| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0215/Э |
| Дугаар | 229 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 229
2019 02 21 229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908000540119 дүгээр хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхээгийн Э /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1-3 тоотод хашаан дотор иргэн Д.Быг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын няцрал шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би одоо машин угаалгын газарт ажиллаж байгаа. Сард 600.000 төгрөгийн цалин авдаг. Иймд торгох ялыг зөвшөөрч байна. Би ажил хийж байгаа тул 3 сарын хугацаанд төлнө” гэв.
Эрүүгийн 1908000540119 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Бын: “2018 оны 12 дугаар сарын 25-ны 21 цагийн үед би хашаандаа нийтийн байрныхаа уурын зуухны өрөөнөөс гарч ирэхэд манай хашаан дотор 2, 3 залуучууд явж байсан. Тэр залуучуудыг “хөөе, та нар юун хүүхдүүд бэ, хэнийд орох гэж байгаа юм” гэж асуухад нэг залуу нь над руу дөхөж ирэхээр нь би “та нар хулгайчууд юм уу, юу юм” гэж хэлэхэд надад нэг юм хэлсэн. Би юу гэж хэлснийг нь санахгүй байна. Над руу дөхөж ирсэн залуу шууд миний нүүр лүү мөргөхөөр нь би уг залууг заамдаж аваад зууралдахад ахин миний нүүр лүү мөргөөд эхнэрийгээ дуудаад орилоход намайг мөргөсөн залуу зугтаад хашаанаас гарахаар нь би араас нь хөөж гараад би залууг барьж авахад уг залуу ахин миний нүүр лүү мөргөөд зугтаад явсан. Тэгэхээр нь би араас нь хөөж явж байгаад цагдаа дуудаад цагдаад бариулсан...” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Гэрч Э.Эрдэнэбаярын: “2018 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед би Хайрханы 1-3 тоотод байрлах нийтийн байрны 3 номерын өрөөндөө найз Эын хамт 0.75 литрийн архи ууж байсан. Эын дүү Лхагвасүрэн манайд ирээд бид гурав хашаан дотор явж байхад манай байрны эзэн Б ах бид нарыг “хөөе, та нар нааш ир, юун хүмүүс хашаан дотор яваад байгаа юм, хулгайчууд юм уу” гэсэн. Э Б ах руу дөхөж очоод “та юу гээд байгаа юм бэ” гэхэд Б ах Эыг заамдаад авсан чинь Э нүүр лүү нь гараараа цохиход Б ахын хүү гарч ирээд Эыг “яаж байнаа, хөөе” гээд толгойны хэсэг рүү нь гараараа цохиход Э Б ахын нүүр лүү нь мөргөөд хашаанаас гараад гүйхэд Б ах хөөгөөд хашааны гадна Эыг бариад авсан чинь Э дахин нүүр лүү нь мөргөөд зугтахад Б хөөж байгаад цагдаад бариулсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Гэрч Б.Баатархүүгийн: “...Аав Б хашаан дотор үл таних 20 гаран насны залуутай зууралдсан, нэг нэгнээ заамдсан байдалтай, уг залуу нь аавын нүүр лүү гараараа цохиж харагдахаар нь би очоод “яаж байна” гээд зууралдсан залуугийн толгой руу баруун гараараа нэг удаа цохисон. Би гараа эвгүй цохиод гар маань тулчих шиг болсон. Би гараа бариад суухад нөгөө аавтай зууралдсан залуу салаад хашаанаас гараад гүйхэд аав хөөгөөд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-21/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.12.27-ны өдрийн 715 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Б-н биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын няцарсан шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-27/,
Шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 25-ны 21 цагийн үед Хайрханы 1-3 тоотод байрлах нийтийн байранд найз Эрдэнэбаяртай 0,75 литрийн архи ууж байхад манай дүү Лхагвасүрэн надаас мөнгө авах гэж ирээд би дүүдээ дэлгүүр орж мөнгө задлуулж өгөх болоод бид гурав гараад хашаан дотор явж байхад уг байрны эзэн ...Б ах уурын зуухны өрөөнөөсөө согтуу гарч ирээд бид нарыг “хөөе, та нар нааш ир, юун хүмүүс вэ, хулгайчууд юм уу” гэхээр би “та юу яриад байгаа юм бэ” гэхэд Б ах намайг шууд цамцны захнаас бариад хоолой боохоор нь би нүүр лүү нь цохиход Б ахын нэг хүү гарч ирээд шууд миний духны хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхэд Б ах гараараа миний хамарны хэсэг рүү дахин цохихоор нь би Б ахын нүүр лүү нь мөргөөд хашаанаас нь гараад зугтаахад Б ах намайг бариад авахаар нь би ахин нүүр лүү нь мөргөөд зугтааж байхад дагаж байгаад цагдаад бариулсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,
хохирогч, шүүгдэгч нарын “300.000 төгрөг авсан, өгсөн” талаарх баримт /хх-6, 7/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.01.01-ний өдрийн 861 дүгээр шинжилгээ /хх-28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-44/, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны тодорхойлолт /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан бичиг /хх-50/, хохирогчийн хүсэлт /хх-52/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Э согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1-3 тоотод хашаанд хохирогч Д.Быг зодож, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын няцарсан шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Бын “...над руу дөхөж ирсэн залуу шууд миний нүүр лүү мөргөхөөр нь би заамдаад зууралдахад ахин миний нүүр лүү мөргөөд ...би залууг барьж авахад уг залуу ахин миний нүүр лүү мөргөөд зугтаад явсан...” гэх мэдүүлэг /хх-10-11/, шүүх эмнэлгийн 715 дугаар “1.Д.Б-н биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын няцарсан шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдпоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-27/, гэрч Э.Эрдэнэбаярын “...Б ах Эыг заамдаад авсан чинь Э нүүр лүү гараараа цохиход ...Э Б ахын нүүр лүү мөргөөд ...Э дахин нүүр лүү мөргөөд зугтахад...” гэх мэдүүлэг /хх-19-20/, гэрч Б.Баатархүүгийн “...уг залуу аавын нүүр лүү гараараа нэг удаа цохиж харагдахаар нь...” гэх мэдүүлэг /хх-21/, шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн “...Б ах намайг цамцны захнаас бариад хоолой боохоор нь би нүүр лүү цохиход ...Бын ахын нүүр лүү мөргөөд зугтаахад.., араас ирээд бариад авахаар нь би ахин нүүр лүү мөргөөд зугтаагаад...” гэх мэдүүлэг /хх-37-38/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Эын хохирогч Д.Быг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Э.Этай эвлэрч, хохирлын талаар маргаангүй болсон” гэх мэдүүлэг /хх-10-11/, “Э.Эаас 300.000 төгрөг авсан, цаашид санал гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-6, 52/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Э анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг. Угаалгын газарт ажилладаг гэж мэдүүлж байгаа. Хохирогч маргааныг эхлүүлсэн, түүний зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна. Би ажил хийж байгаа тул 3 сарын хугацаанд төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч нар согтуурсан байсан, уг байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 300.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “шүүгдэгчтэй эвлэрч, хохирлын талаар маргаангүй болсон” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, машин угаалгын газарт ажиллаж сард 600.000 төгрөгийн цалин авдаг гэх, ам бүл 6/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Э.Эыг 470.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхээгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 470.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР