Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00371

 

 

 

 

 

 

             

    2024         02            23                                       210/МА2024/00371

 

ККгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/03716 дугаар шийдвэртэй,

 

Япон улсын иргэн КК /KK/-гийн нэхэмжлэлтэй,

ПП ХХК, “ЭТ” ХХК, Ц.О нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 259,528,689 иен буюу 6,913,844,275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ПП ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч ПП ХХК-ийн өмгөөлөгч Т.Т, хариуцагч “ЭТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, түүний өмгөөлөгч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Япон улсын иргэн КК нь "ПП” ХХК, иргэн Ц.О нартай 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Зээлийн гэрээ”-г, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлдүүлэгч КК нь 200,000,000 иенийг зээлдэгч “ПП" ХХК, иргэн Ц.О нарт зээлүүлж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгч ПП ХХК-д шилжүүлсэн.

1.2. Зээлийн гэрээнд зааснаар зээлийн хүү жилийн 10 хувь, хүүгийн төлөлтийг сар бүрийн 10-ны өдөр, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл байхаар талууд тохирч гэрээг бичгээр байгуулан, нотариатаар батлуулсан.

Гэвч зээлдэгч нар зээлийн хүүд 5,457,612 иен төлсөн, зээлийн үндсэн төлбөр, хүүгийн бусад төлбөрийг төлөлгүй удаа дараа гэрээний үүргээ зөрчиж нэхэмжлэгчийг хохироосон.

1.3.  Зээлийн гэрээний 3.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан, зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

1.4.  Зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Барьцааны гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “ЭТ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.О нь өөрийн эзэмшилд байх компанийн нийт хувьцааны 34 хувийг буюу 34 ширхэг хувьцааг барьцаалсан.

 1.5. Иймд ПП ХХК-иас зээлийн үндсэн төлбөр 200,000,000 иен, зээлийн хүүгийн төлбөр 59,528,689 иен, нийт 259,528,689 иенийг  Монголбанкнаас  зарласан нэхэмжпэл гаргах үеийн ханшаар тооцож /1 иен 26.64 төгрөг/ 6,913,844,275 төгрөгийг   гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаалуулагчийн барьцаа хөрөнгө болох “ЭТ” ХХК-ийн 34 хувийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ПП ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ПП ХХК нь ККтай 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор Ц.О нь ККтай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээг байгуулсан.

Уг барьцааны гэрээгээр Ц.О нь “ЭТ” ХХК дахь өөрийн эзэмшлийн 34 хувийн 34 ширхэг энгийн хувьцааг барьцаалсан.

“ЭТ” ХХК-ийн 50 хувийн, нэг бүр нь 200 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг, хувьцааг Ц.С эзэмшдэг, үлдсэн 50 хувийн, нэг бүр нь 200 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг Ц.О эзэмшдэг. Тухайн үед хувьцаа эзэмшигч Ц.О нь “ЭТ” ХХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаанаас 34 хувь буюу 6,800 төгрөгийн үнэ бүхий 34 ширхэг энгийн хувьцааг барьцаанд тавихдаа 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Сд огт мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй.

Ц.С болон Ц.О нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.2-д “ЭТ” ХХК-ийн хувьцааг нөгөө талын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, бэлэглэх болон барьцаалах эрхгүй гэж заасан байхад өөрт нь  мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй барьцааны гэрээ байгуулсан нь өөрийнх нь  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж Ц.С удаа дараа шаардлагыг Ц.От хүргүүлж байсан.

КК, Д.Отгонбаатар нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл учир барьцааны гэрээнээс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.2. Мөн зээл авсан талаар маргахгүй, уг зээлийг компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор авсан байдаг ч Ковид-19 цар тахлаас шалтгаалан улс оронд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон 2020-2021 онуудад компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болж, орлого бууран зээлийн өр төлбөрийг төлөхөд хүндрэл учирсан.

Одоогоор компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл, шалтгааны улмаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд хүндрэлтэй байгаа бөгөөд уг зээлийн гэрээг байгуулахад батлан даагчаар оролцсон талуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн өр, төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа. Иймд, хариуцагчийн зүгээс одоогоор зээлийн өр, төлбөрийг өгөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн гэрээний дагуу хүү тооцсон тооцооллын хувьд илүү тооцон.

 

3. Хариуцагч “ЭТ” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч болон ПП ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “ЭТ” ХХК-ийн 50 хувийн хувьцааг барьцаалсан гэрээ байгуулсан.

 “ЭТ” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор иргэн Ц.Сын 50 хувийн эзэмшлийн хувьцаа, иргэн Ц.Оын 50 хувийн эзэмшлийн хувьцаатай болно.

“ЭТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.С нь иргэн Ц.Отай 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр Ц.О нь гаднаас хөрөнгө оруулагч оруулах, улмаар барилга байгууламжийн төслийг зургийн дагуу хамтран хэрэгжүүлэх зорилгоор “ЭТ” ХХК-ийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшихээр тохирсон. Хамтран ажиллах гэрээний 1.2, 1.4-т тус тус заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн “ЭТ” ХХК-ийн нэг бүрийн 200 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа Ц.С, Ц.О нар нь 50, 50 хувиар эзэмшсэн.

3.2. Хамтран ажиллах гэрээний 2.1-т “Төсөлтэй холбоотой аливаа шийдвэрийг компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэнэ”, мөн 2.2-т “А болон Б талууд нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр компанийн хувьцааг бусдад шилжүүлэх, бэлэглэх болон барьцаалах эрхгүй бөгөөд зөвхөн өв залгамжлалын журмаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрийн хувьцааг бусдад шилжүүлэх эрхтэй болно” гэж, мөн “ЭТ” ХХК-ийн дүрмийн 7.2-т “Компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн шийдвэрээр компанийн үйл ажиллагаа болон төслийн үйл ажиллагааг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 Гэтэл нэхэмжлэгч нь Ц.Отай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Барьцааны гэрээ” байгуулж, “ЭТ” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувь буюу 34 ширхэг хувьцааг барьцаалсан байх бөгөөд “ЭТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.О нь дээрх барьцааны гэрээг байгуулахдаа гүйцэтгэх захирал Ц.Сд энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй  нэхэмжлэл манай компанид хамааралгүй болно.

3.3. Түүнчлэн, дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Япон Улсын иргэн ККгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ПП ХХК-иас 257,336,908 иен буюу 6,855,455,229 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Япон Улсын иргэн ККд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,191,781 иен буюу 58,389,046 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан КК болон Ц.О нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Ц.О, “ЭТ” ХХК нарт холбогдох нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ККгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,787,372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ПП ХХК-иас 34,435,226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ККд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч “Петролиум продакшн” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. ПП ХХК нь Япон улсын иргэн ККтэй харилцан тохиролцож, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг 200,000,000 иенийг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатайгаар жилийн хүүг 10 хувь байхаар, хүүг сар бүрийн 10-ны өдөр төлөх нөхцөлтэйгээр байгуулсан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ   зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 200,000,000 иен, зээлийн хүүнд 57,336,908 иен, 257,336,908 иен буюу /257,336,908x26,64/, нийт 6,855,455,229 төгрөгийг нэхэмжлэгч КК нь хариуцагч ПП ХХК-иас шаардах эрхтэй гэж дүгнэсэн.

ПП ХХК зээлийн гэрээний хүү 57,336,908 иенээс хүү 28,219,175 иен буюу 751,758,822 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

5.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжиж байх хугацаанд Монгол улсад КОВИД-19 цар тахал гарсан нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Тухайн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Коронавируст халдвар /Ковид-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг зарлаж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, бүх нийтийн хөл хорио тогтоосон. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцласан байдаг.

Дээрх нөхцөл байдал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал байсан тул  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бидний хүсэл зориг хяналтаас гадуур даван туулах, сэргийлэх, арга хэмжээ авах боломжгүй байсан.

Тиймээс бидний хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаанд дээрх хүчин зүйлтэй холбоотойгоор гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой байх бөгөөд уг нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзээгүйд гомдолтой байна.

5.3. Мөн анхан шатны шүүх нь зохигч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч ПП ХХК болон түүнийг төлөөлөгч Б.Дэнсмаа мөн хариуцагч Ц.О нарт 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутанд болсон шүүх хурлын товийг мэдэгдээгүй, биднийг оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/03716 дугаар шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1.  Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулиар Төв банк, банкны эрх бүхий байгууллага, банк бус санхүүгийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн харилцааг зохицуулсан. Ингэхдээ зээл төлөлтийн хугацааг хойшлуулах болон үндсэн зээлийн гэрээний хугацааг хойшлуулах талаар зохицуулсан. Энэ зохицуулалт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд хамаарахгүй.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанд ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл гарвал зээлийн гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудал дурдагдаагүй.

 Хэрэв ковидын үеэс болж үүрэг гүйцэтгэгч талд эрсдэл учирсан бол Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хандаж форс мажорын гэрчилгээ авах ёстой.  Хариуцагчаас ямар нэгэн байдлаар тус танхимд  хүсэлт гаргасан эсэх талаар шүүхэд  тайлбар огт ирүүлээгүй.

 Эдгээр үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Монгол Улсад онцгой байдал зарласан цаг хугацааны хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж үзэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.

6.2. Ц.О нь шүүхэд өөрийн биеэр ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба түүнд эрх, үүрэг тайлбарласан баримтад тэрээр гарын үсэг зурсан. Мөн Ц.О болон ПП ХХК нь С.У өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөлөгч С.Ут   шүүх хуралдааны товыг хэдэн өдрийн өмнө мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан. Иймд хурлын тов мэдэгдээгүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна.

Тухайн хурлаас өмнө 2 удаа шүүх хуралдааныг зарлахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн биеэр тухайн хурлуудад оролцож байсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 3.6 болон 4.2-т зааснаас  харахад үйлчлүүлэгчдээ хурлын тов, мэдээ, мэдээллийг хүргэх, үйлчлүүлэгчийгээ төлөөлөх эрхийг гэрээгээр олгосон.

Ц.От утсаар шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хурлын тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулаагүй гэдэг нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ПП ХХК-ийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Япон Улсын иргэн КК /KK/ нь хариуцагч ПП ХХК, “ЭТ” ХХК, Ц.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 259,528,689 иен буюу 6,913,844,275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ПП ХХК зээлийн хүүг, “ЭТ” ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус эс зөвшөөрч маргасан, хариуцагч Ц.О шүүхэд хариу тайлбар гаргаагүй талаар анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.  

 

3.  КК болон ПП ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээг байгуулагдаж, зээлдүүлэгч КК нь 200,000,000 иенийг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч ПП ХХК нь тогтооон хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх үүргийг хүлээсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

3.1. Зээлдүүлэгч КК нь зээлдэгч ПП ХХК-д зээлийн мөнгөн хөрөнгө болох 200,000,000 иенийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт нийт 5,457,612 иенийг төлсөн талаар талууд маргаагүй.

3.2. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг буцааж төлөөгүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 200,000,000 иенийг зээлдэгчээс шаардах эрхтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, хариуцагч буюу зээлдэгч ПП ХХК энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

3.3. Зээлийн гэрээний 4-д зээлийн хүүг жилийн 10 хувь байхаар тохиролцсон  нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт, зээлийн хүүг тохиролцсон хэлцлийг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.

Талууд гэрээний хугацааг 3 жил, 1 сар, 21 хоногоор /1146 хоног/ байхаар тохиролцсон бөгөөд энэ хугацаанд зээлдэгч ПП ХХК  зээлийн хүүнд 62,794,497 иенийг төлөх үүрэгтэй байна. Хариуцагчаас зээлийн хүүнд төлсөн 5,457,612 иенийг хасаж, зээлийн хүүнд 57,336,908 иенийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.4. Иймд хариуцагч ПП ХХК нь үндсэн зээлийн үүрэгт 200,000,000 иен, хүүнд 57,336,908 иен, нийт 257,336,908 иенийг нэхэмжлэгч КК-д төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын холбогдох шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээний хүрээнд банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах талаар зохицуулсан нь иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлөх, гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй. Мөн уг арга хэмжээ нь иргэд хоорондын зээлийн гэрээний үүрэгт хамаарахгүй болно.

4.1. Иймд иргэд хоорондын зээлийн гэрээнд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой нөхцөл байдал үүссэн бол Иргэний хуульд зохицуулсан арга хэмжээг авна. 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхийн хүрээнд зээлдэгч ПП ХХК зээлдүүлэгч ККд шаардлага гаргасан байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дах хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалтай холбоотойгоор зээлдэгч ПП ХХК зээлдүүлэгч ККд хандаж, харилцан тохиролцож гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар санал гаргаагүй.

 

4.2. Дээрх үндэслэлээр хариуцагч ПП ХХК-ийн зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох  давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх КК болон Ц.О нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ПП ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/03716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ПП ХХК-ийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар ПП ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,916,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.НЯМБАЗАР

                                           

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                             

                                                 ШҮҮГЧ                                             Э.ЗОЛЗАЯА