Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2023/03462/И |
Дугаар | 210/МА2024/00408 |
Огноо | 2024-02-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2024/00408
2024 02 28 210/МА2024/00408
С.Сын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03723 дугаар шийдвэртэй,
С.Сын нэхэмжлэлтэй
ШШГЕГарт холбогдох,
Цалингийн зөрүү болон нэг удаагийн тэтгэмж нийт 77,522,069 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би 2003 оноос Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд жолоочоор томилогдож, 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явахдаа авто осолд орж, хавирга хугарч уушгиа гэмтээж, нугас тасарч бүсэлхийнээс доош бүрэн саажилт өгч, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан.
Одоог хүртэл эхнэрийнхээ байнгын асаргаанд байж, тасралтгүй эмчилгээ хийлгэж, өтгөн шингэнээ клизм, катетер тавьж гаргадаг бөгөөд суудлын хэсэгтээ хэд хэдэн шархтай, 2 өвдөг, сүүж, өсгий цооролттой, эргээд хэзээ ч хэвийн байдалд орох боломжгүй болсон.
Эмнэлэгт боолт хийлгэхэд материал, эм тос гэх мэтийн зардал байнга гардаг, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврээс өөр тодорхой орлогогүй, авдаг тэтгэвэр нь эмчилгээний зардалд хүрдэггүй.
1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олговор авахаар 2013 онд материалаа өгч, үйлдвэрлэлийн ослоос шалтгаалах өвчний хохиролд нэг удаа 4,000,000 төгрөгийг авсан бөгөөд уг мөнгөө эмчилгээндээ зарцуулсан. Би 2021 оны 8 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу Засгийн газраас олгох нөхөх олговор, авах ёстой байсан цалингийн зөрүү, нэг удаагийн тэтгэмж зэргийг нэхэж өргөдөл явуулсан боловч ШШГЕГрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/2372 тоот албан бичгээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 онд батлагдсан тул одоо ажиллаж байгаа албан хаагчдад хамаатай” гэх хариу өгсөн.
2022 оны 2 дугаар сарын сүүлээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу нэг удаагийн тэтгэмж нэхэмжилж хүсэлт явуулсан боловч 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05/667 тоот албан бичгээр “өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас хуульд заасан үндэслэл бүрдээгүй” гэх хариуг ирүүлсэн.
Иймд Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар ШШГЕГрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/104 тоот дугаартай тушаалаар 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/630 тушаалд өөрчлөлт оруулсан.
1.3. Би Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан журмын 2.2 дахь хэсэгт “...цалингийн зөрүүг тэтгэмж авч байгаа хугацаанд нь сар бүр олгох бөгөөд цалингийн сүлжээ өөрчлөгдөх бүрд шинэчлэгдсэн цалингийн зөрүүг тооцон олгоно” гэсний дагуу 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 2023 оны 01 дүгээр сарыг дуустал бүх хугацаанд авч байсан тэтгэмжийн хэмжээ болон авч байсан цалингийн зөрүүг тооцож нөхөн гаргуулах, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...биеийн эрүүл мэндээр ... халагдвал 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу 2010 онд авч байсан цалин 319,340 х 18 сар = 5,748,120 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг авахаар дахин нэхэмжилсэн.
1.4. ШШГЕГрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05/688 тоот албан бичигт “...Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох үндэслэлтэй, харин нэг удаагийн нөхөх олговор, цалингийн зөрүүг олгох асуудал нь 2010 онд болсон үйл явдал байх бөгөөд тухайн үед 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй...” гэсэн хариу өгсөн.
1.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.3 /2010 онд мөрдөгдөж байсан хууль/-т “...хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгох...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны шинэчилсэн найруулга/-ийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараах нөхөх олговор, тусламж олгоно” гэж, мөн хуулийн 286.3.1-т “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор...” гэж заасан.
2002 болон 2017 оны хуулийн аль алинд нь дээрх заалт байгаа бөгөөд би албан үүргээ гүйцэтгэж яваад гэмтсэн учраас цалингийн зөрүү, нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна.
Би 2010 онд 319,340 төгрөгийн сарын цалинтай байсан ба үүнээс хойш 2012, 2019 онд цалингийн сүлжээ шинэчлэгдсэн. Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 2.2 дах хэсэгт “...цалингийн зөрүүг тэтгэмж авч байгаа хугацаанд нь сар бүр олгох бөгөөд цалингийн сүлжээ өөрчлөгдөх бүрд шинэчлэгдсэн цалингийн зөрүүг тооцон олгоно...” гэж заасны дагуу цалингийн зөрүүг тооцвол 2010 оны 10 дугаар сараас 2011 оны 12 дугаар сар дуустал хугацаанд сарын цалин 319,340 х 15 сар = 4,790,100 төгрөгийн цалин, 2012-2016 онд сарын цалин 495,175 х 60 сар = 29,710,500 төгрөг, 2017-2021 оны сарын цалин 746,085 х 60 сар = 44,765,100 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар дуустал цалин 746,085 х 18 сар = 13,429,530 төгрөг, нийт 92,695,230 төгрөгийн цалин авах байсан.
Харин 2010 оны 10 дугаар сараас хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсаны тэтгэврийг 2023 оны 6 дугаар сарыг дуустал хугацаагаар тооцоход нийт авсан тэтгэврийн хэмжээ 64,673,316 төгрөг болж байна
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 137 дугаар зүйлийн 137.1.3-т заасны дагуу цалин 92,695,230 төгрөг, тэтгэвэр 64,673,316 төгрөг, зөрүү 28,022,069 төгрөг, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан тул 420,000 х 90 = 37,800,000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор нийт 65,822,069 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч тухайн үед Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буруу тооцсон байсан.
1.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 286 дугаар зүйлийн 286.3.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараах нөхөх олговор, тусламж олгоно” гэж, Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид нөхөх олговор, тусламж олгох журмын 2.1.1-д “Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон алба хаагчид хөдөлмөрийн чадвараа ... 70-аас дээш хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, тус бүр нэг удаа хувь, хэмжээгээр тусламж олгоно” гэж тус тус заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 49,500,000 төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор, тусламжийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагчаас цалингийн зөрүү 28,022,069 төгрөг, нөхөн олговор, тусламжид 49,500,000 төгрөг, нийт 77,522,069 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэлд дурдсан авто осол 2010 онд болсон бөгөөд тухайн үед 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль дагаж мөрдөгдөж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 137 дугаар зүйлийн 137.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодод нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгох ба хэрэв дээр дурдсан шалтгаанаар хохирсноос хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол зардлыг улсын төсвөөс авах” гэж заасан.
С.С нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, аюулгүйн бүс зүүж хөдөлгөөнд оролцоогүй зэрэг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гаргаж, гэмтэл бэртэл учирсан болох нь үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, дүгнэлтээр тогтоогдсон байдаг тул дээрх хуулийн 137.1.3-т заасан үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй.
2.2. Байгууллагын зүгээс дээрх хуулийн заалтад хамаарахгүй байсан ч гэсэн алба хаагчид тусламж, дэмжлэг үзүүлж байсан. С.С нь ослоос хойш 5 сарын дараа буюу 2010 оны 9 дүгээр сараас эхлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон байсан. Харин 1 удаагийн тэтгэмж болох 18 сарын цалин хөлстэй тэнцэх мөнгийг олгох боломж бүрдээгүй байсныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн тушаалд зохих өөрчлөлтийг оруулснаар боломжтой болж, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохих тэтгэмжийг олгосон.
Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолд заасан үндэслэл журмын дагуу С.Ст нөхөн олговор, тусламжийг олгох боломжгүй.
Учир нь хууль, журмын дээрх заалтууд нь үндсэн зохицуулалтын хувьд шинээр томьёологдож хуульчлагдсан харилцаа тул одоо ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хамаарахаар тусгагдсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.3.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ШШГЕГраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор 49,500,000 /дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,022,069 /хорин найман сая хорин хоёр мянга жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч ШШГЕГраас 405,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэлд дурдсан авто осол 2010 онд болсон үйл явдал бөгөөд тухайн үед 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөж байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 137 дугаар зүйлийн 137.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодод нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгох ба хэрэв дээр дурдсан шалтгаанаар хохирсноос хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол зардлыг улсын төсвөөс авах” гэж заасан.
С.С нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, аюулгүйн бүс зүүж хөдөлгөөнд оролцоогүй зэрэг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гаргаж, гэмтэл бэртэл учирсан болох нь үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт дүгнэлтээр хангалттай тогтоогдсон байдаг тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 137 дугаар зүйлийн 137.1.3-д заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
4.2. С.С ослоос хойш 5 сарын дараа буюу 2010 оны 09 дүгээр сараас эхлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосноор хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дууссан нөхцөл байдал үүссэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 286 дугаар зүйлийн 286.3, Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолд заасан үндэслэл журмын дагуу С.Ст нөхөн олговор, тусламжийг олгох боломжгүй.
Учир нь хууль, журмын дээрх заалтууд нь үндсэн зохицуулалтын хувьд 2010 онд үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд огт байгаагүй, 2017 шинэчилсэн найруулгаар шинээр томьёологдож, хуульчлагдсан алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцаа бөгөөд энэ нь хууль батлагдсанаас хойш болон одоо ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалд хамаарах заалт юм.
Иймд 2010 оны үйл явдалд уг хууль, Засгийн газрын журмын заалтаар нөхөн олговор, тусламж олгох зохицуулалтыг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэг удаагийн нөхөх олговор олгох хэмжээг тогтоохдоо 2023 онд тогтоосон хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр тооцсон нь эргэлзээтэй шийдвэр болсон.
4.3. Анхан шатны шүүхээс дээр дурдсан хуулийн үндэслэлүүдэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль журмыг ямар үндэслэлээр буцаан хэрэглэж байгаа талаар шийдвэрт тусгаагүй зэргээр алдаатай шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Тухайн тээврийн хэрэгсэл маань хуучирч муудсаны улмаас осол гарсан. Үүнийг С.С миний хариуцлагагүй үйлдэл гэж үзэхгүй.
Учир нь хариуцагч байгууллагын тээврийн хэрэгсэл хугацаандаа үзлэг, оношилгоонд ороогүй бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах боломжгүй байсан. Автомашины явах эд ангийн цаана байдаг гарын боолтын элэгдлээс болж осол гарсан гэж үзэж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт “...энэ заалтад шуурхай албаны автомашинд үүргээ гүйцэтгэж яваа жолооч, зорчигч, мөн бие эрүүл мэндийн байдалд үл тохирох заалт бүхий эмчийн магадалгаатай зорчигчид хамаарахгүй” гэж заасан.
Би шуурхай албан үүргээ гүйцэтгэж явсан учраас суудлын бүс бүслэх шаардлага байгаагүй бөгөөд албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдсан. 2010 онд чөлөөлөх тушаал буруу гарсантай холбоотой маргаан 2012 оноос хойш хуулийн байгууллагаар хянагдаж, анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. 2023 онд ажлаас чөлөөлөгдөх ёстой байсан тушаал засагдаж гарсан.
5.2. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хууль гарсан. Тус хуульд зааснаар тухайн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хууль хамаарахгүй төрийн албан хаагч нарыг тодорхойлж заасан. Үүнд С.С хамаарахгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг үндэслэн тодорхойлсон.
5.3. С.С ажил, албан үүргээ гүйцэтгэж яваад хавирга нь хугарч, уушги нь гэмтэж, бүсэлхийнээс доош нугас нь тасарч, хөл нь мэдээгүй болж, хугацаагүйгээр хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан.
Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолоор баталсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, албан хаагч нарт нөхөн олговор, тусламж олгох журмын гол зорилго нь албан үүргээ гүйцэтгэж яваад бэртсэн, эрүүл мэндээрээ хохирсон албан хаагчид олгож байгаа нөхөн олговрыг зохицуулахаар байна. Тус журмын 4.1 дэх хэсэгт “...энэ журамд заасан нөхөн олговор, тусламжийг албан хаагч албанаас чөлөөлөгдсөн иргэн, эсхүл түүний гэр бүлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын шийдвэрээр олгоно” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, уг гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч ШШГЕГарт холбогдуулан цалингийн зөрүү болон нэг удаагийн тэтгэмж нийт 77,522,069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, энэ талаар талууд маргаагүй. Үүнд:
3.1. ШШГЕГрын харьяа Өндөрхаан дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2003.12.10-ны өдрийн Б/91 тоот тушаалаар 2003.11.01-ний өдрөөс Эрэн сурвалжлах албаны жолоочоор, ШШГЕГрын даргын 2004.11.25-ны өдрийн Б/803 тоот тушаалаар Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд жолоочоор тус тус томилсон.
3.2. С.С 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж, хуяглан хүргэх ажиллагааг гүйцэтгэх явцдаа автомашины осолд орсон.
3.3. 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”-аар “С.Сыг үйлдвэрлэлийн ослын хүнд бүлэгт хамаарах”-аар тогтоосон.
3.4. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №0549791 дугаар актаар “С.Сын хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар, хугацаагүй”-ээр сунгаж шийдвэрлэсэн.
3.5. ШШГЕГрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн б/630 дугаар тушаалаар С.Сыг 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлсөн.
3.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0896 дугаар шийдвэрээр ШШГЕГрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/630 тоот тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тушаалд зохих өөрчлөлт оруулахыг ШШГЕГарт даалгасан.
3.8. ШШГЕГрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/391 дугаар тушаалаар “Өвчний учир албан тушаалаас түр чөлөөлөгдөж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон С.Сыг 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох”-оор шийдвэрлэсэн.
4. ШШГЕГрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/104 тоот тушаалд С.Сыг биеийн эрүүл мэндийн байдлын улмаас албан тушаалаас түр чөлөөлсөн байх тул тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараах нөхөх олговор, тусламж олгоно” гэж заасны дагуу нөхөх олговор шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн хооронд үүссэн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаа дуусгавар болоогүй байна.
Иймд мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.1-т “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 2.1.1-д “...70-с дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, нэг удаа олгоно” гэж тус тус заасныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 550,000 төгрөг байгааг харгалзсан анхан шатны шүүх ШШГЕГраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор 49,500,000 төгрөгийг гаргуулж, С.Ст олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
5. Анхан шатны шүүх цалингийн зөрүү 28,022,069 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргаагүй болно.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Э.ЗОЛЗАЯА