Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 12

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                                Б.Батзориг

Шүүгчид                                         Я.Туул

                                                                                      Д.Буянжаргал

Оролцогчид:

                                 Прокурор                                          Д.Нямдэлэг

                                  Ялтны өмгөөлөгч                            Г.Амартүвшин

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатар

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж, шүүгч Б.Нацагдорж, ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шарайд овогт Одончийн Отгонтөгст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000174 дугаартай, 148/2016/00107/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, байгаль хамгаалагч, экологич мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Булгийн 1 дүгээр хэсэг, 25 тоотод оршин суух хаягтай, урьд авсан ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Шарайд овогт Одончийн Отгонтөгс /РД:МА-83070711/

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч О.Отгонтөгс нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 37-10 СЭҮ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Т.Дорж, Д.Одонтунгалаг нарыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх О.Отгонтөгст холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 123 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Шарайд овогт Одончийн Отгонтөгсийг мөн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.4-д заасан “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсний улмаас 2 хүний амь насыг хохироох...” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар шүүгдэгч Шарайд овогт Одончийн Отгонтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 04 /дөрөв/ жилийн хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч О.Отгонтөгсөд оногдуулсан 04 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Отгогтөгсийн энэ гэмт хэргийн улмаас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

-Иргэний Хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч Б.Баатар, Д.Дангаасүрэн нарын нэхэмжилсэн 10.375.554 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.668.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн сэтгэл санааны хохирлын хамт хэрэгсэхгүй болгож, оршуулгын бодит зардалд 7.780.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

-Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн О.Отгонтөгсийн  420478 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 37-10 улсын дугаартай шүүгдэгч О.Отгонтөгсийн өмчлөлийн саарал өнгийн Тоёота Приус-10 маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...нэг гэр бүлийн хоёр хүн нас барж бага насны хүүхэд нь өнчин үлдсэн. Оршуулганы зардлаас дутуу гаргасан. Бидний зүгээс баримтжаагүй зөндөө зардал гарсан, түүнийгээ оруулж тооцоогүй байсан. Сэтгэл санааны хувьд бид маш их хохиролтой байгаа. Өнчин үлдсэн хүүхдэд нь түүнээс тэтгэлэг гаргуулмаар байна. Эцэг эх нь тодорхой байнгын ажил эрхэлдэггүй ч гэсэн улирлын чанартай, туслах чанарын ажил эрхэлж, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлдэг байсан. Бидний сэтгэлийн хохирлыг тооцдоггүй юм бол хүүхдийг нь насанд хүртэл О.Отгонтөгсөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроор үржүүлж сар бүр гаргуулмаар байна. Энэ гэр бүлийн хохирлыг 7 сая төгрөгөөр тооцоод болно гэж байгаад гомдолтой байна. Оршуулгын зардал бүрэн гаргаж, хүүхдэд нь тэтгэлэг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...О.Отгонтөгс бидэнд тусалж дэмжинэ, хүүхдүүдийг нь харж харна гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл туслаагүй, цаг хугацаа их авсан. Хоёр хүний Оршуулгын зардал 7 сая төгрөг болохгүй. Тэнд 3 хүүхэд өнчин үлдлээ. Би энэ хүнээс цаашид ч гэсэн ямар нэг хэмжээгээр тусламж дэмжлэг хүснэ. Би гомдолтой байна. Анх авгай нь гуйж байгаад надаар гомдолгүй гэж хэлүүлсэн тэгээд одоог хүртэл ямар ч хэл чимээгүй байна. Би гомдолтой байна...” гэв.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн мөнгөнөөс 2.668.000 /хоёр сая зургаан зуун жаран найман мянга/ төгрөгийн асуудлыг нь хэрэгсэхгүй болгосон. Хүүхдүүдийн тэтгэмжийн тал дээр баримтаа бүрдүүлээд нэхэх эрх нь хохирогчид байгаа. Харин байшин барилгын хувьд О.Отгонтөгс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй уулзаад тохиролцож болно гэсэн.

О.Отгонтөгст ял шийтгэл оногдуулахдаа биеийн болон хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан ба 1-5 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, тухайн үед бас өөрөө хагалгаанд орсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид цаашид мөнгө өгөхгүй, оршуулганы 7 сая төгрөг өгөөд болоо гэж огт хэлээгүй...” гэв.

Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ял шийтгэл дээр санал байхгүй...” гэв

Тодорхойлох нь:

   О.Отгонтөгс нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3710 СЭҮ улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж улмаар Т.Дорж, Д.Одонтунгалаг нарын амь насыг нь хохироосон гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

    Анхан шатны шүүх О.Отгонтөгст холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар  Шарайд овогт Одончийн Отгонтөгсийг мөн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.4-д заасан “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсний улмаас 2 хүний амь насыг хохироох...” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар шүүгдэгч Шарайд овогт Одончийн Отгонтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 04 /дөрөв/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10- д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч О.Отгонтөгсөд оногдуулсан 04 жилийн хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний Хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч Б.Баатар, Д.Дангаасүрэн нарын нэхэмжилсэн 10.375.554 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.668.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн сэтгэл санааны хохирлын хамт хэрэгсэхгүй болгож, оршуулгын бодит зардалд 7.780.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хохирогч Б.Баатарын гаргасан давж заалдах гомдлын дагуу О.Отгонтөгсөд холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд …Эрүүгийн хуулийн тусгай ангид  заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал,үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна… гэж заажээ.

Гэтэл О.Отгонтөгс нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгаагүй болох нь хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байхад анхан шатны шүүх …Шүүгдэгч О.Отгонтөгсийн зүгээс оршуулгын зардал 7.780.000 бэлнээр болон биет эд зүйлээр төлж барагдуулсныг хавтаст хэрэгт ирүүлсэн нотлох баримтад тулгуурлан учирсан гэм хорын бодит хохирол нөхөн төлөгдсөн гэж тооцсон болно… гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулан хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2,317 дугаар зүйлийн 317.1.4, 322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон “ТОГТООХ” нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаартай шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдааны шатнаас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол О.Отгонтөгсөд урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                                  Я.ТУУЛ

                                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ