Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/00407

 

 

 

 

 

 

             

    2024        02           28                                       210/МА2024/00407

 

Ж.Өгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04129 дугаар шийдвэртэй,

 

Ж.Өгийн нэхэмжлэлтэй

МД ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 6,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие МД ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууцны даатгалын гэрээ”-г байгуулсан. Даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд тохиролцсон нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохоор байна.

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай гэрийн гал тогооны уян хоолой задарч сантехникийн гэмтэл гарснаар ус алдаж 6,450,000 төгрөгийн хохирол учирсан. Ус алдсан талаар “Ди Ди прогресс” ХХК болох конторт дуудлага өгч хэрэглээний халуун хүйтэн усыг босоо шугамаар хааж ус алдалтыг зогсоосон.

1.2. МД ХХК-тай байгуулсан орон сууцны даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэл 3.1.3-т “Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохиролыг эрсдэлд тооцно” гэж, 4.1.10-т “Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохиролыг 100%-иар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно” гэж, мөн 7.1.7-д “Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг энэхүү гэрээнд заасны дагуу олгоно” гэж тус тус заасан. МД ХХК-д ус алдсан талаар мэдэгдэж холбогдох баримтыг, үнэлгээний тайлангийн хамт өгөхөд төлөхгүй гэсэн хариу өгсөн.

1.3. Манай доод айл болох 63 тоот айлынх орон сууцаа даатгуулаагүй байсан учир хохирлыг би төлж барагдуулсан. МД ХХК төлөхгүй гэсэн хариу өгсөн тул Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албанд хандахад “2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр МД ХХК-д даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохиролын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй” гэсэн албан бичгийг хүргүүлсэн боловч МД ХХК төлөхгүй гэсэн хариуг өгсөн.

Иймд хариуцагч МД ХХК-аас нөхөн төлбөр 6,450,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 290,000 төгрөг нийт 6,740,000 төгрөг гаргуулж өгнө үү.  

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Даатгуулагч Ж.Ө нь МД ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцны даатгалын гэрээг байгуулж, даатгагч гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд тохиролцсон нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохоор тохирсон.

Талуудын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууцны даатгал”-ын гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, 406 дугаар байр, 67 тоот хаягт байршилтай орон сууцыг даатгуулсан.

Нэхэмжпэгчийн нөхөн төлбөр хүсэхдээ бүрдүүлэн өгсөн “Ди Ди прогресс” ХХК-ийн гаргасан дүгнэлтээс үзэхэд “406-67 тоотын уян хоолой материалын чанар, элэгдлээс шалтгаалан задарснаас ус алдсан” гэж дурьдсан нь орон сууцны ашиглалтын явцад үүссэн ердийн элэгдэл гэмтлээс үүдэж учирсан хохирол болох нь тогтоогдсон.

2.2. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй байх тул даатгалын гэрээний 5.10-т “эд хөрөнгийн ердийн элэгдэл... ” гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Иймд дээр дурьдсан үйл баримт холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч МД ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч МД ХХК-иас 6,740,000 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ж.Өд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Өгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-иас 122,790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Өд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт “2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/67 дугаартай албан бичигт дуудлагын дагуу очиход 406-67 тоотын уян хоолой задарч сантехникийн гэмтэл гарснаас ус алдсан бөгөөд тухайн үед гэртээ хүнгүй байсан. Манай байгууллага материалын чанарыг тодорхойлж дүгнэлт гаргадаг байгууллага биш” гэсэн албан бичгийг хүргүүлсэн гэж дурьдсан боловч нөхөн төлбөр шийдвэрлэх шатанд хариуцагчид ямар нэгэн байдлаар энэ албан бичгийг өгөөгүй бөгөөд авчирж өгсөн нотлох баримт байдаггүй, нэхэмжлэгч түүнийгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Нөхөн төлбөр шийдвэрлэх явцад нэхэмжлэгч даатгалын гэрээний 6.1.6-д “даатгалтай холбоотой баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд дээр дурдсан албан бичгийг ирүүлээгүйн улмаас гэрээний 7.1.8-д “Даатгалын тохиолдол болсон үед түүний шалтгаан нөхцөлийг судлах, эрх бүхий байгууллагаар шалгуулах, шаардлагатай нэмэлт мэдээ, мэдээллийг даатгуулагчаас гаргаж авах” гэж заасан хариуцагчийн эрх зөрчигдөж байна. Шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

4.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1 дэх хэсэгт “Ди Ди прогресс” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/64 дугаартай дүгнэлтэндээ уян хоолой ямар шалтгааны улмаас задарсан тухай дурдаагүй боловч 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/67 дугаартай тодруулга, тайлбар хүргүүлэх тухай албан бичигтээ уян хоолойн материалын чанарын тодорхойлолт гаргадаг байгууллага биш гэдгээ илэрхийлсэн. Тус компани нь уян хоолойн элэгдэл, хорогдол материалын шинж чанарыг тодорхойлох эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдож байна" гэж илт нэг талыг баримталж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл нөхөн төлбөр шийдвэрлэхэд үндэслэсэн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/66 дугаар албан бичигт “ ... 406-67 тоотын уян хоолой материалын чанар, элэгдлээс шалтгаалан задарснаас ус алдсан" гэж дурдсан анхны үйл баримтыг шүүх огт дүгнээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийг зөрсөн гэж үзэж байна.

4.3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс хуулбараар ирүүлсэн үнэлгээний тайлангийн фото зургийн эх хувтай шүүх өөрийн санаачлагаар хариуцагчаас авч танилцсан ба зэвэрч муудсан илэрхий үйл баримтанд дүгнэлт өгөөгүй болно.

Иймд анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү..

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Ө нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 6,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ж.Ө болон МД ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцны даатгалын гэрээг бичгээр байгуулсан, уг гэрээгээр даатгуулагч Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, 406 байр, 67 тоотод байрлах орон сууцыг даатгуулж, даатгалын төлбөрийг төлсөн, дээрх орон сууцны өмчлөгч нь Ж.Ө мөн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, 406 байр, 67 тоотод байрлах орон сууц дахь гал тогооны өрөөнд уян хоолой задарч ус алдсан талаар талууд тайлбарласан.     

4.1. Энэ нь “Орон сууцны даатгалын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1.3-т   “Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохирлыг эрсдэлд тооцно” гэж тохиролцсон нь эрсдэлд хамаарах талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь: “Ди Ди Прогресс” ХХК  2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/64 дугаар “Дүгнэлт гаргах тухай” албан бичигт: “... Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо************оот дээд айлаас ус алдаад байна гэсэн дуудлагыг ... ирүүлсэн. Дуудлагын дагуу очиход 406-67 тоотын уян хоолой задарсанаас ус алдсан бөгөөд хэрэглээний халуун хүйтэн усыг босоо шугамаар хааж усны алдагдлыг зогсоосон” гэж дурдагдсан бөгөөд усны уян хоолой задарсан нь сантехникийн гэмтэлд хамаарч байна.

4.2. Харин гэрээний 5.10-т “Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн хөрөнгө, бараа материалын шинж чанар, үйлдвэрлэлийн гологдлоос шалтгаалан гарсан хохирол, гэмтэл”-д нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд тохиролцсон байх бөгөөд нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Учир нь: “Ди Ди Прогресс” ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МД ХХК-д 1/66 тоот албан бичгээр “... 406-67 тоотын уян хоолойн материаллын чанар, элэгдлээс шалтгаалан задарснаас ус алдсан” гэж өгсөн тодорхойлолтоо 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр МД ХХК-д 1/67 тоот албан бичигт “... Дуудлагын дагуу очиход 406-67 тоотын уян хоолой задарч сантехникийн гэмтэл гарснаас ус алдсан бөгөөд тухайн үед гэртээ хүнгүй байсан. Манай байгууллага материалын чанарыг тодорхойлж дүгнэлт гаргадаг байгууллага биш юм” гэж дурдсанаар үгүйсгэсэн байна.

 

5. Иймд даатгалын тохиолдол бий болсон тул хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрийг гэрээний 4.1.10-т “Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100%-иар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно” гэж  зааснаар төлөх үүрэгтэй. 

5.1. “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Ж.Өгийн өмчлөлд 6,450,000 төгрөгийн хохирол учирсан, тэрээр үнэлгээний ажиллагааны зардалд  290,000 төгрөгийг төлсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. 

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04129 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

     ШҮҮГЧИД                                      Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА