Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1261

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/03219 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-т холбогдох,

 

Орон сууцны ашиглалтын төлбөр болон түүний алдангид 1 675 002 төгрөг гаргуулах,

Хариуцагч ХХХ-аас нэхэмжлэгчид холбогдуулан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Оршин суугчидтай хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүй төлүүлсэн 360 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХ нь 2013 оны 11 дүгээр сараас хойш байрны мөнгөө төлөөгүй, бөгөөд удаа дараа төлөхийг шаардсан боловч төлөхгүй байсаар өдийг хүрсэн. Энэг хугацааны байрны мөнгө 1 186 285 төгрөг, алданги 488 717 төгрөг, нийт 1 675 002 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие тус байранд 2012 оны 12 дугаар сард ороход барилга ашиглалтын түр контор буюу ХХХХ ХХК нь байрны түлхүүр хүлээлцэхдээ айл өрхтэй хууль бус, гэрээний шаардлага хангахгүй, тамга тэмдэггүй гэрээнд хүчээр гарын үсэг зуруулж түлхүүр хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй гэхэд дахин шинэчилж албан ёсоор хийнэ гээд шинэчилж хийгээгүй. Айл өрхөөс ус, дулаан, халаалтын мөнгийг тогтсон тарифын дагуу авдаггүй cap бүр харилцан адилгүй өөр өөр гардаг, засвар үйлчилгээний доголдлыг засаж өгөөгүй, санал гомдлыг хүлээн аваагүй, тоолуурын заалтыг авахгүйгээр бичилт хийж төлбөр гаргадаг,удаа дараа шаардлага тавихад бүдүүлгээр харааж, доромжлох, заналхийлж, дайрч давшилдаг бөгөөд дээрхи байдлаас үүдэн маргаан гарч оршин суугчид төрийн зохих байгууллагад хандсан.

Оршин суугчдын бүх гишүүдийн хурал удаа дараа хийж хуулийн дагуу “ХХ” СӨХ-г 2013 оны 10 дугаар сарын 13-нд байгуулагдаж албан ёсны эрхээ авсан ч тус контор дундын өмчлөлийн эд хөрөнгийг хүлээлцэхгүй байгаагаас дансаа нээж үйл ажиллагаа явуулж эхлээгүй байхад 66С байрны 180 өрхөөс СӨХ-ны мөнгө нэхэмжилж авсаар байгаа нь хууль бус үйлдэл юм. Ашиглалтын өмнөх түр контор /ХХХХ/ үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан ч хууль бус үйл ажиллагаагаа явуулж байсан тул зөьшөөрлийг нь хүчингүй болгосон учир тус компани айл өрхөөс ямар нэгэн төлбөр тооцоо нэхэмжлэх эрхгүй.

66С байранд үйл ажиллагаа явуулж буй “ХХ” ХХК нь 2015 оны 1 дүгээр улиралд албан ёсны эрхээ авсан гэдэг ч “ХХ” СӨХ болон тус байрны айл өрхтэй гэрээ хийхгүйгээр “ХХХХ” ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж оршин суугчид болон төрийн зохих байгууллагаас шаардлага хүргүүлсэн хууль бус үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

“ХХХ”, “ХХХХ”, “ХХ” ХХК нь “ХХ” СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ хууль бус талаарх маргаан  Захиргааны шүүхэд эцэслэн шийдэгдээгүй байгаа. Миний бие нь байрны мөнгөнөөс гадна хууль бус /СӨХ-д хамаарал бүхий 40 000 төгрөг/ мөнгө төлж байсан ч буцаан авч чадаагүй өнөөдрийг хүрсэн нь байрны мөнгө гэж нэхэмжлээд байгаа дээрх хууль бус мөнгийг төлөхгүй байх шалтгаан болсон. ХХХ, ХХХХ, ХХ ХХК төлбөр тооцоо нэхэмжлэх эрхгүй этгээд учир нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2012 онд ХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ тоот байрыг “ХХХ” ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан худалдан авсан, нягтлан гэх ХХХХХ нь гэрээнд гарын үсэг зур, зурахгүй бол түлхүүрийг өгөхгүй хэмээн шаардаж, ямар ч тамга тэмдэггүй цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед СӨХ байгуулагдаагүй, хууль бусаар байрны төлбөрийг хурааж байсан бөгөөд суурь үнэ, ямар ч зориулалт заагаагүй төлбөр гэх мэтээр хэрэглэгчдээс cap бүр 36 000 төгрөг авч байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хамтран ажиллах гэрээ нь Иргэний хууль болон холбогдох бусад хууль, Орон сууц захиалгаар бариулах гэрээгээ зөрчсөн, оршин суугчдыг төөрөгдүүлэн хийсэн хууль бус үйлдэл. Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, “ХХ” ХХК-иас хууль бусаар төлүүлсэн 360 000 төгрөгийг гаргуулана гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Оршин суугчдыг төөрөгдүүлээгүй. Ашиглалтын дараах контор үйл ажиллагаа явуулж байсан тул оршин суугчдаас СӨХ-г байгуулах боломжгүй. Хамтран ажиллах гэрээ байгуулсан ХХХХХ СӨХ-г хариуцсан ажилтан байсан, тус компанийг төлөөлөх эрхтэй байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ-аас 1 186 285 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, тус компаниас 360 000 төгрөг гаргуулж хариуцагч ХХХ-т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 488 717 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 856 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 11 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, “ХХ” ХХК-аас 11 450 төгрөгийг гаргуулж, ХХХ-т олгож, ХХХ-аас 33 020 төгрөгийг гаргуулж, “ХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Манай компани эрх хэмжээнийхээ дагуу ХХХ-аас байрны мөнгө, алдангид 1 675 002 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй хуульд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн мөнгөн төлбөрийн үүрэгт алданги шаардах эрх хуульд зааснаар үүссээр байтал үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

2012 оны 12-р сарын 10-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн гэдэг үндэслэлгүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт мөн заалтаар сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй.

“ХХ” ХХК гэрээний дагуу орон суугчаас байрны мөнгөө авч байсан. Гэтэл үүнийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь заалтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

ХХ нь “ХХХХХ”-ы 66С байрны 103 тоот 2 өрөө байрыг худалдан авч, нүүж ирэхэд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “ОХЭ” ХХК /ХХ ХХК болон нэрээ өөрчилсөн/-ийн ажилтан, СӨХ-ны дарга гэх С.ХХХХХ “Оршин суугчидтай хамтран ажиллах гэрээ” гэх цаасан дээр гарын үсэг зур, зурахгүй бол түлхүүрийг өгөхгүй хэмээн дарамт, шахалт үзүүлж гарын үсэг зуруулж авсан. Тухайн үед СӨХ-тэй гэрээ байгуулж байна гэж ойлгосон.

Нөгөө талаар байранд орохын тулд гарын үсэг зурахаас аргагүй байдалд хүргэсэн. Гэтэл СӨХ байгуулагдаагүй, конторын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй атлаа суугчдаас байрны болон СӨХ-ийн төлбөр хууль бусаар авч байсныг хожим мэдээд холбогдох байгууллагуудад хандсан. Тухайн байгууллагууд ч тус компанийг хууль бусаар мөнгө хурааж оршин суугчдыг хохироож байгаа талаар удаа дараа шаарлага хүргүүлсэн ч үр дүнд хүрээгүй.

Хариуцагч хэрэглэсэн дулаан болон халуун, хүйтэн, бохир усны зардлаа төлөх талаар “ХХ” ХХК-д удаа дараа хандсан боловч үндэслэлгүй их хэмжээний төлбөр шаардаж, хэл амаар доромжилж, эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтыг үндэслэн байрны мөнгөтэй холбоотой шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн тусгай зөвшөөрөлгүй, оршин суугчидтай гэрээ байгуулаагүй компанид дээрх зардлыг төлүүлэхээр, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийн хувьд хэлцэл хийгч хоёр тал хоёулаа төөрөгдсөн байх ерөнхий шинж байхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

“ХХХ” ХХК нь ХХХХ-ийн нэр дээрх ганц үүсгэн байгуулагчтай хуулийн этгээд бөгөөд 2015 оны 2 дугаар сарын 09-ны өдөр иргэн ХХХ-д бэлэглэлийн гэрээгээр, мөн өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг хийсэн байдаг. Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний 3.1-д “компанийн эрх хүлээн авсан өдрөөс өмнөх захиран зарцуулах, удирдах, төлөөлөх зэрэг эрхийг компанийн дүрмээр болон удирдах зөвлөлийн шийдвэрт заасны дагуу зохицуулагдана” гэж заасан. “ХХХ” ХХК-ийн эрх, үүрэг, түүний өр, төлбөр, авлагыг хэрхэх талаар уг гэрээнд огт тусгаагүй учир өр авлагыг нэхэмжлэх эрхгүй юм.

Хувьцаа эзэмшигч ХХХ нь уг компанийг шилжүүлж аваагүй байхдаа буюу 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэр гаргасан нь компанийг төлөөлөх, нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй болно. Мөн 3 жилийн хугацаатай Нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл нь 2014 оны 7 дугаар сард хугацаа дууссан атал 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 8 сарын хугацаанд зөвшөөрөл нь дуусчихсан компанийн нэрээр байрны мөнгө авч, ХХХ-аас мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн 2014 оны 6 дугаар сард шүүх уг нэхэмжлэлийг буцаасан захирамжид хуулийн хугацаанд гомдол гаргаагүй учир дахин нэмэмжлэл гаргах эрхгүй байхад нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч ХХХ-т холбогдуулан орон сууцны ашиглалтын төлбөр, түүний алданги зэрэгт 1 675 002 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Оршин суугчтай хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүйгээр төлүүлсэн 360 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг шаардлага гарган маргажээ.

 

Зохигчдын харилцан маргаж буй шаардлага, тэдгээрийн үндэслэл болсон 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Оршин суугчидтай хамтран ажиллах гэрээ”-г шүүх хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй тул үнэлэхгүй гэж дурдсан. Улмаар уг гэрээ байгуулагдсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдох бөгөөд зохигч талууд гэрээ байгуулсан талаар маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байх субъектив талын шинж хэрхэн тодорхойлогдож байгааг хариуцагч нотлоогүй гэх үндэслэл зааж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

/хх-ийн 7 дугаар тал/

 

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзнэ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байхад шүүхээс түүнийг хариуцагч талд гардуулах, түүнд тайлбар гаргах хугацаа тогтоох зэрэг ажиллагаа хийгээгүй нь талууд шүүхийн өмнө тэгш байх болон мэтгэлцэх эрхийг шүүх бүрэн хангасан гэж үзэхээргүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулан хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/03219 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 41750 төгрөг, хариуцагчаас төлсөн 33090 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                Т.ТУЯА