| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 142/2015/0159/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2017-02-16 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх/Орхон аймаг/ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 13
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Ц.Идэрмөнх
Цагаатгагдсан
этгээдийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг
Хохирогч Б.Эрдэнэчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч А.Нарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Цэрэндоржийн Оюунчимэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201414000577 дугаартай, 142/2015/0159/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эмэгтэй, 51 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-5-48 тоотод оршин суух хаягтай, урьд авсан ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Цэрэндоржийн Оюунчимэг /РД: ИМ65042803/.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Ц.Оюунчимэг нь Төрийн орон сууцны корпорацын захиалгаар баригдсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, 5-41-37 тоот 2 өрөө орон сууцыг төлбөрийг бүрэн гүйцэт барагдуулахаас өмнө, байрны гэрчилгээ гараагүй байхад худалдан борлуулах эрхгүй атлаа бодит байдлыг мушгин гуйвуулж, итгэл эвдэх аргаар иргэн Б.Эрдэнэчимэгт 53 сая төгрөгөөр худалдан уг мөнгийг Төрийн орон сууцны корпорацийн дансанд шилжүүлээгүй залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.
Анхан шатны шүүх Ц.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 54 дугаартай цагаатгах тогтоолоор:
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Оюунчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
-Ц.Оюунчимэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2-д зааснаар иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ:
“...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 54 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
-Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйл 248.1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Оюунчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нь “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх бөгөөд...” гэснийг зөрчсөн байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 24.1.1-24.1.4-д заасан байдал тогтоогдвол” гэж заасан бөгөөд чухам аль үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж байгаа нь ойлгомжгүй эргэлзээ төрүүлэхүйц байна.
-Хохирогч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “Тэгэхэд ТОСК-ийн гэрээ үзүүлээд байрны төлөлт хийгдсэн гэрчилгээгээ хүлээж байна гэж хэлсэн байсан. Би тухайн үед Оюунчимэгт итгээд худалдаж авахаар болсон. /хх-ийн 14 дүгээр хуудас/ гэснээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Оюунчимэг нь хохирогч Б.Эрдэнэчимэгийг хууран мэхлэж, итгэл эвдэх аргаар залилан мэхлэсэн гэмт хэргийн субъектив талын шинж буюу залилан мэхлэх сэдэлт, санаа зорилгыг илэрхийлж байна. Мөн шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан “орон сууцны гэрчилгээ гараагүй байгаа гэдгийг лавтай сайн мэдэж байсан атлаа худалдаж авахыг хүлээн зөвшөөрсөн болох нь” гэж дүгнэснийг хохирогчийн дээрх мэдүүлэг үгүйсгэж, хохирогчоос Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан мэдүүлгийг үнэлэлгүй орхигдуулсан нь хуулийн шаардлагыг хангахгүй байна.
-Шүүгдэгч Ц.Оюунчимэг нь хохирогч Б.Эрдэнэчимэгээс авсан 53.000.000 төгрөгөөс байрны үлдэгдэл төлбөрийг төлж гэрчилгээг гаргуулан авах бүрэн боломж байсан бөгөөд ямар нэг байдлаар төлөлт хийх санаа зорилго агуулаагүй нь уг гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдож байна. Энэ нь иргэний нэхэмжлэгч П.Ганзоригийн ... Ц.Оюунчимэг нь нэг удаа ТОСК дээр нэг ч удаа мөнгө төлөх зорилгоор болон бусад зорилгоор ирж байгаагүй. Манай байгууллага иргэдтэй дансаар харьцдаг учраас иргэдээс бэлнээр мөнгө авах шаардлага байхгүй... гэсэн, хохирогч Б.Эрдэнэчимэгийн .... Оюунчимэг нь ТОСК-с хүн ирэхээр эгч нь байна гэж хэлээрэй гэхээр нь ТОСК-с хүмүүс ирээд үзэхэд нь эгч нь байгаа юм гэж хэлж байсан... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 “Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт” “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох...” гэснийг зөрчсөн бөгөөд хохирогчийн мэдүүлэг болох яллах баримтыг ямар учраас үгүйсгэсэн талаар дүгнэлт хийж дурдаагүй байна.
-Шүүгдэгч Оюунчимэгт уг байр буюу 5-41-37 тоот 2 өрөө орон сууцыг эзэмших эрх үүссэн хэдий ч өмчлөх эрх үүсээгүй буюу захиран зарцуулах эрхгүй байхад байрны төлөлт хийгдсэн гэрчилгээгээ хүлээж байна мөнгө шилжүүл гэж удаа дараа шаардсан идэвхитэй үйлдэл нь түүний залилан мэхлэх гэмт хэргийн объектив талын шинжийг нотолж байна. Үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ гарснаар тухайн өмчлөх, үл хөдлөх захиран зарцуулах эрх үүсдэг онцлогтой бөгөөд энэ тохиолдолд төлөлт бүрэн хийгдсэн, гэрчилгээг хүлээж байна гэж хохирогчийг төөрөгдүүлсэн байна.
-Хохирогч Б.Эрдэнэчимэг болон шүүгдэгч Ц.Оюунчимэг нар нь байрыг худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд байх зээлийн гэрээ нь хохирогч Б.Эрдэнэчимэгийг шүүгдэгч Ц.Оюунчимэгт 53.000.000 сая төгрөг өгснийг нотлож байгаа юм. Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр биш учраас шүүхийн тогтоолд дурьдсан хохирогч Б.Эрдэнэчимэгийн үлдэгдэл 16.000.000 төгрөгийн төлбөр 1 сарын дотор төлөх үүргээ биелүүлж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус, хууль зөрчиж байгуулагдсан гэрээ гэж ойлгогдохоор баримтаар хохирогч Б.Эрдэнэчимэг нь үүрэг хүлээхгүй юм.
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэснийг зөрчиж тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын яллагч эсэргүүцэл бичив гэжээ.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бол бусдыг залилан мэхлэн хуурсан тохиолдолд бий болдог гэмт хэрэг.
Цагаатгах тогтоолын 1 дэх заалтад дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-24.1.4 нь бол буруу заалт биш, үүнийг давах шатны шүүхээс залруулж болох зүйл юм. Прокурорын яллах дүгнэлтийг хангалттай үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт их авагдсан. Тухайн байранд Б.Эрдэнэчимэг өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, харин түүнийг эзэмших эзэмшлийн гэрчилгээг л гаргаж чадахгүй байгаа юм. Ц.Оюунчимэг тархины маш хүнд хагалгаанд 2 удаа орсон, унаж тусдаг өвчтэй ба хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Ингээд маш хүндээр өвдсөн учраас арга ядаад бөө болоод 30 гаруй сая төгрөгөө алдсан. Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоол дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгах талаар маш тодорхой заасан. Энэ бол залилан мэхэлсэн гэмт хэрэг биш, харин Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасан асуудал юм. Хэрвээ Ц.Оюунчимэг Б.Эрдэнэчимэгт байр өгөөгүй, мөнгөө аваад алга болсон бол энэ залилан мэхлэх гэмт хэрэг болох байсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх энэ хэргийг зөв шийдсэн. Цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би улсын яллагчтай санал нэгтэй байна. Анхан шатны шүүх хуралдаан орохоос өмнө би Ц.Оюунчимэг болон түүний хүүтэй уулзаад тэд нарыг арай гэж олсон тухайгаа ярьсан. Ц.Оюунчимэг хүүтэйгээ хамт хоёулаа утсаа авахгүй алга болсон, 19 /арван есөн сая/ төгрөг төлөөд манай байрны гэрчилгээг авах ёстой хүмүүс. Уг байр нь хорин 24 сая төгрөгөөр гарсныг би Төрийн Орон сууцны корпорац дээр өөрөө очиж байж мэдсэн. Би Оюунчимэгийг өөрөө хайгаад олохгүй Эрдэнэтийн цагдаагийн газарт гомдол гаргаж байж түүнийг цагдаа нар олж ирсэн. Ц.Оюунчимэгийн худлаа ярих нь их хэцүү, би түүнийг огт танихгүй. Гэтэл тэр намайг таньдаг мэтээр ярьсан. Яагаад хүнийг ингэж хохироогоод байгааг ойлгохгүй байна гэв.
Тодорхойлох нь:
Ц.Оюунчимэг нь Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, 5-41-37 тоот 2 өрөө орон сууцыг төлбөрийг бүрэн гүйцэт барагдуулахаас өмнө, байрны гэрчилгээ гараагүй байхад худалдан борлуулах эрхгүй атлаа бодит байдлыг мушгин гуйвуулж, итгэл эвдэх аргаар иргэн Б.Эрдэнэчимэгт 53 сая төгрөгөөр худалдан уг мөнгийг Төрийн орон сууцны корпорацийн дансанд шилжүүлээгүй залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Орхон аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн үйлдсэн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Ц.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 54 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Оюунчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “…Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна…” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Улсын яллагчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/01 дугаартай эсэргүүцлийн дагуу Ц.Оюунчимэгт холбогдох эрүүгийн 201414000577 дугаартай хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад дараах байдлууд тогтоогдлоо.
Ц.Оюунчимэг нь 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн барилга, барилгын материалын үйлдвэрлэл, зураг төсөл, худалдаа үйлчилгээний “Эрдкон инжиниринг корпораци” ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх” 34/2007 тоот гэрээ, 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Барилгын ажил гүйцэтгэх” 34/2007 тоот гэрээнүүдийг /1-р хх-ийн 67-72-р ху/ тус тус байгуулж, Эрдэнэт хотын 5 дугаар хороололд баригдах 50 айлын орон сууцны барилгын 2-р блокийн 3 дугаар давхрын 37 тоот 42.6 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиолцож урьдчилгаа 30 хувийн төлбөрийг гүйцэтгэгчид шилжүүлсэн болох нь Залуу гэр бүлийн орон сууц батламж /1-р хх-ийн 73-р ху/, бэлэн мөнгөний орлогын ордер /1-р хх-ийн 39-р ху/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Барилгын ажил гүйцэтгэгч Орхон аймгийн барилга, барилгын материалын үйлдвэрлэл, зураг төсөл, худалдаа үйлчилгээний “Эрдкон инжиниринг корпораци” ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс захиалсан орон сууц гүйцэд баригдаагүй тул уг орон сууцыг “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ий мэдэлд шилжүүлснээр орон сууцны захиалгын гэрээг “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 21, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр /1-р хх-ийн 36-38-р ху/ тус тус шинэчлэн байгуулж, Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт байршилтай, 50 айлын орон сууцны 37 тоотын 38,8 м/кв талбай бүхий 2 өрөө сууцыг нийт 24.764.721 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, орон сууцны нийт үнийн дүнгийн 25 хувь хүртэлх төлбөр 4.645.293 төгрөгийг дансанд байршуулж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтанд орж, түлхүүр хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор төлөх, эсхүл зээлийн гэрээ байгуулахаар заасан бөгөөд эдгээр гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан байх тул Ц.Оюунчимэгт Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасан эзэмших эрх үүссэн бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Гэтэл Ц.Оюунчимэг нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөгчийн эрх буюу захиран зарцуулах эрх үүсээгүй байхад 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дээрхи байрыг иргэн Б.Эрдэнэчимэгт 55.000.000 /тавин таван сая/ төгрөгөөр худалдахаар Зээлийн гэрээ гэсэн хуудсан дээр Худалдах, худалдан авах гэрээ гэсэн гэрээ хийж /1-р хх-ийн 6, 99-р ху/ улмаар хохирогч Б.Эрдэнэчимэг нь 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ц.Оюунчимэгийн хүү Д.Гансумын дансанд 36.000.000 /гучин зургаан сая/ төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3.000.000 /гурван сая/ төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Оюунчимэгийн дансанд 8.000.000 /найман сая/ төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг шилжүүлж, бэлнээр 3.000.000 /гурван сая/ төгрөг өгч нийт 53.000.000 /тавин гурван сая/ төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч Ц.Оюунчимэг болон хохирогч Б.Эрдэнэчимэг нарын мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх Ц.Оюунчимэг, Б.Эрдэнэчимэг нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх бөгөөд гэрээний агуулгаас үзэхэд орон сууц худалдах, худалдан авах тухай бус үлдэгдэл 16.000.000 төгрөгийг төлөх талаар тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхээр байна..., хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба Ц.Оюунчимэг нь тухайн үед захиалан бариулсан орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байхад эрхийн зөрчилтэй Б.Эрдэнэчимэгт худалдсан атлаа орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж, худалдсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч Б.Эрдэнэчимэгт шилжүүлэн өгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна, хохирогч Б.Эрдэнэчимэг нь 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөг хүртэл маргаан бүхий орон сууцандаа амьдарч, зөвхөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэн авахыг хүсэж байгаа нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүргээ биелүүлэхийг шаардсаныг нотолж байна... гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Оюунчимэгт холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Хохирогч Б.Эрдэнэчимэг нь 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор орон сууцны төлбөрт 53.000.000 /тавин гурван сая/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ хугацаанд Ц.Оюунчимэг нь өнөөдрийг хүртэл тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Орон сууцны санхүүжилтийн корпорацийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн төлбөрөө төлж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогчид шилжүүлэх ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй бөгөөд энэ талаар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, цагаатгах тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.
Иймд улсын яллагчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Ц.Оюунчимэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах,эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ