Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00581

 

 

 

 

 

 

 

 

     2024       03            22                                    210/МА2024/00581

 

 

Оросын Холбооны Улсын иргэн БА-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04751 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн БА-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С ХХК-д холбогдох,

Агуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

БА- нь С ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ЗоГ22/02/06 дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах Арцат Лакшири ресидент А блокны зоорийн давхарт байрлах В тоот агуулахыг худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Гэрээний үнийг 15,000,000 төгрөгөөр тохиролцож тус компанийн данс руу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээг гаргаж өгөөгүй, агуулахыг шилжүүлж өгөхгүй байгаа. Иймд агуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу БА- намайг өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг С ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох Б.А- нь манай компаниас 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцат Лакшири хотхоны 1441 дүгээр байр, хойд орц, 12 давхар, 00 тоот 166,56 м.кв орон сууцыг 1 м.кв-г 2,200,000 төгрөгөөр буюу нийт 366,432,000 төгрөгөөр, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцны доор 2 ширхэг дулаан зогсоолыг нийт 60,000,000 төгрөгөөр 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцны доор 1 ширхэг агуулахыг 15,000,000 төгрөгөөр тус тус тохиролцож худалдаж авсан ба орон сууцны үнийн дүнгээс нийт 365,424,000 төгрөг төлсөн буюу 1,008,000 төгрөг дутуу төлсөн, дулаан зогсоолын үнийн дүнг нийт 60,000,000 төгрөг бүрэн төлж дуусгасан, агуулахын үнийн дүнгээс 4,000,000 төгрөг төлж 11,000,000 төгрөг дутуу төлсөн. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ЗоГ22/02/06 дугаартай агуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал нь гэрээний үнийн дүнг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зөрчсөнөөс гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй тул БА-гийн Арцат Лакшири ресиденс А блок зоорийн давхарт байрлах В тоот агуулахын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж нэхэмжлэгчээс 162,750 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхээс нэхэмжлэгчийг 11,000,000 төгрөгийг бэлнээр өгснөө нотлох ёстой гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн зүгээс 960,000 төгрөгийг бэлнээр авсан гэдгийг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна гэж үзэн шүүхээс нотлох баримтаар үнэлэн хүлээж авсан нь хууль зөрчсөн бөгөөд шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Манай гэр бүлийн хувьд тус компаниас 2 байр, 2 гараашийн хамт худалдаж авсан бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулж төлбөр тооцоо дууссан тул өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд энэ асуудлаар бид маргаагүй.

Бид үлдэгдэл төлбөрийг тус компанийн мэдэгдлийн дагуу цаг хугацаанд нь төлөөд дуусгавар болгосноо нотолсон баримтыг ч шүүхэд гаргаж өгсөн бөгөөд талууд төлбөр тооцоо дууссан тул талууд гарын үсгээ зурснаар улсын бүртгэлийн байгууллагад гэрчилгээ гаргуулахаар материалыг өгсөн ба энэ баримтыг Улсын бүртгэлийн байгууллагаас хуулбарлаж авсан хувийг гаргаж өгсөн боловч шүүх хүлээж аваагүй болно. Учир нь эх хувь нь надад үдлээгүй болно.

Хариуцагч С ХХК нь давхар ашиг олж намайг хохироож, уг агуулахыг дахин өөр нэг этгээдэд зарж борлуулсан. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн бэлнээр төлсөн 960,000 төгрөгт маргадаггүй. Өөрөөр хэлбэл, 960,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин 11,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж үзэж байгаа бол төлсөн гэх үйл баримтыг нэхэмжлэгч талаас нотлох ёстой. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн БА- нь хариуцагч С ХХК-д холбогдуулан агуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч БА- нь С ХХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ЗоГ22/02/06 дугаартай агуулах худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах Арцат Лакшири ресидент А блокны зоорийн давхарт байрлах В тоот агуулахыг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар талууд харилцан тохиролцсон байна. /хх5-8/

 

3. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

4. Нэхэмжлэгч нь “...агуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үлдэгдэл 4,000,000 төгрөгийг тус тус төлсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч нь “...уг агуулахын төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд уг төлөгдсөн 11,000,000 төгрөгийг түүний нөхөр Б.А- нь байрны төлбөр гэсэн агуулгаар шилжүүлснээр худалдан авсан орон сууцных нь төлбөрт тооцогдсон” гэж татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

5. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн нөхөр Б.А- нь С ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ-21/02/08 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат Лакшири хотхоны 1441 дүгээр байр, хойд орц, 12 дугаар давхрын 00 тоот 166.56 м.кв орон сууцыг 366,432,000 төгрөгөөр, мөн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗоГ21/02/02, ЗоГ21/02/03 дугаартай автомашины дулаан зогсоол захиалгын гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах Арцат Лакшири ресидент А1 блокны барилгын доор байрлах 2 ширхэг дулаан зогсоолын 1 бүрийн үнийг 35,000,000 төгрөг худалдан авахаар тус тус тохиролцож, улмаар дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг бүрэн төлсөн үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтад талууд маргаагүй. /хх29-32, 35-37, 39, 40-42/

 

6. Нэхэмжлэгч болон Б.А- нар дээрх 4 гэрээний үүрэгт нийт 441,432,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс банкны дансны мөнгөн шилжүүлгээр 429,424,000 төгрөг, бэлнээр 960,000 төгрөг төлсөн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх 39, 43-52, 56-59/

 

6.1. Харин, нэхэмжлэгч нь агуулахын төлбөрийг бүрэн төлсөн гэх боловч төлвөл зохих 15,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 11,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6.2. Түүнчлэн, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 427023529 тоот дансанд Б.А-ас 11,000,000 төгрөгийг “...А- байрны төлбөр...” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн баримтыг шүүх маргаж буй агуулахын төлбөрийг төлсөн, хамаарал бүхий баримт гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан эргэлзээгүй баримт гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04751 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ