| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0211/Э |
| Дугаар | 223 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 25.1.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 223
2019 02 20 223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Р.Энх-Оюун,
хохирогч Г.Б, өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
шүүгдэгч Н.А, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808047431620 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Намжилдоржийн А /РД:.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Н.А нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 32 дугаар гудамжны 14 тоот хашаанд өөрийн эзэмшлийн гэрийн тэжээвэр амьтан болох нохой буюу орчиндоо аюул учруулж болох амьтанг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас гудамжинд явж байсан хохирогч Г.Б руу дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2017 оноос уг нохойг тэжээж эхэлсэн. Нохойгоо уядаг байсан. Хэрэг гарах үед нохой сул явж байсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 150.000 төгрөг өгсөн. Хохирогчоос уучлалт гуйя” гэв.
Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Алхаад явж байтал хар нохой гарч ирээд дайраад өмднөөс зулгаагаад унагасан. Шар хаалганы зүүн доогуур гүйгээд орсон. Гараа хадуул гэсэн ч хадуулж чадаагүй байгаа. Одоо хүртэл гар эдгэрээгүй байна. Хадуулахыг би өөрөө зөвшөөрөөгүй. Хоолоо хийж чадахгүй, гараа атгаж чадахгүй байгаа. Гараа эмчлүүлмээр байна. Физик эмчилгээ хийлгэ, Хужирт яв гэсэн. Эмчилгээний баримт байхгүй. Гарыг минь зүгээр болгож өгнө үү. 3.600.000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэв.
Эрүүгийн 1808047431620 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Г.Бгийн: “2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байх хүргэн Батболдын гэрт очих гээд гудамжинд явж байхад хар өнгийн нохой гарч ирээд дайраад миний өмднөөс зуугаад намайг дайраад унагаасан. Би унахдаа баруун гараа хугалсан. Тэр нохой 32 дугаар гудамжны 14 тоотын хашааны хаалганы доогуур гарч ирсэн, буцаад орсон. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. ...Нохой хүзүүвч, оосор, хошуувч зүүгээгүй байсан. Би эмчилгээний мөнгөө гаргуулж эмчлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг /хх-52/,
Гэрч Ц.Батдэлгэрийн: “2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр би Мандал овоогийн 34-11а тоотод байхад хажуу талын хашааны хөгшин Г.Бгийн охин Сонинсүрэн “манай ээж нохойнд уруулчихлаа, би эмнэлэг аваад явлаа, та нохойны эзний гэрт очоод уулзаад танай нохой манай ээж рүү дайрч гарыг нь хугалсан талаар хэлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 32-14 тоотод очиход хар зүсмийн нохой над руу дайраад байхаар нь би чулуугаар нүүлгээд нохойг хашаа руу нь айлгаж оруулаад хаалгыг нь нүдтэл эмэгтэй хүн гарч ирэхээр нь “танай нохой настай хөгшин рүү дайраад гарыг нь хугалсан байна шүү” гэж хэлсэн. Тэр эмэгтэй одоо яанаа гэхээр нь “тухайн гар нь хугарсан хөгшин охинтойгоо хамт эмнэлэг явсан, ирээд өөртэй чинь уулзах байх шүү” гэж хэлээд гэртээ харьсан. ...Тэр хар нохой өмнө нь манай эхнэр лүү дайрч байсан гэж эхнэр хэлсэн. Тэр нохой нь хашааны том хаалганы доогуур нүхээр шургаж гардаг ба намайг чулуу шидэж айлгахад тэр нүхээрээ орж байсан.” гэх мэдүүлэг /хх-56/,
Гэрч Ц.Сонинсүрэнгийн: “2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед ээж Г.Б нь “над руу нохой дайраад унаад гараа хугалчихлаа” гэж хэлсэн. Ээжийн баруун гарын шууны бугалга хэсгийн яс нь хугараад арьсныхаа цаанаас зөрүүтэй харагдаж байхаар нь би Гэмтэл дээр рүү үзүүлэхээр явахдаа хажуу айлын Батдэлгэр ахыг “та манай ээж рүү дайрсан нохойны эзэнд очоод миний ээжийн баруун гар хугарсан талаар хэлэээрэй” гээд явж байтал миний ээж рүү дайрч гарыг нь хугалсан нохой хашааныхаа гадна сул явж байсан. Хэд хэдэн удаа зураг авахуулж, татуулж, нийлүүлж гипс түрхсэн. Орой нь харих замдаа нохойны эзний гэрийг ээж Г.Бгоор заалгахад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 32 дугаар гудамжны 14 тоот байсан. Очиж уулзахад нохойны эзэн эмэгтэй нь “би мөнгө төгрөг эм тарианы зардлыг гаргана, мөнгө төгрөг нь хэд болох нь уу хэлээрэй” гэж хэлсэн. 3 хоногийн дараа 150.000 төгрөг өгсөн. ...Хажуу айлын Батдэлгэр ахын эхнэр нь өглөө бүр ажилдаа явахад замд нь сул байж байдаг, орой ирэхэд нь сул байж байдаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-58/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018.10.05-ны өдрийн 11930 дугаар актын дүгнэлтэд: “1.Г.Б-н биед баруун шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-26/,
Шүүгдэгч Н.Аын яллагдагчаар өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед гэрийн хаалгыг үл таних нэг хүн нүдээд “танай нохой дайрснаас болоод унаад гараа гэмтээсэн, одоо гэмтлийн эмнэлэг явлаа” гэж хэлсэн. 23 цагийн үед “миний гар хугарсан байна” гээд Г.Б хүүхдийнхээ хамтаар ирсэн. 9 дүгээр сарын 04-ний өдөр Г.Б залгаад “эм тарианы мөнгө гэж 200.000 орчим төгрөг болох юм шиг байна” гэж хэлэхээр нь би боломжгүй байсан тул 150.000 төгрөг өгсөн. Б “нутаг руугаа явж эмчилгээ хийлгэнэ” гэж хэлсэн. Дараа нь дахин залгаад “350.000 төгрөг өгөөд салъя” гэхэд би цалингаа буухыг хүлээгээд өгч чадахгүй байсан. Тэр эмэгтэй цагдаад хандсан байсан. ...Манай нохой тэр өдөр уяатай байсан ба хашааны хаалгыг хүн нүдээд “танай нохой дайраад байна” гэхээр нь очиж үзтэл манай нохойны хүзүүвч тасарсан явж байсан. Нохойны хүзүүвч тасарсан талаар би анзаараагүй. ...Би өөрөө нохойгоо хооллож тэжээдэг. ...Би 2017 оноос эхлэн гөлөг байхаас нь эхлэн тэжээж хооллосон...” гэх мэдүүлэг /хх-35-38/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-11/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-45/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, Өвөрхангай аймгийн “Өв техник” ХХК-ийн тодорхойлолт /хх-54/, иргэний нэхэмжлэл /хх-55/, гэрч Б.Баярцэцэгийн мэдүүлэг /хх-57/, хохирогчийн 150.000 төгрөг авсан талаарх бичиг /хх-59/, дансны хуулга /хх-64-66/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.А нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 32 дугаар гудамж, 14 тоот хашаандаа орчиндоо аюул учруулж болох амьтан нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас гудамжинд явж байсан хохирогч Г.Б руу дайрч унаган баруун гарын шууг хугалсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.Бгийн “...гудамжинд явж байхад хар өнгийн нохой гарч ирээд дайраад миний өмднөөс зуугаад намайг дайраад унагаасан. Би унахдаа баруун гараа хугалсан...” гэх мэдүүлэг /хх-14-15, 52/, Шүүх эмнэлгийн 11930 дугаар “1.Г.Б-н биед баруун шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх акт /хх-26/, гэрч Ц.Батдэлгэрийн “...Г.Бгийн охин Сонинсүрэн “Ээж нохойнд уруулчихлаа, би эмнэлэг аваад явлаа, та нохойны эзний гэрт очоод танай нохой манай ээж рүү дайрч гарыг нь хугалсан талаар хэлээд өгөөч” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-56/, гэрч Ц.Сонинсүрэнгийн “...Г.Б нь ...ирээд “над руу нохой дайраад унаад гараа хугалчихлаа” гэж хэлсэн. Би ээжийнхээ гарыг харахад баруун гарын шууны бугалга хэсгийн яс нь хугараад арьсныхаа цаанаас зөрүүтэй харагдаж байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-58/, шүүгдэгч Н.Аын яллагдагчаар өгсөн “...Танай нохой дайрснаас болоод унаад гараа гэмтээсэн, одоо гэмтлийн эмнэлэг явлаа” гэж хэлсэн. ...очиж үзтэл манай нохойны хүзүүвч тасарсан явж байсан...” гэх мэдүүлэг /хх-35-38/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-11/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Аын орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Г.Б руу дайрч унаган баруун шуу ясыг хугалж хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “Хохиролд 3.600.000 төгрөг нэхэмжилнэ” гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгчээс хохирогчид 150.000 төгрөг төлсөн болох нь мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-59/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзсэн болно.
Харин хохирогч “Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх тул тэрээр цаашид гарах эмчилгээтэй холбоотой, мөн олох ёстой байсан орлого гэх 3.600.000 төгрөгийн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар учирсан хохирлыг нөхөн төлсөн. Иймд 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Торгох ял оногдуулах үндэслэлгүй...” гэж,
хохирогч “Гомдолтой байна. Гэхдээ энэ хүүхдийг би ял эдлүүлэхгүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар учирсан хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 3 хүүхдээ хараад сургууль цэцэрлэгт нь зөөдөг. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ял зохимжгүй байгаа. Гэрээр гар урлалын зүйл хийж зардаг байлыг нь харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд 150.000 төгрөг төлсөн, хохирогчийн гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал, 3-10 насны 3 хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Хэдийгээр хэрэгт шүүгдэгч Н.А тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой болохыг тогтоосон баримт авагдаагүй боловч түүний банкны дансны хуулга /хх-64-66/-аар 2018.01.09-ний өдрөөс 2018.10.23-ны өдрийг хүртэлх хугацаанд тодорхой үнийн дүн буюу 28.795.600 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн, түүнчлэн шүүгдэгч нь “Гэрээр гар урлалын зүйл хийж борлуулдаг” гэж шүүх хуралдаанд мэдүүлснийг тус тус харгалзан Н.Ад торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Н.Аыг 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт Намжилдоржийн Аыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.А урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч нь “Олох байсан орлого гэх 3.600.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой” баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР