Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын Х, Б овогт Ц-ын И нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810012610012 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч /хохирогч/ Б.Х, шүүгдэгч /хохирогч/ Ц.И нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Таван Богд” ХХК-ийн ИТМН үйлчилгээний охин компанид тогооч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 10-244 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Х /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 9-р гудамж, 367 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ц-ын И /РД:/,

                                                      

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхнамир” караоке баарны гадна иргэн Ц.Итой маргалдан улмаар зодолдож, биед нь хөнгөн хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Ц.И нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхнамир” караоке баарны гадна иргэн Б.Хтой маргалдан улмаар зодолдож биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн хохирогч, шүүгдэгч Б.Х, Ц.И нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан баримттай тул хохирогч болон шүүгдэгч нарын ”өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болсон хэрэг явдлын үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хэрэг гарсан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад, ажлын газрын нэг ахтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэртээ харих замдаа пабаар ороход эхнэрийн найз байсан. Тэгээд тухайн пабд орж хэсэг сууж, шар айраг уусан. Шөнийн 00-01 цагийн үед пабаас гарах гэж байгаад Ц.Итой шүргэлцэж, хэн хэндээ хүлээцгүй хандсанаас болж маргалдсан. Ц.И түрүүлж намайг цохихоор нь би эргүүлээд цохисон.

Тэгээд гарах гэж байхад араас ирээд миний нүүр болон толгой руу өшиглөхөөр нь би нүүрээ дараад доошоо харсан. Манай эхнэр найзтайгаа хамт ирээд салгахад бид хоёр буцаж барилцаж аваад зодолдсон. Би Ц.Иийн биед гэмтэл учруулсан гэхдээ, тухайн үед надад хутга эсвэл хурц үзүүртэй зүйл байгаагүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, миний буруу.” гэсэн мэдүүлэг,

2. Шүүгдэгч Ц.И-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

   “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Б.Хийн биед учирсан гэмтлийг би учруулсан, миний буруу.” гэсэн мэдүүлэг

 

3. Хохирогч Б.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“ Тухайн маргаан зодооны улмаас миний өвдөг, тохой, дух, толгойны ар талд бага зэрэг шалбарсан, толгой хөдөлсөн бөгөөд би толгойгоо бариулж, шүүх эмнэлэгт толгойн зураг авахуулсан ба эмчилгээний зардалд ойролцоогоо 100.000-200.000 төгрөг зарцуулсан. Би эмчилгээний зар;алд шүүгдэгч Ц.Иоос нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний бие, эрүүл мэндийн байдал хэвийн зүгээр байгаа. Ц.Итой сайн дураар эвлэрсэн.” гэсэн мэдүүлэг,

 

4. Хохирогч Ц.И-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“ 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд өдөр шилжих шөнө 00-01 цагийн орчим Б.Х бид хоёр маргалдаж харилцан зодолдсон. Уг маргаан, зодооны улмаас би баруун гуяндаа шарх авч, Гэмтлийн эмнэлэгт дөрөв хоног хэвтэж эмчлүүлсэн ба нийт 200.000-300.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх. Одоогийн байдлаар биед зовиур байхгүй, шарх эдгэсэн байгаа. Тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан ба пабны хаалгаар гарахдаа хоорондоо шүргэлдсэнээс болж, хэн хэндээ хүлээцтэй хандаж чадаагүйн улмаас маргаан болж ийм асуудал гарсан. Хохирогчийн хувьд надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би Б.Хтой сайн дураар эвлэрсэн.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 1261 0012 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.И-ийн хохирогчоор өгсөн:  

“....2018 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнх-Намир” гэх нэртэй караокед найз Энхболдын хамт 0.5 литрийн архи 1 шил, 4-5 пиво уусан. Тухайн караоке хаах болоод гарах гэж байтал хажуу талын ширээнд сууж байсан хүмүүсийн нэг эмэгтэйтэй нь би маргалдсан. Тэгэхэд тэр эмэгтэйгийн нөхөр нь ирээд цохих гээд байхаар нь би гараараа нүүр рүү нь түлхтэл бармен залуу “зодоон хийхгүй шүү, та нар” гээд хөөгөөд гаргахад, намайг нэг танихгүй эрэгтэй барьж аваад хоорондоо ноцолдоод газар унаад босох үед араас нэг эмэгтэй миний мөрнөөс татаж унагаасан.

Би газар унаад босох үед миний хөл халуун оргиод гишгэхэд зовиуртай байсан ба миний баруун гуянаас цус гарч байсан. Тэгээд хажууд байсан эмэгтэйг барьж аваад найз Энхболдод “цагдаа дууд” гэж хэлсэн ба цагдаа ирсэний дараа би Гэмтлийн эмнэлэг явсан.

Би газар унаад босохдоо Б.Хыг хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Хаана нь, яаж өшиглөснөө санахгүй байна. Мөн Б.Х намайг хаана, яаж цохисоныг мэдэхгүй байна. Миний баруун хөлийн гуяны урд хэсэгт 10 см орчим хутгалуулсан шарх, баруун талын ташаа хэсэгт зулгарсан, зүүн талын гарын булчин хэсэгт, мөн зүүн талын хавирганд хөхөрсөн байсан.

Караокенээс гараад надтай маргалдсан залуу над руу дайрч ноцолдох үед миний баруун талын гуяны урд хэсгийг хутгалсан. Би тухайн үед согтсон байсан, гэхдээ болсон үйл явдлыг санаж байна.

...Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Уг гэмтлүүдийг миний биед Б.Х учруулсан гэж бодож байна. Би Б.Хтой маргалдаж байх үед эхлээд гараа нүүрэнд нь тулгаж байгаад нэг удаа түлхсэн, газар унаад босохдоо мөр, толгой хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Би зүгээр байж байгаад хүнд хутгалуулж гэмтсэндээ гомдолтой байна. Би 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд хэдэн төгрөг зарцуулсанаа мэдэхгүй байна. Надад эмчилгээний төлбөртэй холбоотой баримт бичиг байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х, 17х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Х-ын хохирогчоор өгсөн:

“....2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би ажлаас гарах өргөдөл өгсөн юм. Тэгээд би ажлынхаа ах нартай 0.5 литрийн 1 шил, 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тэгээд манай эхнэр Ариунзаяа намайг орой 21 цагийн үед ажлаас ирж аваад бид хоёр Яармаг руу гэртээ явсан. Тэгэхэд манай найз Орхонцэцэг “Мөнх-Намир” нэртэй караокед ганцаараа пиво уугаад сууж байхаар нь бид эхнэртэйгээ хамт ороод нэг, нэг шил пиво ууж, бид 3 хоорондоо юм ярьж суусан. Тэгж байгаад 00 цаг өнгөрч байхад гарах гэхэд Энхболд гэдэг залуу хаалга дээр хөндөлсөж зогсож байсан. Би хажуугаар нь гарахдаа гараараа жаахан холдуулж түлхээд гартал намайг нэг удаа цохисон ба би сандал дээр унаад босож ирсэн. Тэгээд караокенээс гартал миний араас Идэрцог, Энхболд нар гарч ирээд толгой тус газар цохиод би газар унасан. Тэгэхэд тэр хоёр нийлээд намайг өшиглөөд байсан ба би тэр хоёроос зугтаахад Идэрцог миний араас хөөж ирээд цохиж зодоод байсан.

Идэрцог намайг газар унасан байхад толгой, нүүр хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Өөрөөр намайг яаж зодсоныг нь мэдэхгүй байна, би босоод нүүрээ дараад газар хэвтсэн юм.

Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Уг дүгнэлтэд тусгагдсан баруун талын чамархайн хөхлөгийн ясны зөрүүгүй шугаман хугарал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт зэрэг гэмтлүүдийг Идэрцог миний толгой, нүүр рүү 3-4 удаа өшиглөж учруулсан. Духны баруун хэсэг, баруун мөрний ар хэсэг, зүүн бугалганы урд доод хэсэг, баруун, зүүн өвдөгний дотор хэсгүүдэд зулгаралт, зүүн бугалганы доод хэсэгт зулгаралт гэмтлүүд нь намайг газар унах үед учирсан байна.

...Идэрцог бид хоёр харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулж хохирсон учир надад гомдол санал байхгүй. Хэн хэн нь эмнэлгээр явж, эмчилгээ хийлгэсэн. Иймд өөр өөрсдийн үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээе гэж бодож байна. Би Идэрцог гэдэг залууг танихгүй, маргаан болсоны дараа нэрийг нь мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х, 24х

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Э-ын гэрчээр өгсөн:

“...Би найз И-ийн хамт 19 цагийн үед Мөнхнамир караокед орж үйлчлүүлж байхад нэг танихгүй эмэгтэй орж ирсэн. Хэсэг хугацааны дараа бид маргалддаг залуу нэг эмэгтэйтэй хамт орж ирээд түрүүлж орж ирсэн эмэгтэйн ширээнд хамт суусан. Уг караокед найз Идэрцог тухайн хүмүүстэй маргалдсан юм шиг байсан ба бид бөөнөөрөө караокеноос гарахад тэдгээр хүмүүс манай найз руу дайраад байхаар нь би салгах гэтэл нэг эмэгтэй надаас зуураад тавихгүй байсан. Бид нар замын зүүн талд гараад хоорондоо ноцолдоод арай гэж салаад найз дээрээ очиход Идэрцогийн хөлнөөс нь цус гарсан байсан ба “намайг яаж байгаа юм бэ” гээд байсан.

И, Х нар ямар шалтгааны улмаас маргалдсаныг би мэдээгүй. Тухайн үед Идэрцог бид хоёр 0.5 литрийн Соёрхол архи нэг шийлийг, 4 шил Сэнгүр пиво уусан, их согтсон зүйл байгаагүй, хийж байгаа үйлдлээ хянах чадвартай байсан. Хонгор нь намайг цохиж зодоогүй. Идэрцогийг зодсон талаар би мэдэхгүй байна. Намайг Хонгортой явж байсан эмэгтэйтэй зууралдаж байх үед Идэрцогийн гуяанд гэмтэл учирсан байсан. Баруун талын гуянд нь юм зоогдсон юм шиг шинжтэй цус гарч байсан тул би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-38х/,

 

4. Гэрч Ш.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Шуугилдаж байгаад нэг залуу нь “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гээд орилсон. Тэгэхээр нь би нэгнийгээ хутгалсан юм байх гэж бодоод 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Би тэр хүмүүсийг огт танихгүй. Яагаад хутггалсныг мэдэхгүй. Хутгалж байхыг хараагүй, хутга байсан үгүйг мэдэхгүй. Ярианаас нь сонссон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 97х/,

 

5. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1166 дугаартай:  

1. Б.Хын биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, дух, баруун мөр, зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шүүх эмнэлгийн 6347 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, шинжээч эмч нарын хамтарсан 907 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 59х/,

 

6. ШШҮХ-ийн 2018 оны 08 сарын 15-ны өдрийн 907 дугаартай хамтарсан шинжээчдийн дахин гаргасан 907 дугаартай:

1. Б.Хын биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун мөр, зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. 2018 оны 05 сарын 16-ны өдрийн Толгойн КТГ 1 ширхэг зургийг дахин уншуулахад  баруун талын чамархайн хөхлөгийн хөндий ясны зөрүүгүй шугаман хугарал гэмтэл тогтоогдоогүй тул ШШҮХ-ийн ШЭШГ-ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6347 тоот дүгнэлт үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 47-48х/,

 

7. ШШҮХ-ийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 6381 дугаартай:

1. Ц.Иийн биед баруун гуянд гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, шуу, ташаанд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх баруун гуяны гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 61х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.И-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх-Намир” нэртэй караоке пабд найз Энхболдын хамт орсон. Тэгээд архи, пиво ууж байгаад гарах үед хажуугийн ширээнд сууж байсан нэг эмэгтэйтэй маргасан. Яагаад маргаснаа санахгүй байна. Гэтэл түүний нөхөр гэх Хонгор гэдэг залуу “эхнэртэй нь маргалаа” гээд надтай маргалдаж, бид хоёр пабнаас гарч, гудамжинд муудалцаж, барьцалдаж зууралдсан.

Б.Х намайг газар унагааж би босож иртэл миний баруун гуянаас цус гарч байсан. Би Б.Х-ыг “намайг хутгалчихлаа” гэж бодсон боловч тухайн үед би хутга огт хараагүй ба би газар унаад босоход миний хөл хатгагдсан байсан. Тухайн үед Б.Х-ын гарт хутга байгаагүй, юунд хатгагдсанаа мэдээгүй. Тэгээд цагдаа сэргийлэх болсон.

Б.Х бид хоёр харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан учир одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед нилээн согтуу байсан ба Б.Х мөн адил согтуу байсан байх. Би Б.Хыг гараараа тулгаж байгаад түлхсэн, мөн түүнийг цохиж гэмтээсэн нь үнэн.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 109-111х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Х-ын яллагдагчаар өгсөн:

 “...Би “Оргил” рашаан сувилалд ахлах тогоочоор ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа гарах өргөдөл өгөөд ажлынхаа ах нартай хоёр шил архи хувааж уусан. Манай эхнэр Ариунзаяа 21 цагийн үед намайг ажил дээрээс, машинтай ирж авсан ба бид хоёр Яармаг руу гэртээ харихаар явж байсан. Тэгээд харих замдаа найз Орхонцэцэг Яармагийн “Мөнх-Намир” нэртэй караокед “ганцаараа пиво ууж байна” гэхээр нь эхнэр бид хоёр тийшээ орж нэг, нэг пиво уугаад, бид гурав юм ярьж сууж байгаад гарах үедээ Идэрцог гэдэг залуутай маргалдсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад,  харилцан зодолдсон ба баарнаас гарах гэж явж байхад Идэрцог намайг шууд цохиод авсан ба гараад явах гэхэд гаргахгүй, араас зууралдаад байсан.

Тэгээд гадаа гараад газарт унахад нүүр, толгой руу өшиглөөд байсан. Би мөн Идэрцогийг түлхэж, түүнтэй барьцалдаж, түүнийг газарт унагасан. Идэрцог газарт унаад босож ирэхдээ “чи намайг хутгалсан” гэж хэлсэн ба хөлнөөс нь цус гарч байсан. Би түүнийг хутгалаагүй, гэхдээ газар унагасан учир унах үед гэмтсэн байх. Тухайн газарт нь гэмтэх зүйл байсан байх гэж бодож байна. Харанхуй байсан болохоор юм харагдаагүй, бид хоёр маргалдан барьцалдаж, зодолдсоны улмаас бие биедээ гэмтэл учруулсан. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёрын дунд урьд өмнө нь хэрүүл маргаан болж байгаагүй, өс хонзон, өр авлагын асуудал байхгүй бөгөөд бие биенээ таньж мэддэггүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 103-105х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтууд /хэргийн 72х, 78х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч нар гаргасан тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Х, Ц.И нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн нэр бүхий хохирогч нар нь эмчилгээний төлбөр зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохоо тус тус илэрхийлсэн, прокурорын хяналтын шатанд /хэргийн 129-130х/ шүүгдэгч нар нь тус бүрдээ “өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаснаар прокурорын 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор Б.Х, Ц.И нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хохирогч, шүүгдэгч нарт танилцуулахад тэдгээр нь зөвшөөрч татгалзаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.И, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхнамир” караоке баарны гадна иргэн Ц.Итой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож, Ц.Иийн биед “баруун гуянд гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, шуу, ташаанд зулгаралт, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Ц.И нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхнамир” караоке баарны гадна иргэн Б.Хтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож Б.Хын биед “тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, дух, баруун мөр, зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ц.И  /хэргийн 12-13х, 17х/, Б.Х /хэргийн 21х, 24х/ нарын мэдүүлэг, гэрч  Ж.Э /хэргийн 36-38х/, Ш.Ц /хэргийн 97х/ нарын мэдүүлэг,

- хохирогч Б.Х-ын биед “тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, дух, баруун мөр, зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн 6347 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, шинжээч эмч нарын хамтарсан 907 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1166 дугаартай дүгнэлт /хэргийн 59х/, ШШҮХ-ийн 2018 оны 08 сарын 15-ны өдрийн 907 дугаартай хамтарсан шинжээчдийн дахин гаргасан 907 дугаартай дүгнэлт /хэргийн 47-48х/,

- хохирогч Ц.И-ийн биед “баруун гуянд гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, шуу, ташаанд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх баруун гуяны гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 6381 дугаартай дүгнэлт /хэргийн 61х/ болон шүүгдэгч Ц.И, Б.Х нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн /хэргийн 103-105х, 109-111х/ мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Хын биед учирсан “тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, дух, баруун мөр, зүүн бугалга, баруун, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ц.И түүнийг цохиж зодсон,  хохирогч Ц.Иийн биед учирсан “баруун гуянд гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, шуу, ташаанд зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Х түүнийг түлхэж газарт унаган цохиж зодсон үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь нотлогдож тогтоогдсон, нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.   

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас нэр бүхий шүүгдэгч Ц.И, Б.Х нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд нь тохирсон  байна.

 

Хэргийн шүүгдэгч Б.Х, Ц.И нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн тэдгээр нь хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцсэн үндэслэлээр шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.  

Дээр дурьдсан үндэслэлээр шүүх шүүгдэгч Б.Х, Ц.И нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн харицлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Б.Х, Ц.И нар нь гэмт хэргийн улмаас өөрт  учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр  хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тус тус “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”  хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Х, Ц.И нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Х, Ц.И нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 72, 78 талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

 

Нэр бүхий шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.    

   

Шүүгдэгч Б.Х, Ц.И нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, тэдгээр нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Ц.И, Б.Хт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц Б.Х, Ц.И нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                             

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын Х, Б овогт Ц-ын И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х, Ц.И нарыг тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Х, Ц.И нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Х, Ц.И нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.И, Б.Х нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Х, Ц.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД