Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 334

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг, Цагаан-Овоо гэх газар оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, Гал овгийн Пэрэнлэйн Тогоосүрэнгийн хүсэлттэй

           “1980, 1991 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Хүсэлт гаргагч П.Тогоосүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс Тогоосүрэн намайг Тогооцэрэн гэж ташаарч бичснээс болоод улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд 1980, 1991 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Пэрэнлэйн Тогоосүрэн намайг мөн болохыг тогтоож, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Тогоосүрэн “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдлээс 1980 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн талаарх мэдээллийг тэмдэглэхдээ 1966 оны 06 дугаар сарын 17-нд төрсөн ЙЙ66061707 регистрийн дугаартай Пэрлий овогтой Тогооцэрэн, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1966 онд төрсөн Пэрлий овогтой Тогооцэрэн гэж тус тус бичигдсэн байгаа ч дээрх  хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Пэрэнлэйн Тогоосүрэн болох нь иргэний үнэмлэхний хуулбар, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 024/001635 дугаартай регистрийн дугаарын лавлагаа,  Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 248 тоот лавлагаагаар тогтоогдсон гэж үзлээ.

П.Тогоосүрэн нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх боловч 1981 онд хүсэлт гаргагч хөдөлмөрийн насанд хүрээгүй, 1982, 1984, 1985, 1989, 1990, 1991 онуудад холбогдох материал хэрэгт авагдаагүй байна. 

Харин П.Тогоосүрэнг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 248 тоот лавлагаа, гэрч П.Пунцагцэрэн, Д.Бямбасүрэн, Ц.Нацагдорж нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч П.Тогоосүрэн “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Гал овгийн Пэрэнлэйн Тогоосүрэнг 1980, 1991 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гал овгийн Пэрэнлэйн Тогоосүрэнг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА