Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 975

 

 

 

 

 

 

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ж.М-д холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Ж.М, Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дагалдан тогооч, гоо сайханч, үсчингийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 0-7 насны хүүхдүүдийн хамт ............. дүүргийн ................ дүгээр хороо, .................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:..................).

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Зээлийн 3-89 тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан буюу нохойгоо сул тавьсаны улмаас 13 цагийн үед хашааны гадна явж байсан иргэн Ц.Б руу дайрч урд хөлөөрөө түлхэж жалга руу унаган Ц.Б-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М-аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг гаргасан болохоор дахин мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргээс судалсан баримтууд болох:

 

1.Хохирогч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим би гэрээсээ буюу ............... тоотоос гараад гудамж уруудаад дэлгүүр орох гээд ............. дугаар гудамжны гүүрний дээхэн талд жалганы урд талд явж байтал хаалгагүй задгай хашаанаас хар саарал шаргалдуу өнгийн том биетэй нохой гэнэт гарч ирээд шууд над руу дайраад би доошоо суух гэсэн чинь миний зүүн талаас нөгөө нохой урд хоёр сарвуугаараа түлхсэн. Би жалга руу баруун талаараа шургаад толгойгоороо хатуу хөлдүү мөстэй жалга руу унасан. Тэгээд ухаан алдсан. Тэгтэл 20 орчим насны танихгүй залуу намайг сэрээгээд босгосон.  Тэгээд тэр залуу хаанаас нохой гарч ирснийг харж байсан юм шиг байна лээ. Шууд нөгөө задгай хашааны айлын хүнийг дуудаад намайг тэр айл руу оруулж өгсөн. Тэгээд тэр залуу танай нохой чинь хүн рүү дайраад жалга руу унагаачихлаа шүү дээ гэж хэлээд гараад явсан. Тэр айлд нэг хүүхэн бага насны хүүхдийн хамтаар байсан. Тэгээд миний толгой өвдөөд байна, та 103 дуудаад өгөөч гэтэл тэр эмэгтэйн гар утас нь болохгүй байсан. Тэр эмэгтэй манай гэр рүү хүүхдээ явуулж манай эгч Б-г дуудуулсан. Манай эгч ирээд тэр айлд байхад 103 дуудсан. 103 ирж үзээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Миний ухаан балартаад байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод шууд бөөлжөөд ухаан алдаад байсан. Анхны тусламж үзүүлээд толгойны зураг авахуулсан. Дахин томографикт харуул гэсэн. Ингээд харуултал гавал яс цуурсан, их бага цус хуралттай, тархины гэмтлээсээ болоод хамрын яс мурийсан байна, тархины гол судас тасарсан байна гээд эмчилгээ хийж байгаад 10 хоногийн дараа хагалгаанд орсон. Гаднаас өөрийн мөнгөөрөө эм тариа авч эмчилгээ хийлгэсэн. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хагалгаанд орсон. 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтээд гарсан. Одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтанд байгаа. Намайг тэр нохой хазаагүй, жалганы уруу түлхэж унагаагаад миний тархи гэмтсэн. Би одоо бодоход намайг жалга руу түлхэж унагасан нохой хар саарал шаргалдуу зүсмийн нохой байсан. Эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг орчмыг нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэсэн 1,000,000 төгрөгийн баримт байгаа. Эмчилгээний баримтыг гаргаж өгнө. Нэмж эмчилгээ хийлгэнэ. Толгой өвдөөд их зовиуртай байгаа. Хөдөлмөрийн чадвараа бараг алдсандаа гомдолтой байна ...” гэх мэдүүлэг [1] ,

 

2.Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим би гэртээ угаалга хийгээд хувцаснуудаа угаагаад байж байтал гаднаас манай 3 настай хүү Б гүйж орж ирээд “ээжээ нохой жалга руу хүн унагаасан” гэхээр нь би гараад хартал манай задгай хашааны зүүн талд байдаг жалганд нэг эмэгтэй хүн нэг хөлөө жийгээд нэг хөл дээрээ хагас суусан байдалтай байсан. Тэгтэл манай арын гудамжнаас 18-20 орчим насны танихгүй залуу гүйж ирээд нөгөө эмэгтэйг босгоод байх шиг байсан. Тэгээд урд талын задгай хашаа руу хүн байна уу, нохой чинь хүн унагачихлаа шүү дээ гээд орилоод байсан. Тэр үедээ би жалганд сууж байсан эмэгтэйг хэн гэдгийг мэдээгүй. Дараа нь жалганд байсан тэр эмэгтэйг манай гэрийн ойролцоо амьдардаг Б гэдгийг нь мэдсэн. Манай зүүн урд талд байх Б руу дайрсан задгай хашаатай айлыг залууг М гэдэг. Нохой нь бор шаргал өнгийн том биетэй нохой байдаг юм. Тэр жалга өвөлдөө цас ороод дээр нь хүмүүс угаадас асгаад мөстсөн байдаг юм. Тэр угаадасны мөсөн дээр Б унасан байна лээ. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

3.Арван зургаан насанд хүрээгүй гэрч Г.Б-н /3 настай/ мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “... нохой жалга руу хүн унагасан...” гэх мэдүүлэг [3] ,

 

4. Арван зургаан насанд хүрээгүй гэрч М.Г-н /12 настай/ мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим эмээ Д надад нохойны хоолой боогдоод байна, миний хүү тавьчих гэхээр нь би гараад нохойгоо суллаад явуулсан юм. Эмээ намайг эмэнд явуулсан. Тэгээд гэртээ иртэл нохой хүн урсан байсан. ...” гэх мэдүүлэг [4] ,

 

5. Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 11-12 цагийн орчим би гэртээ зээ хүү Г-ын хамтаар байж байхад хашаанд уяатай байсан манай нохой хүзүүвчиндээ ороогдсон, амаар нь цагаан хөөс цахраад байхаар нь би өөрийн зээ Г-аар нохойгоо суллуулсан юм. Манай нохой гараад жалга уруудаад яваад өгсөн юм. 13-14 цагийн орчим би гэрийнхээ үүдэн дээр зогсож байхад манай хашааны баруун талд тусдаа гэрт амьдардаг охин М-ийн гэр рүү танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж харагдсан. Дараа нь манай охин М  орж ирээд манай нохой хүн рүү дайраад жалганд унагаасан гэнэ, та нохой сул тавьсан юм уу гэсэн. Хүн рүү дайрсан гээд байгаа нохой нь М , хүргэн М нарын нохой байгаа юм. М-ийн хашаанд тэр нохой гөлөг байхдаа гүйж ирэхээр нь тэжээсэн юм. Гарал үүслийн бичиг байхгүй, вакцинд хамрагдаж байгаагүй. ... “гэх  мэдүүлэг [5] ,

 

6. Гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 11-ний өглөө ажилдаа яваад орой 17 цагт гэртээ ирэхэд манай нохой хүн рүү дайрсан гэж байсан. Манай гэрийн ойролцоо амьдардаг охиноо буюу Б-ыг манай хашааны хойд талаар явж байхад манай нохой дайраад жалга руу унагаасан гэсэн. Манай нохойнд гарал үүслийн бичиг байхгүй, вакцинд хамрагдаж байгаагүй. Манай эхнэр тэр нохойг гөлөг байхад нь хашаанд гүйгээд ирэхээр нь тэжээсэн юм. Манай нохой саарал шаргалдуу зүсмийн нохой байгаа юм. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

7. Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим гэртээ бие өвдөөд хэвтэж бйасан. Тэгтэл гаднаас нэг залуу хүн байна уу гээд орилоод байсан. Би гараад хартал танихгүй залуу арын жалга руу хүн уначихлаа гэхээр нь арын жалганд яваад очтол манай гэрийн ойролцоо байдаг Охиноо гэдэг охин сүүлд Б гэдэг нэрээр мэдсэн тэр охин жалганд сууж байхаар нь би тэр залуугийн хамтаар Б-ыг гэртээ оруулсан. Тэгэхэд баруун цамцны дээд хэсгээр шалбарсан, зураасан шарх харагдаж байсан. Тэр жалга руу машин тэрэг хальтирч орох гээд байдаг, эвгүй замтай. Б-ы баруун мөрний хэсэг нь нохойд хазуулсан биш, харин унаад шалбарсан шалбархайнууд байсан. Тэгээд 103 дуудаад гэрээс гараад явсан. Манай нохой хар саарал өнгийн, доод хэсгээрээ цагаан өнгөтэй нохой байгаа. Сагсар үстэй болохоор хүмүүс сүрдээд байдаг юм. 3 жилийн өмнө манай хашаанд жоохон гөлөг байхдаа ирэхээр нь тэжээсэн юм. Манай нохой вакцинд хамрагдаж байгаагүй, гарал үүслийн бичиг байхгүй. Манай нохой тухайн өдөр сул байсныг би мэдээгүй. Ер нь манайх нохойгоо уядаггүй юм. Цагаан сараар л ээжийнд хүмүүс ирнэ гээд уясан. 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай дүү Г суллаад тавьсан гэсэн. ...” гэх мэдүүлэг [7],

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний  биед хийсэн шүүх эмнэлгийн 3666 дугаар дүгнэлтэд:

1.Б-ы биед баруун зүүн титэм заадас даган баруун чамархай ясны урд хэсэг рүү үргэлжилсэн диастаз хугарал, дух, зулай чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна... “ гэсэн дүгнэлт /шинжээч Б.Долгормаа/ [8] ,

 

9. Шинжээч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт очиж Б-ыг үзсэн. Биеийн байдал хүнд, хэвтрийн байсан. Бичиг баримт болон өөрийг нь биеэр үзэхэд баруун зүүн титэм заадас, даган баруун чамархай ясны урд хэсэг рүү үргэлжлэн диастаз хугарал, дух, зулай чамархай хатуу хальсны доорхи цусан хураа, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд юм. Б-д үүссэн гэмтлүүд нь унах ойчиход үүсэх боломжтой. Тархинд үүссэн гэмтэл нь унаж ойчиход нэг дор үүсэх боломжтой гэмтэл байсан. Харин бусад гэмтлүүд нь дан дангаараа тус тусдаа нэг, нэг хүч үйлчилнэ. Тиймээс хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Тархины гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун мөрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Баруун зүүн бугалга, баруун тохойд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ц.Бы тархины гэмтэл нь мөсөн дээр буюу тэгш хатуу гадаргуу дээр үүсэх боломжтой /унахад/. ...” гэх мэдүүлэг [9],

 

            9. Хохирогч Ц.Бы өвчний түүх, эмнэлгийн үзлэгийн баримтууд [10], мөн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд [11], хохирлын төлбөр барагдуулах хэлцэл,

 

            10. Шүүгдэгч Ж.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [12] , түүний Хаан банкинд эзэмшдэг дансны хуулгын хуулбар [13], төрсний дараах гэрчилгээ, Ж.Мгийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Мд  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Зээлийн 3-89 тоот өөрийн хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан буюу нохойгоо сул тавьсаны улмаас 13 цагийн үед хашааны нь гадна явж байсан иргэн Ц.Б руу сул байсан нохой нь дайрч, түүнийг урд хөлөөрөө түлхэж мөстсөн байсан жалга руу унаган иргэн Ц.Бы эрүүл мэндэд баруун зүүн титэм заадас даган баруун чамархай ясны урд хэсэг рүү үргэлжилсэн диастаз хугарал, дух, зулай чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, баруун тохойд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирч, хүнд хохирол учирсан болох нь:

-хохирогч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим гэрээсээ гараад гудамж уруудаад дэлгүүр орох гээд Зээлийн 3 дугаар гудамжны гүүрний дээхэн талд жалганы урд талд явж байтал хаалгагүй задгай хашаанаас хар саарал шаргалдуу өнгийн том биетэй нохой гэнэт гарч ирээд шууд над руу дайрсан. ...би доошоо суух гэсэн чинь миний зүүн талаас нөгөө нохой урд хоёр сарвуугаараа түлхсэн. Би жалга руу баруун талаараа толгойгоороо хатуу хөлдүү мөстэй жалга руу унасан. Тэгээд ухаан алдсан. Тэгтэл 20 орчим насны танихгүй залуу намайг сэрээгээд босгосон. Тэр залуу хаанаас нохой гарч ирснийг харж байсан юм шиг байна лээ. Шууд нөгөө задгай хашааны айлын хүнийг дуудаад намайг тэр айл руу оруулж өгсөн. Тэр залуу танай нохой чинь хүн рүү дайраад жалга руу унагаачихлаа шүү дээ гэж хэлээд гараад явсан. ...103 ирж үзээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ...эмнэлэг дээр очоод шууд бөөлжөөд ухаан алдаад байсан. ...10 хоногийн дараа хагалгаанд орсон. ...Намайг тэр нохой хазаагүй, жалганы уруу түлхэж унагаагаад миний тархи гэмтсэн. ...” гэх мэдүүлэг [14] ,

-гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим ...гаднаас манай 3 настай хүү Б гүйж орж ирээд “ээжээ нохой жалга руу хүн унагаасан” гэхээр нь гараад хартал манай задгай хашааны зүүн талд байдаг жалганд нэг эмэгтэй хүн нэг хөлөө жийгээд нэг хөл дээрээ хагас суусан байдалтай байсан. ...манай арын гудамжнаас 18-20 орчим насны танихгүй залуу гүйж ирээд нөгөө эмэгтэйг босгоод байх шиг байсан. Тэгээд урд талын задгай хашаа руу хүн байна уу, нохой чинь хүн унагачихлаа шүү дээ гээд орилоод байсан. Тэр үедээ би жалганд сууж байсан эмэгтэйг хэн гэдгийг мэдээгүй. Дараа нь жалганд байсан тэр эмэгтэйг манай гэрийн ойролцоо амьдардаг Б гэдгийг нь мэдсэн. ...Тэр жалга өвөлдөө цас ороод дээр нь хүмүүс угаадас асгаад мөстсөн байдаг юм. Тэр угаадсаны мөсөн дээр Б унасан байна лээ. ...” гэх мэдүүлэг [15] ,

-арван зургаан насанд хүрээгүй гэрч М.Г-ын /12 настай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим эмээ Д надад нохойны хоолой боогдоод байна, миний хүү тавьчих гэхээр нь би гараад нохойгоо суллаад явуулсан юм. Эмээ намайг эмэнд явуулсан. Тэгээд гэртээ иртэл нохой хүн урсан байсан. ...” гэх мэдүүлэг [16] ,

-гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 11-12 цагийн орчим хашаанд уяатай байсан манай нохой хүзүүвчиндээ ороогдсон, амаар нь цагаан хөөс цахраад байхаар нь би өөрийн зээ Г-аар нохойгоо суллуулсан юм..... 13-14 цагийн орчим гэрийнхээ үүдэн дээр зогсож байхад манай хашааны баруун талд тусдаа гэрт амьдардаг охин М-ийн гэр рүү танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж харагдсан. Дараа нь манай охин М орж ирээд манай нохой хүн рүү дайраад жалганд унагаасан гэнэ, та нохой сул тавьсан юм уу гэсэн. М-ийн хашаанд тэр нохой гөлөг байхдаа гүйж ирэхээр нь тэжээсэн юм.... “гэх  мэдүүлэг [17] ,

-гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 11-ний өглөө ажилдаа яваад орой 17 цагт гэртээ ирэхэд манай нохой хүн рүү дайрсан гэж байсан. Манай гэрийн ойролцоо амьдардаг охиноо буюу Б-ыг манай хашааны хойд талаар явж байхад манай нохой дайраад жалга руу унагаасан гэсэн. ...Манай эхнэр тэр нохойг гөлөг байхад нь хашаанд гүйгээд ирэхээр нь тэжээсэн юм. Манай нохой саарал шаргалдуу зүсмийн нохой байгаа юм. ...” гэх мэдүүлэг [18]

-шүүгдэгч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим ...нэг залуу хүн байна уу гээд орилоод байсан. ...танихгүй залуу арын жалга руу хүн уначихлаа гэхээр нь арын жалганд яваад очтол манай гэрийн ойролцоо байдаг Охиноо гэдэг охин сүүлд Б гэдэг нэрээр мэдсэн тэр охин жалганд сууж байхаар нь би тэр залуугийн хамтаар Б-ыг гэртээ оруулсан. Тэгэхэд баруун цамцны дээд хэсгээр шалбарсан, зураасан шарх харагдаж байсан. Б-ы баруун мөрний хэсэг нь нохойд хазуулсан биш, харин унаад шалбарсан шалбархайнууд байсан. ...Манай нохой хар саарал өнгийн, доод хэсгээрээ цагаан өнгөтэй нохой байгаа. ...3 жилийн өмнө манай хашаанд жоохон гөлөг байхдаа ирэхээр нь тэжээсэн юм. 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай дүү Г суллаад тавьсан гэсэн. ...” гэх мэдүүлэг [19],

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний  биед хийсэн шүүх эмнэлгийн 3666 дугаар дүгнэлт [20] ,  

-шинжээч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт очиж Б-ыг үзсэн. ...Бичиг баримт болон өөрийг нь биеэр нь үзэхэд баруун зүүн титэм заадас, даган баруун чамархай ясны урд хэсэг рүү үргэлжлэн диастаз хугарал, дух, зулай чамархай хатуу хальсны доорхи цусан хураа, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдсон. ... Б-д үүссэн гэмтлүүд нь унах ойчиход үүсэх боломжтой. Тархинд үүссэн гэмтэл нь унаж ойчиход нэг дор үүсэх боломжтой гэмтэл байсан. ...Тархины гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Ц.Б-ы тархины гэмтэл нь мөсөн дээр буюу тэгш хатуу гадаргуу дээр үүсэх боломжтой /унахад/. ...” гэх мэдүүлэг [21], хохирогч Ц.Б-ы өвчний түүх, эмнэлгийн үзлэгийн баримтууд [22] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, оролцогчдоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

            Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт гэрийн тэжээвэр нохойг хамааруулан ойлгох бөгөөд амьтанд зохих хамгаалалт хэрэглэх гэдэгт тор, хүзүүвч, уяа, хашаа, хороо, хошуувч зэрэг эд зүйлийг хэрэглэхийг ойлгох ба, тус гэмт хэргийн халдлагын зүйл нь хүний эрүүл мэнд, амь нас байдаг. Өөрөөр хэлбэл орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас амьтан бусдын амь бие, эрүүл мэндэд хор хүргэсэн бодит хохирол учрахыг ойлгох юм.

            Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ж.М нь өөрийн хашаанд тэжээж байсан нохойгоо сул тавьсан, мөн нохойдоо хошуувч гэх зэрэг хамгаалалтыг хэрэглээгүй байсан, хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас сул байсан нохой нь гудамжаар явж байсан хохирогч руу дайрч, улмаар мөстсөн байсан жалга руу хохирогч унаж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Ц.Б-ы эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба, хохирогчоос гэм хорын зардал нэхэмжилсэн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлж, нийт 3.833.670 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ц.Б, шүүгдэгч Ж.М нар нь гэм хорын зардлын төлөгдөх дүнг 1.500.000 төгрөгөөр хоорондоо  тохиролцож, шүүгдэгчээс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг хохирогч Ц.Б-д хүлээлгэсэн өгч, энэ талаар хэлцэл бичгээр хийсэн байна. Харин үлдэх 500.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор багтааж төлөхөөр шүүгдэгч, хохирогч нар хоорондоо тохиролцсон талаар хохирогч нь шүүхэд утсаар мэдэгдсэн, мөн энэ талаар шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул тэдний тохиролцоог үндэслэн 500.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор шүүгдэгчээс гаргуулахаар тогтоолд заах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.М нь хохирогчид хохирлыг бүрэн төлөөгүй, энэ хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан хор уршигтай, түүнчлэн Ж.М-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй тул торгуулийн ял оногдуулах нь зохимжгүй зэрэг байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс шүүгдэгч Ж.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  төрсөн,  бага насны 3 хүүхэдтэй, гэр бүлийн хүн нь ганцаараа ажил эрхэлдэг, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Бага насны хүүхэдтэй гэх үндэслэлээр ял хойшлуулах хуулийн заалт байгаа боловч тус зүйл хэсэг нь хорих ял оноож, оногдуулсан ялыг нь хойшлуулах зохицуулалттай тул энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна гэж үзэж байна гэж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэм буруугаа зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ж.М-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-г  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.М-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.Мгаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны  дотор хэсэгчлэн гаргуулж, хохирогч Ц.Б-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.АЛТАНТУЯА     

 


[1] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 52 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 76-98 дугаар  тал.

[11] Хавтаст хэргийн 105-118 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 59, 61 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 103-104 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 52 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 76-98 дугаар  тал.