Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00446

 

 

 

 

 

 

             

    2024          03            04                                       210/МА2024/00446

 

В.Э, Н.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/03633 дугаар шийдвэртэй,

 

В.Э, Н.Б нарын нэхэмжлэлтэй

“ВЭТ” ХХК, Р.Б нарт холбогдох,

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгон, орон сууцуудын өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Бод даалгах, хариуцагч “ВЭТ” ХХК-иас зээлийн хүүд төлсөн 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “ВЭТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Э, нэхэмжлэгч Н.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч “ВЭТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон, хариуцагч “ВЭТ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. В.Э, Р.Б нар нь 2019 оны 11 дүгээр сард “ВЭТ” ХХК-аас өөрсдийн эзэмшлийн 2 орон сууцыг барьцаалж нийт 220,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй авахаар хүсэлт гаргасан. “ВЭТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Б барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг өөрийнх нь нэр дээр “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр шилжүүлж, дараа нь “Түрээсийн гэрээ” байгуулан зээлийн хүүгээ бодож явна гэсний дагуу нэхэмжлэгч нар тохиролцон зээл авахаар болсон.

1.2. Н.Б нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1*************өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, иргэн В.Э нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 107,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн барьцаа болгон “ВЭТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Бтой Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Р.Б өөрийн нэр дээр шилжүүлж, В.Эийн дүү М.Гийн Хаан банкны 5111080214 тоот дансанд 100,000,000 төгрөг, үлдсэн 120,000,000 төгрөгийг В.Эийн өртэй байсан ББСБ-ын данс руу шилжүүлсэн.

1.3. “ВЭТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Б нэхэмжлэгч нарт 220,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар өгсөн боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй.

1.4. В.Э нь Р.Бтой 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу зээлийн хүүд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,450,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 4,618,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 9,189,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 40,000,000 гаруй төгрөгийг төлсөн. Р.Боос 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр удаа дараа түрээсийн төлбөрөө төлөөгүй тул “яаралтай үл хөдлөх хөрөнгийг чөлөөл” гэсэн мэдэгдэл ирсэн.

1.5. “ВЭТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Б нь нэхэмжлэгч В.Э, Н.Б нартай “Зээлийн гэрээ”-г байгуулах байсан боловч уг зээлийн гэрээг халхавчлах зорилгоор “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Зээлийн гэрээ байгуулаагүй мөртлөө зээлийн хүү төлүүлэхийн тулд В.Этэй “Түрээсийн гэрээ”-г байгуулан ноцтой төөрөгдөлд оруулсан.

Нэхэмжлэгч В.Этэй хариуцагч Р.Б 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу 100,000,000 төгрөгийн зээлийн сарын 2,9 хувийн хүү болох 2,900,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 12 сарын хүү 34,800,000 төгрөгийг “ВЭТ” ХХК-ийн дансанд төлж байхаар амаар тохиролцсоныг баталгаажуулан зээлийн хүү болон хугацааг тохиролцсон. Мөн хариуцагч “ВЭТ” ХХК-ийн менежер Т.Л-ийн нүүр хуудас /facebook/ хаягаар нэхэмжлэгч Н.Бийн нүүр хуудас /facebook/ хаягт зээлийн сарын хүүгийн хэмжээ, ямар дансанд төлөх, зээл төлөлтийн хуваарийг мессежээр явуулж, мессежээр зээлийн хүүгийн хэмжээ, хугацааг тохиролцсон.

1.6. Бид “ВЭТ” ХХК, Р.Бтой зээлийн гэрээний үүргийн барьцааг хангуулах зорилгоор хийгдсэн аман тохиролцоог халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.  “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нарт ямар нэгэн эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний агуулгад нийцээгүй.

1.7. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч нар хариуцагч Р.Бод шилжүүлээгүй, нэхэмжлэгч нарын эзэмшилд орон сууц байгаа. Зах зээлийн ханшаар В.Эийн орон сууц 450,000,000 төгрөг, Н.Бийн орон сууц 380,000,000 төгрөгийн үнэлгээтэй.

Иймд “ВЭТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Б нь нэхэмжлэгч В.Э, Н.Б нарыг төөрөгдүүлж, зээлийн гэрээг халхавчлах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2405 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 682 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-үүдийг байгуулсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор ноцтой төөрөгдүүлж хийсэн хэлцлүүд байх тул дээрх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Бод даалгаж, “ВЭТ” ХХК-иас  В.Э, Н.Б нарт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүд төлсөн 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

Хариуцагч “ВЭТ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нараас зээлийн гэрээний дагуу 220,000,000 төгрөгөө ямар нэгэн хүү, алдангигүйгээр буцаан шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс зээлсэн 220,000,000 төгрөгөө буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно.

 

2. Хариуцагч Р.Б шүүхэд гаргасан тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Талууд зээлийн гэрээ хийгээгүй, зээлийн гэрээг хийхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авна гэсэн. Худалдах, худалдан авах тухай гэрээ болон түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2., 56.1.3.-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй.

Хариуцагч Р.Б өөрөө зээл аваад үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан нь хууль зөрчөөгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талуудын чөлөөт байдлыг заасны дагуу худалдагч үнээ тогтоох эрхтэй бөгөөд худалдан авагч өөрийн санхүүгийн боломж, тухайн нөхцөлд таарсан үнээр худалдаж авдаг.

2.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг Улсын Дээд шүүхийн тайлбарт энэ хэлцлийг хийснээр тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй байхыг хэлдэг. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь тодорхой зорилгод хүрсэн, мөнгийг шилжүүлээд өгчихсөн, нэхэмжлэгч нар авсан мөнгөө үйл ажиллагаандаа зарцуулчихсан. Худалдагч мөнгө авч компанийнхаа үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой бөгөөд энэ нь биелсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан өөр хэлцэл байхгүй.

2.3 Иргэний хуулийн 282 дугаар зүйлд хүү тохиролцсон бол гэрээг заавал бичгээр хийхээр заасан. Талуудын хороонд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн гэрээг халхавчилсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээтэй холбоотой халхавчилсан гэрээ байхгүй.

Монгол Улсад 2019-2020 онуудад барилгын үнэ өссөн бөгөөд өмнө орон сууцны 1 м.кв нь 1,500,000-1,700,000 төгрөгөөр зарагдаж байсан. Харин 2020 оны 4, 5 дугаар сараас эхлээд багадаа 3,000,000 төгрөг болсон учир нэхэмжлэгч нар байраа буцааж аваад үнэтэй зарж, ашиг олох санаа зорилготой гэж үзэж байна.

2.4. Р.Б нь “ВЭТ” ХХК, “ВЭСПС” ХХК-иас тус тус тодорхой хэмжээний хүү тогтоогоод 220,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг буцааж төлнө гэвэл Р.Б хүү төлөх үүрэг гүйцэтгэнэ. Хүүтэй авсан зээлээр хүүгүй ямар ч үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжгүй.

Нэхэмжлэгч нараас Т.Л гэдэг хүнд 1,000,000 төгрөг өгсөн байдаг ба хөлсөөр хийсэн ажил уу, бодит байдал уу гэдгийг дүгнэх хэрэгтэй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч “ВЭТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “ВЭТ” ХХК-иас 27,978,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3.1. Р.Б “ВЭТ” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 220,000,000 төгрөгийн зээлийг авч, В.Э, Н.Б нараас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан. Р.Б В.Э, Н.Б нараар тухайн зээлийн эргэн төлөлтийг төлүүлж байсан. Нэхэмжлэгч нараас “ВЭТ” ХХК-д төлсөн 27,978,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлт гэж үзэж байгаа. Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр ба манай компанийн зүгээс энэхүү мөнгийг буцаан олгох боломжгүй.

3.2. “ВЭТ” ХХК нь Р.Б В.Э, Н.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ямар ч хохирол учруулаагүй, үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

3.3. Зээл аваад хүүгүй зээл төлөх нь байж болохгүй асуудал бөгөөд 220,000,000 төгрөгийн санхүүжилт аваад хүүд 27,978,000 төгрөг төлж байгаад хэсэг хугацааны дараа Р.Б намайг цагдаад өгсөн болохоор зээлийн хүүгээ буцааж авна гэж нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй.

3.4. Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2., 56.1.3.-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзээд сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр байраа буцааж авъя гэж байгаа бол байрны оронд төлсөн, хүлээж авсан мөнгөө сайн дураараа төлөх үүрэгтэй. 220,000,000 төгрөгийн хүүг “ВЭТ” ХХК-д төлөх ёстой.

3.5. Манай компанийн зүгээс 220,000,000 төгрөгийг ямар нэг зээл авсан этгээдүүдээс гаргуулах сонирхолтой байгаа бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох юм бол өгсөн авсан бүх зүйлээ харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. 220,000,000 төгрөгийн санхүүжилт гарсан учир буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү.

 

4. Гуравдагч этгээд “ВЭСПС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.Эийн төлөөлүүлж явуулсан М.Г гэх хүний данс руу манай байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

“ВЭТ” ХХК нь манай байгууллагаас түр зээл гэсэн утгатай мөнгө шилжүүлээд өгөөч гэсэн ба буцаагаад “ВЭТ” ХХК-иас дээрх мөнгө төлөгдсөн. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3., 56.1.10., 56.5.-д заасныг баримтлан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэгч В.Э, хариуцагч Р.Б нарын хооронд байгуулагдсан бүртгэлийн 2405 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон мөн өдрийн “Түрээсийн гэрээ”-г, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Р.Б нарын хооронд байгуулагдсан бүртгэлийн 682 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж,

эрхийн бүртгэлийн Ү-22******** дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ************орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч В.Эт,

эрхийн улсын бүртгэлийн Ү-222****** дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо **************** орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.Бид тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Бод даалгаж,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч “ВЭТ” ХХК-иас 27,978,000 төгрөгийг гаргуулж В.Э, Н.Б нарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,045,690 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Р.Боос 1,747,850 төгрөг, хариуцагч “ВЭТ” ХХК-иас 297,840 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч “ВЭТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д "... Эдгээр мөнгийг нэхэмжлэгч нараас зээлийн хүүд төлсөн гэж, хариуцагч “ВЭТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нар зээлийн хүүд төлөх ёстой үүргийн дагуу төлсөн гэж тайлбарлаж, гэрч М.Г ах орон сууцаа барьцаалж зээл авсан мөнгө нь миний данс руу 100,000,000 төгрөг шилжиж орсон, зээлийн хүүд 3,450,000 төгрөгийг шилжүүлж байсан...” гэж мэдүүлсэн.

Талууд 220,000,000 төгрөгийг хүүтэй төлөх талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг тогтоож бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч нар зээлдүүлэгчид зээлийн хүү төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн хүү авах эрхээ алдсан байна.” гэж тайлбарласан байдаг.

6.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д “Харин хэрэгт авагдсан, талуудын хоорондоо харилцаж байсан цахим захидлууд, түүнд шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан үзлэгийн тэмдэглэл, хавсралтуудад тусгагдсан хариуцагч “ВЭТ” ХХК-ийн ажилтан Т.Лгаас нэхэмжлэгч нарт зээл төлөх хуваарийг зохион явуулж байсан, зээлийн хугацааг сунгах хүсэлтээ ирүүлэхийг шаардан мэдэгдэж байсан байдал, гэрч нарын мэдүүлэг, ХААН банк ХК дахь зохигчдын эзэмшлийн данснуудын гүйлгээний утгад зээл гэж тэмдэглэгдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч В.Эт олгох 100,000,000 төгрөгийг гэрч М.Гийн эзэмшлийн дансанд, гуравдагч этгээд “ВЭСПС” ХХК-ийн данснаас “Финансаас зээл” гэх утгатай шилжүүлж байсан зэрэг үйл баримтуудаар хариуцагч “ВЭТ” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Н.Бид 120,000,000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч В.Эт 100,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүсжээ гэж дүгнэсэн байдаг.

6.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг хэрхэн зохицуулах талаар тодорхой дурдсан байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна.

Шүүх шийдвэрээ гаргахдаа дээрх хуулийн заалтыг, үндэслэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээ харилцаа үүссэн гэдгийг шүүх тогтоож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн шийдвэрлэсэн боловч “ВЭТ” ХХК болон “ВЭСПС” ХХК-ийн данснаас шилжүүлэн гаргасан зээлийн гэрээний мөнгөн дүнг буцаан олгуулахаар шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч В.Э, Н.Б нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байгааг шүүх анхаараагүй байна.

6.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд шүүх энэхүү хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж шилжүүлэх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрт зээлийн мөнгөн дүн болох 220,000,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэх, мөн “ВЭТ” ХХК болон “ВЭСПС” ХХК-ийн данснаас нэхэмжлэгч нарын дансанд шилжихдээ “Зээл” гэсэн утгатай байгааг анхаарч үзээгүй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...Иргэний хуулийн 56.1.3” дахь хэсгийг үндэслэл болгосон байх боловч хариуцагч Р.Б болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан ямар хэлцлийг халхавчлаад байгаа талаар шүүх дүгнээгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан нь өөр хэлцэл заавал байхыг шаардах бөгөөд тэрхүү өөр хэлцэл нь В.Э, Н.Б болон “ВЭТ” ХХК нарын хооронд “Зээлийн гэрээ” гэдгийг шүүхээс тодорхой тайлбарлаж, дүгнээгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар анхнаасаа байгаагүйтэй адил буюу анхны байдалд нь буцаах зорилготой тул шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн хэмээн үзэж байна.

6.5. В.Э, Н.Б нарын дансанд шилжсэн буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байгааг анхаарч үзнэ үү.

Иймд гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

7.1. “ВЭТ” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхгүй байхдаа 220,000,000 төгрөгийн зээлийг олгосон. “ВЭТ” ХХК-ийн зүгээс 220,000,000 төгрөгийн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж төлж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

Энэхүү маргаанаар өгсөн, авсан зүйлээ буцааж шийдвэрлүүлнэ гэхээр Р.Боос аваагүй, “ВЭТ” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн байх тул үүнд хариуцагч тал тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

8. Гуравдагч этгээд “ВЭСПС” ХХК давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй болно.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч “ВЭТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч В.Э, Н.Б нар нь хариуцагч “ВЭТ” ХХК, Р.Б нарт тус тус холбогдуулж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн болон мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцуудын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Бод даалгах, хариуцагч “ВЭТ” ХХК-иас зээлийн хүүд төлсөн 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Нэхэмжлэгч В.Э, Н.Б нар нь “ВЭТ” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сард 220,000,000 төгрөгийг зээлж авсныг анхан шатны шүүх “ВЭТ” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Н.Бид 37,680,000 төгрөгийг, Н.Бийн нэрлэн заасан “Болдган ББСБ” ХХК-д 82,319,999 төгрөгийг, гуравдагч этгээд “ВЭСПС” ХХК-иас В.Эийн нэрлэн заасан М.Гийн тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдал, В.Э болон “Лхагваа.Т” гэх нэртэй нүүр номын хуудас хооронд харилцаж байсан баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж зөв тогтоожээ.

3.2. Мөн дээрх баримтаар нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангахаар В.Э нь Р.Бтой 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******************* 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Р.Бод шилжүүлсэн, 

Н.Б нь Р.Бтой 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Худалдах, худалдах авах гэрээ”-г байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******************талбайтай, 3 өрөө орон сууцыг Р.Бод шилжүүлсэн талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.3. Харин дээрх худалдах, худалдан авах гэрээнүүд нь зээлийн гэрээ болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг халхавчилж хийсэн гэрээ байхад дүр үзүүлсэн гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэхээр хийсэн гэрээний талууд уг гэрээнээс үр дагавар үүсэхгүй гэдгийг мэдсэн, зөвшөөрсөн байх учиртай. Гэтэл хариуцагч талын тайлбараас дүгнэвэл өмчлөх эрхийг олж авах хүсэл зориг илэрхийлж байгаагаар дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. 

3.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дээр дурдсан худалдах, худалдан авах 2 гэрээг хийсэн гэж дүгнэхээр байна. Учир нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч нар зээл авахыг хүссэн, уг хүсэлтийн дагуу зээл олгогдсон, зээлдүүлэгч зээл төлөхийг шаардаж байсан зэрэг баримтууд тогтоогдож байна.

Иймд В.Э, Н.Б нар нь “ВЭТ” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сард 220,000,000 төгрөгийг зээлсэн, энэ гэрээний үүргийн гүйцэтгэлд дээр дурдсан 2 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг Р.Бод шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн, энэ худалдах, худалдан авах гэрээний цаана зээлийн болон барьцааны гэрээ тус тус халхавчлагдсан байна. Иймд зээлийн гэрээ нь хүчинтэй байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тавигдах учир хүчинтэй гэж дүгнэхгүй.   

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг хасч өөрчлөлт оруулна.

Харин хариуцагч тал хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулсан шийдвэрт гомдол гаргаагүй болно.  

 

4. Түүнчлэн Р.Б болон В.Э нарын хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 8 дугаар байрны 57 тоот, 107.09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг “түрээсийн гэрээ” гэх нэртэй гэрээг байгуулж, Р.Б орон сууцыг В.Эт сарын 2,900,000 төгрөгөөр хөлсөлсөн, уг гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэж, үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн талаар зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

5. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас зээлийн гэрээний үүрэгт гэж “ВЭТ” ХХК-д төлсөн 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Учир нь орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлагдсан зээлийн гэрээ хүчинтэй байх тохиолдолд уг зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлж төлсөн мөнгөн хөрөнгийг зээлийн төлбөрт тооцохгүй гэж анхан шатны шүүх алдаатай дүгнэлт хийсэн байна.

 Иймд зээлийн гэрээний үүрэг тодорхойгүй тохиолдолд зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх мөн тодорхойгүй байх бөгөөд талууд уг маргааныг жич шийдвэрлүүлэх боломжтой тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах шаардлагагүй гэж дүгнэж, шүүхийн шийдвэрт “ВЭТ” ХХК-иас 27,978,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч талаас энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй. 

 

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “ВЭТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/03633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56.1.2.,” гэснийг хасч,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “ВЭТ” ХХК-д холбогдох 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай В.Э, Н.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,  

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч “ВЭТ” ХХК-иас 297,840 төгрөгийг тус тус” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ВЭТ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,397,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ЗОЛЗАЯА                                      

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Г.ДАВААДОРЖ                                                                                              

   ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА