Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02137

 

 

 

 

 

 

 

   2023          12             11                                           210/МА2023/02137                

 

 

Э.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02979 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.*******д холбогдох,

 

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 776,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хохирол 775,433,851 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Очбадрал, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Анар, М.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 

1.1. Э.******* нь Ю.*******той 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Глобал бизнес центрын 2 давхрын 260 м.кв талбайг ресторан, пабын зориулалтаар түрээслэн ажиллуулж байсан. 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ч.******* уг хөрөнгийг авсан гээд бидний эзгүйд рестораны хаалгыг онгойлгон эд зүйлийг зөөж, өөр газар хурааж, эд хөрөнгөд халдаж битүүмжилсэн байсан.

Ингээд Ч.******* 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандан түрээсийн гэрээний төлбөр нэхэмжилсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1025 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ч.*******гээс 145 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулан Э.*******т олгохоор шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрийг биелүүлээгүй.

            1.2. Ч.******* нь ресторан, пабын үйл ажиллагаанд ашиглагддаг эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хураан авсан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг эзэмшиж, ашигласан. Миний эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл ашигласан ба урсгал зардлыг хасахад нэг сарын 4,000,000 гаруй төгрөгийн ашиг олсон байна. Иймээс 87 сарын хугацаанд эзэмшиж, ашигласнаас үүсэх үр шим 348,000,000 төгрөгийг гаргуулна.  

1.3. Хэрвээ Ч.******* 145 нэр төрлийн эд хөрөнгө, тоног, төхөөрөмжийг хууль бусаар хураан аваагүй байсан бол, эсвэл шүүхийн шийдвэр гарсан даруйд буцаан өгсөн бол Э.******* миний бие өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх эд зүйлийг ашиглан үйл ажиллагаа явуулах, эсвэл түрээслэж нэг сард багадаа 4,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан. Иймд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны олох байсан орлогод 328,000,000 төгрөг гаргуулна.

1.5. Ч.*******гийн хууль бус үйлдэл, үйлдэхүйгээс шалтгаалан миний бие бусдад төлөх асар их өрийн дарамтад орсон, харь улсад очиж хөдөлмөрлөх, үр хүүхдээсээ хол байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломж нөхцлөө алдсан. Иймд сэтгэл, санааны хохирол 100,000,000 төгрөг, нийт 776,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.*******ээс 15,469,750 төгрөгийг гаргуулж Ч.*******д олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед Э.******* анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах боломжтой байсан.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд удаашруулах зорилгоор үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна.

2.2. Э.*******, Ч.******* нарын хооронд 2015 оны 11 дүгээр сараас түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд Э.******* нь гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүйгээс түрээслүүлэгчээс Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд зааснаар “саатуулан барих” эрхээ хэрэгжүүлж, түрээсийн байранд байсан түрээслэгчийн эд хогшлыг оффисын барилгын В1 давхарт битүүмжилсэн нь үнэн.

2.3. Түүнчлэн Э.******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлмэгц гадаад улс руу явсан бөгөөд эд хөрөнгөө Ч.*******гээс шаардаж байгаагүй. Төлбөр авагч Ч.*******гийн зүгээс эдгээр эд хогшлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хураан авч, битүүмжилж, худалдан борлуулж төлбөрийг төлүүлэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа гаргаж байсан. Гэвч төлбөр төлөгч Э.******* Монголд байхгүй гэх шалтгаанаар хураан авах ажиллагаа удаа дараа хойшилж, ажиллагааг явуулахгүй өнөөдрийг хүрсэн.

2.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга:

3.1. Э.*******ээс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээний дагуу төлөх 15,626,667 төгрөгийг гаргуулна.

3.2. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл түрээслэгчийн эд хөрөнгийг тухайн нэр төрөл, тоо ширхэг бүхий зоогийн газрын хэрэглэлүүдийг тодорхой талбай ашиглан 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсантай холбогдон түрээслүүлэгчид 294,349,938 төгрөгийн хохирол учирсан.

3.3. Түүнээс авах ёстой авлагын алдагдсан боломжийн өртгийг тухайн хугацаа болох 2016 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаагаар бодож хадгаламж, банкны хүү болон төгрөгийн ханшийн уналт, инфляцийг тооцож үзвэл 53,457,246 төгрөгийн алдагдал хүлээсэн.

3.4. Э.******* түрээсийн гэрээний үүрэг зөрчиж, ханын зохион байгуулалт өөрчилснийг буцааж буулган засварласны зардал 2,800,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 10,000,000 төгрөг, эд хогшил зөөхөд төлсөн хөлс 1,200,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан.

3.5.  Э.******* нь Ч.******* миний ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл буюу “Ч.******* бусдын эд хөрөнгө, бизнесийг луйвардан авсан” мэт ойлголтыг ажилтан, албан хаагчид, албан байгууллагын дунд амаар тараасан гэм хорын нөхөн төлбөрт 100,000,000 төгрөг гаргуулна.

3.6. Э.******* түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол Ч.******* нь одоог хүртэл сар бүр түрээсийн орлогод 4,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 82 сарын хугацаанд 328,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан. Нэхэмжлэгч хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гэрээ цуцалсан. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу 328,000,000 төгрөг нэхэмжилнэ. Нийт 775,433,851 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, түүний агуулга:

4.1.Хариуцагчаас олон удаа хөрөнгийг өгөхийг гуйж байсан. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, талбайг өөрсдөө сулласан, өөр хүнд түрээслэсэн атлаа орлого шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Ч.*******гээс 88,000,000 /наян найман сая/ төгрөг гаргуулж Э.*******т олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 688,000,000 төгрөгийг болон Э.*******ээс 775,433,851 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ч.*******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.195.900 /637.950+1.185.983+2.371.967/ төгрөг, хариуцагчаас төлсөн 4.343.069 /2.545.119+1.797.950/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 597,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

6.1.Ч.******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 183/ШШ2016/01025 дугаар шийдвэрийг биелүүлээгүй.

Ч.******* нь ресторан, пабын үйл ажиллагаанд ашиглагддаг эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хураан авч 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлэхгүйгээр иргэн Э.*******т гэм хорын хохирол учруулсан.

6.2. Нэхэмжлэгч нь хаана байгаагаас үл хамааран энэхүү эд хөрөнгө өөрийнх нь эзэмшил ашиглалтад байсан бол бусдад түрээслүүлж мөнгөн хөрөнгийг олох боломжтой байсан байхад анхан шатны шүүх Автсрали улсад байх хугацаанд нэхэмжлэгчид гэм хорын хохирол учраагүй гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

Иймээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 181/ШШ2023/02979 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын 328,000,000 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргасан хариу тайлбарын агуулга: 

7.1. Нэхэмжлэгч үндэслэлгүй гомдол гаргасан гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолгооны хэрэгслээр олох ёстой байсан орлого нотлогдоогүй.

7.2. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг удирдлага болгоогүй. Зөвхөн талуудын тайлбараар 4,000,000 төгрөг олох ёстой байсан гэж үзсэн.

7.3. Э.******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар иргэний хэргийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болно гэсэн хөөн хэлэлцэх хугацааг субьектив байдлаар хэтрүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй явагдаж байх хугацаанд энэхүү нэхэмжлэлийг давхардуулан гаргасан. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

8.1. Шүүх Э.*******ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, гүйцэтгэх хуудас бичүүлсэн эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан эсэх, хэрэв хандсан тохиолдолд Ч.******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэм буруутай эсэх, үүнтэй холбоотой хохирол учирсан эсэх асуудлыг тодруулах шаардлагатай байсан.

8.2.  Э.******* нь гадаад улсад зорчин ирээд 2022 оны 01 дүгээр сард тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, гүйцэтгэх хуудас бичигдсэн. Тус нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, 145 нэр төрлийн тоног төхөөрөмжийг буцаан олгох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар явагдах байтал анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй.

8.3. Түүнчлэн Э.******* нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй, субъектив эрхээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох хуульд заасан 4 жилийн хугацааг 2 жилээр хэтрүүлсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэн зөвөөр дүгнэхгүй, бүхэлд нь орхигдуулж, хэргийн бодит байдлыг зөв тодорхойлж дүгнээгүй гэж үзэхээр байна.

8.4. Нэхэмжлэгч Э.******* нь хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулан хилээр гарч явсан байхад, анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн ерөнхий зохицуулалт, заалтыг хэрэглэж Ч.*******г өөртөө туслах арга хэмжээг хэтрүүлсэн, Э.*******т гэм хор учруулсан буруутай этгээд гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар тухайн маргаан бүхий харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй шийдэл болжээ.

8.5. Шүүх талууд олох ёстой байсан орлогыг нэг сард 4,000,000 төгрөгөөр тооцож хэн аль нь бие биенээсээ шаардсан тул шүүх зохигчид нэг сард олох ёстой орлогын хэмжээний хувьд маргаагүй гэж үзэн, энэ дүнгээр тооцох нь талуудын зарчимд нийцнэ гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн, талуудын диспозитив зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийн илтэд алдаатай шийдэл болсон.

8.6. Хэдийгээр уг хохирлыг шаардах эрхтэй боловч нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасныг баримтлаагүй, буруу дүгнэлт болсон.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах үүднээс Ч.*******гээс 88,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14,114,584 төгрөгийг хангах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 

9.1. Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлээгүй байгаа нь тухайн иргэн, хуулийн этгээдэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх давуу байдал олгохгүй, мөн төлбөр авагчид гэм хор учрахгүй гэсэн үг биш.

Гэм хорын асуудлын хувьд урьдчилан шийдвэрлэх журмыг хууль тогтоогчид хуульчлаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол тусдаа асуудал. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй.

9.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зохицуулалт  гэм хорын хохиролтой огт хамааралгүй.  2016 онд гарсан байсан шүүхийн шийдвэрт 2018 оноос хойших эрх зүйн харилцааг зохицуулж байгаа хуулийн зохицуулалтыг боломжгүй 4 жилийн дараа хандсан гэх гомдол үндэслэлгүй.

9.3. Ч.*******д 2016-2023 оныг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу  төлбөр төлдөггүй байж байгаад энэ хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр гармагц Э.*******ийг дуудан бараа материалыг өгсөн. Төлбөр төлөгч Ч.******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар ч хүсэл зориг байгаагүй гэдэг нь хэргийн нөхцөл байдлаас хангалттай харагдана.

Төлбөр авагч гадаад улс руу явсан учраас орлогыг тооцохгүй гэсэн үг биш гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх зохигчдын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг хянан үзэхэд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны үр шим 348,000,000 төгрөг, 145 нэр төрлийн эд хөрөнгө, тоног, төхөөрөмжийг хууль бусаар хураан авсны улмаас учирсан хохирол болох олох байсан орлого 328,000,000 төгрөг, хариуцагчийн хууль бус үйлдэл, үйлдэхүйгээс учирсан сэтгэл, санааны хохирол 100,000,000 төгрөг, нийт 776,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, саатуулан барих эрхээ хэрэгжүүлсэн, түрээсийн төлбөр төлмөгц хөрөнгийг буцаан өгөхөөр шийдвэрт заасан гэх үндэслэлээр  хохиролд 775,433,851 төгрөг нэхэмжлэгч Э.*******ээс гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Э.*******  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... түрээсийн обьектод байсан эд хөрөнгийг хууль бусаар хураан авч, ... 87 сарын хугацаанд эзэмшиж, ашигласан, .... Ч.******* 145 нэр төрлийн эд хөрөнгө, тоног, төхөөрөмжийг хууль бусаар хураан аваагүй байсан бол, эсвэл шүүхийн шийдвэр гарсан даруйд буцаан өгсөн бол Э.******* миний бие өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх эд зүйлийг ашиглан үйл ажиллагаа явуулах, эсвэл түрээслэж нэг сард багадаа 4,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан, ... Ч.*******гийн хууль бус үйлдэл, үйлдэхүйгээс шалтгаалан миний бие бусдад төлөх асар их өрийн дарамтад орсон, харь улсад очиж хөдөлмөрлөх, үр хүүхдээсээ хол байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломж нөхцлөө алдсан ...” гэж,

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд удаашруулах зорилгоор үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан, ... Э.******* нь гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүйгээс түрээслүүлэгчээс Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд зааснаар “саатуулан барих” эрхээ хэрэгжүүлж, түрээсийн байранд байсан түрээслэгчийн эд хогшлыг оффисын барилгын В1 давхарт битүүмжилсэн, ... Э.******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлмэгц гадаад улс руу явсан бөгөөд эд хөрөнгөө Ч.*******гээс шаардаж байгаагүй. Төлбөр авагч Ч.*******гийн зүгээс эдгээр эд хогшлыг шШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хураан авч, битүүмжилж, худалдан борлуулж төлбөрийг төлүүлэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа гаргаж байсан. Гэвч төлбөр төлөгч Э.******* Монголд байхгүй гэх шалтгаанаар хураан авах ажиллагаа удаа дараа хойшилж, ажиллагааг явуулахгүй өнөөдрийг хүрсэн., ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой ...” гэж тус тус тайлбарлан, талууд маргажээ.

 

              4. Талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 183/ШШ2016/01025 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******ээс 15,226,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5,395,317 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.*******гээс 145 төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулан Э.*******т олгож шийдвэрлэсэн байна. Шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/001159 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 183/ГХ2022/00163 дугаар гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаад шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/16-940 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байна.  /1хх-19-23, 2хх 103/

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Талуудын хэн аль ньшүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй байна.

 

7. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан.

 

              Дээрх хуульд зааснаар гэрээний үүргийн зөрчил нь хохирол тооцох урьдчилсан нөхцөл болдог бөгөөд зөрчил болон хохирол нь хоорондоо цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй байхыг шаарддаг. Зохигчийн хооронд үүссэн түрээсийн гэрээтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн төдийгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилсэн хугацааг гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол учирсан гэж үзэхгүй юм. Иймд зохигч талуудын давж заалдах гомдлын дагуу үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

                       

            8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ч.*******д холбогдуулан гаргасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 776,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******ийн үндсэн нэхэмжлэл, хохиролд 775,433,851 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******ээс гаргуулах тухай хариуцагч Ч.*******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02979 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ч.*******д холбогдуулан гаргасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 776,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******ийн үндсэн нэхэмжлэл, хохирол 775,433,851 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******ээс гаргуулах тухай хариуцагч Ч.*******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

​​​​​​​2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,357,950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 827,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

​​​​​​​3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

​​​​​​​4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                   

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН

 

      ШҮҮГЧИД                                    М.БАЯСГАЛАН

 

    Ч.ЦЭНД