Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2016/00350/И |
Дугаар | 130/ШШ2016/00395 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2016/00395
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дүгээр багт оршин суух, Н овогт Дн Хийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баяннуур сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 19 дүгээр захирамжаар Рийг А.А, Д.А нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Д.Х шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Д.Х нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2008 оны 3-р сарын 14-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 19 дүгээр захирамжаар охин Рийг иргэн А.А, Д.А нар үрчлүүлсэн билээ. Миний бие охин Рийг өөрийн асрамжид авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлттэй байгаа бөгөөд миний уг хүсэлтийг Рийн үрчилж авсан эцэг, эх нь хүлээн зөвшөөрч энэ тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байгаа. Иймд Баяннуур сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 19 дүгээр захирамжаар Рийг иргэн А.А, Д.А нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Х нь Баяннуур сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 19 дүгээр захирамжаар Рийг А.А, Д.А нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Р нь 2001 оны 11-р сарын 29-нд Д.Хийн гэр бүлд төрсөн нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Улмаар Баяннуур сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 19 дүгээр захирамжаар Рийг А.А, Д.А нарт үрчлүүлж, үрчлэлтийг Баяннуур сумын үрчлэлтийн бүртгэлийн 4-рт бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5-р сарын 25-ны өдрийн 231/002105176 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус нотлогдож байна.
Одоогоор охин Р нь 15 настай, Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн 9 в ангид суралцдаг, төрсөн эцэг, эхийн хамт амьдардаг болох нь хүсэлт гаргагчийн тайлбар хэрэгт авагдсан Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 6-р сарын 06-ны өдрийн тодорхойлолт, үрчлэн авсан А.А, Д.А нарын хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэгэнт А.А, Д.А нар нь Тэр үед Хийн эхнэр болх Б.Е бие өвдөж өвчтэй байсан юм. Одоо Х.Р нь өөрийн аав болох Д.Хийн гэрт байгаа юм. Энэ байдлыг харгалзан үзэж хууль журмын дагуу үрчлэлтийг хүчингүй болгох-ыг хүссэн хүсэлтээ шүүхэд гаргасныг харгалзан үрчлэлтийг хүчингүйд тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Рийг төрүүлсэн эцэг, эх Д.Х, Б.Е нарын асран хамгаалалтад үлдээж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.Х нь Д.Етай 1996 оны 7-р сарын 15-ны өдөр гэр бүл болсон нь хэрэгт авагдсан 23 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Мөн хүсэлт гаргагч Д.Х нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж хүсэлтээ ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Баяннуур сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 19 дүгээр захирамжаар Рийг А.А, Д.А нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан Баяннуур сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 19 дүгээр захирамжаар Рийг А.А, Д.А нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д тус тус зааснаар Рийг төрүүлсэн эцэг, эх Д.Х, Б.Е нарын асран хамгаалалтад үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН