Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00362

 

үн 

 

 

 

 

             

     2024         02           23                                         210/МА2024/00362

 

Ж.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/04075 дугаар шийдвэртэй,

 

Ж.Сийн нэхэмжлэлтэй

М.Ө, Х.И нарт холбогдох,

 

35,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч М.Өы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Х.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. М.Ө, Х.И нар чихрийн үйлдвэр байгуулахаар надад санал тавьж, үйлдвэрийн талаар урьдчилан судалж, зардал, үр ашгийг тооцоолон, ашигтай гэж хэлж ятгасны дагуу Ж.С хамтрахаар зөвшөөрсөн. Үйлдвэр байгуулахад (БНХАУ-аас тоног төхөөрөмж худалдан авах, тээвэрлэх, үйлдвэрийн байр тохижуулах, түүхий эд авах гэх мэт) нийт 50,000,000 орчим төгрөгийн зардал гарахаар тооцсон бөгөөд энэ мөнгийг хувааж гаргах болоход М.Ө, Х.И нарт мөнгө байгаагүй.

Иймд Ж.С нь дээрх мөнгийг урьдчилан өөрөө гаргаж, харин М.Ө, Х.И нартай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус бүр 12,500,000 төгрөгийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан.

АМЧ ХХК -ийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулж, Ж.С 34%, М.Ө, Х.И нар тус бүр 33% хувьцаа эзэмшсэн. Ж.С, М.Ө, Х.И нар нь хамтдаа 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хот руу явж чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авсан.

Улаанбаатар хотод БП ХХК -ийн үйлдвэрийн байрыг сарын 1,500,000 төгрөгийн төлбөртэйгөөр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай түрээсэлж, чихэр үйлдвэрлэж эхэлсэн.

1.2. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхлүүлэхэд гарсан зардлыг Ж.С төлсөн. Үүнд: зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд 58,000 төгрөг, АМЧ ХХК -ийн тамга хийлгэхэд 180,000 төгрөг, БНХАУ руу 3 хүний аяллын зардал 767,713 төгрөг, зочид буудлын төлбөр 172,451 төгрөг, тоног төхөөрөмжийн урьдчилгаа 12,290,000 төгрөг, Гуанжоу-Эрээн замын зардал 2,390,000 төгрөг, Эрээн-Улаанбаатар 769,374 төгрөг, тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 18,336,000 төгрөг, гаалийн татвар 3,615,500 төгрөг, үйлдвэрийн байрны түрээс, барьцаа 3,000,000 төгрөг, засвар, түүхий эд, цахилгааны зардал 7,256,000 төгрөг, нийт 48,835,038 төгрөг болсон. 

 1.3. Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж  Ж.С нь М.Өаас зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг, Х.Иаас 21,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Баянгол болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02033 дугаар шийдвэр, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01483 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1544 магадлалд “... компанид оруулах хөрөнгө оруулалтын тохиролцоо болон хамтран ажиллах гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно" гэж заасан.

Тохиролцон оруулах ёстой хөрөнгөө оруулаагүй, Ж.С тэдний өмнөөс төлж компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул М.Ө, Х.И нараас тус тус 12,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.4. Ж.С нь Баян-Өлгий аймагт байнга оршин суудаг тул АМЧ ХХК -ийн үйл ажиллагаанд тогтмол оролцох боломжгүй, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Х.И удирдан зохион байгуулж, М.Ө нь үйлдвэрийн даргын үүргийг хэрэгжүүлж байсан. Түрээсийн төлбөрийг төлөөгүйн улмаас тоног төхөөрөмжийг БП ХХК барьцаанд авч, үйлдвэрийн байрыг битүүмжилсэн. Тухайн эд хөрөнгийг хэрхэн хуваарилах нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуульд заасны дагуу жич шийдвэрлэгдэх боломжтой. Харин БП ХХК нь чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээний барьцаанд авсан байгаа ба түрээсийн төлбөрийн үлдэгдэл, олох байсан ашиг, алданги нийт 16,500,000 төгрөг төлсөн тохиолдолд тоног төхөөрөмжийг буцаан өгнө гэж мэдэгдсэн.

Өмнө дурдсанчлан М.Ө, Х.И нар компанийн үйл ажиллагааг өдөр тутам удирдан хэрэгжүүлж байсан, БП ХХК -тай хариуцагч нар түрээсийн гэрээ байгуулсан, үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулж чадаагүйн улмаас энэхүү төлбөр үүссэн. Гэвч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасаар тус тус 33 хувь хувьцаа эзэмшигч М.Ө, Х.И нараас эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээний дагуу тус бүр 5,445,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд М.Ө, Х.И нараас АМЧ ХХК -ийн үйл ажиллагааны зардалд оруулах ёстой хөрөнгө 12,500,000 төгрөг, компанийн хүлээх хариуцлагын ногдох хувь 5,445,000 төгрөг нийт 17,945,000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 35,890,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ст олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х.Иын шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/01483 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1582 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШХТ2021/00947 тогтоолд Х.Иаас 21,000,000 төгрөг гаргуулах тухай Ж.Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Би 2017 онд “Таванбогд” ХХК-д бүсийн менежерээр ажиллаж байхдаа Ж.С гэдэг хүнийг ажил хэргийн шугамаар таньдаг болсон. М.Ө гэдэг найз маань “чихрийн үйлдвэр байгуулж, чихрийн бизнес хийвэл их ашигтай ажиллах юм байна, чи хөрөнгө оруулагч олооч” гэж ярилцсаны дагуу би Ж.Ст чихрийн үйлдвэр байгуулах санал тавихад намайг “Таванбогд” ХХК-иас гарч хамтарч ажиллах юм бол зөвшөөрнө” гэсэн.

2.2. М.Ө, Ж.С бид 3 уулзаж ярилцаад ажил хэрэг болгохоор төлөвлөж АМЧ ХХК -ийг 2018 оны 09 сард байгуулж, Ж.С 34 хувь, М.Ө бид хоёр 33 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

120 мкв талбайг үйлдвэрийн зориулалтаар түрээслэхээр болж, түрээсийн байрны засвар, тоног төхөөрөмжөө суурилуулах гэсээр байгаад он гаргаад 2019 оны 1 сард үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн. АМЧ ХХК -ийн солонгон өнгөтэй иштэй чихэр нь 1 хайрцагт 12 ширхэг чихэр 17,500 төгрөгөөр жижиг дэлгүүрүүдээр зардаг байсан. Эхний үед үйлдвэрийн түүхий эд, байрны түрээс гээд ашиг муутай ажиллаж байсан. Сүлжээ том дэлгүүрүүдэд чихрээ борлуулахаар ярьж тохироод байх тэр үед Ж.С нутаг явахаар болж, явахдаа АМЧ ХХК -ийн тамга, гэрчилгээг аваад явсан. Өөрийг нь эзгүйд хүү С.Аптыбек нь ирж тамга дарж, гарын үсэг зурна гэж хэлсэн боловч Сүлжээ дэлгүүрүүдтэй борлуулалтын гэрээ хийх үед хүү С.Алтыбек нь ирж өгөхгүй байсаар байгаад гэрээгээ ч хийж чадаагүй.

2.3. Чихэр үйлдвэрлэж эхэлснээс 5 сарын дараа түүхий эдийн мөнгөгүй болж, сүүлийн 2 сарын үйлдвэрийн байрны түрээсээ төлж чадаагүй тул үйлдвэрийг хаасан. 2019 оны 9 сард М.Ө, Ж.С хоёр үйлдвэрээ үргэлжлүүлээд ажиллуулна гээд намайг өөрсдийн багаас хасаж, хөөж явуулсан тул би ажилгүй болсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 713868 дугаартай албан бичигт “Амин монгол чихэр" ХХК-ийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй гэсэн бөгөөд тоног төхөөрөмжийг худалдаж авсны дараа эргэлтийн хөрөнгөд бүртгүүлээгүй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4.2-т заасныг зөрчсөн бөгөөд Ж.Сийн худалдан авсан тоног төхөөрөмж нь АМЧ ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн үүрэг, хариуцлагад хамааралгүй. Нэхэмжлэгч Ж.С нь компанийн хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө оруулалтад зориулж зээлсэн мөнгө буюу эд хөрөнгө нь аль ч байдлаараа хувьцаа эзэмшигч нар бодитоор олгогдоогүй, түүнийг миний бие эзэмшиж ашиглах боломж олдоогүй учраас үйл ажиллагааг зохих ёсоор явуулж чадаагүйн үүрэг хариуцлагыг хүлээх үндэслэлгүй.

2.4. АМЧ ХХК -ийн дүрмийн 3.13-т Ж.С компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. Мөн дүрмийн 4.4-т Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84, 85-р зүйлд заасан хариуцлагыг хүлээнэ, Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д “Өөрийн буруугаас компанид хохирол учруулсан бол эрх бүхий албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр энэ хуулийн 85 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түрээсийн алданги өөрөө төлж барагдуулах үүрэгтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч М.Өы гаргасан тайлбарын агуулга:

3.1. БП ХХК болон АМЧ ХХК -ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний төлбөр 16,500,000 төгрөгийг 3 хувааж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь түрээсийн гэрээ нь хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээ тул БП ХХК -ийг төлөөлөх эрхгүй этгээд түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

3.2. 12,500,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс нэхэж байгаа. Үндэслэл нь 48,800,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Түүний 50 хувийг өөрөө хариуцна гэж байна. Бидний хамтран ажиллах гэрээгээр бидэнд хэдэн төгрөгийн хохирол, алдагдал хүлээж байгаа нь тодорхой бус. Учир нь 48,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсны 34,241,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж БП ХХК -ийн агуулахад байгаа. Хамтран ажиллах гэрээний хугацаанд бид хэдэн төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа нь тодорхойгүй.

Тоног төхөөрөмж нь бүгд компанийн агуулахад байхад биднээс 12,500,000 төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Хамтран ажиллах гэрээний тохиролцоогоор М.Ө, Х.И нараас тус тус 12,500,000 төгрөг гээд тэнцүүлээд харах юм бол Серик 50 хувь хариуцлага хүлээнэ гээд хамтран ажиллах гэрээг анхнаасаа хийсэн.

3.3. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүдийн төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан. Хүлээх хариуцлага нь юу вэ гээд харахаар 48,000,000 төгрөгөөс тоног төхөөрөмж 34,241,000 төгрөг байгаа. Үүн дээр бид хариуцлага хүлээх үндэслэлгүй. Харин байрны засвар, хятад явсан хоол унаа, тээврийн зардал гэх мэт зардалд хариуцлага хүлээх боломжтой. Гэхдээ хамтран ажиллах гэрээгээр Ж.С 50 хувь, М.Ө, Х.И нар тус бүр 25 хувийн хариуцлага хүлээнэ.

 Тиймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь буюу 48,000,000 төгрөгийн алдагдал хүлээснээр 12,500,000 төгрөг төлөх нь үндэслэлгүй. Компанийн тоног төхөөрөмж гарч ирсний дараа дүрмийн дагуу 3 хуваана гэж байх шиг байна. Гэтэл өнөөдрийн байдлаар компанид хуваах хөрөнгө байхгүй бөгөөд дараа аваад хуваана гэдэг ойлголт утгагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасныг баримтлан хариуцагч М.Өаас 17,945,000 төгрөг, хариуцагч Х.Иаас 17,945,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Ж.Ст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжпэгч Ж.Сээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,400 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Өаас 168,700 төгрөг, хариуцагч Х.Иаас 168,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Ж.Ст олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Х.Иын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

5.2. Ж.С, Х.И, М.Ө нар нь хамтран ажиллахаар тохиролцож, Ж.С нийт санхүүжилт болох 48,835,038 төгрөгийг гаргаж, Х.И, М.Ө нар нь тухайн үед санхүүгийн боломжгүй байсан тул эргэн төлөхөөр 12,500,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулан баталгаажуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 34,241,500 төгрөгийн өртөг бүхий чихрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж “Бишрэлт пропертиз" ХХК-ийн байранд барьцаанд байгаа.

АМЧ ХХК -ийн тоног төхөөрөмжийг худалдаж авсны дараа хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлж оруулсан эрэлтийн хөрөнгөд бүртгүүлээгүй байсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 7/3868 дугаартай албан бичигт “Амин монгол чихэр" ХХК-ийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа Аж ахуйн нэгж байгууллага, Гадаадын аж ахуйн нэгж байгууллагын төлөөний газар Нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана”, гэж мөн хуулийн 14.4.2-т “Бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага”-ийг Нягтлан бодох бүртгэл заавал бүртгэнэ гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд Ж.Сийн худалдан авсан тоног төхөөрөмж нь АМЧ ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн үүрэг, хариуцлагад хамааралгүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.С нь хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө оруулалтад зориулж зээлсэн мөнгө буюу эд хөрөнгө нь аль ч байдлаараа хувьцаа эзэмшигч нарт бодитоор олгогдоогүй, түүнийг ашиглах боломж олдоогүйн учраас үйл ажиллагааг зохих ёсоор явуулж чадаагүйн үүрэг хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д АМЧ ХХК -ийн эд хөрөнгө болох чихрийн тоног төхөөрөмжийг компанийн хувьцаа эзэмшигч нар цаашид хэрхэн үйл ажиллагаанд оруулах, ашиг алдагдлыг хэрхэн тооцох, хөрөнгийг хэрхэн хуваарилах асуудал нь жичдээ Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн эрхийн асуудал гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр бөгөөд энэ нь цаад утгаараа үндэслэлгүй хөрөнгөжихийг дэмжиж байна.

5.3. Ж.С, М.Ө, Х.И нар нь үйл ажиллагаагаа хамтран явуулахдаа өөрсдийн үүсгэн байгуулсан АМЧ ХХК -аараа БП ХХК -тай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн. Хамтран 4 сар ажилласны дараа үйл ажиллагаа доголдож түрээсийн төлбөрөө өгч чадахгүйд хүрэхэд БП ХХК нь түрээсийн төлбөрийн барьцаанд чихэр үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг нь барьцаанд авсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "Бишрэлт пропертиз” ХХК-ийн албан тоотод түрээсийн төлбөр, алданги гээд нийт 16,500,000 төгрөг болж байгаа талаар дурдсан байдаг. Ж.С өөрийн үүсгэж байгаа хөрөнгө оруулалт хийсэн компани нь нүдэн дээр нь сүйрч байхад эрх бүхий албан тушаалтан байж хурал зарлан хуралдуулж эрсдлээс гараагүй. АМЧ ХХК -ийн дүрмийн 3.13-т Ж.С компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. Мөн дүрмийн 4.4-т “Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээнэ” гэж, Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт “Өөрийн буруугаас компанид хохирол учруулсан бол эрх бүхий албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр энэ хуулийн 85-р зүйлд заасан хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу түрээсийн алдангийг өөрөө барагдуулах үүрэгтэй. АМЧ ХХК болон “Бишрэлт пропертиз” XXК-ийн хооронд хийсэн түрээсийн гэрээний хүлээх үүргийг компани хоорондын харилцаагаар шийдвэрлэх болохоос Ж.С нь 5,445,000 төгрөгийг Х.Иаас нэхэмжлэх эрх бүхий этгээд биш болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй шийдвэрлэсэн юм.

 

6. Хариуцагч М.Өы давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул гомдлыг гаргаж байна.

6.1. Ж.С, М.Ө, Х.И нар нь хамтран ажиллахаар тохиролцож, Ж.С санхүүжилт болох 48,835,038 төгрөгийг гаргаж, М.Ө, Х.И нар нь тухайн үед мөнгөгүй байсан тул дараа нь 12,500,000 төгрөгийг тус тус өгөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулан баталгаажуулсан.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүдийн төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан. Үүнээс үзвэл хамтран ажиллаад 48,835,038 төгрөгийн алдагдалд орвол М.Ө, Х.И нар нь тус тус 12,500,000 төгрөгийн хариуцлага хүлээхээр харагдаж байна. Гэтэл өнөөдрийн байдлаар 34,241,500 төгрөгийн өртөг бүхий чихрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж БП ХХК -ийн байранд барьцаанд байгаа.

6.2. М.Ө, Х.И нар тус тус 12,500,000 төгрөгийн хариуцлага хүлээхээр болж шүүхийн шийдвэр гарч байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Амин монгол чихэр”ХХК-ийн эд хөрөнгө болох чихрийн тоног төхөөрөмжийг компанийн хувьцаа эзэмшигч нар цаашид хэрхэн үйл ажиллагаанд оруулах, ашиг алдагдлыг хэрхэн тооцох, хөрөнгийг хэрхэн хуваарилах асуудал нь жичдээ Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн эрхийн асуудал” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7/3868 дугаартай албан тоотоор АМЧ ХХК -д бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй. Иймд компанийн хувьцаа эзэмшигчид компани дээрээ бүртгэлгүй эд хөрөнгийг хэрхэх талаар Компанийн тухай хуулиар зохицуулах боломжгүй.

Бидний хамтран ажиллах гэрээгээр бидэнд хэдэн төгрөгийн хохирол, алдагдал хүлээж байгаа нь тодорхой бус, Ж.С 48,835,038 төгрөгийн хөрөнгө оруулснаас 34,241,500 төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж нь БП ХХК -ийн агуулахад барьцаанд байхад 48,835,038 төгрөгийн хохирол, алдагдал хүлээсэн гэж үзэж, тус бүрээс 12,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Ж.С, М.Ө, Х.И нар нь үйл ажиллагаагаа хамтран явуулахдаа өөрсдийн үүсгэн байгуулсан “Амин монгол чихэр" ХХК-аараа БП ХХК -тай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Хамтран 4 сар гаран ажилласны дараа үйл ажиллагаа доголдож түрээсийн төлбөрөө өгч чадахгүйд хүрэхэд БП ХХК нь түрээсийн төлбөрийн барьцаанд чихэр үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг нь барьцаанд авсан.

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "БП" ХХК-ийн албан тоотод түрээсийн төлбөр, алданги гээд нийт 16,500,000 төгрөг болж байгаа талаар дурдсан байдаг. Түрээсийн гэрээ нь хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэтэл БП ХХК -ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Ж.С нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх 16,500,000 төгрөгийн төлбөр тооцоог компанид хувь нийлүүлснээрээ хувьчлан хуваан нэхэмжилж тэрийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-р хэсгийн 3-т “....түрээсийн гэрээгээр тохирсон төлбөрийг төлөөгүйн улмаас түрээсийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөгийн өр төлбөр үүссэн үйл баримт тогтоогджээ” гэж, мөн 4-т “...бусад хувь эзэмшигч нараас шаардсаныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна” гэж, 5-т “...компанийн өр төлбөрийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар хариуцах үүрэгтэй” гэж, 6-т “...компанийн хүлээх хариуцлагын ногдох хувь 5,445,000 төгрөгийг М.Өаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Ст олгохоор” гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

6.4. БП ХХК -ийн түрээсийн орлого болох 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн төлбөр 16,500,000 төгрөгийг төлөөлөх эрхгүй этгээдэд өгөхөөр шийдвэрлэсэн. БП ХХК нь түрээсийн төлбөрөө шүүхээр нэхэмжлээд ороод ирэхээр бид нар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 16,500,000 төгрөгийг Ж.Сэд өгсөн шүүх тэгж шийдсэн тэр Ж.Сэрикээсээ аваарай гээд шүүх дээр байж байх болж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй шийдвэрлэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/04075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Сийн М.Өд холбогдуулан гаргасан 17,945,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. 34,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж байгаа учраас Ж.С шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хариуцагч нар гомдол гаргасан. Ж.Сээс нийт 48,835,000 төгрөг гарсан ба 48,000,000 төгрөгийг компанийн хувьцаанд хувь тэнцүүлж тооцвол өөр дүн гарах боловч талууд анх 12,500,000 төгрөгийг М.Ө болон Х.И нар хариуцна гэж тохиролцсон учраас харилцан тохиролцсон зарчмын хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

БП ХХК -д байгаа тоног төхөөрөмжийг АМЧ ХХК -ийн өмчлөлийн хөрөнгө гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Анх худалдах  худалдан авах гэрээ байгуулахад АМЧ ХХК -ийг худалдан авагчаар тодорхойлж, Х.И болон М.Ө, Ж.С нар баталгаажуулж, гарын үсэг зурсан бөгөөд тухайн тоног төхөөрөмжид Ж.С дангаар давуу эрх эдлэхгүй.

Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч нар түрээсийн төлбөртэй холбоотой асуудал өөрт оногдох хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Тоног төхөөрөмжийг хэрхэн хувааж, хэрэглэгч нь хувьцаа эзэмшигч нарын асуудлыг Компанийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа.

Тоног төхөөрөмж, түрээсийн төлбөртэй холбоотой асуудлыг дараа нь хэн буруутай үйл ажиллагаанаас болсон бэ гэдэг жичдээ шийдвэрлэгдэх ёстой. М.Ө, Х.И нар Ж.Стэй хамт ажиллаж байгаад дундаас нь ажлаа орхиод явсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.   

 

2. Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч М.Ө, Х.И нарт холбогдуулан 35,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ж.С болон М.Ө, Х.И нар хуулийн этгээд байгуулахаас өмнө   хамтран ажиллахаар харилцан тохиролцож, оруулах хөрөнгийн хэмжээг хуваарилахдаа 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “зээлийн гэрээ” гэх баримтад тусгаснаар М.Ө 12,500,000 төгрөг, Х.И 12,500,000 төгрөг гэж тодорхойлсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Улмаар тэд  ашиг олох зорилгоор хуулийн этгээд байгуулахаар харилцан тохиролцож, АМЧ ХХК -ийг үүсгэн байгуулсан, хамтран ажиллахаар тохиролцон тодорхойлсон мөнгөн хөрөнгийн хэмжээгээр компанид хөрөнгө оруулахаар тохирсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Улмаар АМЧ ХХК -ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн компанийн дүрэмд зааснаар Ж.С 34 хувь, М.Ө, Х.И нар тус бүр 33 хувийн хувьцааг эзэмшиж байх бөгөөд компанийг болон компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Хариуцагч нарын хэн аль компани байгуулж ашиг олохоор тохиролцсон талаар маргаагүй.   

 3.1. Компанид М.Ө, Х.И нар тус бүр 12,500,000 төгрөгийг оруулахаар тохиролцсон боловч тэдгээр нь уг мөнгөн хөрөнгийг компанид оруулаагүй атлаа компанийн хувьцааг эзэмшиж байгаа байдлыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.2. Ж.С болон М.Ө, Х.И нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй талаар  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/02033 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1544 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/01483 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1582 дугаар магадлалаар тогтоогдсон, энэ үйл баримтыг  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар  дахин нотлохгүй юм.  Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулсан болохыг тогтоосон алдаатай дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

3.3. АМЧ ХХК -ийн үйл ажиллагаанд зориулж талууд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр чихрийн тоног төхөөрөмж худалдаж авсан, БП ХХК -тай байгуулсан түрээсийн гэрээний зүйл болох 119 м.кв талбайг чихрийн үйлдвэрлэлийн зориулалтаар түрээсэлсэн, уг түрээсийн байранд 2019 оны 1 дүгээр сард чихэр үйлдвэрлэж эхэлсэн зэрэг байдлуудаас дүгнэвэл талуудын хэн аль нь компаниас гараагүй. 

 3.4. Компанийн дүрмээр тогтоосон  хувьцааны үнийн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон гэж талууд маргаагүй, нэгж хувьцааны үнэ 1,000 төгрөг болох, компани нийт 20 ширхэг хувьцаатай байх, тоног төхөөрөмж худалдан авснаар нэгж хувьцааны үнэ нэмэгдсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд маргааны зүйлд хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.  

3.5. Компанийн үйл ажиллагаанд оруулахаар тохиролцсон мөнгөн хөрөнгийг М.Ө, Х.И нар шилжүүлэн өгөөгүй, тэдгээрийн үүргийг Ж.С гүйцэтгэжээ. Иймд М.Ө, Х.И нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тус бүрээс нь 12,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх зөв шийдвэрлэжээ.

Иймд хохирол алдагдал хүлээсэн гэх үндэслэлээр 12,500,000 төгрөгийг анхан шатны шүүх гаргуулан шийдвэрлэсэн нь буруу гэх хариуцагч М.Өы давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4. АМЧ ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр чихрийн тоног төхөөрөмж худалдаж авсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4.2-т заасныг зөрчиж тоног төхөөрөмжийг компанийн хөдлөх эд хөрөнгөөр бүртгүүлээгүй нь компанийн хөрөнгийг үгүйсгэхгүй. Уг хуулийг зөрчсөнтэй холбоотой бүртгэлийн алдааг залруулахад энэ шийдвэр саад болохгүй.

4.1. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.” гэж заасан. Иймд АМЧ ХХК нь БП ХХК -тай байгуулсан түрээсийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөгийг төлөөгүй бол өөрийн эд хөрөнгө болох чихрийн тоног төхөөрөмжийн үнээр төлөх боломжтой.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасныг энэ маргаанд хэрэглэхгүй. Учир нь: компанийн эд хөрөнгө болох чихрийн тоног төхөөрөмжийг хувьцаа эзэмшигчийн хувийн эд хөрөнгөөс зааглагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ зохицуулалт нь тухайн компанийн хувьцаа эзэмшигч хоорондын маргаанд хамааралгүй. Харин тухайн компанийн хувьцаа эзэмшигч биш этгээд компанийн гүйцэтгэх үүргийг хувьцаа эзэмшигчээс шаардах тохиолдолд дүгнэгдэх боломжтой.  Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэнэ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасныг үндэслэн Ж.Сийг бусад хувьцаа эзэмшигч болох М.Ө, Х.И нараас бусдад төлөх түрээсийн төлбөрийг хувааж хариуцахыг шаардах эрхтэй гэж  анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3. дахь хэсгийн зохицуулалт нь хувьцаа эзэмшигч нь компанийн өмнөөс гуравдагч этгээдэд хариуцлага хүлээхгүй байхыг, мөн хариуцлагын хэмжээг эзэмшлийн хувьцааны хэмжээгээр тодорхойлсон нь бусдын өмнө гүйцэтгэх компанийн үүргийг хувьцаа эзэмшигч хариуцах хэмжээг тодорхойлоогүй болно.  

5. Дээр дурдсан үндэслэлээр Ж.Сийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.И, М.Ө нараас тус бүр компанийн хүлээх хариуцлагын ногдох хувь гэх 5,445,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/04075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М.Өаас 12,500,000 төгрөг, хариуцагч Х.Иаас 12,500,000 төгрөгийг тус тус гаргуулж Ж.Ст олгож, нэхэмжлэлээс 10,890,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... хариуцагч М.Өаас 168,700 төгрөг, хариуцагч Х.Иаас 168,700 ...” гэснийг, “хариуцагч М.Өаас 141,475 төгрөг, хариуцагч Х.Иаас 141,475” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Өы урьдчилан төлсөн 247,675 төгрөг, хариуцагч Х.Иын урьдчилан төлсөн 247,675 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Г.ДАВААДОРЖ

 

                           ШҮҮГЧИД                           Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА