Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00548

 

 

 

 

 

                 

    2024         03           20                                       210/МА2024/00548

 

А.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан, даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/00419 дугаар шийдвэртэй,

 

А.Ж-н нэхэмжлэлтэй

“П” ХХК-д холбогдох,

 

Алданги 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2024 оны 01 дүгээр сарын 30 хүртэл хугацаатайгаар *** УН* улсын дугаартай, Хендай маркийн тээврийн хэрэгслийг П ХХК-д даатгуулсан.

1.2. Уг даатгуулсан тээврийн хэрэгслээ түрээсэлдэг ба 2023 оны 03 дугаар сарын эхэнд автомашин маань Д  аймгийн нутаг дэвсгэрээс алга болсон. Д аймгийн Цагдаагийн газраас 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр алга болсон нь тогтоогдсон гэсэн тодорхойлолт өгсөн тул би даатгалын байгууллагад хандаж нөхөн төлбөр хүссэн.

1.3. П ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг өгөлгүй удаасан тул би Санхүүгийн зохицуулах хороонд хандаж журмаа биелүүлэн ажиллахыг шаардсанаар даатгалын гэрээнд заасан зах зээлийн үнэлгээ болох 10,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн авсан.

Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 4.1.7-д “Даатгагч нь энэхүү гэрээнд заасан баримт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ” гэж, 4.1.10-т “Даатгагч даатгалын гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232, 232.6-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцон даатгуулагчид олгоно” гэж тус тус заажээ.

Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нөхөн төлбөр олгох хүсэлт баримт, материалыг П ХХК-д хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 10 хоног гэдэг нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл байна.

Түүнчлэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 60 хоног нөхөн төлбөр хоцорсон тул дээрх Иргэний хуульд заасны дагуу алданги 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймагт *** УН* улсын дугаартай автомашиныг Л.Б нь жолоодож жалга бүхий уруу газар руу уруудаж байх үед жолооч талын дугуй хагарч тэнцвэр алдан осолдсон хэмээх нөхөн төлбөрийн хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасанг татгалзаж шийдвэрлэсэн.

2.2. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *** УН* улсын дугаартай Хендай  маркийн тээврийн хэрэгслээ хулгайд алдсан гэх нөхөн төлбөрийн хүсэлтийг гаргасан ба хүсэлтэд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар “Д аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж байгаа 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Иргэн А.Ж-с *** УН* улсын дугаартай тээврийн хэрэгслээ хулгайд алдсан гэх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэх албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт тээврийн хэрэгсэл хулгайлагдсан талаар тогтоосон тухай дурдаагүй, даатгалын тохиолдол болсон эсэх нь бүрэн тогтоогдоогүй байсан.

2.3. Хэрэг шалгагдаж байх хугацаанд даатгуулагч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд уг гомдолдоо Дорноговь аймгийн прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн **  дугаар мэдэгдэх хуудсыг өгсөн байсан.

Тус мэдэгдэх хуудсанд “Д аймгийн нутаг дэвсгэрээс *** УН* улсын дугаартай Хендай маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр алдагдсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг Д аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг хүлээн авч шалгаад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон тул хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг Д аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас явуулж байна” гэсэн байсан.

2.4. Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар албан бичгээр дээрх мэдэгдэх хуудсыг үндэслэн нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж  шийдвэрлэсэн. Үүний дагуу даатгагч нь даатгалын гэрээний 4.1.7-д заасны дагуу ажлын 10 хоногт багтаан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг А.Ж-д шилжүүлсэн тул Даатгалын гэрээний 4.1.10-т гэрээнд алданги төлөх нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ж-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч А.Жавхлангийн 62,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт “Гэрээний 5 дугаар зүйлд даатгагчийн зүгээс даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдлыг заасан байх ба хариуцагчийн зүгээс даатгуулагчаас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эрсдэл үүссэнтэй холбоотой материалуудыг бүрэн хүлээлгэн өгсөн байхад Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ***  тоот албан бичгийг үндэслэн нөхөн төлбөрийг олгосон нөхцөл байдлыг хугацаандаа олгосон гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх нь гэрээний агуулга болоод хуульд нийцэхгүй болно”, “Хариуцагч П ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нөхөн төлбөр авахтай холбоотой баримтуудыг хүлээн авсан тухайдаа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно” гэжээ.

Манай компани даатгалын нөхөн төлбөр шийдвэрлэхэд шаардлагатай материалуудыг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бүрэн хүлээж аваагүй. Нөхөн төлбөрийн материал дутуу байсан тул бүрдүүлэлтийн мэргэжилтэн Н.Ч нь даатгуулагчаас өгсөн баримтуудыг программд бүртгэлгүйгээр цаасаар хуулбарлан авч удирдлагуудад танилцуулсан.

А.Жавхлангийн нөхөн төлбөр хүссэн өргөдөлд П ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *** дүгээр албан тоотоор “хулгайд алдагдсан гэдгийг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарсны дараа нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлж өгнө үү” гэсэн хариуг өгсөн.

Даатгуулагчийн зүгээс П ХХК-ийн албан тоотоор өгсөн хариуг хүлээн зөвшөөрөхгүй, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан тул тус гомдолтой холбоотойгоор П ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаар, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн **** дүгээр албан тоотуудаар хариу тайлбар гаргаж байсан.

Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7-т "Даатгагч нь энэхүү гэрээнд заасан баримт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтааж нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ” гэж тохиролцсон бөгөөд даатгуулагчийн нөхөн төлбөрийн материал 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бүрдсэн тул программд бүртгэсэн тул тус өдрөөс эхлэн нөхөн төлбөр шийдвэрлэх хугацааг тоолох ёстой байтал 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авсан гэж тооцож, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс алданги тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт ‘‘Даатгуулагч буюу А.Ж нь өөрийн эзэмшлийн *** УН* улсын дугаартай Хендай маркийн тээврийн хэрэгслээ Д  аймгийн  нутаг дэвсгэрээс 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хулгайд алдагдсан болох нь Д аймаг дахь цагдаагийн газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ***  дугаартай албан бичиг,  Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ***  дугаартай албан бичиг,  Д аймгийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ** дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон" гэжээ.

Гэвч тус албан бичгүүд нь иргэн А.Ж-с *** УН* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаарх мэдээллийг агуулсан байх бөгөөд тус албан бичгүүдээр автомашиныг хулгайд алдагдсан нь тогтоогдсон гэж үзсэн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд тухайн гомдол мэдээллийг эцэслэн шалгаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, шийдвэр байхгүй бөгөөд тус албан бичгүүд нь шүүхийн шийдвэрийг орлохгүй.

Бидний зүгээс нөхөн төлбөрийг шийдвэрлэхдээ дээр дурдсан албан бичгүүдээр хулгайн эрсдэл нь тогтоогдсон гэж үзэж шийдвэрлээгүй бөгөөд даатгуулагчаас удаа дараа гаргасан хүсэлт, гомдол Санхүүгийн зохицуулах хороо буюу эрх бүхий этгээдээс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан шийдвэр зэргийг үндэслэн нөхөн төлбөрийг олгосон.

4.3. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа захирамжийн дагуу ирүүлсэн баримтыг танилцуулаагүй, шүүх хурлын товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй бөгөөд хурал болохоос 2 хоногийн өмнө утсаар мэдэгдсэн, өөрийн тайлбар татгалзлын үндэслэлийг нотлох баримтуудыг шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх болон нэхэмжлэгч талаас баримт гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан, хариуцагчийн төлөөлөгч П.Б-г хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй зэрэг үйлдэл эс үйлдлийг гаргасны улмаас хариуцагч нь өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж оролцох боломжгүй байсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхэд буцааж өгнө үү..

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуульд нийцсэн.

5.1. Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын байгууллагын зөвшөөрөл олгодог хянаж шалгаж зах зээлд хууль бус үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгжийг хохироох асуудлыг хуулийн дагуу зохицуулж ажилладаг, тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүхий байгууллага юм.

П ХХК-д нөхөн төлбөр олгох хүсэлтийг холбогдох материалуудын хамт 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн боловч П ХХК нь  цагдаагийн тодорхойлолт дээр маргаж нөхөн төлбөрөө хугацаандаа төлөөгүй асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо шалгаад авто машин хулгайд алдагдсан, ... тоот хэрэг нээн шалгаж байгаа тухай үндэслэлийг дурдаад даатгалын мөнгөн дүнг өгөх нь зүйтэй талаар дурдсан байна.

Уг албан тоотын дагуу П ХХК нь нөхөн төлбөрөө төлсөн хэдий ч 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өдөр тутам төлөх ёстой дүнгийн 0,5 хувийн алданги гэрээнд заасны дагуу төлөөгүй тул гэрээний үүрэгт заасан алданги 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг П ХХК мушгиж буруу ашиглах гэж оролдож байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.

П ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооноос гомдлын дагуу хяналт шалгалтын ажил явуулахаас өмнө нөхөн төлбөрийг бүртгэж авсан материалаа программд оруулсан, оруулснаа устгасан, Ч эсвэл хэн нэгэн ажилласан эсэхийг дурдах нь илүүц юм. Өргөдөл гомдлын хуулийн дагуу аж ахуйн нэгж байгууллага нь Компанийн тухай хуульд дурдсанг мөрдөх үүрэгтэй.  Материал хүлээж аваагүйгээр хариу тайлбар гаргах боломжгүй.

Хулгайд алдагдсан гэх цагдаагийн тодорхойлолтыг үндэслэнэ гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалд албан тоотоор мэдэгдсэн тул П ХХК нь цаашид маргалгүй мөнгөн дүнгээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн зөвшөөрч шилжүүлсэн нь тэдний гомдлыг няцааж байна.

Тухайн программд бүртгэх асуудал бол П ХХК-ийн дотоод асуудал бөгөөд Монгол улсад даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа бол зохицуулалттай этгээдийн журмаа биелүүлэх ёстой юм.

5.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д аймгийн цагдаагийн газраас *** албан бичигт хулгайд алдагдсан хэрэг нээн шалгаж байгаа болон Санхүүгийн зохицуулах хорооноос энэхүү цагдаагийн тодорхойлолтоо авснаараа даатгалын нөхөн төлбөрөө олгох гэх утгыг үндэслэсэн байна.

П ХХК нь даатгалын үйл ажиллагаа явуулах эрх бүхий Санхүүгийн зохицуулах хорооны албан бичигт маргаж байгаа бол захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журам, хуулийн заалт, хууль түүнтэй адилтгах эрх зүйн актыг хувийн аж ахуй нэгж өнөөдөр мөрдөж ойлгож ухамсарлаж ажиллах нь цаашид ашиг орлого нэмэгдэх харилцагчаа авч үлдэх гадаад хөрөнгө оруулалт татахад их хэрэгтэй.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч П ХХК-д холбогдуулан алдангид 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Дараахь үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Үүнд:

3.1. А.Жболон П ХХК-ийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг бичгээр байгуулсан, уг гэрээгээр даатгуулагч *** УН* улсын дугаартай Хьюндай маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан.

3.2. А.Ж нь дээр дурдсан тээврийн хэрэгслийн өмчлөгч байна.

3.3. А.Ж П ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Д аймгийн нутаг дэвсгэрээс даатгуулагч өөрийн өмчлөлийн ** УН* улсын дугаартай Хендай маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэж даатгалын нөхөн олговрыг авахаар 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр материалуудыг өгсөн.

 

4.1.Харин анхан шатны шүүх даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “...Даатгагч нь энэхүү гэрээнд заасан баримт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэх”-дээ мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.8-д “Даатгалын тохиолдол болсон үед түүний шалтгаан, нөхцөлийг судлах, эрх бүхий байгууллагаар шалгуулах, шаардлагатай нэмэлт мэдээ, мэдээллийг даатгуулагчаас гаргуулж авах” эрхийг талаар буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж дүгнэлээ.

П ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг А.Ж-д явуулсан байх ба уг албан бичигт “Нөхөн төлбөрийн материалд хавсарган ирүүлсэн Д аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ***  дугаар албан тоотоос үзвэл “гомдлын дагуу хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн байх бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй байна. Иймд **** УН** тээврийн хэрэгслийг хулгайд алдагдсан гэдгийг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарсны дараа нөхөн төлбөрийн хамт материалаа бүрдүүлж өгнө үү” гэж мэдэгдсэн нь даатгалын гэрээний 7.1.8-д зааснаар даатгагч нь нэмэлт баримт шаардах эрхийг эдлэж, даатгуулагчаас нэмэлт материал шаарджээ.

Энэ тохиолдолд даатгуулагч А.Ж нь **** тоот албан бичигт заасан баримтуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй болно. Тэрээр уг баримтуудыг хэдийд бүрдүүлж даатгагч П ХХК-д өгсөн талаар хэрэгт баримт байхгүй байна. 

 

Иймд даатгуулагч А.Ж-г даатгалын нөхөн олговрыг авахаар материалуудаа П ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бүрэн хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

4.2.Харин Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар албан бичгээр “Д аймгийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ***  дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсоныг даатгуулагчид мэдэгдсэн байх тул ... нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй” гэх хариуг өгсөн байна.

 

4.3. Түүнээс гадна 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Д аймгийн нутаг дэвсгэрээс даатгуулагч А.Ж-н өмчлөлийн *** УН* улсын дугаартай Хьюндай маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан эсэх талаар үйл баримт бүрэн тогтоогдоогүй болох нь Д аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ***  дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Иймд **** УН* улсын дугаартай Хьюндай  маркийн тээврийн хэрэгсэл Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээс 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хулгайд алдсан нь тогтоогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт шийтгэх тогтоолд тулгуурлаагүй алдаатай болсон боловч гэрээний эрх зүйн хүрээнд П ХХК нь А.Ж-д даатгалын нөхөн төлбөрт 10,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олгож, гэрээний үүргийг биелүүлжээ. 

 Хариуцагч тал гэрээний үүрэг үүссэн гэж хүлээн зөвшөөрч даатгалын нөхөн төлбөрийг төлсөн, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг төлбөрийг буцаан гаргуулахаар маргаагүй.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул   “хулгайн гэмт хэрэг тогтоогдоогүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно. 

5.  Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 9/2158 дугаар албан бичигт үндэслэн П ХХК 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А.Ж-д даатгалын нөхөн төлбөр олгосонг гэрээнд заасан 10 хоногийг хэтрүүлсэн гэж буруутгах боломжгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

6.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШЗ2023/16924 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Прокурорын газраас баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.

Дорноговь аймгийн Прокурорын газраас дээрх захирамжид заасан баримтыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн материалтай танилцаж, баримтад гарын үсэг зурсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн орооцогчийн эрхийг шүүх зөрчөөгүй байна.

6.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШЗ2024/01805 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч талын уг хүсэлтэд “нэхэмжлэгч машинаа засуулсан гэж тайлбарыг хариуцагч талд гаргаж байсан” гэх үндэслэлийг заахдаа уг тайлбарыг баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явагдах боломжгүй.   

6.3. Дээрхээс дүгнэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас алдангид 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/00419 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч П ХХК-д холбогдох алдангид 3,000,000 төгрөг гаргуулах тухай А.Ж-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

                               

       

         ШҮҮГЧИД                                Э.ЭНЭБИШ

                               

                                                         

Э.ЗОЛЗАЯА