| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0028/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2019-02-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овогт С-ийн Над холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэрэгт ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 1767 0755 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Улсын яллагч Н.Нарангэрэл,
Иргэдийн төлөөлөгч Ю.Б,
Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 6 дугаар гудамж, 306 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт С-ийн Н /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 13 дугаар гудамж 327 тоотод иргэн С.Г-ийн цээжний гол хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд “аюулхай мөгөөрсний баруун талд хэвлийн хөндийд нэвтэрч элгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний төрсөн өдөр болоод найзтайгаа хамт архи ууж байж байгаад найзыгаа хутгалсан байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Би хохирогч С.Г-т эмчилгээний зардал, хохиролд 2.400.000 төгрөг нөхөн төлсөн байгаа. Тухайн үед хутга ширээн дээр ил байсан юм. С.Г- бид хоёр 3-4 шил архи уусан байх. Архи ууж байхдаа хоорондоо маргалдаад С.Г- миний өөдөөс хэг ёг гээд байхаар нь хутгалсан байсан. Харин түүнийг хэрхэн, яаж, яагаад хутгалсанаа огт санахгүй байна, ямартай ч 2-3 удаа хутгалсан байсан. Би хохирогч С.Г-той уулзаж уучлалт гуйсан, одоо түүний биеийн байдал сайн байгаа. Найзыгаа хутгалж хүнд гэмтээсэндээ маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 1767 0755 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 13 дугаар гудамж, 327 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-9х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Буян-Өлзий, Н, өөр танихгүй хоёр хүний хамт Хан-Уул дүүргийн 5-р хороо, Яармагийн 13-327 тоотод 0.5 литр, 0.75 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд байшингийнх нь юмыг яриад гадаа сууж байхад Н байшин руу ороод гарч ирэх шиг болсон. Тэгээд над руу хүрч ирээд миний цээж рүү гурван удаа хутгаар зүссэн. Тэгэхээр нь би “яаж байна аа” гээд гараараа түлхэхэд миний гуя руу хутгаараа хоёр удаа зүссэн. Тэгээд би газарт унаад ухаан балартсан байсан ба нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн.
С.Н-тай маргалдаж, муудалцсан асуудал байхгүй. С.Н миний цээж хэсэг рүү 3 удаа, зүүн хөлний гуя хэсэгт 2 удаа хутгаар хатгасан. Миний цээжинд 22 оёдол, гуянд 6 оёдол тавьсан. Бид хоёр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний хувьд дунд зэргийн согтолттой байсан ба болсон асуудлыг мэдэж байсан. С.Ныг гайгүй байна бодсон ба нэг их согтоогүй байх шиг харагдаж байсан. Тухайн үед би С.Над огт гар хүрээгүй. Би шинжээч эмчийн 9295 дугаартай дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлтээс асууж тодруулах зүйл байхгүй. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг С.Н надад учруулсан. Би эмчилгээ хийлгэсэн зардал, бусад зардлуудыг нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-15х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ийн гэрчээр өгсөн:
“...Би өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө найз Нын хамтаар архи, согтууруулах ундаа ууж эхэлсэн байсан ба тухайн үед нилээн архи уусан ба өдөр 15 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 5-р хороо, Яармагийн 13-р гудамжинд байх Буян-Өлзий гэх айлд Нын хамтаар ороход Б-Ө, З /С.Г-/, Гансүх, Гансүхийн төрсөн ах зэрэг хүмүүс байшингийн гадаа архи ууж сууж байсан юм.
Тэр үед би Хандгай нэртэй 0.75 граммын архи авч ороод, тэгээд бид нар архиа хувааж ууж байгаад, би бие засах гээд жорлон ороод ирэхэд Н, З /С.Г-/ хоёр цус болсон байдалтай байсан. Гайхаад асуухад тэнд байсан хүмүүс надад юм хэлээгүй. Тэгээд Н нь шууд гараад гүйгээд явчихсан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд Зоригоог /С.Г-/ аваад явсан юм. Харин Н буцаж ирээгүй юм.
Н архи, согтууруулах ундаа ер нь бол хэрэглэдэг. Тухайн хэрэг гарах үед их согтолттой байсан юм. Буян-Өлзийгийн хашаанд байсан гэх хүмүүс хоорондоо болон Зоригоотой /С.Г-/ хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй байсан. Би З /С.Г-/ гэх залууг сайн танина. Ахыг нь Г гэдэг юм. Зоригоо /С.Г-/ гэх залуу нь архи, согтууруулах ундааг үе үе хэрэглэдэг юм. Н гэх залуутай би багийн найз нөхдийн харилцаатай, тэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авир араншин нь тогтуун байдаг. Согтсон үедээ гэртээ харьдаг хүн байгаа юм. Н нь төрсөн эхийн хамтаар амьдардаг. Одоогоор хүнтэй суугаагүй, хүүхэдгүй. Гэртээ савхин бээлий оёж зардаг. Гансүх надад хэлэхдээ “Н нь байшингаас хөнгөн цагаан шанагатай ус гаргаж өгөхдөө гартаа хутга барьсан байсан байх, тэгээд шанагаа өгөөд шууд цээж хэсэг рүү нь хутгалсан” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-ийн гэрчээр өгсөн:
“...Би өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 30 минутын үед Буян-Өлзийгийн гэрт очсон. Тэдний гэрт Буян-Өлзий, Батцэнгэл, Ганзориг бид дөрөв архи ууж байх үед гаднаас Жуяа /C.Н/, тэгээд их олон хүнтэй хамт орж ирсэн. Би хэн хэн орж ирсэн талаар нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд бид нар хамт архиа ууцгааж байгаад Ганзориг Жуяаг /C.Н/ “ус хийгээд өг” гэтэл Жуяа /C.Н/ шанагатай ус өгөхдөө шанаганы бариулны ар талд нь хутга барьсан байсан бөгөөд усаа өгчихөөд хутгаараа Ганзоригийн цээж рүү нь хатгасан.
Тэгтэл Ганзориг босоод гүйсэн. Би тэгэхээр нь хашаанаас гарч яваад Мөнхийн рашаан гэх дэлгүүрийн утсаар цагдаа, түргэн дуудсан. Тэгээд намайг буцаад Буян-Өлзийгийн гэрт ирэх үед цагдаа нар ирсэн байсан. Жуяа /C.Н/ гартаа хөнгөн цагаан шанага барьсан байсан бөгөөд бариулны ар талд хутга хийсэн байсан нь анзаарагдаагүй. Ганзориг, Жуяа /C.Н/ хоёр маргалдсан зүйл болоогүй.
Буян-Өлзийгийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цонхны доор байшингийн гадна талд хутгалсан. Ганзориг цээжний гол хэсэгт нь нэг хутгалуулсан, зүүн хөлийн гуяны ар талд нэг удаа хутгалуулсан байсан. Би Жуяаг /C.Н/ Ганзоригийн цээж хэсэг рүү хутгалахыг харсан, хөлийн гуяны хэсэгт нь хутгалсан талаар харсан зүйл байхгүй. Хутгалснаас өөр байдлаар цохиж зодсон зүйл байхгүй.
Ганзориг Жуяаг /C.Н/ цохиж зодсон асуудал байхгүй. Жуяа /C.Н/ Ганзоригийг хутгалсныг хамт архи ууж байсан Буян-Өлзий, Сэрдамба, Батцэнгэл нар харсан. Жуяа дунд зэргийн согтолттой, өөрийн хийж байгаа үйлдлээ хянаж чадахаар байсан..” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-22х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.С-ийн өгсөн:
“...2018 оны 07 дугаар сарын 24-ний 15 цагийн үед миний дүү Цэцэгдэлгэр рүү танихгүй хүн утсаар залгаад “Ганзориг гэдэг хүн хутгалуулсан Госпиталь эмнэлэг дээр байна, яаралтай ир, хагалгаанд орох гэж байна” гэсэн байсан. Тэгээд Цэцэгдэлгэр над руу утсаар залгаад хэлэхээр нь би дүү Гансүхийн хамт эмнэлэг дээр нь ирсэн. Бид хоёрыг ирэх үед Ганзориг хагалгаанд ороод гарч байсан. Хагалгаа хийсэн эмч нь “биеийн байдал нь хүнд байна шүү, сахиуртай байлгаарай” гэж хэлсэн.
Хагалгаа хийсэн Нямаа гэж эмч нь надад хэлэхдээ “гэдсэндээ болон гуяндаа хоёр хутгалуулсан байна, хэвлийд хутгалсан хэсэг нь элгэнд хүрсэн, элэг нь гэмтсэн байна, гуяны ар хэсэгт нь нэг дор хоёр удаа хутгалсан байна, хагалгаа хийж оёдол тавьсан” гэж хэлсэн.
Эдгээр гэмтлүүдийг хэн учруулсан талаар мэдэхгүй байна. Ганзориг надад хэлсэн зүйл байхгүй, намайг ирэхэд наркоз нь гараагүй, намайг танихгүй байсан. Одооноос нэг хоёр удаа ус ууя гэж хэлж байна. Ганзориг нь Яармагийн 3 дугаар буудал, 41-р сургуулийн ард эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. “АПУ” компанийн сүүний үйлдвэрт тогооч ажилтай.
Миний дүү Ганзориг ер нь архи уудаг, архи уухаараа элдэв янзын ааш, араншин байхгүй, тусдаа амьдардаг болохоор сайн мэдэхгүй байна. Ганзоригийн ухаан санаа нь орж гараад юм ярихгүй байгаа мэдүүлэг өгч чадахгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-26х/,
6. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9295 дугаартай:
1. С.Г-ийн биед аюулхай мөгөөрсний баруун талд хэвлийн хөндийд нэвтэрч элэгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 30х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Т.Номинцэцэгийг байцаасан тэмдэглэлд:
“...Цэргийн төв эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудсанд тусгагдсанаар С.Г-ийн биед дээрх гэмтлээс гадна зүүн гуянд шарх гэмтэл учиржээ. Энэ нь нэг удаагийн ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Гэмтлийн зэргийг тогтоогоод аль хүндээр нь үнэлж, дүгнэлт гаргадаг учраас хөнгөн зэрэг нь хүнд зэрэгтээ хамаардаг. Иймээс дээрх гэмтлийн зэрэг нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн үед С.Г-ийг үзэхээр Цэргийн төв эмнэлэг дээр очсон боловч үзүүлэгч тасагтаа байгаагүй тул өвчний түүхээр нь дүгнэлтийг гаргасан.
Өвчний түүхэнд тусгагдсан нь дээрх хоёр шарх байсан. Өөрийн биеэр үзээгүй учраас хаана, хаана нь хэдэн шарх байсныг хэлж мэдэхгүй байна. Хөнгөн өнгөц шархуудыг өвчний түүхэнд бичиж тэмдэглээгүй байж болно. Хэдэн ч шарх байсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Хүнд зэргийн гэмтэл гэдгээрээ явна. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн зөв, нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31х/,
8. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7932 дугаартай::
1.Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 33х/,
9. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 966 дугаартай:
1. С.Н нь Архины хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Энэ эмгэг нь хэрэг учрал болохоос өмнө үүссэн байх боломжтой юм.
2. Энэ эмгэг нь олдмол эмгэг юм.
3. С.Н нь юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна.
4. С.Н нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна.
5. С.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 73х/,
10. Хохирогч С.Г-ийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хэргийн 76-85х/,
11. Хохирогч С.Г-т хохирол төлбөрт 2.400.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт, “С.Над гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие эрүүл саруул байгаа, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн хохирогч С.Г-оос 2019 оны 01 сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 106х, 107-11х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Нын яллагдагчаар өгсөн:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялыг сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.
...2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч найз Батцэнгэлтэй таарч архи уусан. Өдөр 14 цаг өнгөрч байхад Батцэнгэл бид хоёр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 13 дугаар гудамжинд байдаг Буян-Өлзийгийн гэрт очсон. Буян-Өлзий хашаандаа байшингийнхаа гадна талд Зоригоо /С.Г-/, Гансүх нарын хамт архи уугаад сууж байсан. Бид нар тэнд нэг шил архи хувааж уусан.
Батцэнгэл жорлон орохоор босоод явсан. Энэ өдөр миний төрсөн өдөр болсон байсан юм. Тэгээд би хөөрч их архи уусан. Тэгээд архи уугаад сууж байгаад нэг зүйл дээрээс болж бид нар хоорондоо маргасан. Би нилээн согтуу байсан учраас яг юунаас болоод маргаснаа огт санахгүй байна. Нэг мэдэхэд л би Ганзоригийн цээж рүү, хөлний ар хэсэг рүү нь хутгалчихсан, хутгаа бариад зогсож байсан. Тэр үед би гэнэт ухаан орж, Ганзоригийг хутгалсанаа мэдээд, Гансүхийн хамт гарч гүйгээд дэлгүүрийн утсаар түргэн дуудсан. Түргэнтэй хамт цагдаа ирсэн.
Тухайн өдөр би 4-5 шил архи найз нартайгаа хувааж уусан, нилээн согтуу байсан учир зарим асуудлыг санахгүй байна. Би ямар шалтгааны улмаас Ганзоригийг гэмтээснээ мэдэхгүй байна. Маргааны улмаас Ганзоригийн цээж, хөлийн ар хэсэг рүү нь цагаан өнгийн дунд зэргийн хутгаар хутгалсан байсан. Хэдэн удаа хутгалсанаа ч санахгүй байна. Тэр хутга нь Буян-Өлзийгийн байшин дотор үүдний хэсэгт тавьсан байсан ширээн дээр ил байсан хутга юм.
Хүмүүс талх зүсэж байгаад тэр ширээн дээр тавьж байсан. Бид нар эхлээд байшин дотор сууж архи ууж байгаад дараа нь гадаа хашааны сүүдэрт сууж уусан. Маргаан гадаа сүүдэрт сууж байхад болсон. Би маргааны үед байшин дотор үүдний хэсэгт байсан ширээн дээрх хутгыг авч гарч Ганзоригийг хутгалсан. Хэрэг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд Буян-Өлгийгийн хашаанд болсон юм.
Шинжээчийн дүгнэлттэй би танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг би Ганзоригийг хутгаар хутгалж түүний биед учруулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би буруу зүйл хийсэндээ харамсаж гэмшиж байна. Би Ганзоригтой уулзаж уучлалт гуйсан. Дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна. Намайг гэрийнхэн Улаанаа гэж, найз нар Жуяа гэж хочилж дууддаг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 86х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Нын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 13 дугаар гудамжны 327 тоот дахь н.Буян-Өлзийгийн гэрт бусадтай архидан согтуурч, тодорхой шалтаг шалтгаангүйгээр хамт байсан С.Г-ийг цээжний гол хэсэгт нь хутгалж, биед нь “...аюулхай мөгөөрсний баруун талд хэвлийн хөндийд нэвтэрч элгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий учрах үедээ амь насанд аюултай, хүнд гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан:
- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 13 дугаар гудамж, 327 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-9х/,
- хохирогч С.Г-ийн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Буян-Өлзий, Н, өөр танихгүй 2 хүний хамт Хан-Уул дүүргийн 5-р хороо, Яармагийн 13-327 тоотод 0.5 литр, 0.75 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд байшингийнх нь юмыг яриад гадаа сууж байхад Н байшин руу ороод гарч ирэх шиг болсон. Тэгээд над руу хүрч ирээд миний цээж рүү гурван удаа хутгаар зүссэн. Тэгэхээр нь би “яаж байна аа” гээд гараараа түлхэхэд миний гуя руу хутгаараа хоёр удаа зүссэн. Тэгээд би газарт унаад ухаан балартсан байсан ба нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Тухайн үед С.Нтай маргалдаж, муудалцсан асуудал байхгүй. С.Н миний цээж хэсэг рүү 3 удаа, зүүн хөлний гуя хэсэгт 2 удаа хутгаар хатгасан. Миний цээжинд 22 оёдол, гуянд 6 оёдол тавьсан. ...Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг С.Н надад учруулсан. Би гомдолтой байна. Би эмчилгээ хийлгэсэн зардал, бусад зардлуудыг нэхэмжилмээр байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/,
- ШШҮХ-ийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн: “...С.Г-ийн биед аюулхай мөгөөрсний баруун талд хэвлийн хөндийд нэвтэрч элэгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн 9295 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 30х/,
- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.” гэсэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7932 дугаартай дүгнэлт /хэргийн 33х/,
- гэрч Б.Батцэнгэлийн: “...2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө найз Нын хамтаар архи, согтууруулах ундаа ууж эхэлсэн байсан ба тухайн үед нилээн архи уусан байсан. Өдөр 15 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 5-р хороо, Яармагийн 13-р гудамжинд байх Буян-Өлзий гэх айлд Нын хамт ороход Буян-Өлзий, Зоригоо /С.Г-/, Гансүх, Гансүхийн төрсөн ах зэрэг хүмүүс байшингийн гадаа архи ууж сууж байсан юм.
Тухайн үед би Хандгай нэртэй 0.75 граммын архи авч ороод тэр архиа хувааж ууж байгаад би бие засах гээд жорлон ороод ирэхэд Н, Зоригоо /С.Г-/ хоёр цус болсон байдалтай байхаар нь би гайхаад асуухад надад хүмүүс юм хэлээгүй. Н шууд гараад гүйгээд явсан юм. Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд Зоригоог /С.Г-/ аваад явсан юм. Харин Н буцаж ирээгүй юм. ...Гансүх надад хэлэхдээ “Н нь байшингийн хөнгөн цагаан шанагатай ус гаргаж өгөхдөө гартаа хутга барьсан байсан байх, тэгээд шанагаа өгөөд шууд цээж хэсэг рүү нь хутгалсан” гэж хэлсэн. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,
- гэрч Г.Гансүхийн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 30 минутын үед Буян-Өлзийгийн гэрт очсон ба тэдний гэрт Буян-Өлзий, Батцэнгэл, Ганзориг бид дөрөв архи ууж байх үед гаднаас Жуяа /C.Н/, тэгээд их олон хүнтэй хамт орж . Би хэн хэн орж ирсэн талаар нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд бид нар хамт архи ууцгааж байгаад Ганзориг Жуяаг /C.Н/ “ус хийгээд өг” гэтэл Жуяа /C.Н/ шанагатай ус өгөхдөө шанаганы бариулны ар талд нь хутга барьсан байсан бөгөөд усаа өгчихөөд хутгаараа Ганзоригийн цээж рүү нь хатгасан.
Тэгээд Ганзориг босоод гүйсэн. Би тэгэхээр нь хашаанаас гарч яваад Мөнхийн рашаан гэх дэлгүүрийн утсаар цагдаа, түргэн дуудсан. Намайг буцаад Буян-Өлзийгийн гэрт ирэх үед цагдаа нар ирсэн байсан. Жуяа /C.Н/ гартаа хөнгөн цагаан шанага барьсан байсан бөгөөд бариулны ар талд хутга хийсэн байсан нь анзаарагдаагүй. Ганзориг, Жуяа /C.Н/ хоёр маргалдсан зүйл байхгүй. ...Ганзориг цээжний гол хэсэгт нь нэг хутгалуулсан, зүүн хөлийн гуяны ар талд нэг удаа хутгалуулсан байсан. Би Жуяаг /C.Н/ Ганзоригийн цээж хэсэг рүү хутгалахыг харсан, хөлийн гуяны хэсэгт нь хутгалсан талаар харсан зүйл байхгүй. Хутгалснаас өөр байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. Ганзориг Жуяаг /C.Н/ цохиж зодсон асуудал байхгүй. Жуяа /C.Н/ Ганзоригийг хутгалсныг хамт архи ууж байсан Буян-Өлзий, Сэрдамба, Батцэнгэл нар харсан. ...Жуяа дунд зэргийн согтолттой өөрийн хийж байгаа үйлдлээ хянаж чадахаар байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,
- гэрч С.Солонгийн: “...2018 оны 07 дугаар сарын 24-ний 15 цагийн үед миний дүү Цэцэгдэлгэр рүү танихгүй хүн утсаар залгаад “Ганзориг гэдэг хүн хутгалуулсан Госпиталь эмнэлэг дээр байна, яаралтай ир, хагалгаанд орох гэж байна” гэсэн байсан. Тэгээд Цэцэгдэлгэр над руу утсаар залгаад хэлэхээр нь би дүү Гансүхийн хамт эмнэлэг дээр ирсэн. Бид хоёрыг ирэх үед Ганзориг хагалгаанд ороод гарч байсан. Хагалгаа хийсэн Нямаа гэж эмч нь “биеийн байдал нь хүнд байна шүү, сахиуртай байлгаарай, ...гэдсэндээ болон гуяндаа хоёр хутгалуулсан байна, хэвлийд хутгалсан хэсэг нь элгэнд хүрсэн, элэг нь гэмтсэн байна, гуяны ар хэсэгт нь нэг дор 2 удаа хутгалсан байна, хагалгаа хийж оёдол тавьсан” гэж хэлсэн. Дээрх гэмтлүүдийг хэн учруулсан талаар мэдэхгүй байна. Ганзориг надад хэлсэн зүйл байхгүй, намайг ирэхэд наркоз нь гараагүй, намайг танихгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,
- шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “...Цэргийн төв эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудсанд тусгагдсанаар С.Г-ийн биед дээрх гэмтлээс гадна зүүн гуянд шарх гэмтэл учиржээ. Энэ нь нэг удаагийн ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Гэмтлийн зэрэг тогтоогоод аль хүндээр нь үнэлж дүгнэлт гаргадаг учраас хөнгөн зэрэг нь хүнд зэрэгтээ хамаардаг. Иймээс дээрх гэмтлийн зэрэг нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн үед С.Г-ийг үзэхээр Цэргийн төв эмнэлэг дээр очсон боловч үзүүлэгч тасагтаа байгаагүй тул өвчний түүхээр дүгнэлтийг гаргасан.
Өвчний түүхэнд тусгагдсан нь дээрх хоёр шарх байсан. Өөрийн биеэр үзээгүй учраас хаана хаана нь хэдэн шарх байсныг хэлж мэдэхгүй байна. Хөнгөн өнгөц шархуудыг өвчний түүхэнд бичиж тэмдэглээгүй байж болно. Хэдэн ч шарх байсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Хүнд зэргийн гэмтэл гэдгээрээ явна. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн зөв, нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31х/,
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 966 дугаартай “...С.Н нь Архины хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Энэ эмгэг нь хэрэг учрал болохоос өмнө үүссэн байх боломжтой юм, энэ эмгэг нь олдмол эмгэг юм, С.Н нь юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна, С.Н нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна, С.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 73х/,
- хохирогч Г.Ганзоригийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хэргийн 76-85х/,
- хохирогч С.Г- хохирол төлбөрт 2.400.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт, “С.Над гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие эрүүл саруул байгаа, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн хохирогч С.Г-оос 2019 оны 01 сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 106х, 107-111х/ болон шүүгдэгч С.Нын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч С.Г-ийн биед учирсан “аюулхай мөгөөрсний баруун талд хэвлийн хөндийд нэвтэрч элэгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч С.Н нь түүний цээжний гол хэсэгт нь хутгалсны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Н нь хохирогч С.Г-ийн цээжний гол хэсэгт хутгаар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокуророос С.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Ныг “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Тухайн хэргийн нөхцөлд хохирогч С.Г-ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Хохирогч С.Г- нь гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нийт 2.400.000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч С.Н нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад 2.400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч С.Г- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлт, Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл баримтууд хэргийн 106х, 107-111х дугаар талд тус тус авагдсан байна.
Иймд шүүгдэгч С.Наас гэмт хэргийн хохирол, хор уршгийн төлбөрт тооцож гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 40х/ авагдан ба энэ нь түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч С.Г-т 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч С.Г- нь хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн баримттай /хэргийн 106, 107, 109-110х/ тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь” тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч С.Г- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгч С.Наранмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан, С.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 03 /гурав/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг метали иштэй 25.5 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт С.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч С.Г- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө овогт С-ийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх зааалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар С.Ныг 03 /гурав/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар С.Над оногдуулсан 03 /гурав/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Н нь хохирогч С.Г-т 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг металл иштэй, 25.5 см урттай, хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт С.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.Над авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧИД Д.АЛТАНЖИГҮҮР
Б.БАТБОЛОР