| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 1905004780113 |
| Дугаар | 78 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 78
Э.С-, Н.И-, Г.М-,
М.М-, Э.Б-нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.Мөнгөнсүх, шүүгдэгч Э.Батзаяагийн өмгөөлөгч Г.Энхболд, шүүгдэгч Н.И-ий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр, шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ц.Осоржамаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэг, өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1214 дүгээр магадлалтай, Э.С-, Н.И-, Г.М-, М.М-, Э.Б-нарт холбогдох 1905004780113 дугаартай хэргийг шүүгдэгч Э.С-, Г.М-, шүүгдэгч Н.И-ий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр, шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, хохирогчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй,
3. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, Хуруу овогт
4. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй,
5. Монгол Улсын иргэн, 2001 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй,
Н.И-, Г.М-, М.М-, Э.Б-нар 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Сий” баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, А.Батчулууны толгой тус газар нь өшиглөж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
улмаар Э.С-, Н.И-, М.Мөнхманлай нар бүлэглэж “Беат” караокены нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, А.Батчулууныг араас нь татаж унаган толгойд нь цохиж, хөлөөрөө дэвсэж хүч хэрэглэн биед нь их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл учруулж алсан,
М.М- нь Л.Эрдэнэбудын толгойн тус газар цохиж зулайн няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг,
шүүгдэгч М.М-ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,
шүүгдэгч Э.Бг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус бүр 12 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 хорих ял,
шүүгдэгч М.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
шүүгдэгч Э.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.С-, Н.И-, Г.М- нарт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн тус бүрт 14 жил хорих ял,
М.М-од оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийт ялыг 2 жил 3 сар хорих ялаар тус тус тогтоож,
Э.С-, Н.И-, Г.М-, М.М-, Э.Б-нарт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,
Э.С- 488 хоног, Н.И- 503 хоног, Г.М- 411 хоног, М.М- 226 хоног, Э.Б-219 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний нэхэмжлэлээс цалингийн зээлийн үлдэгдэлд 15.613.970 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.М-гаас 2.037.812 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэгт олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэсэн хэсгийг “... шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,
мөн заалтын “... шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэсэн хэсгийг “... шүүгдэгч Э.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,
3 дахь заалтын “... М.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэсэн хэсгийг “... М.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.И-, М.М-, Э.С-, Г.М-, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ц.Осоржамаа, шүүгдэгч Э.Батзаяагийн өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.М-гийн өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарын хамтран гаргасан, шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Н.И-ий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.С- гаргасан гомдолдоо “... 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр миний төрсөн өдөр байсан ба би 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хэсэг найзуудын хамт төрсөн өдрөө тэмдэглэж байхад үл таних залуус манай найзуудтай маргаж эхлэхэд би маргааныг эв зүйгээр зохицуулж байсан. Гэтэл нэг харахад манай найзууд тэдгээр залуустай зодолдож байсан тул би мөн зодооныг болиулж салгасан. Төдөлгүй манай найз Мөнхманлай хэсэг хүмүүстэй зодолдож эхлэхэд би бас л зодооныг салгахын тулд явж очоод хамгийн захад байгаа залууг хойш нь татах үйл явцтай зэрэгцэн манай найз Идэргүн миний татсан залууг өшиглөсөн.
Уг үйл явц хормын төдийд болсон учир намайг хөлөө хойш татаж авч амжаагүй байхад нөгөө өшиглүүлсэн хүн миний дээрээс дарж бид хоёр давхарлан унасан. Бид хоёрыг унасны дараа дээрээс хүмүүс цохиж өшиглөж эхлэнгүүт миний дээр унасан залуугийн бие суларсан. Миний нүүр толгой руу ч бас хүмүүс цохиж байсан ба нэг хүн миний нүүр лүү өшиглөсөн. Миний дээр унасан хүний бие суларч хөдөлгөөнгүй болсон учир миний өөрийн хөдөлгөөн хязгаарлагдмал болж би чадан ядан өөрийн болон нөгөө хүнийхээ нүүр, толгойг хоёр гараараа хамгаалах оролдлого хийж байсан. Тухайн үед хөлөө хөдөлгөх боломжгүйгээр унасан ба нөгөө хүний доороос гарахын тулд хоёр гараараа газар тулж бөгсөөрөө хойшоо зүтгэж байтал манай найз ирж намайг татаж авсан. Надад амь хохирогчийг зодож цохисон, өшиглөж дэвссэн үйлдэл байхгүй.
Тухайн үед болсон зодоонуудыг салгаж, маргааныг эвлэрүүлж байснаа бусдын амь насыг хохироох, зодооныг санаачлан эхлүүлсэн болон бусдын биед санаатайгаар халдсан үйлдэл байхгүй болно. Гэрч Үүрийнцолмонгийн ярьсан зүйлс дүрс бичлэгээр нотлогдохгүй байгаа бөгөөд би гэрчийн ярьсан зүйлтэй санал нийлэхгүй байна. Хохирогч миний өвөр дээр дарж унаад би доороос нь гарч ирж чадахгүй тийчгэнэж байснаас би дээр нь гарч цохиж дэвсээгүй. Хүний доор дарагдаж унасан хүн яаж тухайн хүнийг өшиглөж дэвсэх вэ. Гэрчийн мэдүүлэг нотлох баримт болгон ашиглаж, бидэнд үзүүлж хавтаст хэрэгт хавсаргагдсан дүрс бичлэгтэй таарахгүй, уг дүрс бичлэгээр нотлогдохгүй байгаа нөхцөлд намайг амь хохирогчийг “өшиглөж, дэвссэн” гэж ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн “гэрчийн мэдүүлэг нотлогдохгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийднэ” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.
Хуулийн хүрээнд нотолгоотойгоор ял оногдуулах ёстой байтал миний хэргийг үндэслэл муутай таамгаар шийдэж байгааг анхааран үзэж дахин нягталж үзээсэй гэж хүсэж байна. Би зодооныг салгах зорилгоор амь хохирогчийг татаж, давхралдан унаж, амь хохирогчийг бусдад зодуулж амь насаа алдах байдалд оруулсандаа туйлын ихээр харамсаж байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшиж байгаагийн хажуугаар эс үйлдсэн хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд энэхүү гомдлыг минь хянан үзэж надад оногдуулсан хэргийг хуулийн дагуу шударгаар шийдэж өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Г.М- гаргасан гомдолдоо “... тухайн хэрэг болдог өдөр хоёр хэсэг зодоон болсон бөгөөд эхний зодоонд талийгаач өөд болоогүй харин “BEAT” караокены үүдэнд болсон хоёр дахь зодооны үеэр нас барсан билээ. Миний бие тухайн хоёр дахь зодоонд хар бараан өнгийн цамцтай, 170 см орчим өндөртэй залуутай буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №310 дугаартай дүгнэлтэд “8” гэж дугаарласан Энхбаатар гэх залуутай л зөвхөн маргалдаж зодолдсон, өөр хүнийг өшиглөж, цохиж, дэвсэн биед нь халдсан зүйл огт байхгүй гэдгээ хэрэг болсон өдрөөс хойш мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх хуралдаанд шат дараалан хэлж мэдүүлж ирсэн.
Мөн миний мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан нотлох баримт болох “Монгол хуушуур”, “SEE” баарны хяналтын камерын бичлэгтэй тохирч байдаг. Гэвч шүүх гэрч Үүрийнцолмонгийн өгсөн өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэгт үндэслэн намайг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ялласанд маш их гомдолтой байна. Миний бие өөрийгөө хэрэгт ямар ч холбогдолгүй, зодоон маргаанд оролцоогүй, гэмт үйлдэл хийгээгүй гэж хэлэхгүй ээ. Нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн газар танхайрсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би талийгаачийг өөд болох үед буюу “BEAT” караокены үүдэнд хэвтэж байхад нь цохиж, өшиглөж дэвсэн биед нь халдсан зүйл огтхон ч байхгүй гэдгээ амлаж байна. Энхбаатар бид хоёр эвлэрээд “найзуудаа салгаж аваад явья” гээд талийгаачийн хэвтэж байсан газраас 4 метр орчим зайнаас ирэх үед зодоон болоод өнгөрчихсөн, талийгаач ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан.
Үнэхээр тухайн үед би цаанаас ирээд талийгаачийг газар хэвтэж байхад нь өшиглөж, дэвсэн биед нь ямар нэгэн халдсан бол тэнд ойр тойроод зогсож байсан Энхбаатар, Идэргүн, Сэргэлэн, Үүрийнцолмон, Батзаяа нар намайг талийгаачийн ойр орчмоос татаад холдуулах эсвэл ямар нэг байдлаар хориглох үйлдэл хийх байсан. Гэтэл намайг хориглосон, татаж холдуулсан үйлдэл хийж байгаа зүйл хяналтын камерын бичлэгт огт харагдадгүй мөн намайг талийгаачийг онцолж дэвссэн, өшиглөсөн гэсэн гэрчийн мэдүүлэг өгөөгүй байдаг. Зөвхөн гэрч Үүрийнцолмонгийн мэдүүлгүүдийн нэгэнд “саарал өнгийн ноосон цамцтай, 170 см орчим өндөртэй залуу талийгаачийн араас цохиж унагах үед түүнтэй хамт явж байсан хоёр залуу гүйж очоод газар унасан залуугийн дээрээс дэвсэж зодоод байсан” гэж өгсөн мэдүүлэгт л намайг талийгаачийг өшиглөж, дэвссэн гэх байдал харагддаг. Энэхүү мэдүүлэг нь хэрэгт холбогдогч нарыг бүгдийг нь хамааруулсан, ерөнхийд нь тоймлосон, тэдний үйлдлийг тодорхой ялгаж салгасан зүйлгүй, хэн хаана нь цохиж, өшиглөж байгаа нь мэдэгдэхгүй хяналтын камерын бичлэгийн ерөнхий байдалтай огт нийцдэггүй, эргэлзээтэй, бусад өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг байдаг. Иймээс нотлох баримтуудын зөрүүтэй байдлыг арилгуулахын тулд талуудын өмгөөлөгчид шүүх хуралдаанд гэрчийг байлцуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан бөгөөд шүүхээс оролцуулах саналыг баталгаажуулж дуудах хуудас илгээж байсан билээ. Гэвч гэрч Үүрийнцолмон утас нь холбогдохгүй, оршин суугаа хаяг дээрээ байхгүй гэдэг шалтгаанаар шүүх хуралдаанд оролцдоггүй байсан. Гэсэн атлаа шүүхээс хэргийг прокурорт буцаах үед цагдаагийн байгууллагаас түүнийг олж уулзан нэмэлт мэдүүлэг, байцаалт авчихдаг, буцаад шүүхийн шатанд ирэхээр олдоггүй. Энэ үнэхээр ойлгомжгүй бөгөөд түүнийг шүүх хуралд оролцуулахгүй байх нь ямар нэг шалтгаанаар мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Яг бодит байдал дээрээ Сэргэлэнг татаж унагах үед миний бие талийгаачийг татаж унагасан газрын эсрэг зүгт хөл алдан унаж 3-4 м орчим зайд холдсон байдаг. Ингээд намайг цаанаас ирэх үед зодоон болоод дууссан, талийгаач хөдөлгөөнгүй хэвтэж байдаг. Уг байдал хяналтын камерын бичлэгт ч маш тодорхой харагддаг бөгөөд “310” дугаартай шинжээчийн дүгнэлтэд “3” гэж дугаарласан хүн “1” гэж дугаарласан хүний биед халдсан өшиглөж, дэвссэн гэх зүйл огт байхгүй байдаг.
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай тогтоолоор “Мөнхманлай нь бүлэглэн хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэх байдлыг мөрдөн шалгах зайлшгүй шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан боловч дээрх шүүхийн даалгавар огт биелэгдэлгүй шүүхийн шатанд дахин шилжсэн. Улмаар хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх байдлыг мөрдөн байцаалт, прокурорын шатанд нягтлан шалгасан, нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ямар ч байхгүй атлаа эргэлзээтэй нотлох баримтанд үндэслэн гэм буруутайд тооцож ялласан прокурор, байцаагчийн хэт яллах талыг баримталсан явдалд маш их харамсаж байна. Яагаад гэрч Үүрийнцолмонгийн мэдүүлгийг хяналтын камерын бичлэг болон шинжээчийн тохирч байна гэж үзээд байгаа юм бол энгийн нүдээр харахад ч хэргийн чухал хэсгүүд нь илт зөрж байдаг. Яагаад түүний мэдүүлгээс гадна өөр чухал нотлох баримтууд болох “Монгол хуушуур” хоолны газрын хяналтын камерын бичлэг, мөн шинжээчийн 310 дугаартай дүгнэлт бусад гэрчүүдийн мэдүүлгүүдийг авч хэлэлцэхгүй байгаа юм бол эдгээр баримтууд дээр намайг талийгаачид халдаагүй, дэвсэж цохиогүй гэдэг нь хангалттай харагдаж, нотлогдож байхад яагаад авч хэлэлцэхгүй гуйвуулаад байгаа юм бол. Яагаад би талийгаачийн огт дэвсэж, цохиж, биед нь халдсан зүйл үгүй атлаа хийгээгүй үйлдлийнхээ төлөө 14 жилийн хорих ялаар шийтгүүлэх ёстой юм бэ. Би үнэхээр ойлгохгүй байна. Хяналтын камерын бичлэгийг намайг цохиж, өшиглөсөн гэдэг талаас нь авч үзээд байх юм. Бодит байдал дээрээ хоёр дахь зодооны үед би Энхбаатартай зууралдан зодолдож яваад хөл алдан унасан. Харин намайг босох гэж байхад Энхбаатар над дээр дахин маргах, зодолдох өнгө аястай ирдэг. Надад дахин маргалдах санаа, бодол байгаагүй учир “тэнд найз чинь газар хэвтэж байна, чи найзыгаа ав, би найзуудаа авъя ингээд явцгаая” гэж ярилцаад бид хоёр эвлэрээд газар унасан дээр хамт очдог.
Яг очих үедээ би араасаа түлхүүлэн хөл алдаж хэвтэж байсан хүний дээгүүр давж алхдаг, тэгээд хэсэг хугацаанд бид ярилцаж “та нар яаж байгаа юм бэ? Танай найз /1/ чинь манай найзыг /Идэргүн/ эхлэн цохиод маргааныг эхлүүлсэн” гэх мэт зүйл ярилцаж байгаад би найзуудаа аваад явсан билээ. Харин мөрдөн байцаагч, прокурор маань намайг Энхбаатартай цаанаас хамт ирээд газар унасан хүний дээрээс өшиглөж цохисон гэж тулгаад байдаг юмаа. Хэрвээ би тийм л их хүнтэй зодолдож танхайрах гээд байсан юм бол яагаад Энхбаатарыг дахин надтай маргалдах гэж ирэхэд нь зодолдож, маргаагүй юм бэ?. Надад тэгэх боломж байсан гэхдээ би зодолдоогүй шүү дээ. Гэсэн атлаа биеэ хамгаалах чадваргүй, хөдөлгөөнгүй газар хэвтэж байгаа хүнийг өшиглөж, дэвсэн, толгойд нь халдана гэж үү? Үгүй ээ. Энэ бол миний хувьд байж боломгүй үйлдэл. Би арай ч хүний толгой дээр дэвсээд, өшиглөөд байдаг тийм хэрцгий, балмад хүн бишээ. Надад тийм хүмүүжил, зан төлөвч байхгүй. Хүний сайхан үрийг зодож цохиод амь насыг нь хохироосон бол би маргаж мэлзэхгүйгээр үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч хариуцлагаа үүрч чадах хүн чанар, ёс суртахуун, хайртай аав, ээжийн минь сургаж, хүмүүжүүлсэн эрхэм чанарууд надад байгаа. Би чадна. Гэхдээ огт хийгээгүй үйлдлийнхээ төлөө эд сурч боловсорч, хийж бүтээх залуу сайхан насандаа 14 жил бүү хэл 14 хоног ч энэ дөрвөн ханан дотор надад маш хэцүү байна. Үнэхээр гомдолтой байна, харамсалтай байна.
Талийгаачийн хууль ёсны төлөөлөгч хохирогч Алтанцэцэг эгч шүүхийн хүлээлгийн танхимд нэг удаа аав, ээж хоёрт маань ингэж хэлсэн удаатай. “Танай хүү болон та хоёрыг л их өрөвдөх юм” гэж. Энэ үг нь хэргийн үнэн мөнийг таньсан, мэдэрсэн хүний үг мэт санагддаг. Түүнтэй адил олон хүн хэргийн үнэн байдлыг ойлгосон атлаа шүүх хуралдаанд чимээгүй л сууцгаах юм. Юуг хүлээгээд юу хүсээд байгааг нь ойлгохгүй юм. Заавал бүгдийг нь шоронд явуулах гээд байгаа юм болов уу?. Миний бие урьд өмнө ял шийтгэл эдэлж аав, ээжийгээ зовоосон удаатай. Тэднийгээ зовоож, шаналган байж толгойд минь суусан ухамсар, бодол, зорилго надад бий. Эдлүүлж амсуулсан зовлонгоо бага ч гэсэн нимгэлэх гэж, аз жаргалтай, сайн сайхан амьдрах гэж маш их хичээж, зүтгэж ирсэн.
Харин одоо дахиад л тэднийгээ зовоож шаналгаж байна даа. Би Монгол Улсын Их сургуулийн бизнесийн сургуульд санхүүгийн чиглэлээр суралцаж байсан. Арван жилийн сургуулиасаа хүсч, тэмүүлж зорьж байж авсан хувиар минь юм. Одоо аав, ээж хоёр маань надаар маш их бахархдаг юм. Харин одоо бахархал болсон хүү нь үйлдээгүй хэргийнхээ төлөө 14 жилийн хорих ял эдлэхээр хорих ангид байж байна. Хайртай аав, ээж хоёр минь намайг гарч ирэхэд амьд сэрүүн байх эсэх нь ч эргэлзээтэй. Даанч хайран залуу нас минь, даанч хайран амьдрал минь ямар үйлийн үр нь энэ юм бол хэмээн аргаа баран бодож сууна. Иймд эцсийн найдвар минь болох Монгол Улсын Дээд шүүхийн эрхэм шүүгчид та бүхнийг өөрт холбогдох хэргийг минь үнэн зөвөөр шийдвэрлэж, ял шийтгэлийг маань багасгаж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна” гэжээ.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нар хамтран гаргасан гомдолдоо “... гэрчийн мэдүүлэг, техникийн бичлэгээр хангалттай нотлогдож байхад хэн нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг эхлүүлснийг тодорхойлж чадалгүй Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу юм.
Учир нь Г.М-н хувьд хамт явсан найзыг нь бүлэглэн зодоод эхлэхэд найзыгаа хамгаалах, өмөөрөх үйлдэл гаргасан нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эхлүүлээгүй болохыг илэрхийлж байна. Мөн №809 шинжээчийн дүгнэлтийн зураг №139-160-д шүүгдэгч Н.И-ийг хохирогч н.Батчулуун, н.Эрдэнэбуд нар нь заамдаж зодоон эхлүүлж буйг тогтоосон бөгөөд Г.М-г олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол тухайн нөхцөл байдлыг анх үүсгэсэн хохирогч н.Эрдэнэбуд нарыг мөн ялгаагүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь шударга ёсны зарчимд нийцэх юм.
Б. Хоёрдахь зодоон нь “Монгол хуушуур” зоогийн газрын гадаа болсон ба гэрч н.Энхбаатар нь /шинжээчийн №310 дүгнэлтэд 8 гэж дугаарласан/ шүүгдэгч Г.М-тай зодолдох үед хохирогч А.Батчулуун нь Г.М-гийн баруун мөрнөөс зулгаах үед түүний араас н.Сэргэлэн татаж газар унагаах бөгөөд энэ үед нь Г.М- нь н.Сэргэлэн, А.Батчулуун нараас зүүн тийш даруй 5 метрийн зайд хөл алдан унаж салж холддог. Ингээд Г.М- нь гэрч н.Энхбаатартай талийгаачаас хол зайд маргаж байх үед шүүгдэгч Н.И-, н.Сэргэлэн болон хохирогч нарын хооронд зодоон үргэлжилсэн. Г.М-г амь хохирогчийг зодоогүй болох нь камерийн бичлэгээр маш тодорхой харагдах бөгөөд шүүгдэгч н.Батзаяа нь уг нөхцөл байдлыг харж байсан учир түүний мэдүүлгээр дээрх үйл явдал нотлогддог. Мөн гэрч н.Энхбаатар ч гэсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн.
Дээрх болсон үйл явдал нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №310 тоот шинжээчийн дүгнэлтээр мөн хөдлөшгүйгээр тогтоогдож байгаа. Мөн энэ талаар хяналтын прокурор №897 тоот хариу мэдэгдэх хуудсандаа “Н.И- нь иргэн А.Батчулууныг Э.С- татаж унагах үед толгойд нь цохиж гэмтэл учруулж алсан гэж үзэх үндэслэлтэй” гэж болсон үйл явдлыг зөв дүгнэж байсан. Г.М-г хохирогчид гэмтэл учруулаагүй болохыг тогтоосон байтал үүнийг харгалзан үзээгүй. Нэгэнт хяналтын прокурор нь Г.М-г, хохирогчийг амь насаа алдах үед нь цохиж, өшиглөөгүй болохыг тогтоож, нотолсон байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байсан.
Гэтэл “анхан шатны шүүх хохирогч А.Батчулууны амь насыг хохироосон гэмт хэрэгт хэн хэн хэрхэн яаж оролцсон болохыг гэрч Т.Үүрийнцолмон маш тодорхой мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэг гарсан газрын ойролцоох камерын бичлэгтэй тохирдог”, “давж заалдах шатны шүүх камерын бичлэг болон тухайн үйл баримтыг шууд харсан гэрч Т.Үүрийнцолмон нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Э.С- нь амь хохирогч А.Батчулууныг араас нь цохиж унагаж Н.И-, Г.М- нар нь амь хохирогч А.Батчулуунд хүч хэрэглэн толгойн тус газар өшиглөж /дэвсэж/ зодсон нь нотлогдсон бөгөөд тэднийг үйлдлээрээ нэгдэж амь хохирогч А.Батчулуунд хүч хэрэглэн амь насыг нь хохироосон гэж үзэх үндэслэлтэй” гэж тус тус дүгнэж байна.
Энэ нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчмыг хангахгүй байна. Гэрч Т.Үүрийнцолмон нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “... саарал өнгийн ноосон цамцтай “... чи намайг өшиглөдөг хэн бэ... ” гээд нэг өндөр биетэй залууг араас нь цохиод авахад найзууд нь тал талаас нь орж ирээд зодож эхлэхэд нөгөө залуу арагшаа дээшээ харсан байдалтай унах үед толгой хэсэгт нь нэг саарал өнгийн цамцтай 170 см орчим өндөртэй залуу газар уначихсан байсан залуугийн толгой руу нь дэвсээд байхаар нь би нөгөө залууг татаад чи одоо болиоч, та нар байж бай, одоо цагдаа ирнэ...” гэж мэдүүлсэн, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “... хоёр залуу гуйж очоод газар унасан залуугийн дээрээс нь дэвсэж зодоод байсан” гэсэн. Гэтэл гэрч Т.Үүрийнцолмонгийн мэдүүлсэн шиг үйл явдал огт болоогүй буюу хохирогч н.Батчулууныг тал талаас нь хүмүүс зодож дээшээ харсан байдалтай унагаагүй, мөн хохирогчийг газар унасан байхад нь хоёр залуу гүйж ирээд дээрээс нь дэвсээгүй болох нь бусад гэрч, “Монгол хуушуур” хоолны газрын камерын бичлэгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл Г.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй болохыг шинжээчийн №310 тоот дүгнэлтээр нотолж байтал ямар үйлдэл нь хохирогчийн амь насыг хохироох үйлдэл болохыг тогтоож чадаагүй учраас анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн ял оногдуулсан.
Талуудын хүсэлтээр гэрч Т.Үүрийнцолмонг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж шүүхийн баримт бичгээр баталгаажсан. Шүүх хуралдаанд гэрч ирээгүй шалтгаанаар олон удаа хурал хойшилсон. Хүсэлт гаргасан тал шүүхээс, гэрчийг албадан ирүүлж өгөөч, шүүхийн тогтоолыг биелүүлэх тал дээр арга хэмжээ авч өгөөч, Т.Үүрийнцолмонгийн 2 мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй, алийг нь үнэлэх вэ гэсэн хүсэлт шаардлагыг олон тавьсан. Үүнийг ч анхан шатны шүүх хүлээн авч уг зөрүүтэй асуудлыг нэг мөр болгох шаардлагатай гэж хэргийг прокурорт буцааж байсан удаатай. Гэтэл уг нөхцөл байдал арилаагүй байхад гэрч Г.Үүрийнцолмонг оролцуулалгүй шүүх хуралдаан явуулсан. Шүүхэд олдодгүй гэрч хэрэг прокурорт буцахад гарч ирээд олдоод байдаг нь ойлгомжгүй.
Мөн тус эрүүгийн хэрэгт нийт 7 ширхэг камерын бичлэг бүхий сиди, 1 ширхэг ягаан өнгийн флаш дискийг эд мөрийн баримтаар тооцсон. Гэтэл “Sеа” баарны гаднах камерын бичлэг, “Монгол хуушуур” хоолны газрын камерын бичлэг бүхий 2 сиди л хэрэгт авагдсан байна. Гэтэл анхан шатны шүүх бусад сидиг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.
Шийтгэх тогтоол, магадлалд 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Шинжээчийн дүгнэлт гэрч Т.Үүрийнцолмонгийн мэдүүлэгтэй таарч байна гэж бичдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд №3 гэж дугаарласан Г.М- нь №1 гэж дугаарласан амь хохирогчийг зодож өшиглөж байна гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Гэхдээ л шинжээчийн дүгнэлтийн доторхийг ч, гэрч Т.Үүрийнцолмонгийн мэдүүлгийг ч тогтоол магадлалдаа бичдэг. Мөн анхан шатны шүүхээс өмгөөлөгч бидэнд гардуулж өгсөн шийтгэх тогтоол нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байсан байх тул давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлын хамт тогтоолын хуулбарыг гарган өгсөн. Гэтэл энэхүү нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Үүний улмаас өмгөөлөгч бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хяналтын журмаар гомдол гаргахад маш их хүндрэлтэй болж байх бөгөөд уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал үүсээд байна.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор “... Г.М- нь бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэх байдлыг дахин нягтлан шалгах, гэрч Т.Үүрийнцолмон камерын бичлэгт хэргийн талаар ач холбогдолтой зүйлийг мэдэх боломжтой” гэсэн үндэслэлээр дээрх нөхцөл байдлыг тогтоолгуулахаар хэргийг прокурорт буцаасан. Хэрэв прокурор буруу гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргах эрхтэй байсан. Прокурорын эсэргүүцэл бичээгүй атлаа шүүхийн тогтоолд заасан даалгаврыг биелүүлээгүй. Мөрдөгч, прокурор нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан ажиллагааг огт хийж гүйцэтгэлгүй, зөвхөн гэрч Т.Үүрийнцолмонгийн гарын үсэгтэй холбоотойгоор ажиллагаа явуулсан байгаа нь анхан шатны шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүргээ санаатайгаар үл ойшоосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийг зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, зайлшгүй хийгдэх ёстой мөрдөн байцаалтын ажиллагааг үнэлээгүй байх бөгөөд бидний үйлчлүүлэгч Г.М- нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдээгүй болох нь “Монгол хуушуур” хоолны газрын камерын бичлэг, шинжээчийн №310 тоот дүгнэлт, гэрч Т.Үүрийнцолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын Г.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Н.И-ий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хохирогчийн үхлийн шалтгаан буюу шинжээч эмчийн дүгнэлтээр талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь толгой болон хүзүүн тус газар хүч үйлчлэн цохигдоход үүсэх боломжтой гэж дүгнэсэн байдаг. Н.И- хохирогчийг унасан байх үед дэвссэн үйлдэл тогтоогдохоос өөрөөр хохирогчийн биед халдсан үйлдэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд анх Н.И- иргэн Батчулууныг Сэргэлэн татаж унагах үед нь толгойд нь цохисон гэсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл оролцоог дүгнэхдээ талийгаач Батчулууныг шүүгдэгч Сэргэлэн татаж унагаж, газар унах явцад нь Идэргүн, Мөнхманлай нар нийлж өшиглөсөн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Камерын бичлэгээс харахад үйлдэл оролцооны хувьд шүүгдэгч нар нэгэн зэрэг халдсан үйлдэл харагддаггүй. Өөрөөр хэлбэл хохирогч унасан, Идэргүн дэвссэн үйлдэл байдаг бөгөөд гэрч Үүрийнцолмон татаж босгож байгаа. Энэ үйлдэл болсноос 9 секундийнн дараа хохирогчийн биед өшиглөж байгаа үйлдэл бий. Энэ үйлдэл хийгдэж байх үед Үүрийнцолмон, Энхбаатар нар харж байсан. Гэрч нарын мэдүүлэгтээ нэг шүүгдэгчийг толгой руу нь дэвсэлж зодсон гэдэг. Өндөр, өмсөж байсан хувцсаар нь тодорхойлдог.
Анхан шатны шүүх гурван шүүгдэгчийн үйлдлийн улмаас үхэлд хүргэсэн гэмтлийг хохирогчид учруулсан гэдгийг шүүхийн дүгнэлтээс харагдахгүй байна. Гэрч Үүрийнцолмонгийн мэдүүлгээр эдгээр гурван шүүгдэгч хохирогчийн толгой руу цохиж өшиглөсөн гэсэн мэдүүлэг байхгүй. Идэргүнийг толгой, хүзүү рүү нь цохисон гэдгийг нотолсон гэж үзэх нь эргэлзээтэй. Идэргүн дэвсэх, өшиглөх үйлдэл хийх үед эсрэг талд нь зодооноос холдоод зогсож байгаа. Шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлийг авсан даруй идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй гэж дүгнэсэн. Энэ цаг үеэс хохирогч босч ирээгүй бөгөөд энэ цаг үед гэмт хэрэг үйлдэгдсэн байна, Идэргүний хувьд тухайн үед зодооноос хол байсан. Нэг шүүгдэгчийн үйлдлийг нөгөө шүүгдэгч нь хариуцах хууль зүйн үндэслэл нь юунд байгаа гэдэг нь шүүхийн дүгнэлтээс харагдахгүй байгаа юм. Үүрийнцолмон нь зодооныг эхэлснээс хойш дуусах хүртэл харсан цорын ганц гэрч юм. Түүний мэдүүлгийг шүүх хуралдаан дээр тодруулах зорилгоор өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч оролцуулалгүйгээр хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Энэ нь талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор нотлох баримтыг цуглуулаад шүүх хуралдаан дээр нотлох баримтаа үндэслэж яллах үүргийг гүйцэтгэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтыг үгүйсгэж шалгах, улмаар үйлчлүүлэгчээ цагаатгах байр сууринаас оролцдог. Үүрийнцолмонгоос хэн нь ямар үйлдлээр хаана нь цохисон, зодсон эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Түүний мэдүүлэгт “миний тухайд тухайн газар унасан залууг харахад ямар ч хөдөлгөөнгүй болсон байсан” гэдэг. Камерын бичлэгтэй нийцүүлж мэдүүлэг авах ёстой бөгөөд энэ ажиллагааг хийгээгүй атлаа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, таамаглал дэвшүүлэх байдлаар хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй учир магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд Н.И-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан “хүнийг бүлэглэж алсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг зөвтгөж, хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхээс Сэргэлэнгийн үйлдлийг дүгнэхдээ амь хохирогчийг араас нь татаж унагаах үйлдлийг хийсэн болохыг дүгнэсэн байдаг. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг нь тухайн үйл явц, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нотлох цорын ганц баримт болоод байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг үйлдлийг бүлэглэж үйлдсэн. Энэ үйлдлүүд нь явцаараа хохирогч Батчулууны амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой. Бусдыг бүлэглэн санаатай алах гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Иймд Сэргэлэнгийн үйлдлийг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдэл, оролцоог нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж байна. Э.С-гийн үйлдэл амь хохирогчийг нас барахад ямар нөлөө, шалтгаан холбоотой байсан эсэх асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн гүйцэд дүгнээгүй гэж үзэж байна. Шинжээчийн 389 тоот дүгнэлтээр амь хохирогчид учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд харахад Сэргэлэн татаж унагасан үйлдэл байдаг. Идэргүн цохиж байгаа, өшиглөж байгаа асуудал камерын бичлэгээр бүрэн дүүрэн тогтоогддог.
Сэргэлэнд бүлэглэж хүнийг алах сэдэл, санаа байгаагүй, энэ дээр буруу дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Гэрч Үүрийнцолмонгийн мэдүүлэг эргэлзээтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эх сурвалжаа зааж чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Сэргэлэнгийн ямар үйлдлээс амь нас хохирох нөхцөл байдал хүрсэн асуудал тогтоогдоогүй. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтай шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоол, магадлалд Сэргэлэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсоныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Г.Мөнхбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан. Камерын бичлэгт шинжээч нар 10 дахин томруулаад шинжээчийн дүгнэлт гаргачхаад, тухайн дүгнэлтэд амь хохирогчийг зодож байгаа үйлдэл, тэр хүнтэй ойртож байгаа үйлдэл байхгүй байсаар атал гэрч Үүрийнцолмонгийн мэдүүлгийг дурдаж бичээд шийтгэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй юм. Гэрч 01 сар болон 06 дугаар сард мэдүүлэг өгдөг бөгөөд мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Мөн түүний өгсөн хоёр удаагийн мэдүүлэг камерын бичлэгтэй таардаггүй буюу зөрүүтэй. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ярьсан боловч эсрэгээрээ намайг Мөнхманлайгийн үйлдэл, гэрч Үүрийнцолмонгийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрсөн гэх байдлаар шийтгэх тогтоол, магадлалд бичигддэг. Гэрч Үүрийнцолмонг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан хойшилдог боловч огт ирдэггүй. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаахаар цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгдөг. Хэрэг шүүхэд шилжихээр ирдэггүй. Түүний зөрүүтэй мэдүүлэг, камерын бичлэгтэй зөрж байгаа талаар асууж тодруулах зорилгоор оролцуулах шаардлагатай байсан. Гэрчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Мөн 36.7 дугаар зүйлийн 2.3-д заасныг зөрчсөн. Хэрэгт 7 ширхэг камерийн бичлэг сиди, 1 ширхэг флашыг нотлох баримтаар хурааж авсан гэдэг боловч шүүх хуралдаанд 2 ширхэг сиди бичлэгийг үнэлээд байгаа. Бусад сиди бичлэгийг үнэлдэггүй, хардаггүй бөгөөд тухайн сиди бичлэгийн талаар ярихаар шүүх хүлээж авдаггүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэг нь гэрчийн мэдүүлэгтэй зөрөөд байна. Тухайн гэмт хэргийг үйлдээгүй байна гэж мэтгэлцэхэд шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаасан няцаалтаа бичдэггүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх ёстой. Шүүх шийдвэрийн үндэслэлд Үүрийнцолмонгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг тусгадаг ба Үүрийнцолмон сүүлд буюу 5 сарын дараа өгсөн мэдүүлэгтээ Мөнхманлайг зодсон гэж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Мөнхманлай уг гэмт хэрэгт хэрхэн оролцсон эсэхийг шалга гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичээгүй бөгөөд энэ талаар ажиллагаа хийгдэлгүй, зөвхөн Үүрийнцолмонгийн гарын үсэг мөн үү, биш үү гэдгийг судлаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчийн захирамж яагаад биелэгдээгүй вэ гэдэг байдлаар тайлбар гаргаж, мэтгэлцдэг боловч хүлээж авалгүй, хэргийг шийдвэрлэдэг. Мөн Мөнхманлайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгаж байгааг гайхдаг. Амь хохирогч эхлээд Эрдэнэбудыг зодож, энэ маргаан зодоон үүсч, уг асуудал болсон юм шүү. Гэрчийн өгсөн худал мэдүүлгийг үнэлж, хүнийг шийтгэж болохгүй байх гэж бодож байна. Иймд Мөнхманлайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ц.Осоржамаа хэлсэн саналдаа “... тухайн өдөр хоёр тусдаа зодоон болсон байдаг. Мөнх-Одын хувьд Идэргүн, Мөнхманлай, Батзаяа нартай бүлэглэж, Батчулууны толгойн тус газар өшиглөж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохиролд нь сайн дураараа 1.500.000 төгрөгийг төлсөн байдаг. Талийгаач Идэргүнтэй маргалдаж зодоон эхэлж, зодуулаад хэвтэж байгаад босоод бааранд ороод гадаа хүн зодуулаад байна гэж хэлээд буцаад гүйгээд гарсан болох нь гэрч Шаравын мэдүүлгээр тогтоогддог. Шинжээч Бадрал их бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас талийгаач нас барсан, тус гэмтлийг авсан даруйдаа биеэ дааж үйл хөдлөл хийх боломжгүй гэж мэдүүлсэн. Мөнх-Од нь Эрдэнэбудын толгойн тус газар нь цохиж түүний зулайд няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролд 880.000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Давж заалдах шатны шүүхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг 1 жил болгож хөнгөрүүлсэн бөгөөд нийт эдлэх ялыг 1 жил 3 сар болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан. Миний үйлчлүүлэгч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр суллагдсан. Анхны зодоонд оролцсоны дараа амь хохирогч нас барсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнх-Одод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Э.Бн өмгөөлөгч Г.Энхболд хэлсэн саналдаа “... Э.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Э.Б-нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулж байгаагүй. Хувийн байдлын хувьд хэрэгт холбогдох үедээ 17 настай байсан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, Монголын Үндэсний Их сургуульд нэгдүгээр дамжааны оюутан байсан. Мөн бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүх 1 жил болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын Э.Батзаяад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхээс хүүхдийн тэтгэмж, цалин хөлсний зөрүүг тогтоохдоо үндэслэлгүйгээр 3 дахин багасгаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д заасныг зөрчиж, буруу хэрэглэсэн. Нийгмийн даатгалын сангаас талийгаачийн дундаж цалин хөлсийг 555.287 төгрөгөөр тогтоож, тэжээгчээ алдсаны тэтгэмж 310.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүний зөрүү болох 245.287 төгрөгийг 18 нас хүртэл нь шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс талийгаачийн зээлийн үлдэгдлийг нэхэмжилж оролцсон боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хаан банкнаас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ирүүлсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл 7.850.888 төгрөг, түүнтэй холбоотой зээлийн хүү нийт 12.076.901 төгрөгийг нэхэмжилсэн. Дээд шүүхээс зээлтэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, нээлттэй орхиж шийдвэрлэж өгнө үү. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Камерын бичлэг, гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч нарын үйлдэл, оролцоо тогтоогддог. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэг хэлсэн саналдаа “... өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Талийгаачийн зээл нэхэгдэж байгаа. Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Талийгаач хүний ганц хүү байсан. Энэ хэрэгтэй холбогдуулж сэтгэл санааны хүнд байдалд орж, ээж нь нас барсан. Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж, гомдлыг минь барагдуулж өгөхийг хүсч байна” гэв.
Прокурор Н.Мөнгөнсүх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл хангалттай тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийж, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Г.Эрдэнэхүү өмгөөлөгчийн гомдлын тухайд шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгасан байгаа бөгөөд прокурор, өмгөөлөгчийн байр суурь ямар байсан, мэтгэлцэх боломжийг нь шүүх хэрхэн хангасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүх мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн байна. Идэргүний хувьд цээж орчимд нь нэг удаа өшиглөснөөс өөр үйлдэл оролцоо байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг хүлээж авах боломжгүй. Камерын бичлэг, гэрч Үүрийнцолмонгийн мэдүүлгээр Идэргүний үйлдэл, оролцоо тодорхой харагддаг бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс тодорхой дүгнэлтийг хийж өгсөн.
Шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч нарын гомдлын тухайд шүүхийн дүгнэлт болон камерын бичлэг, гэрч Үүрийнцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт Сэргэлэнгийн үйлдлийн талаар тодорхой тусгагдсан. Өөрөөр хэлбэл саарал ноосон цамцтай залуу талийгаачийг чи намайг өшиглөдөг хэн бэ гэж араас нь татаж цохисон, талийгаач унасны дараа найзууд нь очиж цохисон гэж гэрч мэдүүлсэн бөгөөд давхар камерын бичлэгээр тогтоогддог. Э.С-гийн хөл дээр талийгаач дараад унаж байгаа боловч хэсэг хугацааны дараа буюу 9 секундийн дараа Сэргэлэн хөлөө аваад дээрээс нь дэвсэх үйлдэл хийж байгаа нь камерын бичлэгт тодорхой харагдаж байгаа.
Шүүгдэгч М.Мн өмгөөлөгчийн гомдлын тухайд Мн хувьд камерын бичлэг дээр зодож байгаа үйлдэл харагддаггүй боловч Мг хаалганы цаана орсны дараа талийгаачийн толгой дээр дэвсэлсэн талаар Үүрийнцолмон мэдүүлдэг. Түүний мэдүүлэг камерын бичлэгтэй зөрсөн зүйл байхгүй, хоёр тусдаа үйл баримт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 36 дугаар зүйлийг зөрчсөн, камерын 7 бичлэг байхад зөвхөн 2-ыг нь шинжлэн судалсан, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 7 сиди бичлэгийн 5 нь яллагдагч нарын утсанд үзлэг хийсэн бичлэгүүд байгаа. Хэрэгт ач холбогдолтой буюу зодооны үйл баримтыг нотолсон хоёр сиди бичлэгийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шинжлэн судалж, дүгнэлтээ хийсэн. Мөнхманлай уг үйлдэлд оролцоогүй, 3-4 метрийн цаана Энхбаатартай зодолдож байсан гэж мэдүүлдэг бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар дурдсан боловч камерын бичлэг дээр талийгаачтай ойр орчимд нь байсан гэдэг нь маш тодорхой харагддаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М-, М.М-, Э.Б-нар нь согтуурхан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 1 цагийн үед “Sea” шөнийн цэнгээний газрын үүдэнд А.Батчулууныг хүч хэрэглэн зодож олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
улмаар шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нар нь “Беат” караокены үүдэнд А.Бы араас татаж унаган толгой руу нь цохиж, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр бүлэглэн зодож эрүүл мэндэд нь “их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт” бүхий амь насыг аврах боломжгүй гэмтэл учруулж алсан,
Шүүгдэгч М.М- нь хохирогч Л.Эрдэнэбудын толгой руу цохиж “зулайн няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хянан хэлэлцсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
шүүгдэгч М.М-од Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 болон 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
шүүгдэгч Э.Батзаяад Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хор уршгийг харгалзан ялгамжтайгаар оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан гэх үндэслэлээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас амь нас нь хохирсон А.Бы хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаас нас барагч болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээд /хамтран амьдрагч/-д оногдох хэсгийг тус тус хасч, үлдэх хэсгээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч түүний бага насны хүүхдэд 18 нас хүртэл сар бүр 10.321 төгрөг олгохоор тооцон, нийт 2.157.089 төгрөгийг шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нараас хувь тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэгийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон буюу анхан шатны шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бэхжүүлсэн гудамжны хяналтын камерын бичлэг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдэгдэхийг харсан гэрчийн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар шүүгдэгч Н.И-, Э.С-, Г.М- нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүйгээр нотлогдсон гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.И-, Э.С-, Г.М- нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан “хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлээс цалингийн зээлийн үлдэгдэл 15.613.970 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... хэрэгсэхгүй болгож” гэснийг “... хэлэлцэхгүй орхиж” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Э.С-, Г.М-, шүүгдэгч Н.И-ий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр, шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, хохирогчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЦОГТ
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР