Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 987

 

 

 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

иргэдийн төлөөлөгч Ц.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э,

шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Б.Б/шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1954/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н Б  овгийн Л Д-д холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Н Б овгийн Л.Д нь Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Баянуур суманд төрсөн, 55  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт           дүүргийн            дүгээр хороо,                дүгээр гудамжны                тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй (РД:УС62122016).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Л.Д нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн орчимд             дүүргийн               дүгээр хороо,              дүгээр гудамжны             тоот хашаанд байрлах гэртээ эхнэр С.Д-ийн зүрхэн тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг.Шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:

            1.Шүүгдэгч Л.Д-ээс: 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Т, талийгаач нартай хамт архи уугаад 16 цагийн үед би тасраад унтсан. Н гэх хүүхнийг орж ирснийг сайн санахгүй байна. Намайг унтсаны дараа талийгаач болон Т нар дахин архи авч уусан юм байна лээ. Би орондоо ороод унтаж байсан чинь талийгаач орж ирээд намайг өшиглөөд бос, зайл пизда минь гээд байсан. Тэгээд над руу гар утас шидсэн. Би зугтааж сервант руу очсон. Тэгтэл талийгаач над руу дэр бил үү нэг юм аваад шидэхээр нь би хутга аваад шидсэн. Талийгаач баруун талын орон дээр сууж байгаад тойроод зүүн талын орон дээр ирж хэвтсэн. Талийгаач хувцасгүй байсан. Хувцас өмссөн байсан бол ийм зүйл болохгүй байсан байх гэж бодож байна. Өөртөө л их гомдож байна. Ганц хоёр секунд тэвчихгүй гэж бодож байна. Эсхүл гараад явсан бол ийм зүйл болохгүй байсан байх гэв.

 

            2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эаас: Хэрэг гарсан өдрийн 20 цагийн үед гэртээ ирэхэд ээж зүүн талын орон дээр амьсгалж байсан, юм ярьж чадахгүй, зүүн хэсэгт нь шархтай, шархан дээр нь спирттэй хөвөн тавьсан байсан. Тухайн үед юу болсныг ааваас асуухад нарийн юм хэлээгүй. Гэнэтийн золгүй юм боллоо, ийм л юм боллоо гэсэн. Би ах руугаа яриад, бас түргэн дуудсан. Түргэн тусламж 20 гаруй минутын дараа ирсэн. Түргэний эмч цагдаа дуудсан. Намайг гэртээ орж ирэхэд Т эгч байгаагүй. Ээж, аав  хоёр л байсан. Манай эцэг эхийн харилцаа жирийн л байсан. Хоорондоо муудалцсан зүйл байгаагүй. Оршуулгын зардал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй. Аавын минь нас болон биеийн байдлыг харгалзан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

            Хоёр: Эрүүгийн 1808 04193 1046 дугаартай хэргээс:

            1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мөрдөн байцаалтад 2018  оны 9 дүгээр сарын 17-нд өгсөн:

 “... 2018 оны 9 дүгээр сарын 11-нд өглөө 07 цагт ажилдаа явсан. Намайг гэрээсээ гарахад аав, ээж, бас аавын холын хамаатны эмэгтэй Т эгч, Б ах нар үлдсэн. Орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирсэн чинь ээж зүүн талын орон дээр дээшээгээ хараад хэвтсэн цээжний зүүн хэсэгт нэвтэрсэн шархтай, бага зэрэг цус гарсан байсан. Би ааваас юу болсон бэ гээд асуухад аав нилээн сандарсан байдалтай “ийм болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би ээж рүү очоод “ээжээ яасан бэ, зүгээр үү” гэсэн чинь асуултанд хариулах ямар ч чадваргүй, амьсгаатай шахуу л байсан. Би тухайн үед маш их сандраад өөрийнхөө 89478787 дугаараас 103 луу дуудлага өгсөн. 103 дуудлага хүлээн авлаа, одоо очлоо гэсэн. Тэгээд би Б ах руу утсаар яриад “ээжийн цээжнээс цус гараад байна, та хаана явж байна, хурдан эмнэлэг орох хэрэгтэй байна” гэж дуудсан. Ээжийн цээжний шархыг хөвөнгөөр бил үү марлаар боосон байсан. Би нэмж бентээр дарж боосон. Удаагүй 5-10 орчим минутын дараа Б ах гаднаас орж ирсэн. Ахын дараа 103-ын эмч орж ирээд ээжийг үзчихээд “нас барсан байна, цагдаа руу дуудлага өгнө” гээд ахын утаснаас 102 луу дуудлага өгсөн. Ингээд байж байтал Т эгч орж ирээд “юу болсон юм бэ” гээд уйлаад байсан. Т эгч уйлж байгаад “би ээжтэй чинь гадаа юм ярьж суусан, ээж чинь түрүүлээд гэр лүүгээ орсон. Гэр лүүгээ зүгээр орсон. Саяхан л зүгээр байсан даа, ийм юм болно гэж мэдээгүй шүү дээ” гээд уйлаад байсан. Тэгээд би ааваас “юу болсон юм бэ” гээд асуусан чинь “би унтаж байгаад сэрсэн, ээж чинь гаднаас орж ирэхдээ шархтай орж ирсэн” гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийгээд аавыг аваад явсан. ... Түргэн тусламж руу 20 цаг 24 минутад дуудлага өгсөн байсан. Би тэрнээс өмнө л гэртээ ирсэн байх. Намайг ирэхэд талийгаач зүүн талын орон дээр дээшээ хараад амьсгаатай шахуу хэвтэж байсан. Аав Д нилээн сандарсан байдалтай согтуу байсан. Сүүлд нилээн удаж байж Т эгч гаднаас орж ирээд уйлаад байсан. Би Т эгчээс юу болсон талаар асуухад “уйлаад л ийм юм болоогүй биз дээ, би итгэхгүй байна, ээж чинь зүгээр орсон шүү дээ” гээд уйлаад байсан. Ээж одоогоос 10 гаруй хоногийн өмнө гадаа явж байгаад бүдэрч унахдаа гараа дараад хугалчихсан юм. Урд талын жалганы хажуу талд Н гэж хүүхэн хааяа нэг орж ирээд архи уудаг юм. Өөр танихгүй хүн орж гараад байдаггүй. Гэрт 2 ширхэг хутга, 2 ширхэг заазуур байдаг. Нэг хутга нь шар өнгийн иштэй, нөгөө хутга нь цэнхэр өнгийн бариултай хутга, мөн бор өнгийн иштэй заазуур, ногоон иштэй заазуур байдаг. ...” гэх мэдүүлэг [1] ,

 

            2.Гэрч Д.Тийн мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 12-нд өгсөн:

 “... Талийгаачийн нөхөр Л.Д бид хоёр эгч дүүгийн хүүхдүүд юм. Би 2018 оны 8 дугаар сарын 22-23нд шилжих шөнө гэрийнхээ ойролцоо гудамжинд хүнд зодуулснаас болоод нүүр нүд хөхөрч царайгаа гайгүй болтол Д ахынд очиж хэсэг хугацаанд байя гээд 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Д ахын гэрт очсон.

            2018 оны 9 дүгээр сарын 11-нд Д ахын хоёр хүү ажилдаа явсан. Талийгаач, Д ах бид гурав үлдсэн. Өглөө 09 цаг өнгөрч байхад талийгаач “гурвуулаа дэмий сууж байхаар ганц шил “Аму буудай” архи авчих уу гэсэн. Би хажуугийн дэлгүүрээс 0,5 литрийн “Аму буудай” нэртэй архийг аваад бид гурав хувааж уугаад хоол хийж идсэн. 11 цагийн үед байх талийгаач, Д хоёрын найз эмэгтэй болох Н охинтойгоо ирээд нэг шил архи авъя гээд би дэлгүүрээс 0,5 литрийн Хараа  бил үү Ерөөл бил үү нэртэй архи нэгийг авч бид дөрөв уусан. Энэ архиа ууж дуусгаад дахиад нэг шил архи Н гарч авчраад уусан. Талд нь орж байхад талийгаач Д “Д, Н хоёр зүгээргүй, учир явдалтай гэж ярин Н-д хандан уурласан. Тэгэхээр нь би Нг “чи ерөөсөө наад архиа аваад яв” гэж хэлээд гаргаж өгч явуулсан. Н тал архиа аваад охинтойгоо хамт явсан. Би эргээд гэрт орж ирэхэд талийгаач Д-тэй маргалдаж байсан. Талийгаач Д-д “Н та хоёр зүгээргүй, би энэ хоёрыг хамт байхад нь гардаж байсан” гэж хэлэн Д-ийн гар утсыг түүн рүү авч шидээд, мөн жижиг дөрвөлжин гэр интернэтээ ширээ рүүгээ шидэж уурлаж байсан. Тэгэхээр нь би талийгаачид “болио хөгшин настай авгай болчихоод ийм зүйл яриад яах юм бэ дэмий, одоо зодоон болох гэж байна” гэж хэлээд талийгаачийг дагуулаад гэрээс гарсан. Энэ үед цаг 12 өнгөрөөд 13 цаг болж байсан байх. Талийгаач бид хоёр гадаа гараад байж байхад талийгаач “хоёулаа ганц шил архи авч ууя” гэхээр нь би дэлгүүрээс 0,5 литрийн “Хандгай” нэртэй архи авчирч бид хоёр түлээ модоо хийдэг амбаарт нь уусан. Би энэ архийг ууж байгаад ухаанаа алдаж цаашаа юу болсныг мэдэхгүй согтсон. Тэгээд ухаан орж сэргэхэд би гэр дотор баруун орон дээр унтсан байсан. Талийгаач өөрийнхөө хэвтдэг зүүн талын орон дээр дээшээ хараад хэвтсэн, хоёр хүү нь ирчихсэн, ээж өнгөрчихлөө гэж байсан. Би гайхаад харсан чинь талийгаачийн царай цонхийсон байдалтай болсон байсан. Би босоод “юу болсон бэ, яасан бэ” гэхэд хэн ч дуугараагүй. Гаднаас 2-3 цагдаа орж ирээд намайг дагуулаад явсан.

...Сүүлд гэрт нь ирэхэд талийгаач хутга заазуураа нуудаг байсан. Би яахаараа хутгаа далд хийдэг юм гэж асуухад нөхрийгөө “наад ноён солиот чинь дөвчигнөнө, далд байсан нь дээр, би гаргадаггүй юм” гэж байсан. Тэгээд талийгаач хутгаа гал тогооны шүүгээнийхээ доогуур гурил будааны араар хийдэг байсан. ... гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Л.Тгийн мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 12-нд өгсөн:

 “... 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11 цаг 30 минутын үед Д ахынд орсон. Ороод цай уугаад зурагт үзээд байж байгаад доошоо уруудаад дэлгүүр орсон. Би буцаад Д ахынд ороод утсаар ярих санаатай охин руугаа Д ахын утсаар залгасан. Манай охин тараагүй, 1 цагт тарна гэж хэлсэн. Би Д ахынд байгаа шүү, Д ахынд хүрээд ир гэж хэлээд утсаа салгасан. Д ахын гэрт Д ах, Д эгч, Т эгч энэ гурав архи үнэртүүлсэн сууж байсан. Тэгээд байж байтал Д эгч нэг “шил архи аваад ирэх үү, чи ойрд орж ирээгүй” гэж хэлсэн. Би “ойрд уугаагүй, зүрх дэлсээд байгаа, за яахав, гайгүй бол би аваад ирье” гэж хэлээд Т эгчийг дагуулан дэлгүүр ороод 1 шил 0,5 литрийн архи, торт, зайрмаг аваад Д ахынд орсон. Д ах мах гаргаж гэсгээж янзлана гэж байсан. Тэгээд орой болъё доо, их хөлдүү байна гэж хэлээд нэг шил архиа задлаад уусан. Тэгтэл охин болох У орж ирээд “ ээжээ та яагаад архи уугаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би 2-3 удаа уугаад одоо болно гээд тал архи аваад охиноо дагуулаад гэртээ 15 цагт харьсан. Цагдаа нар 21 цагийн үед ирсэн. ...” гэх мэдүүлэг [3] ,

 

4.Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 12-нд өгсөн:

 “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэр рүүгээ явж байсан чинь манай дүү Э өөрийнхөө утсаар “та хурдан хүрээд ир, ээжийг эмнэлэг рүү авч явмаар байна, түргэн авч явах шаардлагатай байна, хурдан ир” гэж хэлэхээр нь “түргэн дуудсан юм уу, яасан, юу болсон бэ” гэхэд “ээж цус алдсан байна, та хурдан ир” гээд уйлаад байсан. Би шууд гэр рүүгээ явах замдаа түргэн дуудсан. Тэгээд гэрийн гадаа ирээд гэр рүүгээ орсон чинь ээж маань өнгөрсөн байсан. Удаагүй түргэн ирсэн. Дараа нь цагдаагийн хүмүүс ирсэн. ...Манай гэрт цэнхэр иштэй хутга, модон иштэй нэг заазуур, хуванцар иштэй нэг заазуур байгаа. ...Миний ээж архи уух үедээ жаахан агсам зантай. Гэхдээ хүнд тийм хор хүргэхээр агсам зантай биш, хааяа үглэдэг, ганцаараа ярьдаг. Бусдаар бол ямар нэгэн агсам зан гаргаж байгаагүй. Миний аав архи уудаг, уухаараа жаахан агсам зантай. Гэхдээ байнга уухдаа агсам тавиад байдаггүй. ...” гэх мэдүүлэг [4] ,

 

5.Гэрч Д.Жын мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 11-нд өгсөн:

 “... Би талийгаачийн том охин байгаа юм. Талийгаачийг 2-3 жилийн өмнөөс архи уудаг талаар мэддэг болсон. Саяхнаас хамаатны Т гэх би нээх сайн таньдаггүй эмэгтэй манай эцэг, эхийн гэрт ирээд нилээн хэд хоног эцэг, эхтэй маань хамт архи ууж байгаа гэж сонссон. Манай хоёр дүү сайн мэднэ. Өнөө орой 20 цаг 39 минутад залгаад “ээж нас барчихлаа хурдан ир” гэж хэлсэн. Нас барах үед нь хамт байсан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг [5],

 

6.Гэрч С.Цийн мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 27-нд өгсөн:

 “... Талийгаач миний төрсөн дүү юм. Бид эцэг эхээс тавуулаа, миний дүү Булган аймгийн Дашинчилэн суманд 1963 оны 2 дугаар сарын 16-ны өдөр манай гэр бүлийн отгон хүүхэд нь болж төрсөн. 1980-1983 онд Дтэй гэр бүл болж, 2 хүү, 2 охин төрүүлэн амьдарч байсан. Манай дүү Д нь “Говь комбинат”, “Сүхбаатар дүүргийн тохижилт үйлчилгээний газар”-т ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Нас барах үедээ тэтгэвэрт байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг талаар сонсогдож байсан. Хэзээнээс архи уудаг болсныг мэдэхгүй. Д бол цагаан цайлган, их сэргэлэн хүн байсан. Архинаас болж зан авир нь эвдэрсэн байх. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

7.Гэрч Н.Мийн мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 27-нд өгсөн:

 “... Д ах маань манай гэр бүлийн 8 хүүхэдтэй айлын дээрээс 3 дахь нь юм. Би дүү нь юм. Д ах бага байхаасаа тусдаа өөр айлд өссөн. Ах маань талийгаач эгчтэй амьдраад 4 хүүхэдтэй болсон. Д ах хааяа архи уугаад байсан. Эхнэртэйгээ хоёулаа нийлээд архи уугаад байгаа гэж сонсогдсон. ...” гэх мэдүүлэг [7],

 

8.Л.Д-ийн мөрдөн байцаалтад сэжигтнээр 2018 оны 9 дүгээр сарын 12-нд өгсөн:

 “... 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө сэрээд холын хамаатны Т, талийгаач эхнэр Д бид гурав дэлгүүрээс нэг шил архи аваад уусан. 11 цагийн үед бантан хийж идээд жаахан сэргэсэн. Дахиад архи уухаар болж дэлгүүрээс “Аму” нэртэй 0,5 литрийн архи авч уусан. Бид гурав нилээн согтсон. Тэгээд байж байтал манай урд талын жалганы хажууд амьдардаг Т нэг шил архи барьсан орж ирсэн. Тгийн авчирсан архийг бид дөрөв хувааж уугаад бүгд согтсон. Тухайн үед орой бүрэнхий болсон байсан. Би согтсон байсан болохоор хэсэг унтсан. Намайг унтаж байтал талийгаач гэдэс рүү өшиглөөд зайл гээд уурласан. Би “чи юугаа балайраад байгаа юм” гэсэн чинь над руу эхлээд өөрийнхөө гар утсыг шидэхэд миний өвөр дээр унасан. Тэгээд “яаж байгаа юм бэ” гэсэн чинь зурагтны гэр интернэтийн дөрвөлжин цагаан аппаратыг шидээд миний мөрийг оносон. Тэгэхээр нь миний уур хүрээд хоолны шүүгээний шургуулган дотор байсан хутгыг аваад талийгаач руу шидэхэд цээжний зүүн хэсэгт нь оносон. Тэгэхэд талийгаач “наад хутга чинь миний цээжийг эсгэчихлээ шүү дээ” гээд хэлэхийн завдалгүй цээжний зүүн хэсгээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь би сандраад спирттэй хөвөн аваад шархыг нь цэвэрлэж дарсан. Талийгаачийн хоолой нь хатаад байгаа юм шиг хоржигнож дуугараад байхаар нь сандраад яахаа мэдэхгүй байж байтал манай бага хүү Э гаднаас орж ирсэн. Хүү ирээд 103 болон цагдаа дуудсан байх.

...Намайг унтаж байтал талийгаач учир зүггүй миний гэдэс рүү өшиглөсөн. Би түүн рүү мах эвддэг шаргал иштэй хутга аваад шидэхэд цээжний зүүн хэсэгт нь оносон. Т тухайн үед гэрт байгаагүй, гадаа байсан байх. Манай хүүг орж ирсний дараа нь орж ирж харагдсан. Манай гэрт 2 ширхэг хутга, 2 ширхэг заазуур байдаг. Бор өнгийн иштэй заазуур, ногоон бил үү, хөх бил үү заазуур 1 ширхэг хөх иштэй хутга, шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг байсан. Нийт 4 шил архи хувааж уусан. Би шал согтуу байсан. Өөрийн хийж байгаа үйлдлээ удирдах чадваргүй байсан. ...” гэх мэдүүлэг [8],

 

9. Л.Д-ийн яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 13-нд өгсөн:

“... Би талийгаач эхнэр Д, төрсөн бага хүү Д.Э-ын хамт 10 гаруй жил амьдарч байна. Би 4 хүүхэдтэй. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө босоод эхнэр Д, хамаатныхаа Т гэж эмэгтэйтэй хамт 1 шил архи хувааж уусан. 11 цагийн үед нь бантан хийж идсэн. 13 цагийн үед би дэлгүүр гарч дахиад нэг шил архи авч Т, Д бид гурав хувааж уусан. 2 шил архи хувааж уусан болохоор нилээн халсан байсан. Гэтэл Т “дахиад архи ууя” гээд дэлгүүр гарч 1 шил архи авч орж ирсэн. Уг архийг бид гурав хувааж уусан. Тэгээд байж байтал манай урагшаа байдаг хоч нь Н, жинхэнэ нэрийг нь Т гэдэг эмэгтэй нэг шил архи аваад орж ирсэн. Ингээд тэр архийг талийгаач, Т, Т бид дөрөв хувааж уусан. Цаг ч нилээн орой болсон байсан.  Би сүүлд уусан архийг тэр гуравтай хувааж уугаад согтоод хөнжилдөө ороод унтсан байсан. Гэтэл талийгаач эхнэр миний гэдэс рүү өшиглөхөөр нь сэрээд “яагаад өшиглөөд байгаа юм бэ” гэсэн чинь “бомбоо минь зайл, пизда минь” гэсэн. Буцаад хэвтэх гэтэл над руу гар утсаа шидэхэд миний өвөр дээр оносон. Би “яагаад байгаа юм бэ гээд босоод чи одоо болилдоо яачихаад байгаа юм бэ” гэхэд дахиад зурагтны дөрвөлжин антен шидээд “зайл пизда минь” гэсэн. Би тухайн үед босоод зуухны хажууд байсан болохоор огцом уур хүрээд шүүгээн дотор байсан шар өнгийн иштэй хутгыг аваад Д рүү шидэхэд цээжинд нь оноод хутга газар унасан. Тэгэхэд Д-гийн цээжний зүүн хэсгээс цус гарсан, “чи намайг эсгэчихлээ шүү дээ” гээд зүүн талын орон дээр очоод суусан. Би сандраад Д-гийн цус гарсан шархыг спирттэй хөвөнгөөр дарсан. Яах учраа олохгүй сандраад байж байтал гаднаас манай бага хүү Э орж ирээд юу болсон бэ гэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн шиг санагдаж байна. Би тухайн үед маш их согтуу байсан болохоор болсон асуудлын талаар хойно урд нь холиод ярьж байж магадгүй. Хүү маань түргэн тусламж дуудсан, мөн ах руугаа ярьж байсан. Түргэн тусламж орж ирээд талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Энэ үед гаднаас Т орж ирж харагдсан. Тэгээд цагдаа нар ирсэн. ...Шидсэн хутгаа дараа нь яасан талаар сайн санахгүй байна. Маргааш нь цагдаа нар манай гэрээс олсон байна лээ. Гэрт талийгаач бид хоёр л байсан. Бид хоёр 40 гаруй жил ханилсан. Би эхнэртээ энэ хугацаанд нэг ч удаа гар хүрч зодож байгаагүй. Харин маргалдах зүйл байлгүй яахав. Талийгаач тэрнээс хэд хоногийн өмнө гадуур явж байгаад газар унаад гараа хугалсан байсан. Тэгээд гипсдсэн юм. Би үнэхээр их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг [9],

 

10. Л.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 09-нд яллагдагчаар дахин өгсөн:

“... Манай гэр дунд 5 ханатай, Би гэрийн зүүн урд хэсэгт буюу зуух гал тогооны шүүгээ хоёрын гол хэсэгт баруун хоймор хэсэгт хараад зогсож байсан. Талийгаач гэрийн баруун хоймор талд баруун талын орны толгой хэсэгт зогсож байсан. Би гал тогооны шүүгээнээс шар өнгийн иштэй мах талх зүсдэг хутга аваад шидсэн. Шидэхдээ иртэй хэсэг болон бариулаас барьж шидсэнээ санахгүй байна. Ямар ч байсан хутга аваад талийгаач эхнэр рүүгээ шидсэнээ санаж байна. Хэрхэн яаж оносныг хараагүй. Эхнэр гэрийн баруун талаас хаалга хэсгээр тойрч алхаад гэрийн зүүн талын орон дээр очиж хэвтсэн. Тэгээд би очоод хартал зүүн хөхний дээд хэсэгт зүсэгдсэн шархнаас цус гарч байхаар нь би спирттэй хөвөнгөөр цусыг нь дараад түргэн тусламж дуудсан. Би эхнэр рүү хутга шидсэн, хутга газар унасан байхыг харсан. Хутга зоогдсон эсэхийг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [10],

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2012 дугаартай:

            ДҮГНЭЛТЭД:

            1.Талийгаач С.Д-гийн биед цээжний зүүн талд 4-5 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн, үнхэлцэг хальс, зүүн ховдлын урд ханыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт /180гр/, зүрх чихэлдэлт, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /30мл/,  цээж, үнхэлцэг хальс, уушигны гялтанд цус хуралт, зүүн атгаал ясны дээд хэсгийн далд хугарал. Зүүн мөр, тохой, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн, үнхэлцэг хальс, зүүн  ховдлын урд ханыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээж, үнхэлцэг хальс, уушгины гялтанд цус хуралт гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Талийгаач С.Д-гийн биед цээжний зүүн талд 4-5 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн, үнхэлцэг халь, зүүн ховдлын урд ханыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт /180гр/, зүрх чихэлдэлт, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /30мл/, цээж, үнхэлцэг хальс, уушгины гялтанд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой ба зүүн атгаал ясны дээд хэсгийн далд хугарал. Зүүн мөр, тохой, шуунд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой.

            4.Талийгаач С.Д-гийн биед цээжний зүүн талд 4-5 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн, үнхэлцэг хальс, зүүн ховдлын урд ханыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт /180гр/, зүрх чихэлдэлт, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /30мл/,  цээж, үнхэлцэг хальс, уушигны гялтанд цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт,

-зүүн атгаал ясны дээд хэсгийн далд хугарал. Зүүн мөр, тохой, шуунд цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.

5.Талийгаач нь элэг хатуурах өвчин, цөс чулуужих архаг өвчтэй байжээ. Уг өвчнүүд нь үхэлд нөлөөлөөгүй болно.

6.Талийгаач С.Д-гийн цусанд 1.4 промилл, ходоодны шингэнд 2.6 промилл, шээсэнд 1.2 промилл спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

7.Талийгаач С.Д нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдаж, зүрх чихэлдэж нас баржээ.

8.Талийгаачийн цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна.

9.Талийгаачийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.

10.Талийгаач нь бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. ...” гэсэн дүгнэлт /шинжээч М.З/ [11] ,

 

12. Шинжээч М.З-ын мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 05-нд өгсөн:

 “... Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлтэй танилцлаа. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь дээрх хүний хутга шидсэн гэх нөхцөл байдалд үүсгэгдэхгүй. Учир нь уг шархны байрлал нь хөндлөн байсан тул хутгыг шидсэн байрлалыг хараад босоо байрлалтай байгаа тул уг байрлалаас дээрх гэмтлийг учруулах боломжгүй юм. Хутга шидээд амь хохирогчийн биед зоогдож болно. Талийгаачийн биед хийсэн үзлэгээр хутга цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан тохиолдолд хутга өөрөө сугарч унахгүй. Ямар нэгэн хүчин зүйлийн үйлчлэлээр хутгыг авна. ...” гэсэн мэдүүлэг [12] ,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны 9656 дугаартай:

-Шинжилгээнд ирүүлсэн 27 см урттай шаргал өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.

-Бусдад хутга, заазуур болон хайчин дээр цус илрээгүй. /шинжээч Ж.Оюунаа/ гэсэн дүгнэлт [13] ,

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны 9658 дугаартай:

Үзлэг: Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн товчтой цамцан дээр хүрэн өнгийн толботой, хар өнгийн бэлтгэлийн өмдөн дээр хүрэн өнгийн толботой, хар өнгийн трикон дээр хүрэн өнгийн толботой, хар өнгийн оймсон дээр толбогүй, ягаан өнгийн дотоожны салтааны хэсэгтээ бохир бараан хүрэн өнгийн толботой байлаа. Цус байгаа эсэхийг ус төрөгчийн хэт ислээр шинжлэхэд оймсноос бусад бүх хувцаснууд дээр цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж, оймсон дээр цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй гэж тус тус дүгнэлт өгөх үндэс болов.

ДҮГНЭЛТ:

-Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх оймсон дээр цус илрээгүй.

-Бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. ...” /шинжээч Ж.Оюунаа/ гэсэн дүгнэлт [14] ,

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 9642 дугаартай:

-Шинжилгээнд ирүүлсэн Л.Д-гийн болон Д.Т нарын гэх цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна. ...” /шинжээч Ж.Оюунаа/ гэсэн дүгнэлт [15] ,

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 9641 дугаартай:

-Шинжилгээнд ирүүлсэн “Л.Д” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.

-Д.Т гэсэн хаягтай цуснаас 1.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” /шинжээч До.Золзаяа/ гэсэн дүгнэлт [16] ,

 

            17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5406 дугаартай дүгнэлтэд:

            -Шинжилгээнд  ирүүлсэн цамцны баруун ханцуйд 7х6 мм, 18х6 мм хэмжээтэй 2 ширхэг, зүүн ханцуйд 5х8 мм хэмжээтэй, биеийн тамирын хар өмдний баруун шуумагны урд талд 4х3 мм хэмжээтэй, ар талд 3х3 мм хэмжээтэй хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин урагдалт, цооролт байна. ...Цамцны зүүн энгэрт хөндлөн байрлалтай, нумарсан хэлбэртэй 17 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. ...” гэсэн дүгнэлт [17] ,

 

            18.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 821 дугаартай дүгнэлтэд:

            Болсон хэргийн талаар: эхнэр намайг бос гээд орилж хашхираад байсан. ...хоорондоо хэрэлдсэн байсан. Эхнэр ширээн дээр байсан гар утсыг над руу авч шидэхэд утас нь хөнжил дээр унасан. Би босч хувцаслаад яачихаад байгаа юм бэ гэсэн. Би хөргөгчний хажууд очоод байхад хөгшин над руу юм аваад чулуудсан. ...доор бор иштэй дунд гарын хутга байхаар нь баруун гараараа аваад хөгшин рүүгээ аваад шидсэн чинь “хөгшин чиний наад хутга чинь намайг эсгэчихлээ” гэсэн. Тэгэхээр нь яасан харъя гэсэн чинь орон дээр очоод хэвтээд амьсгал хураасан. ...” гэв.

            Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүх болон хэргийн талаар ярина. Сэтгэцийн талаас зовиур шаналгаа байхгүй гэнэ. Эхнэртэйгээ хэрэлдэж барих нь гайгүй. Эхнэртээ гар хүрч байсан тохиолдол байгаа гэнэ. Гар хүрээд юу шалихав, түлхдэг юм гэнэ.

            Сэтгэцийн онош: Эрүүл

            ДҮГНЭЛТ: Л.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Д нь үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Хэрэг хариуцах чадвартай, Л.Д-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт [18] ,

 

            19. Хэрэг учралын газарт 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 40 минутаас 23 цаг 50 минутад хийсэн үзлэг, тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, мөн цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл [19], 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [20], 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 50 минутаас 17 цаг 10 минутад сэжигтний биед үзлэг хийсэн тэмдэглэл [21],

 

            20. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “... хэргийн газрын үзлэгээр хураан авсан 26.5 см урттай нийт ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг 11.5 см хэмжээтэй, ажлын хэсэгтээ нерж гэсэн бичиглэлтэй шаргал бор өнгийн хутга, амь хохирогчийн өмсөж байсан ягаан өнгийн ханцуйтай, энгэр хэсэгтээ цэцгэн хээтэй, урдаа товчтой эмэгтэй цамц байсан...” байсан тухай тэмдэглэл, дээрх хутга, цамцыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол [22],

           

21.2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Л.Д-гийн  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [23],

 

22.103 түргэн тусламжийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 22 минутын үзлэгийн баримт [24], Амь хохирогчийн нас барсны гэрчилгээний хуулбар [25],

 

23. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлсэн үнэлгээ [26], гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ [27],

 

24. Шүүгдэгч Л.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [28], оршин суугаа газрын хорооны тодорхойлолт[29],  түүнийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжууд [30] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талууд шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч Л.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь гэрч Д.Т, Л.Т нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байгаа тул шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн саналыг гаргасан. Түүнчлэн шүүгдэгчээс амь хохирогч руу хутга шидсэн гэж мэдүүлдэг боловч шинжээчийн дүгнэлтээр хутга шидсэн нөхцөл байдал нь хутганы шархны байдлаар тогтоогдоогүй, харин хажуу талаас нь гэмтлийг үүсгэсэн байна гэж шинжээч дүгнэсэн гэж мэтгэлцсэн.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ:

            Шүүгдэгч Л.Д-гийн өгч байгаа мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй. Гэмт хэрэг яаж үйлдсэн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Учир нь амь хохирогчид үүссэн шархны байрлал болон хутга шидсэн байрлал өөр, өөр, мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон өнөөдрийн шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг байдалд ноцтой зөрүүтэй. Тухайн гэмт хэрэг яаж үйлдэгдснийг тогтоох шаардлагатай. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч болон гэрч Д.Т нарт согтуурлын зэрэг тогтоогдсон. Харин шүүгдэгч Л.Д нь эрүүл гарсан. Гэтэл  гэрч Д.Т, шүүгдэгч Л.Д нараас хуруу шилэнд цусыг авахыг зөвшөөрсөн прокурорын зөвшөөрөл хэрэгт авагдаагүй ба шинжээчийн дүгнэлт дэх шинжилгээ хийсэн цус нь гэрч Д.Т, шүүгдэгч Л.Д нарын цус мөн эсэхийг тогтоосон зүйл байхгүй, эд мөрийн баримтаар судалсан хутгаар гэмт хэрэг үйлдсэнг тогтоогоогүй, энэ хутгаар гэмт хэргийг үйлдсэн гэдэг нөхцөл байдал эргэлзээтэй зэргийг харгалзан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Д-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Д-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн баримтуудаар:      

                       дүүргийн            дүгээр хороо,             дүгээр гудамжны              тоотод амь хохирогч С.Д нь нас барсан байна.

            Амь хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан цээжний зүүн талд 4-5 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн, үнхэлцэг хальс, зүүн ховдлын урд ханыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт /180гр/, зүрх чихэлдэлт, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /30мл/,  цээж, үнхэлцэг хальс, уушигны гялтанд цус хуралт гэмтлүүд буюу амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд, мөн зүүн атгаал ясны дээд хэсгийн далд хугарал. Зүүн мөр, тохой, шуунд цус хуралт бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд тус тус тогтоогдсон бөгөөд талийгаач С.Д-гийн цусанд 1.4 промилл, ходоодны шингэнд 2.6 промилл, шээсэнд 1.2 промилл спиртийн агууламж илэрсэн буюу нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан, талийгаач С.Д нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдаж, зүрх чихэлдэж нас барсан болох нь Шүүх эмнэлгийн шинжээчийн цогцост хийсэн 2012 дугаартай дүгнэлтээр[31] тогтоогдсон байна.

            Түүнчлэн амь хохирогч С.Д, шүүгдэгч Л.Д нар нь 1981 онд гэр бүл болж хамтын амьдралаар амьдарч, дундаасаа 4 хүүхэдтэй болсон, улмаар хэрэг учрал болсон              ..............дүүргийн .........дүгээр хороо, ............. дүгээр гудамжны ............ тоотод хамт амьдарч байсан нь шүүгдэгч Л.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, гэрч Д.Б, Д.Ж нарын мэдүүлгээр нотлогдсон тул шүүгдэгч Л.Д, талийгаач С.Д нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.

 

            Шүүгдэгч Л.Д болон амь хохирогч С.Д,  гэрч Д.Т нар нь  2018 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө 09.00 цагаас эхлэн өдрийн турш архидан согтуурч, 19-20 цагийн орчим амь хохирогч С.Д нь шүүгдэгч Л.Дтэй хэрүүл маргаан үүсгэн, эд зүйл авч шидэх зэргээр тэдний хооронд таарамжгүй харилцаа үүсч, улмаар шүүгдэгч Л.Д нь согтуурсан үедээ гэртээ ахуйн зориулалтаар хэрэглэдэг байсан хутгыг авч амь хохирогч С.Д-г “эд зүйл авч шидлээ” гэх шалтгаанаар  хутгалж, хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу С.Д-гийн амь насыг нь хохироосон үйл баримт, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            -хэрэг учралын газарт 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 40 минутаас 23 цаг 50 минутад хийсэн үзлэг, тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, мөн цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [32], 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [33], 103 түргэн тусламжийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 22 минутын үзлэгийн баримт [34], Амь хохирогчийн нас барсны гэрчилгээний хуулбар [35],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2012 дугаартай дүгнэлт [36], шинжээч М.З-ын мэдүүлэг [37] ,

-хэргийн газрын үзлэгээр хураан авсан 26.5 см урттай нийт ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг 11.5 см хэмжээтэй, ажлын хэсэгтээ “нерж” гэсэн бичиглэлтэй шаргал бор өнгийн хутга, амь хохирогчийн өмсөж байсан ягаан өнгийн ханцуйтай, энгэр хэсэгтээ цэцгэн хээтэй, урдаа товчтой эмэгтэй цамц”-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дээрх хутга, цамцыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол [38],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5406 дугаартай “...шинжилгээнд  ирүүлсэн ...Цамцны /амь хохирогчийн өмсөж байсан/ зүүн энгэрт хөндлөн байрлалтай, нумарсан хэлбэртэй 17 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. ...” гэсэн дүгнэлт [39] ,

            -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2018 оны 9 дүгээр сарын 11-нд орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирсэн чинь ээж маань зүүн талын орон дээр дээшээгээ хараад хэвтчихсэн цээжний зүүн хэсэгт нэвтэрсэн шархтай, бага зэрэг цус гарсан байсан. Би ааваас юу болсон бэ гээд асуухад аав нилээн сандарсан байдалтай “ийм болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би ээж рүү очоод” ээжээ яасан бэ, зүгээр үү” гэсэн чинь асуултанд хариулах ямар ч чадваргүй, амьсгаатай шахуу л байсан. 103 луу дуудлага өгсөн. ...Б ах руу утсаар яриад “ээжийн цээжнээс цус гараад байнаа, та хаана явж байна, хурдан эмнэлэг орох хэрэгтэй байна” гэж дуудсан. Ээжийн цээжний шархыг хөвөнгөөр бил үү марлаар боосон байсан. Би нэмж бентээр дарж боосон. 5-10 орчим минутын дараа Б ах гаднаас орж ирсэн. Ахын дараа 103-ын эмч орж ирээд ээжийг үзчихээд “нас барсан байна гэсэн. ...Ингээд байж байтал Т эгч орж ирээд “юу болсон юм бэ” гээд уйлаад байсан. ...Т эгчээс юу болсон талаар асуухад “уйлаад л ийм юм болоогүй биз дээ, би итгэхгүй байна, ээж чинь зүгээр орсон шүү дээ” гээд уйлаад байсан....” гэсэн мэдүүлэг [40], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

             -гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 11-нд ...өглөө 09 цаг өнгөрч байхад талийгаач “гурвуулаа дэмий сууж байхаар ганц шил “Аму буудай” архи авчих уу гэсэн. Би хажуугийн дэлгүүрээс 0,5 литрийн “Аму буудай” нэртэй архийг аваад бид гурав хувааж уусан. 11 цагийн үед байх, талийгаач, Д хоёрын найз эмэгтэй болох Н охинтойгоо ирээд нэг шил архи авъя гээд би дэлгүүрээс 0,5 литрийн ...архи нэгийг авч бид дөрөв уусан. Энэ архиа ууж дуусгаад дахиад нэг шил архи Н гарч авчраад уусан. Талд нь орж байхад талийгаач Д “Д, Н хоёр зүгээргүй,  учир явдалтай гэж ярин Нд хандан уурласан. ...Талийгаач Д-д “Н та 2 зүгээргүй, би энэ хоёрыг хамт байхад нь гардаж байсан” гэж хэлэн Дгийн гар утсыг түүн рүү авч шидээд, мөн жижиг дөрвөлжин гэр интернэтээ ширээ рүүгээ шидэж уурлаж байсан. Тэгэхээр нь би талийгаачид “болио хөгшин настай авгай болчихоод ийм зүйл яриад яах юм бэ дэмий, одоо зодоон болох гэж байнаа гэж хэлээд талийгаачийг дагуулаад гэрээс гарсан. Энэ үед цаг 12 өнгөрөөд 13 болж байсан байх. Талийгаач бид хоёр гадаа гараад байж байхад талийгаач “хоёулаа ганц шил архи авч ууя” гэхээр нь би дэлгүүрээс 0,5 литрийн “Хандгай” нэртэй архи авчирч бид хоёр түлээ модоо хийдэг амбаарт нь уусан. ...Тэгээд ухаан орж сэргэхэд би гэр дотор баруун орон дээр унтсан байсан. Талийгаач өөрийнхөө хэвтдэг зүүн талын орон дээр дээшээ хараад хэвтсэн, хоёр хүү ирчихсэн, ээж өнгөрчихлөө гэж байсан. ...талийгаачийн царай цонхийсон байдалтай болсон байсан. ... гэсэн мэдүүлэг [41],

-гэрч Л.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11 цаг 30 минутын үед Д ахынд орсон. ...Д ахын гэрт Д ах, Д эгч, Т эгч энэ гурав архи үнэртүүлсэн сууж байсан. ...Д эгч нэг “шил архи аваад ирэх үү, чи ойрд орж ирээгүй” гэж хэлсэн. ...Т эгчийг дагуулан дэлгүүр ороод 1 шил 0,5 литрийн архи, торт, зайрмаг аваад Д ахынд орсон. ...нэг шил архиа задлаад уусан. ...гэртээ 15 цагт харьсан....” гэх мэдүүлэг [42] ,

-гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2018 оны 9 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэр рүүгээ явж байсан чинь манай дүү Э өөрийнхөө утсаар “та хурдан хүрээд ир, ээжийг эмнэлэг рүү авч явмаар байна, түргэн авч явах шаардлагатай байна, хурдан ир ...ээж цус алдсан байна, та хурдан ир” гээд уйлаад байсан. Би шууд гэр рүүгээ явах замдаа түргэн дуудсан. ...гэр рүүгээ орсон чинь ээж маань өнгөрсөн байсан....” гэх мэдүүлэг [43],

-шүүгдэгч Л.Д-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 13-нд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө босоод эхнэр Д, хамаатныхаа Т гэж эмэгтэйтэй хамт 1 шил архи хувааж уусан. ...13 цагийн үед би дэлгүүр гарч дахиад нэг шил архи авч Т, Д бид гурав хувааж уусан. ...Гэтэл Т дахиад архи ууя гээд дэлгүүр гарч 1 шил архи авч орж ирснийг бид гурав хувааж уусан. Тэгээд байж байтал манай урагшаа байдаг хоч нь Н, жинхэнэ нэрийг нь Т гэдэг эмэгтэй нэг шил архи авч орж ирсэн. Ингээд талийгаач, Т, Т бид дөрөв хувааж уусан. Цаг ч нилээн орой болсон байсан.  Би сүүлд уусан архийг тэр гуравтай хувааж уугаад согтоод хөнжилдөө ороод унтсан байсан. Гэтэл талийгаач эхнэр миний гэдэс рүү өшиглөхөөр нь сэрээд “яагаад өшиглөөд байгаа юм бэ” гэсэн чинь “бомбоо минь зайл, пизда минь” гэсэн. Буцаад хэвтэх гэтэл над руу гар утсаа шидэхэд миний өвөр дээр оносон. Би “яагаад байгаа юм бэ гээд босоод чи одоо болилдоо яачихаад байгаа юм бэ” гэхэд дахиад зурагтны дөрвөлжин антен шидээд “зайл пизда минь” гэсэн. Би тухайн үед босоод зуухны хажууд байсан болохоор огцом уур хүрээд шүүгээн дотор байсан шар өнгийн иштэй хутгыг аваад Д рүү шидсэн. ... ...Д-гийн цээжний зүүн хэсгээс цус гарсан, “чи намайг эсгэчихлээ шүү дээ” гээд зүүн талын орон дээр очоод суусан. Би сандраад Д-гийн цус гарсан шархыг спирттэй хөвөнгөөр дарсан. ...гаднаас манай бага хүү Э орж ирээд юу болсон бэ гэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн шиг санагдаж байна. ...” гэх мэдүүлэг [44], шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 821 дугаартай шинжээчийн дүгнэлт баримтаар нотлогджээ. [45]

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Л.Д нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлэг гаргахдаа хохирогчийн амь насыг хохироосон талаар маргаагүй боловч амь хохирогчид учирсан гэмтлийг учруулсан аргын талаар маргасан, мөн түүний өмгөөлөгч Б.Бнь хэргийн хэрхэн яаж, үйлдсэнийг, эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоогүй, оролцогч нарын мэдүүлэг зөрүүтэй зэрэг үндэслэлээр мэтгэлцэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай санал, дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар хамаарна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгахад:

Амь хохирогчид учирсан хүнд зэргийн гэмтлийг шүүгдэгч Л.Д нь хутга шидэж учруулсан гэж мэдүүлсэн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Дгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж,  хутгыг цаасаар орлуулж хэлбэрт оруулж хайчилан, үйлдлийг дүрслэн үзүүлнэ үү гэхэд  хутгыг шүүгээн дээрээс авч, бариул хэсгээс нь бариад орны толгой хэсэгт зогсож байсан эхнэр рүүгээ шидсэн гэж дүрслэн үзүүлсэн, хутга талийгаачийн зогсож байсан газрын доор унасан гэж хэлэн баруун талын орны  урд, гэрийн баруун баганын хойд хэсэгт хивсэн дээр байсан гэж орлуулан хийсэн цаасан хутгыг тавьж зогссон ба талийгаач хутганд оногдсоны дараа зуухны урдуур тойрч гал тогооны шүүгээний хажууд зогсож байсан намайг түлхэж, гэрийн зүүн талын орон дээр хэвтэж нас барсан гэж заасныг гэрэл зургаар бэхлүүлсэн [46] гэж тус тэмдэглэлд тэмдэглэн, ажиллагаа хийсэн байна.

Харин Цогцост задлан шинжилгээ хийсэн тусгай мэдлэгийн шинжээчийн 2012 дугаартай дүгнэлтэд “... цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд, содон шинж тэмдэгт “... цээжний зүүн талд эгэмний шугамаар зүүн хөхний толгойноос баруун дээш 4.0 см зайд 2,2х0,3 см хэмжээтэй, зах ирмэг тэгш, хатгагдаж зүсэгдсэн шархтай, шархыг зонд хийж, шалгахад урдаас арагш, зүүнээс баруун тийш ташуу чиглэсэн цээжний хөндийд нэвтэрсэн...”, байдал тогтоогдсон бөгөөд,  цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн, үнхэлцэг хальс, зүүн  ховдлын урд ханыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээж, үнхэлцэг хальс, уушгины гялтанд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон, энэ нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байна. Түүнчлэн  Цогцост шинжилгээ хийсэн шинжээч М.Зд “Л.Дгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг”-ыг танилцуулж,  гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан амь хохирогчид учирсан гэмтэл хутга шидэхэд үүсэх боломжтой эсэх талаар тусгай мэдлэгийн хүрээнд нь тодруулахад шинжээч нь “...амь хохирогчид учирсан шархны байрлал нь хөндлөн, шүүгдэгчийн хутга шидсэн нөхцөл байдал нь босоо байрлалтай байсан зэргийг харьцуулан хутгыг шидсэнээр тус гэмтэл учрах боломжгүй...” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч нь амь хохирогч руу хутга шидэхэд цээжинд нь оноод газар унасан гэж мэдүүлэх боловч “хутга цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан тохиолдолд хутга өөрөө сугарч унахгүй, ямар нэгэн хүчин зүйлийн үйлчлэлээр хутгыг авна” гэж мэдүүлсэн зэргээр шүүгдэгчийн амь хохирогч руу хутга шидсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд амь хохирогч С.Д-гийн нас барсан шалтгаан болох хүнд зэргийн гэмтлийг шүүгдэгч Л.Д нь хутга шидэж болгоомжгүй үйлдлээр учруулсан гэх нөхцөл байдал нь үндэслэлгүй, харин амь хохирогчийн биед тогтоогдсон шархны байрлал нь хөндлөн, ир үзүүртэй зүйлээр урдаас арагш, зүүнээс баруун тийш ташуу чиглэсэн цээжний хөндийд нэвтэрч учирсан бодит нөхцөл байдал тогтоогдсон зэргээр шүүгдэгчийг мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчийн энэхүү хутга авч амь хохирогчийг хутгалсан үйлдэл нь шууд санаатай үйлдэл буюу өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн санаатай үйлдэл байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүгдэгч Л.Д-гийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нь ноцтой зөрүүтэй байгааг арилгах шаардлагатай гэх ба Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, гэрч Д.Т-ийн мэдүүлэг зөрүүтэй гэх боловч тус хүний мэдүүлгийн аль хэсгийг ямар баримтаас зөрүүтэй гэж үнэлж, дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар өмгөөлөгч тодорхой санал гаргаагүй.

Түүнчлэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9656 дугаартай дүгнэлтээр эд мөрийн баримтаар хураагдсан хутган дээр цус илэрсэн боловч цусны хэмжээнээс шалтгаалан бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй талаар дүгнэлт гарсан хэдий боловч тус хутга нь шүүгдэгчийн гэрт ахуйн хэрэглээний зориулалтаар ашигладаг байсан хутга болох талаар шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нарын хэн аль нь мэдүүлсэн, тус хутгыг шүүгээн дээрээсээ авч, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн талаар шүүгдэгч өөрөө мэдүүлж байгаа бөгөөд үүнийг үгүйсгэх, няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн санал, дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэрч Д.Т-ийг тус эрүүгийн хэрэгт оролцоотой эсэхийг шалгаагүй гэх ба шүүгдэгч Л.Д, амь хохирогч нар маргах үед тэдний хажууд Д.Т байгаагүй талаар шүүгдэгч Л.Д, гэрч Д.Т нар мэдүүлсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э тухайн хэрэг үйл явдал болсон тэр даруй хугацаанд гэртээ орж ирсэн талаар мэдүүлдэг бөгөөд түүнийг гэртээ ирэхэд эцэг, эх хоёр нь хоёулаа байсан, өөр хүн гэрт нь байгаагүй, дараа нь гэрч Д.Т орж ирсэн талаар мэдүүлсэн, мөн энэ талаар хэрэг үйл явдал болсны дараахан гэртээ ирсэн гэх гэрч Д.Б адил мэдүүлдэг бөгөөд Д.Т-ийг тус хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл баримтаар тогтоогдоогүй.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан прокурорын зөвшөөрөлгүйгээр шүүгдэгч Л.Д, гэрч Д.Т нараас цусны дээж авч, согтуурлын зэргийн талаар дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт “хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авахыг прокурорын зөвшөөрлөөр явуулна” гэж,

-22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно.”

2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ.

3 дахь хэсэгт прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан байна.

Гэтэл тус эрүүгийн хэрэгт 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Л.Д, гэрч Д.Т нараас биохимийн хуруу шилэнд цусны дээж авсан талаар хэрэгт тэмдэглэл үйлдэгдсэн байх боловч энэ ажиллагаа нь хойшлуулшгүй тохиолдолд хийсэн үү, эсхүл Эрүүний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч прокурорын зөвшөөрлөөр хийсэн ажиллагаа эсэх талаарх прокурорын зөвшөөрөл, шийдвэр хэрэгт байхгүй тул хэргийн 29-30 дугаар талд авагдсан цусны дээж авсан тухай тэмдэглэл, энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Гэрч Д.Т болон, амь хохирогч нарт согтуурлын зэрэг тогтоогдсон, харин шүүгдэгч нь шинжээчийн дүгнэлтээр эрүүл гарсан гэж өмгөөлөгчөөс мэтгэлцэх боловч шүүгдэгч Л.Д-гээс цусны дээж авсан ажиллагаа нь хууль зөрчиж явагдсан байгаа боловч тухайн гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч Л.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэрч Д.Т, Л.Т нарын мэдүүлгээр нотлогдсон байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Л.Д болон амь хохирогч С.Д нар нь согтууруулах ундааны зүйлийг аль аль нь хэрэглэдэг байсан байдал, тухайн гэмт хэрэг гарах өдөр согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, согтуурсан үедээ маргасан хувийн таарамжгүй харилцаа зэргээс гэмт хэрэг гарсан байх бөгөөд шүүгдэгч Л.Д-гийн хутга барьж амь хохирогчид халдсан үйлдэл нь хохирогчийн үхлийн шалтгаантай шууд холбоотой байна.

Иймд тухайн хэргийн хувьд шалгавал зохих ажиллагааг хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар  ойлгоно. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Л.Д нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч С.Д-гийн бие махбодид халдаж, хутгалсаны улмаас амь насыг нь хохироосон байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Иймд прокуророос шүүдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Л.Д-г хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Э нь хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “оршуулгын зардлыг нэхэмжлэхгүй” гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Л.Д нь хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байх боловч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан түүнд 14 жилийн хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Л.Д гийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, хувийн байдал, төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр шийдвэрлэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Л.Д нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хуульд тухайлан заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр шүүгдэгч Л.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Иймд шүүх, шүүгдэгч Л.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу насны байдлыг нь харгалзан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Бусад асуудлын талаар.

Шүүгдэгч Л.Дгийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн амь хохирогчийн өмсөж байсан ягаан өнгийн ханцуйтай, энгэр хэсэгтээ цэцгэн хээтэй, урдаа товчтой цамц 1 ширхэг, шаргал өнгийн голоороо бор өнгийн хөндлөн зураастай ишний нийт урт 26.5 см хэмжээтэй, ажлын хэсгийн урт 15 см, бариул нь 11.5 см, ажлын хэсэг дээрээ “Нерж” гэсэн бичигтэй бариул дээрээ 2 тав боолттой хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Д-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н Боржигон овогт Л.Д-г хүний алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Д-г 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-гийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хоригдсон болон 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон бүгд 63 (жаран гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Д-гийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь оршуулгын зардал нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн амь хохирогчийн өмсөж байсан ягаан өнгийн ханцуйтай, энгэр хэсэгтээ цэцгэн хээтэй, урдаа товчтой цамц 1 ширхэг, шаргал өнгийн голоороо бор өнгийн хөндлөн зураастай ишний нийт урт 26.5 см хэмжээтэй, ажлын хэсгийн урт 15 см, бариул нь 11.5 см, ажлын хэсэг дээрээ “Нерж” гэсэн бичигтэй бариул дээрээ 2 тав боолттой хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Д-д  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧИД                                                                   Л.БААТАР

 

                                                                                    Б.БАТАА

 

 


[1] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 107-108 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 101 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 150 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 112-115 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 140-141 дүгээр тал. ,

[13] Хавтаст хэргийн 117 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 118 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 124 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 124 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 133-134 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 138-139 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 3-15 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 19-24 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 110-111 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 89-95 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 178 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 152-159 дүгээр тал.

[27] Хавтаст  хэргийн 160-166 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 172-173 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 171 дүгээр тал

[30] Хавтаст хэргийн 54, 83, 147-148 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 112-115 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 3-15 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 19-24 дүгээр тал.

[34] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[35] Хавтаст хэргийн 178 дугаар тал.

[36] Хавтаст хэргийн 112-115 дугаар тал.

[37] Хавтаст хэргийн 140-141 дүгээр тал. ,

[38] Хавтаст хэргийн 110-111 дүгээр тал.

[39] Хавтаст хэргийн 133-134 дүгээр тал.

[40] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[41] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[42] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[43] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[44] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[45] Хавтаст хэргийн 138-139 дүгээр тал.

[46] Хавтаст хэргийн 89-95 дугаар тал.