Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00447

 

 

 

 

 

 

     2024         03          04                                    210/МА2024/00447

 

 

Ж.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00007 дугаар шийдвэртэй,

 

Ж.Бын нэхэмжлэлтэй

ЧХБ ХХК-д холбогдох

 

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ” болон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүргийн төлбөрт 970,684,975 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. Би ЧХБ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, 000********* дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, ********* талбайтай, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар болсон.

Худалдан авах гэж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор ЧХБ ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр №10339/01/СС2017 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, 624,100,000 төгрөгийг зээлж авахаар болсон. Гэвч ЧХБ ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг надад өгөөгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй.

1.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" гэж тус тус заасан.

Гэтэл ЧХБ ХХК нь зээлийн гэрээгээр олгохоор тохиролцсон 624,100,000 төгрөгийн хөрөнгийг надад шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу зээл олгоогүй, зээлийн гэрээг байгуулах үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, эрх зүйн үр дагавар гаргах хүсэл зорилгогүйгээр дүр үзүүлэн зээлийн гэрээг хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжийг агуулж байна.

1.3. Зээлдүүлэгчийн зүгээс бодитоор олгогдоогүй зээлийг төлөхийг шаардаж, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байх тул 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

1.4. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, **************** талбайтай, амралтын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Бд худалдахаар тохирсон агуулгатай боловч бодит байдалд ЧХБ ХХК худалдах буюу өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй болох нь дээрх хөрөнгө одоо ч банкны өмчлөл, эзэмшилд байгаагаас тодорхой харагдаж байна.

1.5. ЧХБ ХХК, МСХК ХХК-ийн хооронд байгуулагдсан “Төлбөр барагдуулж, эрх шилжүүлэх гэрээ”-ээс үзэхэд Ж.Бд худалдсан гэх үл хөдлөх эд хөрөнгө нь МСХК ХХК-ийн өмч байсан.

МСХК ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө ЧХБ ХХК-д зээлийн барьцаанд тавьсан байсан ба уг зээлийн үүргийг гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд өмчлөх эрхийг түр ЧХБ ХХК-д шилжүүлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах тохиолдолд тэргүүн ээлжинд МСХК ХХК-д худалдах үүрэг хүлээсэн байна.

ЧХБ ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Бд байгаа мэт дүр үзүүлсэн хэлцлийг хийж, улмаар МСХК ХХК-тай байгуулсан гэрээг халхавчлан уг худалдах, худалдан авах гэрээг Ж.Бтай байгуулсан байх тул Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ” болон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Зээлдэгч Ж.Бын манай банканд хандаж амины орон сууц худалдан авах зориулалтаар 624,100,000 төгрөгийн зээл авахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 10339/01/СС/2017 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, 624,100,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл олгосон.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч Ж.Б ЧХБ ХХК зээлийн гэрээгээр олгохоор тохиролцсон 624,100,000 хөрөнгийг надад шилжүүлээгүй гэж тайлбарласан боловч түүний  ЧХБ ХХК дахь 5101000225 тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 624,100,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 624,100,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр зээл олгосон.

2.2. Зээлдэгч Ж.Б нь зээл авснаас хойш үндсэн хүүд 85,142,881.98 төгрөг төлсөн ба 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 624,100,000 төгрөг, үндсэн хүү 303,269,600.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,315,374.99 төгрөг, нийт 970,684,975.20 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.3. Зээлдэгч Ж.Б нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЧХБ ХХК-тай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, 624,100,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Тус зээлийн гэрээний дагуу ЧХБ ХХК нь Ж.Бын дансанд 624,100,000 төгрөгийг шилжүүлсэн.

Зээлдэгч Ж.Б нь тус зээлийг авснаас хойш зээлийн хүүд 85,142,881.98 төгрөг төлсөн. Зээл авснаас хойш зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөлт хийхгүй байсан тул банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлөхийг удаа дараа мэдэгдэж, сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй.

2.4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан уг хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 451.2 дэх хэсэгт “зээлийг гэрээг бичгээр хийнэ” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн нйн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж тус тус зааснаар “ЧХБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 624,100,000 төгрөгийг зээлдэгч Ж.Бын ЧХБ дахь 5101000225 тоот дансанд шилжүүлсэн.

2.5. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ЧХБ ХХК нь үүргийн биелэлтийг шаардах нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул зээлдэгч нь зээлийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Хариуцагч Ж.Б нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 624,100,000 төгрөг, зээлийн хүү 303,269,600.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,315,374.99 төгрөг, нийт 970,684,975.20 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Ж.Баас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүрэгт 970,684,975.20 төгрөгийг гаргуулж, ЧХБ ХХК-д олгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар Ж.Б ЧХБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ” болон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар Ж.Баас 970,684,975 төгрөг гаргуулан ЧХБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6,557,450 төгрөг, ЧХБ ХХК-ийн төлсөн 5,011,375 төгрөгийг улсын орлогод хэвээр тус тус үлдээж, Ж.Баас 5,011,375 төгрөг гаргуулан ЧХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-нд Ж.Б нь гарын үсэг зурсан хэдий ч бодит байдал дээр өөрийн хүсэл, зориг, эрмэлзэлээр зээл авах болон үл хөдлөх эд хөрөнгийн худалдан авч тодорхой үр дагаварт хүрэх зорилго огт байгаагүй.

Тухайн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэхээс илүүтэй ЧХБ ХХК, "Монголын санхүү хөгжлийн корпораци” ХХК-ийн хооронд байгуулсан “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тэдгээрийн хооронд байгуулсан дээрх гэрээ, МСХК ХХК-ийн шүүхэд гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хүсэлтээр нотлогдож байна.

Талуудын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасны дагуу нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, худалдан авагчийг өмчлөлд шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.  

4.2. Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, *************** тоот байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй, 579,5 мкв талбай бүхий амралт сувилалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Бын эзэмшил, ашиглалтанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан болох нь хавтас авагдсан бичиг баримтаар тогтоогдсон” хэмээн шүүх дүгнэсэн. Гэвч уг үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Бын эзэмшил, ашиглалтанд шилжүүлээгүй байхад ямар нотлох баримтаар эзэмшилд, ашиглалтанд байгаа гэж тогтоож, тус шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй байна.

4.3. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ” нь дээр дурдсан хүчин төгөлдөр бус “Үл хөдлах эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг санхүүжүүлэх зорилгоор буюу уг гэрээг үндэслэж хийсэн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл мөн.

Мөн Ж.Б нь зээлийн гэрээгээр тохиролцсон 624,100,000 төгрөгийг хүлээж аваагүй, ашиглаж, захиран зарцуулаагүй байтал, зээлийг төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байхаас гадна, гэрээний дагуу ямар нэгэн хүү төлж байгаагүй, тухайн төлөгдсөн гэх 85,142,881 төгрөгийг МСХК ХХК төлж байсан. Гэхдээ зээлийн төлбөрийг төлөхдөө Ж.Бын нэрээр зээл гаргасан учир түүний өмнөөс “Ж.Б” гэж төлсөн баримтад зурсан боловч Ж.Б нь гарын үсэг өөрөө зурж байгаагүйг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

4.4. ЧХБ ХХК нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн.

Тодруулбал, уг хуульд зааснаар хариуцагч банк өр барагдуулах зорилгоор нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан бол шууд зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан, өмчлөх эрхийг төлбөр төлсний дараа шилжүүлэх, эсхүл орон сууц зээлээр худалдан авахад санхүүжилт үзүүлж байгаа тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн байх ба улмаар уг орон сууцыг зээлийн барьцаанд тавихаар гэрээ байгуулах ёстой байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс дээр дурдснаар гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад Иргэний хуулийн гэрээ хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой хуулийн заалтуудыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч Ж.Б нь ЧХБ ХХК-д хандаж, тус компаний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдан авах хүсэлтээ гаргасан бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Б нь “ЧХБ”-аас үл хөдлөх эд хөрөнгө татаж авах, тус хөрөнгийг худалдаж авах шаардлагатай санхүүжүүлэлтийг хариуцагчаас хүсэж 624,100,000 төгрөгийг зээл авах хүсэлтээ бичгээр илэрхийлсэний дагуу зээл олгосон.

5.2. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б нь манай компаниас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах хүсэлтээ гаргасан, ямар нөхцлөөр яаж зээл авах аргачлалаа өөрөө илэрхийлсэн тул Чингис хаан банк гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн Чингис хаан банк дахь 51************* тоот дансанд зээлийн санхүүжилт 624,100,000 төгрөгийг шилжүүлсэн.

Санхүүжилт олгосны дараа нэхэмжлэгч тус мөнгийг хүлээн авч төлбөрийн баримтаар Чингис хаан банкны тусгай архивын төв данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшдэггүй, ашигладаггүй гэж тайлбарладаг боловч анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Ж.Б нь өнөөдрийг хүртэл хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа гэдгээ хэлсэн.

Түүнчлэн Иргэний хэрэг үүссэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрч байхад нэхэмжлэгч тал удаа дараа өмгөөлөгч авах хүсэлтээр хурал хойшлуулж байсан ба өмгөөлөгч авсан ч шүүх хуралдаанд ирдэггүй. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид зээл олгогдсон, захиран зарцуулсан нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Ж.Б нь хариуцагч ЧХБ ХХК-д холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ” болон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүргийн төлбөрт 970,684,975 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. ЧХБ ХХК, Ж.Бтай 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 324,100,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-220*********** дугаартай, Баянзүрх дүүрэг, 2*******************мкв талбайтай, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зориулалтаар зээлж, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн хүүгийн талаарх тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Уг гэрээний дагуу Ж.Бд 624,100,000 төгрөг шилжүүлсэн нь харилцагчийн дансны хуулга, 2017 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн Мемориалын баримт, Чингис хаан банкны Ж.Бын 5101000225 дугаарт дансанд 2017 оны 03 дугаар сарын 03-ний өдөр 624,100,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримтаар тогтоогдож байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг аваагүй гэх Ж.Бын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4. Худалдан авах гэж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ЧХБ ХХК 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ авсан байна.

 

5. Ж.Б, ЧХБ ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22***** дугаартай, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, *********************амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр олгосон зээлийн үнийн дүнгээр худалдан авахаар тохиролцсон.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6. 2017 оны 02 сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Баянзүрх дүүрэг, 20-р хороо, **********************мкв талбай бүхий амралт сувилалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь “Чингис хаан банк” ХХК-ийн өмчлөлд байгаа боловч Ж.Б өөрийн эзэмшил, ашиглалтанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

6.1. Ж.Б нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22**************дугаартай, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, ****************** хаягт байрлах 579,5 мкв талбайтай, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр зохих байгууллагад хандахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

6.2.  ЧХБ ХХК Ж.Бтай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Бын нэр дээр байгаа мэт дүр үзүүлсэн хэлцлийг хийж, “Монголын санхүүгийн хөгжлийн корпораци” ХХК-тай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г халхавчилсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзлэлгүй, талууд хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ” болон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

7. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №10339/01/СС/2017 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ байх тул Ж.Баас үндсэн зээл 624,100,000 төгрөг, зээлийн хүү 303,269,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,315,374 төгрөг, нийт 970,684,975 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэгээс гаргасан Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацснаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай бичгийн хүсэлтийг анхан шатны шүүхээс хангахгүй орхиж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

9. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Баас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,558,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА