Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00367

 

 

 

 

 

 

     2024            02          23                                    210/МА2024/00367

 

 

Ж.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03101 дугаар шийдвэртэй,

 

Ж.Цгийн нэхэмжлэлтэй

ЧХБ ХХК -д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалийг төлж, баталгаажилт хийхийг даалгах, урамшуулалд 26,708,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Чингис хаан банканд Тусгай активын хэлтэст Тусгай актив хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 97 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, ЧХБ Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.3.1 дэх хэсгийг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие дээрх хугацаанд хөдөө орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчиж явсан ба хөл хорионд орсон талаараа харьяалах шатны шууд удирдлага болон тус банкны холбогдох ажилтнуудад мэдэгдсэн атал ийнхүү хууль бус тушаал гаргаж, уг тушаалаа надад мэдэгдэхгүйгээр шуудангаар миний өмнө нь амьдарч байсан хаягаар хүргүүлсэн байна.

1.2. Би тус банканд ажиллаж байх хугацаанд сарын 1,200,000 төгрөгийн цалинтай байсан ба ажил үүргийн хуваарийн дагуу Тусгай актив төлүүлсэнтэй холбоотой урамшуулал цалинг тусгай актив төлүүлсэн хэмжээ, цаг хугацаанаас хамаарч үнийн дүнгийн 2-5 хүртэлх хувиар тооцон авдаг байсан.

   2018 оны 05 дугаар сараас 2021 оны 05 дугаар cap хүртэлх хугацаанд 4,800,000,000 төгрөгийн тусгай актив төлүүлснээс журмын дагуу олгогдох 53,417,399 төгрөгийн урамшуулал авах ёстойгоос 26,708,700 төгрөгийг надад олгоогүй тул уг урамшууллыг гаргуулж өгнө үү.

1.3. Иймд ЧХБ ХХК -ийн Тусгай актив хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж, урамшуулалд  олгогдоогүй үлдсэн 26,708,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.1. ЧХБ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 79 тоот тушаалын дагуу Коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахалтай холбоотойгоор 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд нийт ажилтнуудын 50 хүртэлх хувийг ажлын байранд биечлэн ирж ажиллуулахаар зохицуулж байсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хэвийн горимын дагуу ажиллаж эхэлсэн.

Тус банкны Тусгай активын хэлтэст тусгай актив хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Ж.Ц нь 2021 оны 07 дугаар сард 01-07 өдрийг дуусталх хугацаанд  биеэр, 07, 08 өдрүүдэд зайнаас ажиллах хуваарийн дагуу ажилласан. 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хэвийн горимын дагуу ирж ажиллах байсан боловч тэрээр 2021 оны 07 дугаар сарын 19, 20, 21, 22-ны өдрүүдэд ирээгүй.

Захиргаа, хүний нөөцийн газраас 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ж.Ц руу гар утасаар нь залгахад холбогдох боломжгүй байсан. Харин 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр залгаж холбогдоход тэрээр “эзгүй байсан өдрүүдийг ээлжийн амралтаасаа тооцуулна, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа очно” гэдгээ хэлсэн. Мөн түүнчлэн Ж.Ц нь Ковид-19 халдвар авсан этгээдтэй хавьтагч болсон гэдгээ бидэнд мэдэгдээгүй болно.

Ж.Ц 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа ирээд 19, 20, 21, 22-ны өдрүүдийг ээлжийн амралтаар тооцуулах тухай хүсэлтээ бичгээр бичиж өгсөн.

2.2. Тус банкны Тусгай активын хэлтсийн захирал Л.Ш, хуульч Ж.Ц нар банкны хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан бодогдсон урамшууллын 50 хувийг тооцон авах санал гаргасан. Үүний дагуу Ж.Цд 26,708,600 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд талууд харилцан тохиролцсоны дагуу урамшууллыг шилжүүлсэн тул уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. 

2.3. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Цг "Чингис хаан банк” ХХК-ийн Тусгай активын хэлтсийн Тусгай актив хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 32,354,544 төгрөг, урамшуулал цалин хөлсөнд 26,708,700 төгрөг, нийт 59,063,244 төгрөгийг хариуцагч ЧХБ ХХК -иас гаргуулж нэхэмжпэгч Ж.Цд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжпэгч Ж.Цгийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч ЧХБ ХХК -д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,60.1-д зааснаар хариуцагч ЧХБ ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 453,266.22 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна гэж үзэж шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т “... ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн шалгаагүй, өөрөөр хэлбэл түүний ажилдаа ирж чадаагүй үндэслэл, шалтгааныг тодруулж тогтоолгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дугаар зүйлийн 40.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. Гэтэл Ж.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа ирээд хүсэлт гаргахдаа “Ж.Ц миний бие ээлжийн амралтын хугацаа 2021 оны 07 дугаар сарын 19, 20, 21, 22-ний өдрүүдэд ээлжийн амралт эдлэхээр тооцож өгнө үү. Мөн ээлжийн амралтаасаа 2021.07.29-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэх хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Тэрээр ажлаа үндэслэлгүйгээр 4 хоног тасалсны дараа тус 4 хоногийг ээлжийн амралтаасаа хасуулах хүсэлт өгсөн. Хэрэв Ж.Ц нь үнэхээр Ковид-19 цар тахлын улмаас Дархан аймагт гэрийн хөл хорионд орсон бол тухайн үедээ банканд хүсэлтээ гаргахдаа энэ талаар дурдах боломжтой, хөл хорионд байсан талаарх Засаг даргын тодорхойлолтоо гаргаж өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэ талаар огт дурдаагүй, банкны хүний нөөцөд мэдэгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл, ээлжийн амралт эдлэх хүсэлтээ нөхөж бичихгүйгээр үнэхээр хөл хорионд орсон байсан бол тэр талаар банкны холбогдох удирдлагад амаар болон бичгээр тайлбар, хүсэлт гаргах хангалтай боломжтой байсан боловч энэ талаар огт дурдаагүй.

Иймд ЧХБ ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дугаар зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн 22 дахь хэсэгт “... Ж.Ц нь өөрт олгогдох 26,708,699 төгрөгийн урамшууллыг авахаас татгалзсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагчаас энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй” гэжээ.  Урамшууллын тооцоог баримтаар гаргаж өгсөн. Уг тооцооллыг тухайн үед тусгай активын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Л.Ш, мэргэжилтэн Ж.Ц нар өөрсдөө гаргасан бөгөөд 106,834,798 төгрөгөөс тал хувь буюу 53,417,399 төгрөгийг хоёр хувааж Л.Ш, Ж.Ц нар тус бүр 26,708,699 төгрөг авахаар харилцан тохиролцож гарын үсгээ зурж, өөрт ногдох мөнгийг хүлээн авсан нь  тогтоогдож байна.

Банк санхүүгийн хүнд нөхцөлд байхад талууд харилцан тохиролцож Л.Ш, Ж.Ц нар өөрсдөө тооцоолол гаргаж 26,708,699 төгрөг авахаар хүлээн зөвшөөрсөн.

ЧХБ ХХК нь Ж.Цд Тусгай актив төлүүлсний урамшуулал тооцох журмын дагуу 26,708,699 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн тул  нэмж 26,708,699 төгрөгийг ЧХБ ХХК -аас шаардах нь үндэслэлгүй.

4.3. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03101 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

5.1. Ж.Ц Ковидын үеийн хязгаарлалтад орсон талаар Засаг дарга болон багийн зохион байгуулагчийн бүртгэлд зөрүү байхгүй.

 Ж.Цгийн нөхөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Сэлэнгэ аймаг руу явж байхдаа Дархан-Уул аймагт хязгаарлалтад орсон” гэж,  тэрээр “та эхнэртэйгээ хорио, цээрийн 20 цагийн хязгаарлалтад орсон уу” гэж асуухад “орсон” гэж хариулсан, багийн Засаг дарга болон зохион байгуулагчийн албан бичиг, бүртгэлээр тухайн үйл баримт нотлогдоно.

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Гэрийн ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журмын 4.2.2-т баг, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн гэрийн ажиглалтын мэдээнд үндэслэн иргэнийг хянана гэж заасан. Гэрийн ажиглалтын дэглэмд байсан гэдэг нь дээрх 2 бичмэл нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Тус компанийн 2012 оны Хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д ажилтны ажлын цаг ашиглалтыг харьяалах нэгжийн удирдлага байнга хяналт тавьж ажиллана. Нэгжийн удирдлага буюу Л.Шгээс авсан гэрчийн мэдүүлэгт “нэхэмжлэгч ковидын ойрын хавьтал болж тусгаарлагдсан талаар утсаар мэдэгдсэн үү” гэж асуухад “мэдэгдсэн” гэж хариулдаг. Тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.11-т “ажил олгогч нь ажилтны хүсэлт, харьяа газрын нэгжийн захирлын саналыг харгалзан түүнд цалинтай болон цалингүй чөлөө олгож болно, ажлын 3 өдөр хүртэлх цалингүй чөлөөг тухайн харьяа газрын нэгжийн захирал олгоно” гэж заасан.

5.2. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Нэхэмжлэгч Ж.Цгээс сахилгын зөрчлийг тодруулаагүй, зөрчлийн шинж чанар, холбогдох тайлбар, мэдүүлгийг аваагүй. Хариуцагч талаас ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргах хүртэл Ж.Ц холбогдоогүй гэх боловч  банкны хүний нөөцийн газрын захирал н.Ундрахын өгсөн тайлбарт  Ж.Ц 07 дугаар сарын 22-ны өдөр хүний нөөцтэй холбогдсон.

2021 оны 07 дугаар сард ковидын үед гэрийн ажиглалтад байхад акт өгдөггүй.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагын үүрэгт  хорио, цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, тусгаарлалтад байгаа ажилтны ажлын байрыг хадгалах талаар заасан.  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан  хууль тогтоомж, хамтын гэрээнээс бусад тохиолдолд ажилтны ажлын байрыг хадгалах гэж заасан  тохиолдолд хамаарч байгаа тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар   хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ.

5.3. Л.Ш нь Ж.Цгийн өмнөөс нэхэмжлэл гаргах, ямар нэгэн байдлаар урамшууллаас татгалзах эрхгүй. Хариуцагчийн зүгээс Л.Ш нь Ж.Цгийн өмнөөс ийм хүсэлт гаргасан гэж тайлбарладаг. Насанд хүрсэн хүн эрх зүйн бүрэн чадамжтай өөрөө өөрийгөө тодорхойлох чадвартай. Л.Шгийн хүсэлтийг Ж.Цгийн хүсэлт байна гэж үзэж, Ж.Цд олгох урамшууллаас хасах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч ЧХБ ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалийг төлж, баталгаажилт хийхийг даалгах, урамшуулалд 26,708,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ЧХБ ХХК нь ажилтан Ж.Цтэй 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтан нь тус байгууллагын Тусгай активын хэлтэст Тусгай актив хариуцсан ажилтнаар ажиллахаар харилцан тохиролцсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 ЧХБ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 97 тоот тушаалаар ажилтан Ж.Цг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ЧХБ хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.3.1 дэх хэсэгт тус тус заасныг баримталж, үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажил тасалж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж заасныг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх ажилтан Ж.Ц хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй, ажил таслаагүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.

4.1. Тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.3.1 гэх заалтыг баримталсан байх бөгөөд 7.1.3-ын зохицуулалт нь ажил олгогч ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар, 7.3.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан нөхцлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамааруулан зохицуулжээ.

4.2. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байх бөгөөд уг заалтыг ажил олгогч тушаалдаа баримталсан боловч ажилтны гаргасан гэх зөрчлийг тодорхойлохдоо хөдөлмөрийн гэрээний холбогдох заалт болон  хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчлийг ажилтан гаргасан гэж тодорхойлоогүй байна. Гэвч анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан  Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.5.1-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар тасалсан, захиргааны чөлөө хэтрүүлсэн, удаа дараа сануулсаар байхад ажлаас байнга хоцорсон” тохиолдлыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон талаар дүгнэлт хийснийг буруутгахгүй.

4.3. Ажилтан Ж.Ц  2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй шалтгаан нь Ковид-19 цар тахлын дам хавьтагч болсноор гэрийн тусгаарлалтад байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Ж.Ц нь мөн өдрүүдэд коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын /дам/ хавьтал болсон нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаар тодорхойлолтод “Ж.Ц ... 2021.07.12-с 2021.07.22-ны өдөр хүртэл Ковид-19 цар тахлын дан хавьтагч болж гэрийн тусгаарлалтад байсан”, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Ковид 2021.07.22-ны өдрийн мэдээний 4 дэх хүснэгтэд “Ж.Ц... хавьтал болсон огноо 2021.07.12 ... тусгаарлалтаас гарах огноо 2021.07.23” гэж бичигдсэн байдлаар тус тус тогтоогдсон. Тэрээр уг байдлаа  өөрийн харьяалах нэгжийн удирдлагад мэдэгдсэн болох нь тухайн үед ЧХБ ХХК -ийн Тусгай активын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Л.Шгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “Нэхэмжлэгч ойрын хавьтал болж тусгаарлагдсан гэж танд утсаар мэдэгдсэн гэдэг зүйлийг ярьсан. Энэ үнэн үү? Энэ үйл баримтын талаар тодорхой хэлнэ үү” гэх асуултад "Үнэн, надад мэдэгдсэн. Хүний нөөц рүү мессеж бич, холбогдоорой гэсэн. Үүний дараа ч гэсэн ээлжийн амралтаас нь хасаж тооцсон билүү, чөлөө олгосон билүү, хүний нөөцтэйгөө ойлголцоод иймэрхүү байдлаар явж байсан” гэх, Т.Баярхүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “Тухайн үед пост гарчихсан зорчиж байгаа хүмүүсийг шалгаж байсан. Хамт явж байсан хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн. Биднийг 10 хоног саат гээд цааш нэвтрүүлээгүй. Дарханд үлдэж 10 хоног ажиглалтад орсон” гэх байдлуудаар тус тус тогтоогдож байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

4.4. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д “хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах” гэж заасан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.1.7-д “хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол" гэдэгт хамаарах тул ажил олгогч нь ажилтны ажлын байрыг хадгалах үүрэгтэй. 

 

5. Ж.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр  ажил олгогчид гаргасан хүсэлтдээ “Ж.Ц миний бие ээлжийн амралтын хугацаа 2021 оны 07 дугаар сарын 19, 20, 21, 22-ний өдрүүдэд ээлжийн амралт эдлэхээр тооцож өгнө үү. Мөн ээлжийн амралтаасаа 2021.07.29-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэх хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн боловч хүсэл зориг нь биш байсныг холбогдох албан тушаалтнууд мэдэж байсан гэх тайлбар гаргасныг дээр дурдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл үнэн зөв гэж дүгнэхээр байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх ажилтан Ж.Цг ЧХБ ХХК -ийн Тусгай активын хэлтсийн Тусгай актив хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

7. Ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавар болох ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг 32,354,544 төгрөгөөр тооцож ажилтанд олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. 

 

8. “ЧХБ Тусгай актив төлүүлсний урамшуулал тооцох журамд “банкны Тусгай активын хэлтсийн балансад шилжсэн болон холбогдох нэгжийн балансанд бүртгэлтэй ангилал хийгдсэн тусгай активыг төлүүлсэн тус хэлтсийн захирал, мэргэжилтнүүдэд урамшуулал тооцон олгох үйл ажиллагааг зохицуулна” гэж заасан байх бөгөөд  тус банкны  Тусгай активын хэлтсийн захирал Л.Ш, ажилтан Ж.Ц нар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 19 зээлдэгчээс 4,853,048,675 төгрөг төлүүлж, 106,834,798 төгрөгийн урамшуулал авахаар тооцжээ.

Харин Тусгай активын хэлтсийн захирал Л.Шгийн ЧХБ ХХК -ийн Эрсдэлийн удирдлагын хорооны хуралд “...Банкны санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзээд бодсон урамшуулалыг 50 хувиар тооцон авах саналтай байна. Урамшуулалыг Тусгай активын хэлтсийн захирал Л.Ш, хуульч Ж.Ц нарт тэнцүү хуваан олгуулах саналтай байна” гэж илэрхийлснийг Ж.Ц авах  урамшууллаа 50 хувиар бууруулах хүсэл зоригийг илэрхийлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

Иймд хариуцагчаас урамшуулалд 26,708,699 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. 

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЗОЛЗАЯА

                                           

         ШҮҮГЧИД                                 Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА