Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0411

 


“М у э и с” БСБ-ын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээд “Х у с” БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0341 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М у э и с” БСБ-ын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0341 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.5, Барилгын тухай хууль /2008 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг тус тус баримтлан “Эрчим хүчний газрын техникийн нөхцөл олгох комиссоос 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон №41/2012 дугаар техникийн нөхцөлийн “П” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссоос 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сунган олгосон №17/2014 дугаар техникийн нөхцөлийн “П” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “М у э и с” БСБ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М у э и с” БСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н давж заалдах гомдолдоо: “... “Х у и с” БСБ-ын хичээлийн байр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах А, Б гэсэн хоёр блокоос бүтдэг ба Б блокийн байр нь “М у э и с” БСБ-ын өмчлөлийн барилга бөгөөд уг барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2012 онд 41/12 дугаартай гэрээг “П” ХХК-тай байгуулсан ба “П” ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчээр харин “М у э и с” БСБ нь захиалагчаар гэрээний талууд тохиролцсон. Уг гэрээний дагуу 2012 онд олгогдсон 41/2012, 2014 онд олгогдсон 17/2014 дугаартай техникийн нөхцөлийн дагуу “Х у и с” БСБ-ын Б блокийн барилгын ажлыг гүйцэтгэсэн болохыг шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд зөвшөөрч талууд үүн дээр маргаагүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын тухай хууль болон маргаан бүхий акт гарахад үйлчилж байсан 2018 оны Барилгын тухай хуульд ч захиалагчийн эрх, үүрэгт “Барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг, төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг авч, техникийн нөхцөлийг бүрдүүлэх” гэж хууль тогтоогчоос техникийн нөхцөл нь барилгын захиалагчийн нэр дээр гарахаар хуульчилсан бөгөөд хариуцагч эрчим хүчний яам нь хүсэлт гаргасан этгээдэд л техникийн нөхцөл олгодог гэж хуулийг буруу хэрэглэж, хууль зөрчиж барилгын гүйцэтгэгч “П” ХХК-ийн нэр дээр техникийн нөхцөлийг олгосон байгааг шүүх анхаараагүй буюу маргааны зүйлийг зөв тодорхойлж, дүгнэлт өгч чадаагүй.

Техникийн нөхцөлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан шиг хэн дуртай этгээдэд нь олгодог баримт огт биш бөгөөд зөвхөн захиалагч байгууллага өөрийн нэр болон тухайн зөвшөөрөгдсөн барилга, байгууламжийн хэмжээнд хэрэгжүүлэх ёстой ажлын нэг юм. Гэтэл маргаан бүхий хоёр техникийн нөхцөлд хариуцагч хамааралгүй “П” ХХК-ийн нэрийг оруулсан буруугаас гадна шүүх техникийн нөхцөл нь аль аль барилга байгууламжийг дулаанаар хангахаар төлөвлөсөн болохыг тогтоолгүйгээр дээрх дүгнэлтийг хийж, маргааныг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий актын цаг хугацаанд холбоотой хуулийг тухайлбал, Барилгын тухай хуулийг хэрэглэхдээ илт алдаа гаргажээ. Тодруулбал, 2008 оны Барилгын тухай хуулийг бус 1998, 2016 оны хуулийг иш татсан хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 341 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрчим хүчний газрын техникийн нөхцөл олгох комисс 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “П” ХХК-д “Хүмүүнлэгийн ухааны их сургууль” БСБ-ын өргөтгөлийн барилгыг барихтай холбогдуулан 41/2012 дугаартай[1] техникийн нөхцөлийг олгохоор шийдвэрлэж, улмаар хариуцагч 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дээрх техникийн нөхцөлийн хугацааг сунгаж, 17/2014 дугаартай[2] техникийн нөхцөлийг гуравдагч этгээд “П” ХХК-д олгосон байна.

Нэхэмжлэгчээс дээрх 41/2012, 17/2014 дугаартай техникийн нөхцөлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...техникийн нөхцөлийг барилгын захиалагчийн нэр дээр гаргахаар хуульчилсан байхад барилгын ажил гүйцэтгэгч “П” ХХК-ийн нэр дээр техникийн нөхцөлүүдийг олгосон” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн гуравдагч этгээд “П” ХХК-д олгосон 2012 оны 41/2012, 2014 оны 17/2014 дугаартай техникийн нөхцөлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, “М у э и с” БСБ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 7 үндэслэл байгаа тохиолдолд захиргааны акт илт хууль бус болж, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульчилсан бөгөөд уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтнаас ямар нэгэн шийдвэр болон үйл ажиллагааг явуулах шалтгаан, үндэслэл байгаагүй байхад иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт гаргасан нөхцөлийг ойлгоно.

Хариуцагч Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 6.1.1-д “эрчим хүчний тухай хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;”, 6.1.5-д “нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх дүрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох”, Эрчим хүчний сайдын 2013 оны 03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам”-ын 2.1-д “Техникийн нөхцөлийг ... Эрчим хүчний яам /техникийн нөхцөл олгогч/-ны техникийн нөхцөл олгох комисс /ажлын хэсэг/-ын хурлаар, ... тус тус шийдвэрлэж олгоно” гэж тус тус зааснаар техникийн нөхцөл олгох эрхтэй бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргаагүй.

Барилгын тухай хууль /2008 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “барилгын техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийг дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоожуулалт, радио, дохиоллын эх үүсвэрт холбох тухай эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг” ойлгохоор хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх Барилгын тухай 1998, 2008, 2016 онуудын хуульд заасан “техникийн нөхцөл” гэдэг тодорхойлолтыг үндэслэх хэсэгт тусгаж, агуулгыг “...техникийн нөхцөл нь барилга байгууламж, тоног төхөөрөмжийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь хэн болохыг тогтоохтой шууд холбоотой ойлголт биш” гэж тайлбарлан дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо “...2008 оны барилгын тухай хуулийг бус 1998, 2016 оны Барилгын тухай хуулийг иш татсан нь хэрэглээний ноцтой алдаа гаргасан” гэж дурдсаныг хүлээн авахааргүй байна.

“М у э и с” БСБ-аас “техникийн нөхцөлийг манайд олгох ёстой атал гуравдагч этгээд “П” ХХК-д олгосон нь хууль бус” хэмээн тайлбарлан маргаж, уг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд маргаж буй 2 техникийн нөхцөлийг олгох үед нэхэмжлэгчээс тухайн техникийн нөхцөлийг өөрт олгох талаарх хүсэлтийг хариуцагчид гаргаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан уг гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээрхээс дүгнэж үзвэл хариуцагч өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтийг техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцүүлж, 41/2012, 17/2014 дугаартай техникийн нөхцөлийг “П” ХХК-д олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэдэгт хамаарахааргүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн уг эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд захиргааны хэргийн шүүх нь тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн тохиолдолд уг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж шийдвэрлэх учиртай.

Гуравдагч этгээдэд дээрх тусгай зөвшөөрлийг олгох үед нэхэмжлэгч нь бие даасан хуулийн этгээд байгаагүй бөгөөд хариуцагчийн 2012, 2014 оны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь анх Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/228[3] дугаар тушаалаар тус сургуулийн харьяа сургууль болж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/240[4] дүгээр тушаалаар бие даасан “Э с” судалгааны их сургууль болсон байх тул хариуцагчийг гуравдагч этгээд “Х у и с” БСБ-ын бүрэлдэхүүн, харьяалалд байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий 2 техникийн нөхцөл нь аль аль барилга байгууламжийг дулаанаар хангахаар төлөвлөсөн болохыг тогтоолгүй...” гэж давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд уг үндэслэл нь захиргааны акт илт хууль бус шинжийг агуулсан эсэхийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй тул тухайн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0341 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                                 Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-139 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-85 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-15 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-14 хуудас