Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02095

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2023   12   04   210/МА2023/02095

 

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2023/03625 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* даргад тус тус холбогдох

Гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны торгууль, учирсан хохиролд 35,147,200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 13,027,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Лхамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам (цахимаар), хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь ******* ******* ******* ******* ******* *******тай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн ******* газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний даалгаврын дагуу 5 давхар, 20 айлын орон сууц барьж ашиглалтад өгөхөөр тохиролцсон. Манай компани уг төсөлд туслан гүйцэтгэгчээр Аминхүү констракшн ХХК-ийг сонгож 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан.

1.2. Гэтэл ******* ******* ******* ******* ******* ******* нь гэрээний 2.5 дахь хэсэгт Захиалагч нь гүйцэтгэгчийн байгуулах аливаа туслан гүйцэтгэх гэрээнд оролцохгүй бөгөөд туслан гүйцэтгэгчийн ажилчин, төлөөлөгчтэй ямар нэгэн харилцаа үүсгэж болохгүй, мөн 6.3 дахь хэсэгт энэхүү гэрээний нөхцөлийг 2 тал зөвхөн бичгээр үйлдсэн тохиролцооны үндсэн дээр өөрчилнө гэж заасныг зөрчиж Аминхүү констракшн ХХК-тай харилцаж, манай компанитай байгуулсан гэрээг цуцлаагүй байхдаа буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Аминхүү констракшн ХХК-тай давхардуулан гэрээ байгуулж, манай компанид олох байсан боломжит ашиг орлого болон гэрээг давхардуулан байгуулсныг мэдэлгүй хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, бусад боломжийг алдагдуулсан их хэмжээний хохирол учруулсан.

1.3. Гэрээгээр нийт 1060 м.кв орон сууцны талбайг 1 м.кв нь 1,200,000 төгрөг, 4 машины гарааш 32,000,000 төгрөг байхаар тохирсон. Мөн гэрээний 5.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд буруутай тал нөгөө талд үүргийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх торгууль төлөхөөр тохиролцсоны дагуу 1 хувь болох 13,027,200 төгрөгийг анх нэхэмжилсэн.

1.4. Манай компанид мэдэгдэлгүйгээр Аминхүү констракшн ХХК-тай гэрээ байгуулж, уг гэрээнээс шалтгаалж манай компанид 22,120,000 төгрөгийн хохирол учирсан.

Иймд гэрээнд заасан торгууль, хохирол нийт 35,147,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ******* ******* 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 391 дүгээр захирамжаар ******* ******* ******* газрын эзэмшлийн 560 м.кв талбайтай, нэгж талбарын 1840/0073 дугаартай, тус ******* 18 дугаар хорооны 12 дугаар байрны хойно төмөр замын фрезерын урд байрлах ******* дээр албан хаагчдын орон сууц бариулах ажлын хэсэг байгуулагдсан.

2.2. ******* ******* ******* дарга М.Чинболд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 01/09 дугаар гэрээг ******* ХХК-тай байгуулсан. Тус гэрээгээр ******* ХХК нь дээрх ******* дээр 5 давхар 24 айлын орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч ******* ХХК графикт хугацаанд ажил эхлээгүй, олдохгүй хаягаа өөрчилсөн байсан. Иймээс ******* ******* ******* дарга нь Аминхүү констракшн ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус барилгын ажлыг гүйцэтгүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн.

2.3. ******* ХХК болон Аминхүү констракшн ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн гэрээ байгуулсан. Уг гэрээг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1942 дугаар магадлалаар хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан бөгөөд ******* ХХК нь Аминхүү констракшн ХХК-д гүйцэтгэгчийн эрх, үүргийг шилжүүлэх гэрээг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулж байхдаа шаардах эрх үүссэн талаар мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу маргаан бүхий гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.4. ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК, ******* ******* ******* ******* Тамгын газрын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Дүүргийн ******* газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалсан тул торгууль 13,027,200 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3, 236.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ******* ******* ******* дарга, ******* ******* ******* газраас гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны тогууль, учирсан хохиролд 35,147,200 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* Тамгын ******* нь ******* ХХК-аас гэрээнд заасан торгууль 13,037,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491,636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3, 236.2 дахь хэсгүүдэд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5 дахь заалтыг захиалагч ноцтой зөрчсөн байхад дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэрээний 2.5 дахь хэсэгт Захиалагч нь гүйцэтгэгчийн байгуулах аливаа туслан гүйцэтгэх гэрээнд оролцохгүй бөгөөд туслан гүйцэтгэгчийн ажилтан, төлөөлөгчтэй ямар нэгэн харилцаа үүсгэж болохгүй гэж заасан үүргийг зөрчиж, манай компанийн туслан гүйцэтгэгч Аминхүү констракшн ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж барилгын ажлыг гүйцэтгүүлсэн. Иймээс манай компанийн зүгээс гэрээний 1.3, 4.2 дүгээр зүйл, 5.1 дэх хэсэгт Энэхүү гэрээ үйлчлэх хугацаандаа аль нэг тал хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд буруутай тал нөгөө талд үүргийн үнийн дүнгийн 1%-тай тэнцэх торгууль төлнө гэж заасны дагуу нэхэмжилсэн.

4.2. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр юм. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасан туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно гэх зохицуулалтаар Аминхүү констракшн ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн 6 дахь талд ... ******* ХХК нь барилгын ажлыг туслан гүйцэтгүүлэхээр Аминхүү констракшн ХХК-тай гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан, улмаар ******* ******* ******* дарга, Тамгын *******тай байгуулсан гэрээний эрх, үүргийг шилжүүлэн өгсөн бөгөөд барилгын ажлыг бие даан гүйцэтгэх боломжгүй байсан нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар нотлогдсон болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх ******* ХХК болон Аминхүү констракшн ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болон талуудын хооронд үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Туслан гүйцэтгэгч Аминхүү констракшн ХХК-тай ******* ******* ******* ******* ******* газрын ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг нууцаар, далдуур, хууль бусаар байгуулж, манай компанийн ажлыг хууль бусаар булаан авч, ******* ******* дарга, ******* газрын зүгээс гэрээний үүргээ ноцтой зөрчсөн дээрх нөхцөл байдал, гэрээний үүргийг зөрчсөн үйлдэлд шүүх огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

4.3. Шүүхийн шийдвэрийн 6 дахь талд ... хариуцагч байгууллага нь дээрх 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, барилгыг барихад шаарагдах зөвшөөрөл, хяналт тавих эрх бүхий байгууллагатай шууд харилцаж барилгын зураг төслийг захиалан хийлгэж холбогдох төлбөрийг төлж байсан нь энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой маргаан байхгүй болно гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой. Аминхүү констракшин ХХК-ийг барилгыг барихад шаардагдах зөвшөөрөл, хяналт тавих эрх бүхий байгууллагатай шууд харилцаж, барилгын зураг төслийг захиалан хийлгэж, холбогдох төлбөрийг төлсөн гэж үнэлсэн нь үндэслэлгүй юм. ******* ХХК нь 2014 оноос хойш дээрх бүх бэлтгэл ажлыг хангаж ажилласан.

Анхан шатны шүүх ******* ******* ******* ******* ******* газраас Аминхүү констракшн ХХК-тай байгуулсан гэрээг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

4.4 Нэхэмжлэгч талын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Б.Зулбаяртай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, өмгөөлөгчөөр авсан. Гэтэл шүүх миний өмгөөлөгч Б.Зулбаярт шүүх хуралдааны тов мэдэгдэлгүй, шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардпагаас 13,027,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* ХХК нь Аминхүү констракшн ХХК-аар барилгын ажил гүйцэтгүүлэхээр 2015 оны 08 дугаар сард гэрээ хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ******* ХХК ямар ч санхүүжилт гаргаагүй бөгөөд Аминхүү констракшн ХХК нь барилгын ажлын 50 хувийг гүйцэтгээд явж байсан. Энэ хугацаанд ******* ХХК 6 иргэний урьдчилгаа төлбөрийг аваад сураггүй болсон. Аминхүү констракшн ХХК нь 50 хувийн гүйцэтгэл хийсэн, ******* ХХК нь манай компанийг хуурсан гэж удирдлагуудтай ярилцаж гэрээ байгуулсан.

5.2. 2016 онд ******* ХХК болон Аминхүү констракшн ХХК-ууд эрх шилжүүлэх гэрээ байгуулж, үүнтэй холбоотой маргаан үүсэж, шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. 2016 онд тооцоо нийлсэн гэрээ байгуулсан гэж байгаа бол тухайн үедээ нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Төрийн байгууллагаас мөнгө нэхэмжилж байгаа нь татвар төлөгчдийн мөнгөөс гарах эрсдэлтэй тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* даргад тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбогдуулан торгууль 13,027,200 төгрөг, хохирол 22,120,000 төгрөг, нийт 35,147,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр торгууль 13,027,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч нь татгалзсан тул анхан шатны шүүх уг татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримталсан нь зөв байна.

3. ******* ХХК болон ******* ******* ******* ******* ******* газрын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн ******* газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч ******* ******* ******* ******* ******* газрын эзэмшлийн 560 м.кв талбайтай ******* дээр 5 давхар 24 айлын орон сууцны барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор барьж хүлээлгэн өгөх, орон сууцыг захиалагчийн санал болгосон албан хаагчдад 1 м.кв талбайг 1,200,000 төгрөгөөр тооцон борлуулах, барилгын зоорийн давхрын өмчлөх эрхийг гүйцэтгэгчид олгохоор тус тус харилцан тохиролцжээ. Тус гэрээг ******* ******* ******* дарга баталж гарын үсэг зурсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаар зохигч маргаагүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагч гэрээний 2.5, 6.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, гэрээг цуцлаагүй байхдаа манай туслан гүйцэтгэгч Аминхүү констракшн ХХК-тай давхардуулан гэрээ байгуулж, түүнд хохирол учруулсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор орон сууцны барилгыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч графикт хугацаанд ажил эхлээгүй, олдохгүй, хаягаа өөрчилсөн тул Аминхүү констракшн ХХК-тай гэрээ байгуулж, тус барилгын ажлыг гүйцэтгүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн, гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж мэтгэлцжээ.

4.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Аминхүү констракшн ХХК-тай гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр оролцуулсан боловч хариуцагч талаас уг компанитай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар Аминхүү констракшн ХХК тус барилгыг барьж 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогдсон.

4.2. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь Аминхүү констракшн ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, ******* ******* ******* ******* ******* *******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлага болон захиалагчдын урьдчилгаа төлсөн баримт, гэрээний дагалдах баримт бичгийг Аминхүү констракшн ХХК-д шилжүүлэх, Аминхүү констракшн ХХК нь нэхэмжлэгчийн тухайн барилгад оруулсан бүх хөрөнгө оруулалт болох 140,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Тус гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар ******* Иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01452 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1942 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ/01166 дугаар тогтоолоор Аминхүү констракшн ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогдсон. Тус үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй үйл баримтад хамаарна.

4.3. Мөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний хохирол 175,985,199 төгрөг гаргуулах тухай Аминхүү констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй арбитрын хэргийг хянан шийдвэрлэсэн Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаар шийдвэр хэрэгт авагдсан ба уг шийдвэрээр *******ХХК-аас 23,030,000 төгрөг гаргуулан Аминхүү констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

5. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээ цуцлах үндэслэл, журам, үүсэх үр дагаврыг зохицуулсан.

5.1. Хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч графикт хугацаанд барилгын ажлыг нэхэмжлэгч эхлүүлээгүй, хаягаа өөрчилж олдохгүй болсон гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцалсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

5.2. Харин хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Аминхүү констракшн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус компаниар ажил гүйцэтгүүлснээс үзвэл Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар талуудын гэрээ цуцлагдсан гэж дүгнэх үндэстэй байна.

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон Аминхүү констракшн ХХК нарын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ нь цаг хугацааны хувьд хариуцагчийн дээрх гэрээнээс хойно хийгдсэн, гэрээнд хариуцагч оролцоогүй байгааг анхаараагүй байна.

Мөн дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт тус гэрээг ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн хоорондын тооцоог нийлж өглөг авлагыг тодорхойлсон агуулгатай буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ гэж дүгнэсэн байхад шүүх нэхэмжлэгч уг гэрээг байгуулснаар хариуцагчтай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон, нэхэмжлэгч үүргийг шаардах эрхгүй гэж буруу дүгнэжээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн зохицуулалтыг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

6. Гэрээний 5.1 дэх хэсэгт Энэхүү гэрээндээ ... аль нэг тал хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд буруутай тал нь үүргийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан торгууль төлөх шаардлага гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... үеэс үүснэ гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүссэн хугацааг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Аминхүү констракшн ХХК-тай гэрээ байгуулсан үеэс тоолно, уг гэрээтэй холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн нь хариуцагчид хамааралгүй тул хөөн хэлэлцэх зогсох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан ба Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

Иймд хариуцагчаас торгууль 13,027,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ. Мөн шүүх нэхэмжлэлээс хохирол 22,120,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй орхив. Харин хууль хэрэглээний хувьд нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлйин 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг зөвтгөнө.

 

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгч Б.Зулбаярт шүүх хуралдааны тов мэдэгдэлгүй, шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Б.Зулбаяр оролцсон байх ба тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 06, 20-ны өдрүүдийн шүүх хуралдаанд ирээгүй шалтгаан тодорхой бус, ямар нэгэн хүсэлт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах санал хүсэлт байхгүй, өмнө нь уг хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан учраас хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэсэн тайлбар гаргасан байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Зулбаярыг оролцуулах талаар хүсэлт гаргаагүй, шүүх нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тул хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2023/03625 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3, 236.2... гэснийг 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД   С.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА