Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 88

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ч-ын Г-т холбогдох эрүүгийн 17100 0599 0888 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, хохирогч М.С, шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Р.Батцогт нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Элитийн 25 дугаар байрны 23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Ч-ын Г /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Ч.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн М.С, Н.Ч нарт “ногоон паспорт гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар хуурч, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орчлон хотхоны 32 дугаар байрны гадна 9.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                                 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г-ийн өгсөн:

“...2017 оны хавар 4-р сарын үед надтай хамт Иргэний бүртгэлийн газарт ажиллаж байсан Номинзулын нөхөр нь надруу утсаар ярьж,  утасдаж “Гадаад явдлын яаманд таньдаг хүн байна уу, ногоон паспорт гаргуулах хэрэгтэй байна, найзуудад хэрэг болоод” гэж ярьсан. Тухайн үед нь өөрт таних хүн байхгүй болохоор хүнээс асуугаад хариу өгье гэж хэлсэн юм. Тэгээд 3 хоногийн дараа таньдаг хүнээсээ асуухад болчих байхаа гэхээр нь Номинзулын нөхөр рүү нь залгаад “болчих юм шиг байна, нөгөө хүмүүсдээ хэлээд бичиг баримтыг нь аваад ирээрэй” гэж хэлсэн.

Тэгээд дараа нь М.Сос 6.000.000 төгрөг, Н.Чоос 3.000.000 төгрөг авсан боловч нөгөө хүн маань худал хэлээд 2017 оны 6 дугаар сараас эдгээр хохирогч нарын мөнгийг бага багаар нь буцааж өгсөн. Мөнгө хүлээж авахдаа зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн авсан юм. 

Надад ногоон паспорт гаргаж өгөх эрх байхгүй, Иргэний бүртгэлийн ажилтан ногоон паспорт гаргадаггүй гэдгийг мэднэ. Би таньдаг хүнээс гаргаж болох уу гэж асуухад болно гэж хэлэхээр нь хохирогч нараас авсан мөнгөө түүнд өгсөн, одоо тэр хүн нь гадаад руу явсан учир би холбогдож чадахгүй байгаа. Би Номинзулд ногоон паспорт гаргаж чадна гэж яриагүй, Гадаад хэргийн яаманд ажилладаг таньдаг хүн байгаа гэж хэлж байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би хохирогч нарын төлбөр хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Дахин ийм асуудал гаргахгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С-ийн өгсөн:

“...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр найз Ганчимэгээр дамжуулан Г-тэй холбогдсон. Тухайн үед би найздаа “хүүхдээ Сс явуулж сургамаар байна, сургалтын төлбөрийг нь хүнээс зээлсэн байгаа” гэхэд Ганчимэг надад “Г- гэдэг хүн ногоон паспорт гаргадаг юм байна, 45 хоногт гаргаж өгдөг юм байна. Тэгэхээр чи хүүхдээ явуулахаас өмнө өөрөө явж, ажиллаад ирэх боломжтой” гэж хэлсэн. Тухайн үед би ногоон паспорт зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгодог талаар мэдэж байсан хэдий ч хууль бус юм хийж байгаа гэж ойлгоогүй байсан. Анх надад тайлбарлахдаа “байгууллагын тушаал гаргаж өгөөд би тэр тушаалтайгаа Сс руу томилолтоор явж байгаа мэт гарна” гэж ойлгосон бөгөөд дараа нь ногоон паспортыг албан ажлын шугамаар авдаг гэдгийг ойлгож мэдсэн. Миний хувьд их гомдолтой, хохиролтой байна. Би хүүхдийнхээ сургалтын төлбөрөөр хохирсон, миний хүүхэд өнөөдөр 2 дугаар дамжаанд суралцах ёстой байтал надад сургалтын төлбөр хийх чадвар байхгүй. Анх би Г-т “хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өгч байгаа шүү” гэж анхааруулж хэлж байсан. Г-ээс цувуулаад мөнгөө буцааж авсан хэдий уг мөнгийг өрөндөө өгөөд дуусгасан болохоор сэтгэл санаа болон хүүхдийн маань ирээдүйгээр маш их хохирсон. Тухайн үед сарын хугацаанд ажил хийж, хүүхдээ хурдан сургуульд нь явуулчих юмсан л гэж бодож байсан. Өнөөдрийн байдлаар Г- 5.400.000 төгрөгийг цувуулж төлсөн. Зээлийн гэрээнд алданги, хүү тооцно гэсэн учир хүү алданги тооцож хохирлоо барагдуулж авмаар байна. Г-ээс надад 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 600.000 төгрөгийг Гэрэлтуяа гэдэг хүний дансаар шилжүүлсэн, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг найз Ганчимэгийн дансаар дамжуулж авсан. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгөөр нэг удаа, 500.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлгэ хийж нийт 1.500.000 төгрөг авсан. 

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 700.000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 1.400.000 төгрөг шилжүүлж төлсөн. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 800.000 төгрөг, нийт 5.800.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бэлнээр 200.000 төгрөг өгсөн. Үүнээс 400.000 төгрөгийг би хохирогч Н.Чт хүлээлгэн өгсөн. Учир нь Чимэд-Очир бид хоёр цуг явж Г-тэй холбогдож хохирсон байсан.

Г- 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н.Чт бэлнээр 2.800.000 төгрөг төлөөд 200.000 төгрөг надад өгсөн. Тэгэхээр одоо үлдэгдэл 200.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 0371 0576 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.С-ийн хохирогчоор өгсөн:

“...Би анх 2016, 2017 онуудад өөрийн багын найз Ганчимэгт “гадаад улс руу явж ажил хиймээр байна” гэж хэлэхэд “найдвартай ногоон паспорт гаргадаг хүн байна, өөрийгөө яаманд ажилладаг гэж байсан, паспортыг ажлын 21 хоногт гаргадаг. Урьдчилан 3.000.000 төгрөг аваад паспортаа гар дээрээ авахдаа үлдэгдэл 3.000.000 төгрөгөө өгөх юм байна” гэж надад хэлсэн. Тэгээд би ногоон паспорт гаргуулах болоод 6.000.000 төгрөг бэлдсэн байсан.

Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх дүүргийн Засаг даргын тамгын газрын ертөнцийн зүгээр хойд талд нь байрлах нотариатын газарт очиж Ч.Г-тэй зээлийн гэрээ байгуулж, бэлнээр 6.000.000 төгрөг өгч, ...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ногоон паспортыг бэлэн гаргаж өгөхөөр тохиролцсон.

Тэгээд Ч.Г нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны үед миний 8030-0838 дугаар луу өөрийнхөө 8812-5161 дугаараас залгаад “паспорт чинь гарчихлаа, өнөөдөр орой 18:00 цагт уулзъя” гэж хэлээд утсаа салгасан. Тэр өдрөөс хойш утсаа авахгүй алга болсон ба наадмын өмнө миний 8030-0838 дугаар луу үл таних эмэгтэй хүн залгаж “чи Ч.Гт паспорт гаргуулахаар мөнгө өгсөн хүн мөн үү” гэхээр нь “тийм байна” гэж хэлэхэд “паспорт чинь бэлэн болсон, дарга гарын үсэг зурж тамга дараад л боллоо” гэж хэлээд гар утсаа салгасан.

Мөн үүнээс хойш 10 хоногийн дараа би зээлийн гэрээнд бичигдсэн Ч.Гийн гэрийн хаягаар очиход үл таних эмэгтэй хүн байсан ба Ч.Гийн төрсөн дүү гэж байсан ба ...тэр хүн Ч.Г-ийн “хаана байгааг нь мэдэхгүй” гэж байсан. Тэгээд Ч.Г-ийг хайж яваад Дүнжингарав хороололд амьдардаг гэрийнх нь хаягийг мэдэж авсан юм.

2017 оны 6 дугаар сарын 28-ны үед Ч.Гийн дүү Гэрэлтуяагаас 600.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5059394863 дугаарын данс руу шилжүүлж авсан. Мөн Ч.Г нь өөрөө 2017 оны 8 дугаар сард 2.000.000 төгрөгийг найз С.Ганчимэгийн данс руу шилжүүлсэн байсныг би С.Ганчимэгээс 2.000.000 төгрөг авсан. Хамт мөнгөө алдсан учир Н.Чт уг 2.000.000 төгрөгнөөс 400.000 төгрөгийг би өгсөн.

Би Ч.Г-ийг танихгүй, гадуур паспорт гаргуулах гэж яваад тааралдсан юм. С.Ганчимэг надаас мөнгө аваагүй. Ч.Г өөрийгөө Иргэний бүртгэлийн байгууллагад ажилладаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг гэж танилцуулж хэлсэн.

Би Ч.Гт нийт 6.000.000 төгрөг өгсөнөөс 5.700.000 төгрөгийг буцааж авсан ба одоо 300.000 төгрөгийг аваагүй байна. Харин надтай хамт паспорт гаргуулахаар мөнгө өгсөн Н.Ч нийт 3.000.000 төгрөг өгсөнөөс 2.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Анх нотариатын газарт Н.Ч, С.Ганчимэг болон Н.Ч-ын эгч гэх эмэгтэй бид дөрөв хамт очсон. Харин Ч.Г нь үл таних залуугийн хамт ирсэн ба автомашинтай ирлээ гэж хэлсэн боловч би автомашиныг нь хараагүй.

Тухайн үед Ч.Г-тэй хамт явж байсан залуу “паспортоо хүлээж авах хүртлээ хүлээцтэй байгаарай, ажлын 21 хоногт гаргана, зуны улирал болж байгаа учраас дарга нар хөдөө явчихдаг шүү, урьд нь өөр нэг хүнд ногоон паспорт гаргаж өгч байсан” гэж ярьж байсан. 31-32 орчим насны, өндөр, туранхай залуу байсан. Өөрийгөө Энх-Одын найз гэж хэлж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-22х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ч-ын хохирогчоор өгсөн:

“...Манай найз Эрдэнэбаярын эхнэр С надад 2017 оны 03 дугаар сард “ногоон паспорт гаргадаг хүн байна, чи материалаа хамт өгөх үү. Нөхөр бид хоёр хамт өглөө” гэж хэлэхээр нь би зөвшөөрч, ногоон паспорт гаргуулж авахаар болсон. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр С нь миний урьд өмнө таньж мэдэхгүй Г- гэх эмэгтэй хүнтэй уулзуулаад, ногоон паспорт гаргуулах болж, би өөрийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулан Г-т бэлнээр 3.000.000 төгрөг өгч, бид нар нотариатын газарт зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Г- “паспорт 45 хоногийн дотор гарна, энэ хугацаанд над руу байнга утасдаж асууж байгаарай” гэж хэлээд салаад явсан. Тэгээд 45 хоногийн дараа С бид хоёр Г-ийн гар утас руу удаа дараа залгасан боловч огт утсаа авахгүй байсан ба 2017 оны 07 дугаар сард нэг удаа утсаа аваад “удахгүй паспорт чинь гарна, та хоёр үлдсэн мөнгөө бэлдэж байгаарай” гэж хэлээд утсаа салгасан. Үүнээс хойш дахин залгахад утсаа авдаггүй байсан.

Солонгийн найз нь Г-ийн танил гэж хэлээд, С бид хоёрыг анх Г-тэй уулзуулж байсан ба Г- өөрийгөө “паспортын хэлтэст ажилладаг, урьд нь 2-3 удаа ногоон паспорт гаргаж байсан” гэж хэлж байсан. Нэг хүний паспортыг 5.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлээд тохиролцоод үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь паспортоо гарсны дараа өгөхөөр тохиролцож байсан.

...Би Ч.Гт өгсөн 3.000.000 төгрөгийг бүрэн хүлээж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-29х, 96-97/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Н-ын гэрчээр өгсөн:

   “...Г- нь өөрийгөө “танил олонтой, урьд өмнө нь мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан, аль ч байгууллагад хандсан тусалж чадна” гэж хэлж байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа бид хоёр хамт өдрийн цайгаа ууж байхад миний гар утас дуугараад надтай дунд сургуульд сурч байсан ангийн найз Равдандорж залгаад “яаралтай ногоон паспорт гаргамаар байна, надад яаралтай хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь “манай байгууллагад ногоон паспорт ямар ч хамаагүй ээ, гэхдээ таньдаг хүн юу байна, би асууя” гэж хэлээд гар утсаа салгасан чинь Г- шууд “манай дүү Нараа Гадаад явдлын яаманд ажилладаг, тийм учраас ногоон паспорт асуудалгүй авч чадна” гэж хэлж байсан юм.

Тэгээд тэрнээс хойш Г- байнга “ногоон паспорт гаргуулах хүн байвал хэлээрэй, 5.000.000 төгрөгөөр гаргана шүү, зөвхөн иргэний үнэмлэхийн хуулбар, 3 хувь цээж зураг байхад болно” гэж хэлж ярьдаг байсан. Би ангийнхаа хүмүүст “ногоон паспорт 5.000.000 төгрөгөөр гаргадаг гэж байна шүү” гэж фейсбүүк ангийн группдээ зар тавьсан чинь манай ангийн найз Ганчимэг надтай холбогдоод “паспорт гаргуулъя, найдвартай юу” гэж асуухаар нь “найдвартай, тэр хүний дүү нь Гадаад явдлын яаманд ажилладаг гэсэн, битгий санаа зов” гэж хэлсэн. Тэгээд Г-т “ер нь ногоон паспорт гаргуулах хүмүүс олдох юм шиг байна, таны гар утасны дугаарыг хэллээ шүү, та өөрөө тайлбарлаж хэлээрэй” гэж хэлэхэд “миний утасны дугаарыг хүнд өгч хэрэггүй ээ, чи өөрөө наад хүмүүстэйгээ гэрээ байгуулаад надтай гэрээ байгуул” гэж хэлдэг байсан.

Тэгээд би АНУ руу явахаар болоод 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр явсан. Намайг тэнд байх хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын эхээр Ганчимэг надтай фейсбүүк хаягаар холбогдоод “манай 3 найз ногоон паспорт гаргуулъя гэсэн, чи нөгөө хүнтэйгээ холбоод өгөөч” гэж хэлэхээр нь би АНУ-аас Г-ийн гар утас руу нь залгаад “манай найзууд байна, та найдвартай гаргана биз дээ” гэж асуухад “мөнгө нь бэлэн юм бол ямар ч асуудалгүй ээ, надад угаасаа мөнгөний хэрэгцээ байна. Наад хүмүүстэй чинь яаж холбогдох вэ” гэхээр нь би “нөхөртөө хэлээд холбогдуулъя” гэж хэлсэн.

Тэгээд би нөхөртэйгээ холбогдоод “манай найз ногоон паспорт гаргуулъя гэж байна, манай ажлын эгч гаргаж өгдөг юм, тийм болохоор чи манай найз Ганчимэгтэй холбогдоод урьдчилгаа төлбөрт 3.000.000 төгрөг, 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбарын хамтаар бэлдүүлдээд наад хүмүүсээ Г-тэй холбоод өгчих” гэж хэлсэн юм. Би Г-тэй дахин утсаар холбогдоод “манай нөхөр манай найз нарыг мөнгө төгрөгөө бэлд гээд хэлчихсэн, та яриарай” гэж хэлээд нөхрийнхөө гар утасны дугаарыг хэлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-42х/,

 

4. Хохирогч шүүгдэгч нарын мөнгө хүлээлцсэн талаархи 2017 оны 04 сарын 14-ны өдрийн Зээлийн гэрээ баримтууд /хэргийн 45-46х/, 

 

5. Хохирогч М.С-ын Хаан банкны 5059394863 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 73-79/,

 

6. Хохирогч Н.Чт хохирлын мөнгө болох 2.600.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн тухай эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримт /хэргийн 109/,

 

7. Хохирогч М.Сд хохирлын мөнгө болох 200.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримт болон  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохиролд 200.000 төгрөг хүлээн авсан тухай тодорхойлолт баримт /хэргийн 110, 135х/,

 

8. Шүүгдэгч Ч.Гээс хохиролд 2.800.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаархи мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 94х/, 

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Гийн яллагдагчаар өгсөн:

“...Анх 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр надтай урьд нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгчээр ажиллаж байсан Номинзулын нөхөр болох Энх-Од миний 8812...утасны дугаар луу залгаад “би Номинзулын нөхөр нь байна, таньд Гадаад явдлын яаманд таньдаг хүн байгаа юм чинь ногоон паспорт гаргуулаад өгөөч ээ, манай найзууд гаргуулах гэсэн юм” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би өөрийн найз Баяраатай утсаар холбогдоод энэ тухай асуухад надад “болно” гэж хэлэхээр нь Энх-Одын гар утас руу нь залгаад “хүнээс асууж үзсэн чинь болно гэж байна” гэхэд “би паспорт гаргуулах хүнтэйгээ холбоо бариад таньд хэлье” гэж хэлсэн.

Тэгээд маргааш өдөр нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр намайг гэртээ байхад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Санни Таун”-ны гадна Энх-Од өөрийнхөө найз гэх 30 гаран насны үл таних залуугийн хамтаар ирж намайг авсан.  “Манай найзууд одоо ирж байгаа” хэлээд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын ертөнцийн зүгээр хойд талын орон сууцны 1 давхарт байрлах нотариатын газар руу явсан ба замдаа Энх-Од надад “би одоо уулзах гэж байгаа хүмүүст харагдаж болохгүй ээ” гэж хэлээд машин барьж явсан найзыгаа тэр хүмүүстэй уулзуулсан.

Тэр найз нь нөгөө хүмүүстэй уулзаад буцаж машин дээр ирээд “бичиг баримт, мөнгө төгрөгийг нь авахаар боллоо, та зээлийн гэрээ байгуулаад мөнгөө авчих” гэж хэлсэн. Тэгээд Энх-Одын найз гэх машин барьж явсан залуу, С, Чимэд-Очир бас үл таних эмэгтэй бид 5 нотариатын газар орж, би С, Чимэд-Очир нартай Зээлийн гэрээ байгуулж С, Чимэд-Очир нараас бэлнээр 9.000.000 төгрөгийг тоолж авсан. Тэгээд нөгөө Энх-Одын найз гэх залуу уг хүмүүстэй уулзаад үлдсэн. Харин би түрүүлж гарч ирээд машинд нь очиж суугаад 2.800.000 төгрөгийг Энх-Одод өгсөн ба үлдэгдэл мөнгийг өөртөө авсан.

Яагаад Энх-Од уг мөнгийг авах болсон бэ гэхээр “эхнэр нь АНУ-д төрөх гэж байгаа, надад мөнгөний хэрэг гараад байна, надад мөнгө өгөөч” гэж хэлсэн болохоор нь өгсөн юм.  Хэсэг хугацааны дараа найз нь гарч ирээд намайг гэрт хүргэж өгөөд явсан. Би гэртээ ороод найз Баяраатай гар утсаар холбогдоод “мөнгө болон бичиг баримтыг нь авчихлаа” гэж хэлэхэд Баяраа тухайн өдрийн орой нь манай гэрт ирж надаас Чимэд-Очир, С нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тус бүр 1 хувь цээж зургийг 6.000.000 төгрөгийн хамтаар аваад явсан.

Тухайн үед надад “ногоон паспорт нэг сарын дараа гарна” хэлж байсан ба хэлсэн цаг хугацаа нь болсон байхад ногоон паспортууд гараагүй. Тэгэхээр нь би Баяраагийн ажлын газарт хэд хэдэн удаа очиход гадуур ажилтай гээд байхгүй байсан учир уулзаж чадаагүй. Ингээд байж байтал 2017 оны 06 дугаар сард С, Чимэд-Очир нар нь Цагдаагийн байгууллагад хандсан байхаар нь би Баяраад энэ тухай хэлсэн чинь “паспорт гаргаж өгөхөө болилоо, чи мөнгийг нь надаас аваад буцааж өг” гэж хэлсэн. Тухайн үед Баяраа надаас авсан 6.000.000 төгрөгийг бага багаар нь хувааж өгч байсан ба би тэр мөнгийг нь Солонгын Хаан банкин дахь данс руу нь шилжүүлж өгдөг байсан. Ингэж явсаар байгаад нийт 6.200.000 төгрөгийг би шилжүүлж өгсөн. Харин үлдэгдэл болох 2.800.000 төгрөгийг Энх-Од өгөх ёстой байгаа юм. Мөн Номинзул надтай АНУ-аас нэг удаа холбогдож ярьсан ба тэр үед надад “манай нөхрийг мөнгө авсан гэж хүмүүст битгий хэлээрэй, бид нар найзууд байгаа юм” гэж хэлж байсан. Баяраа нь одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Гадаад явдлын яамны гадаа очоод залгахад гараад ирдэг байсан ба тэнд ажилладаг гэж надад хэлж байсан. Би ажил руу нь орж үзээгүй. Харин гадаа ирчихлээ гэхэд гадуур ажилтай байна гэж хэлдэг байсан.

Би Баяраад мөнгө өгсөн нь үнэн, манай гэрийн гаднаас 6.000.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Би 2008-2012 онуудад Дорноговь аймгийн Замын-Үүд сумд хилийн мэргэжлийн хяналтын албанд эрүүл ахуй, халдвар судлалын байцаагчаар ажиллаж байх хугацаанд Баяраа нь байнга хилээр орж гардаг байсан. Тэр үеэс эхлэн Баярааг таньж мэддэг болсон ба бид нар найзууд юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 88-91х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эмнэлгийн ариутгагчийн мэргэжлийн гэрчилгээ, бакалаврын дипломын хуулбар /хэргийн 102-105х/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 47х/, иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 66х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгасан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Г нь өөрийгөө  “...паспортын хэлтэст ажилладаг, урьд нь 2-3 удаа ногоон паспорт гаргаж байсан, Гадаад хэргийн Яаманд таньдаг хүн байгаа, 21-ээс 45 хоногт багтаан ногоон паспортыг гаргана, нэг хүний паспортыг 5.000.000 төгрөгөөр гаргаж өгнө, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь паспорт гарсны дараа авна.” гэж  худал амлан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн М.Сос 6.000.000 төгрөг, Х.Чимэд-Очироос 3.000.000 төгрөгийг тус тус бэлнээр авсан, уг мөнгийг 2017 оны 04 сарын сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 3 хувийн хүүтэй, зээл авч буй мэт тохиролцоог нотаиратаар гэрчлүүлэн “Зээлийн гэрээ” байгуулан авч, өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.С, Н.Ч нарын мэдүүлэг, гэрч Э.Номинзулын мэдүүлэг, хохирогч шүүгдэгч нарын мөнгө хүлээлцсэн талаархи 2017 оны 04 сарын 14-ны өдрийн Зээлийн гэрээ баримтууд /хэргийн 45-46х/, хохирогч М.С-ын Хаан банкны 5059394863 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 73-79/, хохирогч Н.Чт хохирлын мөнгө болох 2.600.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн тухай эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримт /хэргийн 109/, хохирогч М.Сд хохирлын мөнгө болох 200.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримт болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохиролд 200.000 төгрөг хүлээн авсан тухай тодорхойлолт баримт /хэргийн 110, 135х/, шүүгдэгч Ч.Гээс хохиролд 2.800.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаархи мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 94х/ баримтууд,  шүүгдэгч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож  тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

 

Шүүгдэгч Ч.Г нь өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, эрх мэдэл бүхий ажил, албан тушаал эрхэлдэггүй, мөн Гадаад харилцааны яамны Консулын газраас зохих хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмын дагуу зөвхөн албан ажлын шугамаар гадаадад зорчих эрх бүхий этгээдэд /төрийн захиргааны, төрийн тусгай албаны гэх мэт/ олгодог албаны баримт бичиг буюу албан паспортыг нэр бүхий хохирогч нарт гаргуулж өгнө гэж өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хууль бус дүр үзүүлэн хийсэн Зээлийн гэрээгээр халхавчилан хохирогч Н.Чоос 3.000.000 төгрөг, М.Сос 6.000.000 төгрөгийг тус тус авч, бусдын эд хөрөнгө буюу мөнгийг шууд санаатай, шунахай зорилгоор өөрийн эзэмшил өмчлөлд шилжүүлэн авч ашигласан нь  “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төрөөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй байна.   

 

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан өдрийн огноог “2017 оны 04 сарын 12”-ны өдөр гэж буруу бичсэн зөрчилтэй байдлыг “2017 оны 04 сарын 14”-ний өдөр гэж шүүх зөвтгөн дүгнэсэн ба энэ нь хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Хэргийн шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ч.Гийг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг /9.000.000 төгрөг/ өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эсүйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Шүүгдэгч Ч.Гийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Н.Чт 3.000.000 төгрөгийн, хохирогч М.Сд 6.000.000 төгрөгийн тус тус эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогч Н.Чт 3.000.000 төгрөгийг, хохирогч М.Сд 5.800.000 төгрөгийг тус тус бэлнээр болон мөнгөн шилжүүлгээр нөхөн төлсөн хэрэгт тодорхой баримттай байна.

Тодруулбал:

- хэргийн 73-78х талд авагдсан хохирогч М.С-ийн Хаан банкны 5059394863 тоот депозит дансанд  2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 600.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 700.000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 1.400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 800.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай дэлгэрэнгүй хуулга баримтаар шүүгдэгч нь нийт 5.800.000 төгрөгийг хохирогч Сд шилжүүлэн төлснөөс тэрээр 400.000 төгрөгийг нь хохирогч Н.Чт дамжуулан өгсөн гэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Чт хохирогч 2.600.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн тухай эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримт /хэргийн 109/ авагдсан зэргээс гэмт хэргийн улмаас хохирогч Н.Чын 3.000.000 төгрөгийн хохирол бүрэн нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар хохирогч “...би Ч.Гээс нийт 3.000.000 төгрөгийг бүрэн буцааж авсан, одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлсэн /хэргийн 98х/ баримттай байна.  

 

Хохирогч М.С-ийн тухайд өөрийн дансаар шилжүүлэн авсан нийт 5.800.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг хохирогч Н.Чт шилжүүлэн өгснөөр хохирлоос бэлэн бусаар 5.400.000 төгрөг нөхөн төлөгдсөн гэж үзэх ба хэргийн 100 дугаар талд авагдсан эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримтаар 200.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад тэрээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөрөө дамжуулан өгсөн /хэргийн 135х/ 200.000 төгрөгийг хүлээн авсан тухай тодорхойлолтыг шүүхэд бичгээр гаргасан баримттай зэргээс гэмт хэргийн улмаас хохирогч М.Сд учирсан 6.000.000 төгрөгийн хохирлоос 5.800.000 төгрөг нөхөн төлөгдсөн гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Н.Г-ээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 200.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Сд олгож шийдвэрлэх үндэслэлтэй.  

 

Хэргийн 74 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэж тэмдэглэгдсэн нь түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.     

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлж арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор нийтэд Ч.Гт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Ч нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                     

                                                        

                                                                ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Ч-ын Гийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Гт 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Г нь гэм хорын хохиролд М.Сд 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөг, Н.Чт 3.000.000 /гурван сая/ төгрөг тус тус нөхөн төлснийг дурьдаж, хохирлоос үлдэх 200.000 төгрөгийг Ч.Гээс гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 105 дугаар байрны 112 тоотод оршин суух, УС81100207 регистрийн дугаартай М.Сд олгосугай.

 

5. Энэ хэрэгт Ч.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД