| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/01139/И |
| Дугаар | 210/МА2024/00549 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/00549
2024 03 20 210/МА2024/00549
Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/04253 дугаар шийдвэртэй,
Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй
И ХХК холбогдох,
Гэрээний үүрэгт 766,808,419 төгрөг гаргуулах, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Х.Р, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Ө ХХК нь И ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *** дугаартай ***спорт цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Ө ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,178,743,589 төгрөгийн төсөвт өртгөөр И ХХК-ийн спорт цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт шалгарч ажил гүйцэтгэгчээр сонгогдсон.
1.2. И ХХК-ийн барилга угсралтын ажлыг дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хил гааль хаагдсан, бараа материал хомсодсон, барилгын материалын үнэ өссөн үед өөрийн нөөц бололцоогоо ашиглан, тухайн барилгын ажлыг чанартай сайн гүйцэтгэж бүрэн ашиглалтад оруулж, И ХХК-т 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр хүлээлгэн өгсөн.
1.3. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүнд нөхцөл байдлын гэрчилгээгээр “Ө ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн ба барилга угсралтын ажлын зураг төсөл барилгын норм дүрмийн дагуу үндсэн шаардлагыг хангасан, мөн барилга угсралтын явцад ажлын гүйцэтгэлийг дэлхий нийтийн дунд тархсан Ковид-19 цар тахлын улмаас хэл гааль хаагдсан, бараа материал хомсодсон, барилын материалын үнэ өссөн үед хийсэн ба маш хүнд нөхцөлд ажилласан байна” гэж дүгнэсэн.
1.4. Ө ХХК И ХХК-т ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 153,930,068 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги 246,288 төгрөг, барилгын материалын үнийн өсөлтийн зөрүү 612,632,063 төгрөгийг төлөх мөн материалын үнийн өсөлтийн зөрүү үүсэн барилгыг цааш үргэлжлүүлэх боломжгүй талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй, ямар нэг арга хэмжээ аваагүй, огт хариуг өгдөггүй байсан. Ө ХХК 612,632,063 төгрөгийн алдагдалд орсон.
1.5. 2019 онд байгуулагдсан И ХХК, Ө ХХК-ийн хооронд байгуулсан И ХХК-ийн спорт цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийг өөрчилж, ямар ч тохиолдолд хийхгүй гэх утгатай заалтыг захиалагчийн талаас оруулсан ба уг заалт төсвийн байгууллагын захиалгат ажлын хувьд үнийн тохируулга хийх талаар нөхцөл нь эрх бүхий байгууллагын шийдвэр гаргах эрх хэмжээнд халдсан хууль болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
1.6. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 381921 дугаар гэрээ дүгнэсэн актаар ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанаас хойш гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг нэхсэн боловч өгөөгүй.
Иймд талуудын хооронд байгуулсан И ХХК-ийн спорт цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 153,930,068 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги 246,288 төгрөг, барилгын материалын үнийн өсөлтийн зөрүү 612,632,063 төгрөг, нийт 766,808,419 төгрөгийг гаргуулж, И ХХК-ийн спорт цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 44.0 дэх хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн байх тул тухайн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.
2. Хариуцагч И ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.1. Тендерт оролцогч буюу Ө ХХК-ийн зүгээс тендерийн баримт бичиг заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна гэж мэдэгдсэний дагуу талууд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр **** дугаартай ***спорт цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан.
2.2. Гэрээ дүгнэсэн акттай ажил дууссан ба 2020 оны 04 сард эхлээд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл улсын комисс ажиллуулж, 2021 оны 09 дүгээр сард акт гарсан.
Гэрээний үлдэгдэл төлбөр гэдгийг хэрхэн яаж тогтоож нэхэмжилж байгаа, үлдэгдэл төлбөр гэж юуны төлбөрийг ямар баримтын дагуу шаардаж байгааг нэхэмжлэгчээс тодорхойлоогүй.
2.3. 2020 оны 04 сард гэрээ хийхэд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал Монгол улсад үүсээгүй, 2020 оны 11 сард албан ёсоор өвчин бүртгэгдсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу аливаа үнийн өөрчлөлтийг тохируулан хийхгүй байхаар тохиролцсон ба нэхэмжлэгчээс тухайн үед тендерт оролцохдоо гэрээнд заасан 5,178,743,590 төгрөгийн үнийн дүнгээр барилгын ажлыг хийж чадна гэдгийг илэрхийлэмжийг өгсөн.
2.4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд форс мажорын гэрчилгээг 300,000 төгрөг төлж авдаг. Анхнаасаа гэрээн дээр үнийн тохируулга хийхгүй гэж тохирсон байж явцын дунд форс мажорт тооцуулна гэдгийг ойлгохгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч И ХХК-аас 153,930,068 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, үлдэх 612,878,351 төгрөг гаргуулах, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,062,192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-ийн 927,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.1 Ө ХХК нь И ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ***дугаартай ***спорт цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Ө ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,178,743,589 төгрөгийн төсөвт өртгөөр И ХХК-ийн спорт цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт шалгарч гүйцэтгэгчээр сонгогдсон.
И ХХК-ийн газрын спорт цогцолборын барилга угсралтын ажлыг дэлхий нийтийн дунд тархсан Ковид-19 цар тахлын улмаас хил гааль хаагдсан, бараа материал хомсодсон, барилгын материалын үнэ өссөн үед өөрийн нөөц бололцоогоо ашиглан, тухайн барилгын ажлыг чанартай сайн гүйцэтгэж бүрэн ашиглалтад оруулж, И ХХК-т 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр хүлээлгэн өгсөн.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүнд нөхцөл байдлын гэрчилгээгээр “Ө" ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн ба барилга угсралтын ажлын зураг төсөл барилгын норм дүрмийн дагуу үндсэн шаардлагыг хангасан, мөн барилга угсралтын явцад ажлын гүйцэтгэлийг Дэлхий нийтийн дунд тархсан Ковид-19 цар тахлын улмаас хэл гааль хаагдсан, бараа материал хомсодсон, барилын материалын үнэ өссөн үед хийсэн ба маш хүнд нөхцөлд ажилласан байна” гэж дүгнэсэн.
4.2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх ёстой байтал шүүх хэрэгт авагдсан үйл баримтыг огт үнэлэлгүй дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж шийдвэрлэсэн байна.
Ө 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ***спорт цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэх явцад давагдашгүй нөхцөл байдлаас болж 612,632,063 төгрөгийн алдагдалд орсон байхад шүүх шаардах эрхгүй, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд буруу бөгөөд шударга ёсонд нийцэхгүй байна.
Цар тахлын улмаас дэлхий нийт болон Монгол улсад хүнд байдалд орсон бөгөөд төрийн хөрөнгөөр баригдаж буй бүх барилгад үнийн өсөлт гарсныг шийдвэрлэж олгох тухай Монгол Улсын Их хурал, Засгийн газар, холбогдох яамны шийдвэр гарсан байхад хариуцагчаас үүнтэй холбоотой арга хэмжээ аваагүй.
4.3. Хариуцагч И ХХК нэхэмжлэлийн хувийг гардаж аваад огт хариу тайлбар гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанд тайлбар гаргаагүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохоор заасан.
4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар “шинжээч томилуулах” хүсэлтийг шүүхэд нэхэмжлэгч тал гаргаж шинжээчийн дүгнэлт гаргасан байхад шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
4.5. Нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад шүүх хуралдааны үед энэ талаар тайлбар, асуулт, нэмэгдүүлсэн шаардлагын талаар огт дурдаагүй, шийдвэрлээгүй өнгөрсөн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.
Иймд шүүхийн шийдвэрийн гүйцэтгээгүй үүргийн алданги 246,288 төгрөг төлөх, барилгын материалын үнийн өсөлтийн зөрүү 612,632,063 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Хариуцагч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
5.1. Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай тушаалаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, барилга байгууламжийн төсөвт өртгийн буюу барилгын материалын үнэ өөрчлөлтийг тооцоолох журмаар цар тахлын үед үүссэн нөхцөл байдлыг тодорхойлсон. Уг журамд заасны дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төсөл, арга хэмжээг гүйцэтгэх гэрээ болон 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших үлдэгдэл ажилд материалын үнийн дундаж өсөлт хамаарна гэж зохицуулсан. Уг хугацаанд хамааралтай гэж гэрээний 2.1 дэх хэсэгт заасан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхийг тодорхойлсон.
5.2. Тендер нээгдэж гүйцэтгэж байх явцад улсын төсвийн хөрөнгө оруулалт байгаагүй. 153,000,000 төгрөгийг гаргуулан өгөх ёстой байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хуралдааны явцад гэрээний үлдэгдэл ажил 153,000,000 төгрөг нь чанарын баталгааны 2.97 хувь болохыг тайлбарласан. Шүүхийн шийдвэрт тусгагдсан 153,000,000 төгрөгийг үлдэгдэл ажлын төлбөрт төлөх ёстой. Гэвч гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу 5 хувийн чанарын баталгаа байгаа тохиолдолд төлбөрийг төлөх ёстой.
5.3. Гэрээний тусгай нөхцөлийн 40.1 дэх хэсэгт хэзээ, ямар төлбөрийг, ямар байдлаар олгох талаар зохицуулсан. Мөн гэрээний 40.1.2-т ажил гүйцэтгэсэн тухай комиссын акт, гэрээ дүгнэсэн улсын комиссын акт зэргийг үндэслэж, гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 10 хувийн төлбөрийг олгохоор зохицуулсан. Гэвч хариуцагчийн зүгээс гэрээ дүгнэсэн актын төслийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус байгууллагад барьцаа төлбөрийг бэлэн мөнгөөр бус банкны баталгаагаар гэрээ дүгнэсэн актыг үйлдэж хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл актыг баталгаажуулаагүй тул төлбөр төлөгдөөгүй байна. Иймд уг нөхцөл байдалтай холбоотойгоор алдангийн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч И ХХК-т холбогдуулж гэрээний үүрэгт 766,808,419 төгрөг гаргуулах, гэрээний тусгай нөхцөлийн 44.1 дэх хэсэгт заасан “гэрээний хэрэгжилтийн явцад ямар ч тохиолдолд гэрээний үнийг тохируулахгүй тогтмол байна. Гэрээний үнийг ямар ч тохиолдолд хориглох бөгөөд гэрээний нийт үнэд багтааж ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгана” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. Ө ХХК болон И ХХК-ын хооронд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр И ХХК-ийн спортын цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэгч Ө ХХК нь И ХХК-ийн спортын цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх, захиалагч И ХХК ажлын хөлс 5,178,743,589 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.2. И ХХК гэрээний үүрэгт 4,806,059,916 төгрөгийг Ө ХХК-д шилжүүлсэн, 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн **** тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтээр тус спорт цогцолборын барилга бүрэн дуусаж улсын комисс хүлээн авсан, одоо үйл ажиллагаа явуулж байгаа талаар талууд маргаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
3.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч үүргийн биелэлтийг баталгаажуулах 218,753,605 төгрөгийг шаардаагүй, үлдэх 153,930,068 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж дүгнэсэнд талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.
4. Анхан шатны шүүх үнийн өсөлтийн зардал 612,632,063 төгрөгийг талуудын хооронд байгуулсан И ХХК-ийн спортын цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 44 дэх хэсэгт “Зөвхөн гэрээний тусгай нөхцөлд заасан нөхцөлд үндсэн материал, түүхий эд, ажиллах хүчний зардлын хэлбэлзлийг тусгах зорилгоор үнийн тохируулга хийнэ. Ингэхдээ төлбөрийн мэдэгдлийн нийт дүнгээс урьдчилгаа төлбөрийг хассан дүнгийн төлбөр хийх валют тус бүрийн үнийн дүнг холбогдох үнийн тохируулгын үзүүлэлтийг ашиглан тохируулна” гэж, уг гэрээний тусгай нөхцөлийн 44.1 дэх хэсэгт “Гэрээний хэрэгжилтийн явцад ямар ч тохиолдолд гэрээний үнийг тохируулахгүй тогтмол байна. Гэрээний үнийг ямар ч тохиолдолд өөрчлөхийг хориглох бөгөөд гэрээний нийт үнэд багтааж ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгана” гэж заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болсонг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
4.1. Ө ХХК нь үнийн өсөлтийн зардал 612,632,063 төгрөгөөр нэмэгдсэн гэх үндэслэлээ Ковид-19 цар тахлын улмаас хил гааль хаагдсан, бараа материал үнэ өссөнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэж , мөн хуулийн 345.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу төсөвт ажлын хэмжээ нэмэгдсэн талаар нэхэмжлэгч Ө ХХК нь И ХХК-т мэдэгдэх байсан бөгөөд ийнхүү мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн Ө ХХК Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсныг дараа илтэд өөрчлөгдсөн бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээнээс татгалзах эрхээ тус тус хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр үнийн өсөлтийн зардал 612,632,063 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр И ХХК-ийн спортын цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 45 дахь хэсэгт “Барьцаа хөрөнгийг хувь нь гэрээний үнийн дүнгийн 5 хувь байна. Барьцаа хөрөнгийг Барилгын тухай хуулийн 14.3, 14.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу авч үлдэнэ. Чанарын баталгаат хугацаа 3 жил гэж” тохиролцжээ.
Уг тохиролцооны дагуу зохиогчийн хяналтын 79,381,154 төгрөг, зураг төслийн үнэ 99,681,874 төгрөг, зохиогчийн хяналтын зардалд 39,690,577 төгрөг, нийт 218,753,605 төгрөгийг хэмжээний барьцааны мөнгө нь захиалагч талд хадгалагдаж байгаа талаар талууд маргаагүй.
Гэрээгээр тохиролцсон чанарын баталгаат хугацаа дуусаагүй байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар И ХХК-ийг гэрээний хөлс төлөх хугацаа хэтрүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхгүй гэх үндэслэлээр алдангид 246,288 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
6. Талуудын хооронд байгуулсан И ХХК-ийн спортын цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 44 дэх хэсэгт “Зөвхөн гэрээний тусгай нөхцөлд заасан нөхцөлд үндсэн материал, түүхий эд, ажиллах хүчний зардлын хэлбэлзлийг тусгах зорилгоор үнийн тохируулга хийнэ. Ингэхдээ төлбөрийн мэдэгдлийн нийт дүнгээс урьдчилгаа төлбөрийг хассан дүнгийн төлбөр хийх валют тус бүрийн үнийн дүнг холбогдох үнийн тохируулгын үзүүлэлтийг ашиглан тохируулна” гэж, уг гэрээний тусгай нөхцөлийн 44.1 дэх хэсэгт “Гэрээний хэрэгжилтийн явцад ямар ч тохиолдолд гэрээний үнийг тохируулахгүй тогтмол байна. Гэрээний үнийг ямар ч тохиолдолд өөрчлөхийг хориглох бөгөөд гэрээний нийт үнэд багтааж ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгана” гэж заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болгон тодорхойлсон нь буруу болсныг анхан шатны шүүх залруулаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэрлэн заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох бөгөөд сонирхогч этгээд нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагаврыг шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч тал үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийг тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэснийг зөв гэж дүгнэхээргүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Худалдан авах гэрээнд энэ хуулийн 40.2-т зааснаас гадна дараах нөхцөлийг заавал тусгана” гэж, мөн хуулийн 40.3.8-т “Гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал” гэж заасны дагуу талууд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн И ХХК-ийн спортын цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний тусгай нөхцөлд үнийн тохируулга хийх зохицуулалтыг тусгасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж дүгнэнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн алдааг дүгнэлт хийж залруулахдаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцлээр тодорхойлсон хэсгийг хасна.
Харин давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн И ХХК-ийн спортын цогцолборын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний тусгай нөхцөлд үнийн тохируулга хийх зохицуулалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл дүгнэснээр нэхэмжлэгчийн үнийн өсөлтийн зардалд 612,632,063 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна. Учир нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлийн талууд хэн алинаасаа авсан зүйлээ харилцан буцааж өгөх, мөн хуулийн 56.6 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасантай холбоотой шаардлагыг гаргаагүй болно.
7. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ө ХХК-д “Хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ олгосон байх ба гэрчилгээнд “ ... мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал хорио цээрийн улмаас бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд саатал үүссэн бүтээгдэхүүн болон замын зардлын үнэ нэмэгдсэн зэрэг нь ... нийтэд илэрхий үйл баримтаар нотлогдож байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал нь гэрээний үнийг хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй нөхцөл байдлаас болж үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал /hardship/ үүссэн болохыг нотолж, Ө ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна” гэж дурджээ.
Иймд хүнд нөхцөл байдлын гэрчилгээг үндэслэн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэх байдлыг тогтоох боловч гэрээний талууд хуульд заасан арга хэмжээг авахаас гэрээний нэг тал нөгөө талаас зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээний үнийг дангаар нэмэгдүүлэх үндэслэл болохгүй.
8.1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ эрх зүйн үндэслэлийг заах үүргийн хүрээнд бичгээр гаргасан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр болон 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, холбогдох яамны эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг нэрлэн заагаагүй, харин 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр Монгол Улсын Их хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Монгол улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай” 88 дугаар тогтоолыг эрх зүйн үндэслэлээ болгож тайлбарлажээ.
8.2. Монгол Улсын Их хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Монгол улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай” 88 дугаар тогтоолын 3-т “2022 оны төсвийн жилд төсвийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээг өмнөх оны хэмжээтэй харьцуулахад 2 дахин нэмэгдүүлэх”, 4-т “улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах”-аар заажээ.
8.3. Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Түр журам батлах тухай” 75 дугаар тушаалаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам” баталж, батлагдсан журмыг хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгожээ.
8.4. Түүнээс гадна нэхэмжлэгч нь хариуцагч талыг Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Түр журам батлах тухай” 75 дугаар тушаалаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам”-ыг баримтлаагүй гэх талаар холбогдох байгууллагад гомдол гаргаагүй байна.
8.5. Нэхэмжлэгч талын 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 298/2020, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** тоот албан бичгүүдийг хариуцагч тал хүргүүлсэн боловч уг албан бичгүүдэд нэмэлт гэрээ хийхтэй холбоотой асуудлыг тусгаснаас өөрөөр материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулах талаар дурдаагүй байна.
Мөн түүнчлэн хариуцагч талын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ****, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ***, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн **** 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн **** тоот албан бичгийг нэхэмжлэгч тал илгээсэн байх бөгөөд уг албан бичигт нэхэмжлэгч талаас материалын үнэтэй холбоотой хүсэлт гаргасан болон үүнд хариу өгсөн гэх агуулга тусгагдаагүй.
8.6. Иймд энэ тогтоолоор хариуцагч тал аливаа нэгэн үүрэг хүлээлгээгүй байх тул “цар тахлын улмаас төрийн хөрөнгөөр баригдаж буй бүх барилгад үнийн өсөлт гарсныг шийдвэрлэж олгохоор шийдвэрлэснийг хариуцагч тал холбогдох арга хэмжээ аваагүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчаас 612,632,063 төгрөг гаргуулахыг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн тул уг нэхэмжлэлийн хэмжээг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ач холбогдолгүй юм.
10. Нэхэмжлэгч 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэрэг үүсгэсэн, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гардуулж өгсөн, нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, уг нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гардуулж өгсөн, хариуцагч 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хариу тайлбар бичгээр гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр тайлбар амаар гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал огт тайлбар гаргаагүй тохиолдол хэрэглэх учиртай. Түүнчлэн энэ хуульд шүүх хуралдаанаас өмнө бичгээр тайлбар гаргаагүй тохиолдолд уг заалтыг хэрэглэнэ гэсэн тусгай нөхцөл заагаагүй байна.
Иймд хариуцагч И ХХК нэхэмжлэлийн хувийг гардаж аваад огт хариу тайлбар гаргаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох зохицуулалтад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй юм.
11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/04253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”, “тус тус” гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,222,342 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА