Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00962

 

   Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э Т Т” ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ариунболдын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Т.Цолмон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Э Т Т” ХК-д үйлдвэрийн захирлын албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Намайг ээлжийн амралттай байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Э Т Т” ХК-ийн гүйцэтгэх захирал Б/283 тоот ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг төлөөлөгч Б.Г-ынтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Миний бие нь ямар зөрчил гаргаж ажлаас халагдсан шалтгаанаа одоо хүртэл мэдэхгүй, ажлаас халсан зөрчлийн талаар танилцуулаагүй байгаа тул үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлөх тухай тушаал дээр гаргасан зөрчлийг тодорхой бичээгүй байгаа тул ямар нэг зөрчилд үндэслээгүй, компанийн удирдлага надтай хамтран ажиллах боломжгүй, ажлаас халах зорилготой байсан гэж үзэж байна. Иймд урьд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч “Э Т Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Э Т Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Г-ынтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Гнь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.2.10, 4.2.5-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч Б.Гнь уурхайн үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байхдаа өөртөө ээлжийн амралтын зөвшөөрөл олгож, ээлжийн амралтаа авсан байдаг. Манай компанийн хувьд ээлжийн амралт авахдаа салбарын захирлууд нь гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл авдаг. Үүнийг нотлохын тулд "ээлжийн амралтын хуудас" гаргаж өгсөн байгаа. Ээлжийн амралт авах өргөдөл дээр захиргааны мэргэжилтэн цохолт хийсэн байсан. Захиргааны ажилтан бол ээлжийн амралт олгох эрх бүхий этгээд биш. Мөн ажлын цагийн бүртгэлд Б.Г-ыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан гэж, харин ээлжийн амралт олгох тухай өргөдөлд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан гэж бичигдсэн байдаг. Б.Гнь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өөртөө чөлөө олгож, эрх мэдлээ хэтрүүлсэн. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажил тасалсан. Мөн Б.Гнь ажиллаагүй байх хугацаандаа албаны унааг хувьдаа хэрэглэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр авч явсан. Иймд Б.Гнь хөдөлмөрийн гэрээний 4.2.5, 4.2.10-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн болно. Б.Г-ын гаргасан эдгээр зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдоно. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу Б.Г-ынтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч Б.Г-ыг “Э Т Т” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э Т Т” ХК-иас 53 263 433 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-ынд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э Т Т” ХК нь нэхэмжлэгч Б.Г-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай хийх үүрэгтэй болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч "Эрдэнэставан толгой" ХК-иас 424 267 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа “Э Т Т” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 268 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүйд тооцуулж, эргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаалгахаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Б.Гажил олгогч “Э Т Т” ХК-ийн ажлын албанд 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ээлжийн амралтаа эдлэхийг хүссэн өргөдөл гаргаж, уг өргөдлийг тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан болох үйлдвэрийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нар цохолт хийж ээлжийн амралтаа эдэлсэн байгааг хууль зөрчсөн, ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан Б.Г-ын гаргасан өргөдөлд захиргааны мэргэжилтэн А.Амартүвшин цохолт хийсэн байгаа нь мөн хэргийн материалд хавсаргаж өгсөн түүний Ажлын байрны тодорхойлолтод дурьдснаар А.Амартүвшингийн чиг үүргийн удирдлага Захиргаа хүний нөөц хариуцсан захирал, шууд харъяалагдах албан тушаал үйлдвэрлэл хариуцсан захирал /Б.Г-ын/ байгаа нь удирдах албан тушаалтны өргөдөлд цохолт хийх эрхгүй болох нь нотлогдоно. Түүнчлэн Б.Г-ын ажлын байрны тодорхойлолтод түүний чиг үүргийн удирдлага, шууд харъяалагдах удирдлага нь гүйцэтгэх захирал гэсэн байна. “Э Т Т” ХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “...Компаний гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна” гэж заасан учраас үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Гнь ээлжийн амралтын мэдэгдэх хуудаст гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээс зөвшөөрөл авах ёстой байтал өөртөө авч буй мэдэгдэх хуудаст өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж буй нь Компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл болсон. Эдгээр баримтуудыг шүүх бодитойгоор үнэлээгүй.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийг албаны машинаа хувьдаа ашигласан гэж тайлбарлаж байгаа боловч ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн гаргасан тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна” гэсэн нь хэт нэг талыг барьж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Уурхайн жолооч Б.Мөнхбаяраас компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явсан талаар шүүхэд нотлох баримтаар өгсөн жолооч Б.Мөнхбаярын тайлбарт “...Б.Гнь 23-97 УНД улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажиллаад 27-ны үдээс хойш машин авч явсан... 7 дугаар сарын 31-ний орой утсаар холбогдож машинаа ирж ав гэж хэлсэн...” гэсэн ба Б.Гнь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хувьдаа 23-97 УНД улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг авч буцаан хүлээлгэн өгсөн болох нотлогдоно. Мөн хэрэгт авагдсан Жолоочийн тооцооны хуудас №07-18 баримтаар 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б.Г-ын уг автомашиныг авч явсан болох нь спидометрийн заалтын эхний болон эцсийн үлдэгдэл /82299 - 85560/ гүйлтээр давхар нотлогдоно гэж үзэж байна. “Э Т Т” ХК болон Б.Гнарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.5 дахь заалтыг ажилтан зөрчсөн үйлдэл юм. Нэхэмжлэгч талын зүгээс энэ хугацаанд тус автомашиныг хувийн зорилгодоо ашиглаагүйг нотлох, Улаанбаатар хотод ямар албан үүрэг гүйцэтгэсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Шүүхээс ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Гнь “Э Т Т” ХК-ийн гүйцэтгэх захиралд гаргасан өргөдөлдөө /хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн/ 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлсэн гэсэн нь тэрээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ажлын 5 хоногийн турш ээлжийн амралттай бус ажил тасалсан гэдэг нь харагдах төдийгүй хөдөлмөрийн гэрээний 4.2.10 дахь заалтыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэдэг нь нотлогдоно. Гэтэл шүүхээс энэхүү нотлох баримтыг үнэлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй байна. “Э Т Т” ХК-иас Б.Г-ынтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.5 “Ажилтан нь компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр авч явсан...”, мөн гэрээний 4.2.10 “хүндэтгэх шалтгаангүйгээр 2 өдөр дараалан ажил таслах” болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” зэрэг заалтуудыг тус тус үндэслэн чөлөөлсөн. Мөн Б.Г-ын №1003024 дугаар эмнэлгийн хуудас нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон байх бөгөөд Б.Гнь уг эмнэлгийн хуудсыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буюу ажлаас халах тушаал гарсан өдөр болох 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш “Э Т Т” ХК-д өгсөн байдаг. Б.Гнь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд өвчтэй байгаа тухайгаа ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд компанид мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс “Э Т Т” ХК нь Б.Г-ыг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өвчтэй гэдгийг мэдсэн атлаа ажлаас чөлөөлсөн мэт хийсвэрээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 4 хуудас нотлох баримтын хуулбарууд нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу нотариатаар гэрчлүүлээгүй байхад шүүх түүнийг хүлээн авч үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.5 “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 38 дугаар зүйлийн 38.9 "... хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” хэмээн заасныг тус тус зөрчиж, эдгээр баримтыг нотлох баримтаас хасах тухай шүүгчийн захирамж гаргаагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлэлгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. 

Нэхэмжлэгч Б.Гнь хариуцагч “Э Т Т” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...ажилтны гаргасан зөрчил тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг хасаагүй... тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.

Ажил олгогчийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Г-ынтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн цуцалсан байна. Хариуцагч нь ажилтан Б.Г-ыг “...гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл авалгүйгээр өөртөө ээлжийн амралтын зөвшөөрөл олгож 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр  хүртэл амарч, уг хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн ажиллаагүй байх хугацаандаа албаны унааг хувьдаа хэрэглэж хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.10-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан” гэж тушаалын үндэслэлээ тайлбарлажээ.  

Ажил олгогчийн тушаалд ажилтны гаргасан гэх зөрчлийг нэрлэн заагаагүйгээс гадна ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.Гнь “Э Т Т” ХК-ийн ажлын албанд “2016 оны ээлжийн амралтыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс авах тухай” өргөдөл гаргасан, ээлжийн амралтын мэдэгдэх хуудсаар түүнийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажлын 22 хоног амрахаар тооцсон байна. /хх 71-78/

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажил олгогчийн зүгээс уурхайн үйлдвэрлэл хариуцсан захирал буюу салбарын захирал нь ээлжийн амралт авахдаа гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл авах журамтай болохыг нотлоогүй, энэ талаар ажилтанд мэдэгдсэн баримт байхгүй байх ба бусад салбарын захирлуудад ээлжийн амралт олгосон баримт нь тогтсон журам байдгийг нотлохгүй юм. Иймд нэхэмжлэгчийг ээлжийн амралтаа эдэлж байсан гэж үзнэ. 

Хөдөлмөрийн гэрээний 4.2.5-д “ажилтан компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдад дамжуулсан, ашиглуулсан” бол ноцтой зөрчилд тооцохоор заасан боловч нэхэмжлэгч албаны машиныг хувьдаа хэрэглэсэн гэх зөрчлийг хариуцагч баримтаар хөдөлбөргүй нотолж чадаагүй байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол түүнийг ийнхүү зөрчил гаргасан болохыг нотлох үүрэгтэй болно.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., 131.2.-т заасан эрх зүйн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ. Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлалыг тус тус  хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424 268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

                           ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА