Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0416

 


Ш.Т-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, гуравдагч этгээд Ч.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0311 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ш.Т-гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0311 дүгээр шийдвэрээр: “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4, 30.5 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ш.Т-гийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг өмчлөх эрх сэргэсэн байхад улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Ш.Т-гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий Ш.Туяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу орон сууц нь хуулийн дагуу Ш.Т-гийн өмчлөлд шилжсэн, бодит байдалд С.Цолмонгоос Ч.Б-т буцаах боломжгүй байсан учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ орон сууцны үнийг С.Цолмонгоор төлүүлэх ажиллагааг хийх ёстой байсан. Ш.Т-гийн өмчлөх эрхийн бүртгэл хуулийн дагуу хийгдсэн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус ажиллагааны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэгдсэн нь хууль бус бөгөөд энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор тогтоогддог. Уг тогтоолоор Ч.Батцэцэгийн нэр дээрх өмчлөх эрхийг бүртгэж, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрчилгээ гаргасан ажиллагааг хүчингүй болгосноор Ш.Т миний өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл сэргэсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг С.Цолмонгоос худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүссэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн өмчлөх эрх сэргэсэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүсэх үндэслэл болон худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, өмчлөлийн асуудлаар хэн нэг нь маргаагүй байхад анхан шатны шүүх “...шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх сэргэсэн гэж үзэх үндэслэлгүй, өмчлөгчөөр тогтоосон баримт байхгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэгэнт нэхэмжлэгчийн хувьд худалдах, худалдан авах гэрээний дагуу улсын бүртгэлд ямар нэгэн хориг саадгүй байхад өмчлөх эрхийг шударгаар олж авсан хууль ёсны өмчлөгч бөгөөд өмчлөлийн асуудлаар хэн нэгэн нь маргаагүй, шүүхийн шийдвэрээр хууль ёсны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон, ингэснээр өмчлөх эрхийн бүртгэл сэргэсэн учир өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагаас дахин авах эрхтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2636/с дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б-т шилжүүлэн бүртгэсэн ажиллагааг хүчингүй болгосон бөгөөд миний өмчлөх эрх сэргэсэн. Уг шийдвэрийн дагуу тухайн орон сууцыг миний нэр дээр бүртгэх байтал Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс шүүхийн шийдвэр, эх хувь гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосон албан бичиг авчир гэж хууль бусаар нэмэлт материал шаардан миний гаргасан мэдүүлгийг буцаасан” хэмээн тайлбарлан маргажээ.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг анх гуравдагч этгээд Ч.Б нь орон сууц захиалгын 48/44 дугаар[1] гэрээний дагуу захиалгаар бариулж, 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тухайн хөрөнгийг бүртгүүлэхээр мэдүүлэг[2] гаргасны дагуу хариуцагч эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026766 дугаар бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000080096 дугаар гэрчилгээг[3] мөн өдөр олгосон байна.

Ч.Б нь 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр[4] дээрх үл хөдлөх эд хөрөнгийг С.Цолмонд шилжүүлсэн[5] байх бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1019 дүгээр захирамжаар[6] “Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, С.Цолмонд холбогдох иргэний хэргийн зохигч харилцан хүлээн зөвшөөрч, С.Цолмон нь Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Б, С.Цолмон нарын хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг болон уг хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг Ч.Б-т буцаан шилжүүлэхийг, Ч.Б нь С.Цолмонгийн нэхэмжилсэн 35.100.000 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ийнхүү уг захирамжийн дагуу хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1425 дугаар шийдвэр[7], Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 882 дугаар магадлал[8], Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 51 дүгээр тогтоол[9], Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2636/с шийдвэр[10], Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 641 дүгээр магадлал[11], Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 514 дүгээр тогтоолууд[12] гарсан байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3/15938 дугаар[13] албан бичгээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:”, 29.1.1-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа;”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ:”, 30.1.4-д “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан;”, 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно.”, гэж тус тус заажээ.

Уг хуулийн зохицуулалтаар эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан тохиолдолд бүртгэлд тусгай тэмдэглэлээр хориг тавих бөгөөд тухайн тэмдэглэлийг хүчингүй болгоогүй байхад улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэл хийлгүүлэхээр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзахаар хуульчилсан ба нэхэмжлэгчийг мэдүүлэг, өргөдөл гаргах үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад “Өмчлөх эрх сэргээлгэх” тухай хүсэлт гаргасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “...өмчлөх эрх сэргээлгэж бүртгүүлэх тухай хүсэлт, мэдүүлэг, хууль, журамд заасан шаардлагатай нотлох баримтыг хавсарган Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж бүртгүүлэх” тухай 7/2692 дугаар албан бичгээр хариуг өгсөн байх бөгөөд хариуцагч нь Ш.Т-гийн гаргасан өргөдөл, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, дээрх хуулийн заалтуудтай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо “...орон сууцыг С.Цолмонгоос худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүссэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн өмчлөх эрх сэргэсэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүсэх үндэслэл болон худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, өмчлөлийн асуудлаар хэн нэг нь маргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь С.Цолмонтой 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг[14] байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026766 дугаарт бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000152807 дугаар гэрчилгээг[15] авсан байх бөгөөд уг гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 626 дугаар тушаалаар[16] хүчингүй болгосон байна.

Хэдийгээр Ш.Т-д олгосон гэрчилгээг хүчингүй болгосноос хойш хийгдсэн бүртгэл /Ч.Б-ийн нэр дээр бүртгэсэн/-ийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн ч дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ш.Т гэдгийг тогтоогоогүй, хүчин төгөлдөр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 1019 дүгээр захирамжийн биелэлт буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байхад уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэж, дахин гэрчилгээг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд шууд хамааралтай бус хуулийн зүйл, заалтыг тодруулбал, Иргэний хуулийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-д заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0311 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, ...5 дугаар зүйлийн 5.1, 5.3...” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг-1-43 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-39 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-52 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-54 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-53, 64 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-59 хуудас

[7] Хавтаст хэрэг 1-126 хуудас

[8] Хавтаст хэрэг 1-128 хуудас

[9] Хавтаст хэрэг 1-130 хуудас

[10] Хавтаст хэрэг 1-218 хуудас

[11] Хавтаст хэрэг 1-219 хуудас

[12] Хавтаст хэрэг 1-133 хуудас

[13] Хавтаст хэрэг 1-83 хуудас

[14] Хавтаст хэрэг 1-71 хуудас

[15] Хавтаст хэрэг 1-72 хуудасны ар тал

[16] Хавтаст хэрэг 1-78 хуудас