Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/0022

 


 “Залуу монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 554 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 559 дүгээр магадлалтай, “Залуу монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Залуу монгол” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Залуу Монгол” ХХК нь 2004 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн спорт заалны барилгын ажлыг 110.566.211 /нэг зуун арван сая таван зуун жаран зургаан мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийн өртөгтэйгөөр барьж ашиглалтад оруулан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 105 дугаартай “Өмч бүртгэн авч, шилжүүлэх тухай” тогтоолоор дээрх спорт заалны барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, барилгын ажлын төлбөрт 69.459.213 /жаран есөн сая дөрвөн зуун тавин есөн мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийн өртөг бүхий Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн гаражийн барилгыг “Залуу монгол” ХХК-д шилжүүлэн өгч Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэрийг Нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг.

Дээрх тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 104 дэх хэсэгт зааснаар Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн гаражийн барилгын салгаж үл болох хэсэг 2350 мкв газрыг “Залуу монгол” ХХК-д эзэмшүүлж, гэрээ хийгдэн, гэрчилгээ олгогдож хууль ёсны эзэмшигч болсон. Гэтэл иргэн Д.Гантөмөр гэгч нь тус сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2011 оны 06 дугаар сард иргэн Ц.Баярмаа /иргэн Ц.Баярмаа нь өөрийн нэр дээрх хууль бус эзэмшил газраа 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 426 дугаартай захирамжаар “Батхангай-Өргөө” ХХК-д шилжүүлсэн/, 2011 оны 09 дүгээр сард иргэн А.Бат-Эрдэнэ нартай хамтарч барилга барих болон тодорхой бус шалтгаанаар Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн газраас эзэмшүүлэх нэрийн дор “Залуу монгол” ХХК-ийн эзэмшлийн газраас бусдад эзэмшүүлэх тохиролцоонд хүрч, төрийн захиргааны байгууллагад удаа дараа санал хүсэлтээ илэрхийлэн шийдвэр гаргуулсны улмаас “Залуу монгол” ХХК-ийн эзэмшлийн 2350 мкв газраас 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 696 мкв, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 837 мкв хэмжээтэй газруудыг удаа дараа хууль бусаар хасуулж “Залуу монгол” ХХК-ийн хууль ёсоор эзэмшвэл зохих 2350 мкв хэмжээ бүхий газрыг 1129 мкв болтол нь багасгаж бусдын өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн байна.

“Залуу монгол” ХХК-ийн зүгээс иргэн Ц.Баярмаа, А.Бат-Эрдэнэ нартай Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх талаар хийгдсэн ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй бөгөөд эзэмшил газрын хэмжээ багассан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиудаар тодорхойлсон бусдын өмч хөрөнгөө өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн. Манай эзэмшлийн газраас бусдад шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг “Залуу монгол” ХХК-д тухай бүрт нь мэдэгдэж, танилцуулаагүй, шийдвэрийг гардуулж өгөөгүй бөгөөд “Залуу монгол” ХХК-ийн зүгээс 2014 оны 10 дугаар сард Нийслэлийн өмч, газрын харилцааны газарт байх эзэмшил газрын хувийн хэрэгтэй танилцах үеэр дээрх шийдвэрийн талаар олж илрүүлсэн нь хуульд зааснаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхийг ноцтой зөрчжээ. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг цаг тухай бүрт нь бүрэн төлсөн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 258, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дугаартай захирамжуудын “Залуу монгол” ХХК болон Ц.Баярмаа, А.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэсгүүд, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаартай захирамжийн Ц.Баярмаа болон “Батхангай-Өргөө” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож “Залуу монгол” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 105 дугаартай өмч бүртгэн авч шилжүүлэх тухай тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 398 дугаар захирамжийн дагуу Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн дэргэдэх гаражийн барилгыг шилжүүлэн авч уг гараж байрлаж байгаа газрын зөвшөөрөл хүссэний дагуу “Залуу монгол” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар 2350 мкв газрыг эзэмшүүлжээ.

Иргэн Ц.Баярмаад “Залуу монгол” ХХК-ийн эзэмшлийн газраас 696 мкв талбайг үйлчилгээний зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 258 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжаар “Батхангай-Өргөө” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар шилжүүлсэн байна.

2011 онд Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль болон иргэн А.Бат-Эрдэнэ нар хамтарч сургуулийн өргөтгөл барихаар хүсэлт гаргасны дагуу Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн газраас 312 мкв, “Залуу монгол” ХХК-ийн эзэмшлийн газраас 525 мкв газрыг тус тус шилжүүлэн иргэн А.Бат-Эрдэнэд сургалтын зориулалтаар 837 мкв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн байна. Хувийн хэргээс харахад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу “Залуу монгол” ХХК-иас газар эзэмших хүсэлт ирүүлээгүй байдаг. Түүнээс гадна тухайн үеийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны алдаатай, буруутай шийдвэрүүд ч бас харагдаж байна.

Иргэн Ц.Баярмаад 2011 онд “Залуу монгол” ХХК-ийн газраас 696 мкв газрыг шилжүүлэхдээ Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн захирал болон иргэн Ц.Баярмаагийн хүсэлтэд үндэслэн, мөн дээрх захирал болон иргэн А.Бат-Эрдэнийн хүсэлтэд үндэслэн 837 мкв газрыг тус тус шилжүүлсэн байдаг. Үүний дараа иргэн Ц.Баярмаагаас “Батхангай-Өргөө” ХХК руу Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжаар 696 мкв газрыг шилжүүлсэн. Одоогоор “Залуу монгол” ХХК-д 1129 мкв газар үлдсэн боловч гэрээ хийж, газар эзэмших гэрчилгээгээ авсан зүйл байдаггүй.

Иргэн А.Бат-Эрдэнэд “Залуу монгол” ХХК-ийн газраас тодорхой хэсгийг, Монгол-Энэтхэгийн сургуулиас тодорхой хэсгийн 837 мкв газрыг олгохдоо “Залуу монгол” ХХК-аас ямар нэгэн санал аваагүй, зөвхөн Монгол-Энэтхэгийн сургуулийн захирлаас санал аван шилжүүлсэн байдаг.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт байдаггүй. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газраа бусдад ашиглуулж болно” гэж заасанчлан ашиглуулж байгаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, мөн газар дээр барилга баригдаж байсан асуудлыг мэдэж байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Гуравдагч этгээд “ Батхангай-Өргөө” ХХК болон иргэн А.Бат-Эрдэнэ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Батхангай-Өргөө” ХХК нь маргаж буй газрын эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу авсан бөгөөд, үүний улмаас “Залуу монгол” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлгүй юм. Уг газар дээр байшин бариад 3-4 жил болж байна.  “Залуу монгол” ХХК-д үнэхээр уг газрыг 2004 онд эзэмшүүлээд, хууль журмынхаа дагуу зориулалтаар эзэмшиж, ашиглаж  байсан бол одоо 11 жилийн дараа энэ асуудал сөхөгдөхгүй байсан. Гуравдагч этгээдийн зүгээс “Залуу монгол” ХХК-д энэ газрыг эзэмших эрх үүсээгүй гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 286 тоот захирамжаар 696 мкв газрын иргэн Ц.Баярмаад эзэмшүүлж, 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/420 захирамжаар Ц.Баярмаагийн эзэмшиж байсан газрыг “Батхангай-Өргөө” ХХК-д шилжүүлсэн байдаг. Тухайн үед газар нь Ц.Баярмаагийн нэр дээр нэгэнт шилжчихсэн байсан. Ийнхүү “Батхангай-Өргөө” ХХК-ийн хувьд хууль, тогтоомжийн дагуу газрыг авсан болно.

2004 оноос хойш “Залуу монгол” ХХК-ийн нэр дээр 2350 мкв хэмжээгээр ямар нэг кадастрын зураглал хийгдэж байгаагүй. Харин 2011 онд тэдний одоогийн эзэмшиж байгаа 1129 мкв газар нь мэдээллийн санд бүртгэгдсэн. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэгч талд эзэмших эрхийн гэрчилгээ, мөн улсын бүртгэлд бүртгүүлсэн зүйл байхгүй байсан. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй бол газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчжээ. Мөн уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу “Залуу монгол” ХХК-ийг газраа эзэмшсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т газар эзэмшигчид хүлээлгэх  үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна. Анх 2004 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч, түүнийг нь үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Хэрэгт авагдсан материалаар бол газар дээр байгаа гаражийн өмчлөх эрх нь өөр хүний нэр дээр байдаг тул “Залуу монгол” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 554 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Залуу монгол” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар захирамжийн иргэн Ц.Баярмаа, “Залуу монгол” ХХК-д, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжийн иргэн А.Бат-Эрдэнэд нэхэмжлэгч “Залуу монгол” ХХК-ийн газраас 275 м.кв газрыг олгосон хэсэг болон “Залуу монгол” ХХК-ийн 1129 м.кв газартай холбоотой хэсгийг, 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Ц.Баярмаа, “Батхангай-Өргөө” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон, үлдэх “иргэн А.Бат-Эрдэнэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжаар Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн болон “Залуу монгол” ХХК-ийн газраас 562 м.кв газрыг олгосныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 559 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр хэвээр үлдээсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Засаг даргын 729 дүгээр захирамжаараа иргэн А.Бат-Эрдэнэд "Залуу Монгол" ХХК-ийн газраас 837 мкв газар олгосон болох нь тодорхой харагдаж байхад анхан болон давж заалдах шатны шүүх захирамж буюу нотлох баримтанд огт тусгагдаагүй "... 275 мкв хэмжээ бүхий газар олгосон хэсгийг хүчингүй болгов..." гэж. Нөгөө талаараа нэхэмжлэлийн шаардлага болон 729 дүгээр захирамжинд мөн тусгагдаагүй "... 562 мкв газар олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов..." гэж нэг захиргааны акттай холбоотой өөр хоорондоо илт зөрүүтэй дүгнэлт өгч, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас харахад Нийслэлийн Засаг даргын 729 дүгээр захирамжаар иргэн А.Бат-Эрдэнэд "Залуу Монгол" ХХК-ийн газраас нэг бол 275 мкв үгүй бол 562 мкв газруудыг олгосон мэтээр тайлбарлаж дээрхи тайлбараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь илтэд үндэслэлгүй юм.

"Залуу Монгол" ХХК-ийн 2004 онд 2350 м.кв газар эзэмшиж эхлээд 2011 оны 03 дугаар сард 258 дугаар захирамжаар дээрхи 2350 мкв газраас нь иргэн Ц.Баярмаад 690 мкв газрыг хууль бусаар шилжүүлж 1660 мкв болгосон мөн 2011 оны 10 дугаар сард 729 дүгээр захирамжаар 1660 мкв газрыг нь 1129 мкв болгон 531 мкв-аар багасгасан байдаг. Хэрэв 729 дүгээр захирамжаар "Залуу Монгол" ХХК-ны газрыг 1129 мкв болгон 531 мкв-аар багасгасан бол дээрхи 531 мкв газар нь иргэн А.Бат-Эрдэнэд шилжүүлсэн газар болох нь тодорхой харагдаж байгааг шүүх анхаарч үзээгүй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд А.Бат-Эрдэнийн газраас 562 мкв газрыг үлдээсэн дүгнэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 70 дугаар зүйлийн 70.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, дахь хэсгүүдийг зөрчсөн зөрчил болсон.

Зүй нь хавтаст хэргийн 163, 164, 165 дахь талуудад авагдсан мэдээллийн сангийн кадастрын зургийг агаарын зурагтай давхцуулсан зургуудаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг шууд 1379 мкв гэж тогтоох боломжгүй юм. Давхцуулсан зургууд нь "Монгол Энэтхэг"-ийн хамтарсан сургуулийн эзэмшил газартай давхцаж байгаа болон тус сургуулийн спорт заалны барилгад тулгаж гарсан байдлаараа Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчиж байна. Мөн нөгөө талаараа гуравдагч этгээд А.Бат-Эрдэнэ нь хууль бус эзэмшил газрынхаа хойд талд барилга барьсан байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болсон гэж дүгнэж байгаа нь илтэд үндэслэлгүй буюу бусдын хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч холбогдох хуулийн заалтыг илтэд буруу хэрэглэсэн практик болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Гуравдагч этгээд "Батхангай өргөө" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай А/420 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 696 мкв газар эзэмших эрхтэй болсон.

Тухайн үед Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 38.2., 38.3., 38.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол улсын иргэн Ц.Баярмаа нь "Батхангай өргөө" ХХК-д эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт бүрдүүлэн өгсөн байдаг. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын А/420 тоот захирамж гарч, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ гарсан. Иргэн Ц.Баярмаагийн эзэмшиж буй газар байсан тул "Залуу Монгол" ХХК-аас зөвшөөрөл авах ямар ч шаардлага байгаагүй. Өөрөөр хэлбэл холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад хоёр шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

Гуравдагч этгээд А.Бат-Эрдэнэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 837 мкв газар эзэмшүүлсэн. Уг газар дээр 3-4 жилийн өмнө оффиссийн зориулалттай барилга баригдаж, улсын комисс хүлээж аваад ашиглалтад орсон, одоо аж ахуйн нэгжүүд өмчлөгч нь болсон байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгч "Залуу Монгол" ХХК-ийн зүгээс эрх бүхий байгууллага, албан тушаалтанд ямар нэг өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй гэдгээ хоёр шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч тал эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэдгээ 2014 оны 10 дугаар сард мэдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь ч үндэслэл энэ нь муутай байхад хоёр шатны шүүх харгалзан үзсэнгүй. "Залуу Монгол" ХХК шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: гаражийн барилгын салгаж үл болох хэсэг 2350 мкв газрыг 2004 оноос эзэмшиж байгаа гэдэг ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар газар эзэмших гэрчилгээ байхгүй, кадастрын бүртгэлийн мэдээллийн санд 2011 онд анх удаа 1129 мкв газар гэж бүртгэгдсэн болох нь тогтоогдсон.

Нөгөө татаас 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 882 мкв талбайтай контор, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь иргэн Ш.Эрдэнэтуяа болсон, өнөөдрийг хүртэл улсын бүртгэл нь хүчинтэй байна. Захиргааны хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл маргаж буй захиргааны хэрэгт "Залуу Монгол" ХХК нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байхад хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эдгээрийг харгалзан үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Залуу монгол” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2350 мкв газрыг гаражийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.

Газрын тухай хуулийн 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог” шилжүүлэх хүсэлтэд хавсаргахаар, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх” -ийг эрх бүхий Засаг дарга тодруулахаар тус тус заасан байна.

Гэтэл “Залуу монгол” ХХК-ийн эзэмших эрх бүхий 2350 мкв газраас 696 мкв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 258 дугаар захирамжаар иргэн Ц.Баярмаад, улмаар мөн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжаар “Батхангай-Өргөө” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн, үлдсэн 1654 мкв газраас Нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжаар иргэн А.Бат-Эрдэнэд 562 мкв газрыг тус тус шилжүүлэн эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч компанийн зөвшөөрлийг аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжаар “Залуу монгол” ХХК-ийн газрын хэмжээг 1129 мкв болгосон боловч тус компани нь бодит байдалд 1379 мкв газрыг эзэмшиж байгаа болох нь Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын мэдээллийн сангийн бүртгэлийн зургаар, гуравдагч этгээд А.Бат-Эрдэнэ газрынхаа хойд хэсэгт барилга барьсан нь маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул гуравдагч этгээд “Батхангай-Өргөө” ХХК-ийн 696 мкв газар, А.Бат-Эрдэнийн 275 мкв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн 2350 мкв газар эзэмших эрх нь сэргэж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Батхангай-Өргөө” ХХК хуульд заасны дагуу эзэмших эрх бүхий этгээд Ц.Баярмаагаас газрыг шилжүүлэн авсан учир “Залуу монгол” ХХК-аас зөвшөөрөл авах шаардлагагүй” гэсэн гомдол үндэслэлгүй байна. Учир нь тус компанид газраа шилжүүлсэн Ц.Баярмаагийн газар эзэмших эрх анхнаасаа хуулийн дагуу үүсээгүй тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль бус шийдвэрийг шүүхээс хүчингүй болгох үндэслэлтэй юм.

Түүнчлэн гуравдагч этгээд нараас “нэхэмжлэгчийн газар эзэмших үндэслэл болсон гаражийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө өөр этгээдийн нэр дээр бүртгэгдсэн учир эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй” гэж маргасан  боловч нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн, нөгөөтэйгүүр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байх нь газар эзэмших эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 554 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 559 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН