Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/00406

 

 

 

 

 

 

             

    2024          02            28                                       210/МА2024/00406

 

Г.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/04682 дугаар шийдвэртэй,

 

Г.Тын нэхэмжлэлтэй

Б.А, А.Ннарт холбогдох,

 

22,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Б.Аын өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би Б.Атай нэг ангийн, нэг нутгийн хүмүүс бөгөөд 2019 онд манай суманд сургуулийн төгсөлт, ангийн уулзалт зохион байгуулагдах үед Б.Атай таарсан.

Тухайн үед Б.А “БНСУ-руу явахаар болоод мөнгө хэрэгтэй байна, найздаа зээлдүүлээч, чи хөдөө орон нутагт мал малладаг хүн юм чинь” гээд банкнаас зээл мэдүүлэхэд 30,000,000 төгрөг гарах боломжтой байсан тул зээл авч Б.А, түүний охин Б.Нгийн данс руу өөрийн данснаас нийт 22,000,000 төгрөгийг итгэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн.

1.2. Түүнээс хойш Б.А огт холбоотой бариагүй, миний дугаар, фейсбүүк хаяг чатыг блоклосон. Б.А 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг зээлээс хасаарай гэж шилжүүлсэн.

Би малчны зээлийн хүүд нийт 20,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагчийн над руу шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг банкны зээлийн хүүд тооцно. Б.А болон түүний охин Б.Н нар нь хамтран залилсан тул гомдолтой байна. Миний бие Б.Аын данс руу 4 удаагийн гүйлгээгээр, 5,535,000 төгрөг түүний охин Б.Нгийн данс руу 3 удаагийн гүйлгээгээр 16,465,000 төгрөг шилжүүлсэн тул нийт 22,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч Б.Аын татгалзал, тайлбарын агуулга: 

2.1. Бид багаасаа нэг нэгнээ мэддэг. Би Г.Т, түүний 3 хүүхдэд өөрийн сэтгэлээ зориулж амьдарч байсан.  

 Би байнга 20,000,000 төгрөг бэлэн байлгадаг, энэ хүнээс мөнгө гуйгаад байх тийм хүн биш. Энэ хүнийг өөд нь татаж, 3 хүүхдэд нь хувцас, бэлэг, машины бензин гээд 2020 оны сонгуулиас эхлээд миний гаргасан зардал 50,000,000 төгрөг байдаг. Нутагтаа байхдаа айлуудад өгөх бэлэг, айлын хэрэглээний зардал гээд тооцоод байвал барагдахгүй. Би БНСУ-д 17 жил ажиллахдаа энэ хүнээс мөнгө авах нь байтугай эх орондоо бүтээн байгуулалт хийх зорилготой явдаг.

2.2.  Анх би “БНСУ-д ажиллаж амьдрахад боломжтой, түүний охин нас залуу хүүхэд учир гадаад дотоод явж суралцвал өөрт нь хэрэгтэй” гэж хэлэхэд охины хамт явах бодолтой, дуртай хүлээж авсан.

Би виз гаргахаар хүмүүсийн дансыг сайжруулж өгдөг ба 30 гаруй хүний дансыг сайжруулж өгсөн. Н.Дгийн дүүгийнх нь виз гараад Г.Тын виз гараагүй. Дараагаар нь машин авахаар хамтдаа яваад хуучин машин авах гэхлээр нь хуучин машин хашаагаар дүүрэн байна, хэрэггүй шинэ машин авбал ав гээд БНСУ руу явахын өмнө 39,000,000 төгрөг гээд надаас гарах зээл 20,000,000 төгрөг байсан учир найз нь чамд явж ирээд BMB маркийн автомашин авч өгье гэсэн. Намайг БНСУ-д очоод солонгос хүнтэй амьдарна гэж боддог юм уу? мэдэхгүй үүнээс хойш хардалт маш их байсан.

2.3. Намайг малчны зээл авхуулсан гээд байгаа нь үндэслэлгүй, энэ зээлийн талаар огт мэдэхгүй. Би гар дээрээ үргэлж бэлэн мөнгөтэй явдаг хүн, энэ хүнээс мөнгө залилсан зүйлгүй байхгүй. 8 дугаар сард малчны зээл авсан гэж байгаа талаар баримтаа гаргаж нотлох хэрэгтэй. Би өнөөдрийг хүртэл мөнгө санхүүгийн асуудалтай байж үзээгүй. Нийт 5577******* данснаас 5406******** данс руу 21,470,000 төгрөг, түүний охин н.Булган руу н.Ааас 7,390,000 төгрөг, Г.Тын 5406******** Т.Бы 5037******** эдгээр тоот данс руу 28,860,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 6 хүнийг БНСУ-руу виз мэдүүлэхээр материалын бэлдэж байсан боловч эдгээр хүмүүсийн данс элчин сайдын газарт мэдүүлэхэд хангалтгүй байсан тул дансны чанарыг сайжруулахаар гүйлгээ хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Хариуцагч Б.Нгийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 9 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 09-ний өдөр 10,465,000 төгрөг тус тус шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан дансыг шүүхэд  А.Ннь өөрийн 5024523165 тоот данснаас Г.Тын 5406******** тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр 15,800,000 төгрөгийг, Г.Тын охин Т.Бы данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 9,500,000 төгрөгийг, нийт 25,300,000 төгрөгийг шилжүүлсэн.

Хамаарал бүхий хүмүүс А.Аын данснаас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөгийг Г.Тын данс руу,  мөн Анхтуяа 19,010,000 төгрөгийг, А.Н-с 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдсан.

3.2. Г.Тын данс руу хамаарал бүхий хүмүүс 50,870,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байгаа.  Нэхэмжлэгчийн ярьж буй малчны зээл 30,000,000 төгрөг авч Б.А түүний охин н.На руу шилжүүлсэн гэдэг нь худал бөгөөд банкнаас авсан зээлийн гэрээний талаарх баримт огт байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Ааас 5,535,000 төгрөг, хариуцагч А.Нгаас 16,465,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьсан байр сууринаас шийдвэрлэж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Би хариуцагч А.Нд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10,465,000 төгрөг, хариуцагч Б.Аын байрны түрээсийн мөнгөнд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,175,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нар нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй.

5.2. Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.

Гэтэл хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар хариуцагч нар нь зээлийн төлбөрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг буцаан төлснөөс өөр төлбөр хийгээгүйгээс гадна А зээлээс хасах гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь нотлогдсон атал мөнгө шилжүүлж байсан үйлдэл, хүсэл зориг нь зээлдэх, зээлдүүлэх зорилгогүй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

5.3. Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч


А нь 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд БНСУ-д амьдарч байсан, Солонгос нөхөртэй гэдэг нотлогдсон атал нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байсан мэтээр дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан дүгнэлт болсон байна. Түүнчлэн анхан шатны шатны шүүх хариуцагч нар болон хамаарал бүхий этгээдийн шилжүүлсэн мөнгөн дүнг зээлийн төлбөрийг буцаан төлсөн мэтээр таамаглал дэвшүүлэх байдлаар дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Талуудын хооронд зээлийн харилцаа байгаагүй, 2019 оноос хэсэг хугацаанд хамт амьдралтай байсан болох нь хэрэгт авагдсан “Б.Аын ач хүүхдүүд нь Дорнод аймгийн Баяндун суманд цэцэрлэгт сурч байсан” гэх баримт болон гэрчийн мэдүүлэг, баяр ёслолоор авхуулсан гэрэл зураг зэргээр тогтоогдоно.

6.2. Г.Т, Б.А, А.Ннарын хооронд мөнгө шилжүүлсэн асуудал тэдний хамтран амьдрах хугацаанд байсан бөгөөд энэ нь Солонгос улсын виз мэдүүлэх зорилгоор дансны хуулгыг сайжруулахад зориулагдаж байсан. Бидний зүгээс зээлийг буцаан төлсөн гэдэг байдлаар маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

2. Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Б.А, А.Ннарт холбогдуулан 22,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасанг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд хэн алинд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

  

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Т, хариуцагч Б.А нарыг 2019 оноос 2020 оны хооронд хамтын амьдралтай байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.  

 

5. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь илүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй юм.

 

5.1. Нэхэмжлэгч Г.Т нь өөрийн “Хаанбанк” ХК дахь данснаас Б.Аын дансанд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 55 удаагийн гүйлгээгээр 35,644,000 /50,000+3,000,000+400,000+3,000,000+2,210,000+520,000+1,300,000+300,000+100,000+550,000+30,000+3,000,000+3,000,000+3,000,000+3,000,000+3,000,000+20,000+50,000+50,000+20,000+20,000+50,000+800,000+60,000+50,000+150,000+70,000+30,000+100,000+50,000+50,000+30,000+55,000+200,000+68,000+30,000+61,000+400,000+15,000+30,000+40,000+20,000+50,000+25,000+160,000+200,000+100,000+150,000+5,000,000+170,000+150,000+50,000+50,000+60,000+500,000/ төгрөгийг шилжүүлсэн,

А.Нгийн данс руу 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр 23,465,000 /3,000,000+3,000,000+10,465,000+3,000,000+3,000,000+1,000,000/ төгрөгийг шилжүүлсэн байна.

 

5.2. Хариуцагч Б.А нь өөрийн “Хаанбанк” ХК дахь данснаас Г.Тын данс руу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 18 удаагийн гүйлгээгээр 22,093,000 /20,000+3,000,000+50,000+4,000,000+9,000,000+1,000,000+50,000+1,000,000+2,000,000+50,000+60,000+650,000+40,000+50,000+35,000+30,000+1,050,000+8,000/ төгрөгийг шилжүүлсэн тул энэ хэмжээгээр Г.Тоос шилжүүлж авсан 35,644,000 төгрөгөөс буцаан төлсөн гэж дүгнэнэ.

 Хариуцагч Б.Ааас 13,571,000 /35,644,000-22,093,000/ төгрөгийг буцааж төлөөгүй байх боловч нэхэмжлэгч Г.Т 5,535,000 төгрөг гаргуулахаар шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж Б.Ааас 5,535,000 төгрөгийг гаргуулж Г.Тт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

5.3. Хариуцагч А.Ннь өөрийн “Хаанбанк”ХК дахь данснаас Г.Тын данс руу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр 15,800,000 /3,000,000+5,000,000+2,800,000+5,000,000/ төгрөгийг шилжүүлсэн байна. Иймд хариуцагч Б.Н нь Г.Тоос шилжүүлж авсан 23,465,000 төгрөгөөс 15,800,000 төгрөгийг буцаан шилжүүлж 7,665,000 төгрөгийг шилжүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг энэ хэмжээгээр хангана. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Б.Нгаас 7,665,000 төгрөгийг гаргуулж  Г.Тт олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

6. А.Нгийн данснаас нэхэмжлэгчийн охин Г.Бы данс руу 9,500,000 төгрөг, Т.Баас А.Нруу 15,500,000 төгрөг, Б.Аын данснаас Г.Бы данс руу 7,390,000 төгрөг, хариуцагч Б.Аын төрсөн дүү Б.А-ын данснаас Г.Тын данс руу 7,000,000 төгрөг, Анхтуяагийн данснаас Г.Т луу 19,010,000 төгрөг, А.Номингийн данснаас Г.Тын данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянагдсан талуудын маргаанд хамааралгүй гэж дүгнэлээ.

 

7. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/04682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Нгаас 7,665,000 төгрөгийг, хариуцагч Б.Ааас 5,355,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Тт олгож, нэхэмжлэлээс 8,980,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...үлдээсгэй” гэснийг “...үлдээж” гэж, хариуцагч Б.Нгаас 137,590 /нэг зуун гучин долоон мянга таван зуун ерөн/ төгрөг, хариуцагч Б.Ааас 100,630 /нэг зуун мянга зургаан зуун гучин/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Тт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Тын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА