гэх хохирлын шинж чанар, хэр хэмжээ тодорхойгүй, цаашид оношилгоо, шинжилгээг Монгол Улсад хийх боломжгүй, зайлшгүй гадаад улсад хийх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй./2хх8-36, 106-107, 150/

 

6.3. Түүнчлэн, нэхэмжлэгчийн ач хүү Б.Д-ий эрүүл мэндэд хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйгээс гэм хорын хохирол учирсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан этгээд түүний үйлдэл, түүнээс учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн  дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...Хүний эрхийн үндэсний комиссын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02/17 дугаар шаардлагаар хариуцагч байгууллагын хариуцлагагүй үйлдлийг тогтоосон...” гэж бичсэн боловч уг шаардлагад хариуцагч талыг нэхэмжлэгчийн ач хүү Б.Д-ий бие, эрүүл мэндэд хохирол учруулсан тухай дурдаагүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй./2хх 145-147/

 

8. Нэхэмжлэгч нь Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн баримт, мөн Япон улсын Осакагийн эмнэлэгт Б.Д-ийг үзлэгт хамруулахаар цаг авсан баримт, онгоцны тийз захиалгын баримт зэргийг анхан шатны шүүхийн шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн боловч алга болгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийнхээ хүрээнд хэргийн материалтай танилцаж тухайн үед уг асуудлаар хандаагүй байна.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан үзсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн         167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/04096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

                                                       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ