Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 95

 

 

Г.Х-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1506 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1397 дугаар магадлалтай, Г.Х-ад холбогдох 1806016031610 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2001 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30ы өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоног баривчлах ял,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03ы өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 дахин багасгаж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосон,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар 3 жил 5 сар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, уг ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03ы өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 2 сар 18 хоног хорих ял тус тус шийтгүүлсэн, Х

 

Г.Х- нь 2018 оны 02 дугаар сарын 04ий өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4-281б тоотын хаалганы цоожийг эвдэн орж 2 ширхэг хөөрөг, цэнхэр өнгийн хос дээл 1 ширхэг, “Никон” брэндийн зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 1.488.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Х-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 21 сар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 19 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 3 сар 19 хоног хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Х- гаргасан гомдолдоо “... миний ял хэргийн байдлыг өмнөх шүүхээс илүү өөр өнцгөөс харах болов уу гэсэн маш их итгэл найдвар тээж хүсэлтээ тус шүүхэд гаргаж байна. Миний бие хэрэг мөрдөн байцаалтын явцад Баянзүрх дүүрэгт миний үйлдсэн хулгайн үйлдэл байгаа би хэргээ нэгтгэж шийдүүлэх хүсэлтэй байна гэснээр тухайн үеийн миний хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгч а/д Буянжаргал Баянзүрх дүүргийн  цагдаагийн 1 дүгээр хэлтсийн холбогдох албан тушаалтнуудаас асуусан боловч Хэрлэнбатад холбоотой гэмт хэрэг байхгүй гэсэн боловч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэргийг сэргээж хэд хэдэн шийтгэх тогтоолоор яллаж эрх зүйн байдлыг дордуулж байна. Монгол Улсын Дээд шүүх энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Г.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон. Хяналтын журмаар гаргасан гомдлоо давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан. Энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Шүүгдэгч Г.Х- нь 2018 оны 02 дугаар сарын 04ий өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4-281б тоотын хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч хөөрөг, дээл, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч А.Удвалцэцэгт 1.488.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон талаарх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хянан хэлэлцэхдээ Г.Х-ын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүйн дээр мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүх бусдын бага бус хэмжээний үнэлгээ бүхий эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан шүүгдэгчийн үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохдоо хүн байнга амьдрах зориулалтай орон байрны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл үйлдсэн гэмт хэрэгтээ шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэм буруутайд тооцогдсоны дараа 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь хэргийн газраас бэхжүүлсэн хурууны хээ Г.Х-ынх болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдон илэрч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдсон тул шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон мөн хуулийн 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдоогүй тохиолдолд хууль сахиулагч, прокурорын хувьд хязгаарлагдмал юм.

 

Хэдийгээр шүүгдэгч нь хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаардаг болно.

 

Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх нийт ялын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иймээс шүүгдэгч Г.Х-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1506 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1397 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ                                                 Б.ЦОГТ

 

                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                             Ч.ХОСБАЯР

 

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН