Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

 

                                

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Н-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810 0276 30030 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Н.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, охины хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4б хэсгийн 130 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 52 дугаар гудамжны 4 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Н-ийн М- /РД:АК87050512/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Жаргалантын 7-177а тоот дахь өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Сынг үснээс нь зулгааж, хоолойг нь боож, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.   

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би хэргээ ойлгон ухаарч, гэмшиж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй, одоо эхнэртэйгээ эвлэрсэн.

Өмнө нь эхнэр бид хоёр салаад 3 жил тусдаа амьдарч байгаад эргэж нийлсэн юм. Манай хадам ах бид хоёрын амьдралд байнга оролцож, үглээд байсан болохоор би энэ талаар эхнэрт хэлж уураа эхнэртээ гарган, гар хүрсэн нь үнэн. Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг би эхнэртээ учруулсан. Урьд өмнө нь би эхнэртээ гар хүрч байгаагүй. Манай эхнэр бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, хамт амьдардаг юм.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2763 0030 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр Мягмарсүрэн архи уучихсан согтуу орж ирээд гэртээ ганцаараа архи уусан. Тэгээд шөнийн 00 цагийн үед “би ээж дээрээ очмоор байна” гэхээр нь “шөнө болсон байхад яах гээд байгаа юм” гэхэд “би танай гэрийнхний дунд байж чадахгүй” гэж уурлан намайг “янхан, биеэ үнэлэгч” гэх мэтээр хэлэхээр нь би дуугүй байж байтал “чи сонсож байна уу” гэхэд нь  “сонсож л байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл миний үснээс зулгааж, араас баруун гараараа хоолой боосон. Тэгэхээр нь би босоод иртэл миний зүүн чих рүү гараараа цохиод, хөлөөрөө нуруу руу өшиглөж, мөн бөөгийн бөмбөрийн цохиураар миний баруун гуянд цохисон. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан.

Тухайн үед намайг Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7-177а тоотод буюу гэртээ зодсон. Тухайн үед манай 5 настай охин М.Эрдэнэчимэг, мөн эгчийн 3 настай хүү Э.Отгон-Эрдэнэ нар байсан. Н.М бид хоёр 2012 онд танилцаад хамт амьдарч байгаад, 2013 онд дундаасаа нэг охинтой болсон.   

Тэгээд хэсэг хугацаанд салж, тус тусдаа амьдарч байсан ба Мягмарсүрэн “эргэж нийлье, хамт амьдаръя” гээд гуйгаад байсан болохоор би зөвшөөрч 2018 оны 07 дугаар сараас эхлэн дахин нэг гэртээ орж, хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Урьд нь хамт амьдарч байх хугацаанд байнга архи ууж, намайг “янхан, банзал” гэх зэргээр хэл амаар доромжлоод байдаг байсан учир би нөхрөөсөө салсан юм.

Н.М урьд өмнө нь надтай харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан зодож цохиж байгаагүй, миний хувийн болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж байгаагүй. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 13261 дугаартай дүгнэлттэй уншиж танилцсан. Уг дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй.”

...Бид хоёр хааяа нэг хэрүүл хийх үе байдаг. Гэхдээ манай нөхөр намайг цохиж зодож байгаагүй. Сүүлд бид хоёр маргалдах үедээ намайг зодсон учир миний уур хүрч, нөхөртөө гомдоод, Цагдаад өргөдөл гаргахдаа  “намайг байнга цохиж зоддог” гэж гомдол гаргасан юм. Тухайн хэрэг гардаг өдөр маргалдаж байхдаа гал тогооны шургуулга ухаж юм хайж байснаа хутга гаргаж ирээд “чамайг алчих уу” гэж хэлснээ буцаагаад хийчихсэн. Өөр зүйл болоогүй. Надад гомдол санал байхгүй, Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө буцааж авмаар байна. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х,  17х/,  

 

2. Гэрч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүргэн Энхбаатарын гэрт байж байхад манай охин Д.С утасдаад “манай нөхөр Н.М архи уучихсан, агсам тавиад байна, та хүрээд ирээч” гэхээр нь би очсон. Би охины гэр рүү явах замдаа Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байсан ба намайг гэрт нь очиход манай хүргэн нилээн согтуу байсан. Тэгтэл охин “наадах чинь миний үснээс зулгааж, намайг чирсэн, мөн зүүн чих рүү цохиж, хоолой боосон, зүүн гуя руу цохисон” гэж хэлэхээр нь хартал чих нь ханзраад бага зэрэг цус гарсан, хацар нь хөхөрсөн, хоолой нь улайсан байдалтай байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд хүргэнийг аваад явсан.

Миний хувьд урьд өмнө охинтойгоо уулзаж байхад биед нь ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Н.М манай охиныг урьд нь цохиж зодож байсныг нь би мэдэхгүй юм. Манай охин, Н.М нар гэр бүл болоод 5-6 жил болж байгаа ба дундаасаа нэг охинтой. Тухайн өдөр охин маань над руу хэдэн цагийн залгаж ярьсныг би санахгүй байна, барагцаагаар 23 цагийн үед залгасан байх.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

 

3. ШШҮХ-ийн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13261 тоот:

1. Д.С-н биед зүүн чамархай, хүзүү, цээжний зүүн хэсэг, хоёр гуянд цус хуралт, зүүн гуя, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, шүргэх үед үүсгэгдэн.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 42х/,

 

4. “Эрсдлийн түвшин дунд” гэж дүгнэсэн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ баримт /хэргийн 31х/,

 

5. “Гэр бүлийн хүчирхийлэл байна” гэж дүгнэсэн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хэргийн 33-40х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагаан ы явцад шүүгдэгч Н.М-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.

Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаа тараад ажлын найз Мөнхбаяртай нэг шил архи уугаад гэртээ ирсэн. Тэгээд би эхнэр, хүүхдийн хамт халуун усанд орохоор гэрээс гарч, усанд орчихоод буцаад харих замдаа дэлгүүрээс нэг шил архи архи авч, гэртээ ирээд ганцаараа ууж байгаад согтсон байсан. Нэг ухаан ороход хадам ээж манай гэрт ирчихсэн “чи архи уусан байгаа юм уу” гэхэд нь би “уучлаарай, архи уусан байна” гэж хэлсэн чинь хадам ээж “та хоёрыг буцаж нийлүүлэх дэмий байсан юм байна, танай ээжийг дуудна” гээд байсан.

Тэгэхээр нь би “манай ээжийг дуудах хэрэггүй ээ, би өөрөө ээжийн гэрт яваад очно” гэж хэлээд гэрээс гарахад хадам ээж “чамайг ганцааранг чинь явуулахгүй, цагдаа дуудна” гээд Цагдаагийн байгууллагад хандсан. Би гэртээ ороод байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан. Би архи ууж байгаад хэсэг хугацаанд согтсон байсан. Энэ үед эхнэрээ зодсон байж магадгүй гэж бодож байна.

Би Д.С-тай 2012 онд танилцаж хамт амьдарч байгаад 2015 онд салсан. Тэгээд  2018 оны 7 дугаар сараас бид хоёр хамт амьдарч эхэлсэн. Бид хоёрт албан ёсны гэрлэлтээ  батлуулаагүй. Эхнэр намайг “байнга архи уугаад байна” гээд надаас салсан юм. Би “Есөн Титэм” ХХК-д барилгын өрлөгчин ажил хийдэг, сардаа 700.000 төгрөгийн цалин орлогтой. Миний хувьд өмнө нь эхнэр Д.Сыг цохиж зодож байсан удаагүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Уг дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүдийг би Д.Ст учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 64х/, Хан-Уул дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 63х/, Н.М-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 62х/, 2013 оны 03 сарын 06-нд төрсөн охин М.Э-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 65х/ баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.  

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хэргийн 17х/, шүүгдэгч Н.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос Н.М-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж /хэргийн 71-72х/, түүнд холбогдох эрүүгийн 1810 0276 30030 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд зохих журмын дагуу шалгагдан тогтоосон тул  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Мгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Жаргалантын 7-177а тоот дахь өөрийн гэртээ архидан согтуурч “ээж дээрээ очмоор байна гэхэд явуулсангүй, танайхны дунд байж чадахгүй” гэх зэргээр агсамнаж, “янхан, биеэ үнэлэгч” хэмээн зүй бус үг хэллэг хэрэглэн үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.С-ын үснээс нь зулгаах, хоолойг нь боох, өшиглөх, цохих зэргээр зодож биед нь “...зүүн чамархай, хүзүү, цээжний зүүн хэсэг, хоёр гуянд цус хуралт, зүүн гуя, баруун өвдгөнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:  

- хохирогч Д.С-ын: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр Мягмарсүрэн архи уучихсан согтуу орж ирээд гэртээ ганцаараа архи уусан. Тэгээд шөнийн 00 цагийн үед “би ээж дээрээ очмоор байна” гэхээр нь “шөнө болсон байхад яах гээд байгаа юм” гэхэд “би танай гэрийн хүмүүсийн дунд байж чадахгүй” гэж уурлан намайг янхан, биеэ үнэлэгч гэх мэтээр хэлэхээр нь би дуугүй байж байтал “чи сонсож байна уу” гээд байхаар нь “сонсож л байна шүү дээ” гэхэд миний үснээс зулгааж, араас баруун гараараа хоолой боосон. Тэгэхээр нь би босоход миний зүүн чих рүү гараараа цохиод хөлөөрөө нуруу руу өшиглөж, мөн бөөгийн бөмбөрийн цохиураар миний баруун гуянд цохисон учраас цагдаагийн байгууллагад хандсан.   

...Тухайн үед маргалдаж байхдаа гал тогооны шургуулга ухаж юм хайж байснаа хутга гаргаж ирээд “чамайг алчих уу” гэж хэлснээ буцаагаад хийчихсэн. Өөр зүйл болоогүй. Надад гомдол санал байхгүй, Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө буцааж авмаар байна. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн /хэргийн 14-15х, 17х/,

-  “Д.С -н биед зүүн чамархай, хүзүү, цээжний зүүн хэсэг, хоёр гуянд цус хуралт, зүүн гуя, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, шүргэх үед үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй, уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэсэн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13261 дугаартай  гэсэн дүгнэлт /хэргийн 42х/,

- гэрч О.Наранцэцэгийн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүргэн Энхбаатарын гэрт байж байхад манай охин Д.С утасдаад “манай нөхөр Н.М архи уучихсан, агсам тавиад байна, та хүрээд ирээч” гэхээр нь би очсон. Би охины гэр рүү явах замдаа Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байсан ба намайг гэрт нь очиход манай хүргэн нилээн согтуу байсан. Тэгтэл охин “наадах чинь миний үснээс зулгааж, намайг чирсэн, мөн зүүн чих рүү цохиж, хоолой боосон, зүүн гуя руу цохисон” гэж хэлэхээр нь хартал чих нь ханзраад бага зэрэг цус гарсан, хацар нь хөхөрсөн, хоолой нь улайсан байдалтай байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд хүргэнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,  

- Хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр “Эрсдлийн түвшин дунд” гэж тодорхойлсон баримт /хэргийн 31х/,

- “Гэр бүлийн хүчирхийлэл байна” гэж дүгнэсэн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хэргийн 33-40х/ болон шүүгдэгч Н.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 58-59х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Д.С-ын биед учирсан “зүүн чамархай, хүзүү, цээжний зүүн хэсэг, хоёр гуянд цус хуралт, зүүн гуя, баруун өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.М түүнийг үснээс нь зулгаах, хоолойг нь боох, өшиглөх, цохих зэргээр зодсон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Хэргийн хохирогч Д.С, шүүгдэгч Н.М нар нь 2012 оноос гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.

 

Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.

 

Шүүгдэгч Н.М нь өөрийн хамтран амьдрагч Д.С-ыг “үснээс нь зулгаах, хоолойг нь боох, өшиглөх, цохих зодон бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Д.С-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.     

 

Прокуророос Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгэгчийн гэмт үйлдэлд тохирсон ба хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдан тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Н.М-г Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй.

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Д.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө “...нөхөр Н.Мд одоо ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй..” хэмээн мэдүүлж /хэргийн 17х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 64х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх, шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэв.      

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Х овогт Н-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Н.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД