| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0001/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/02 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганцэцэг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч З.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн З.Г холбогдох 1834007360401 тоот эрүүгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Туулын гүүр гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Х овгийн З.Г /Регистрийн дугаар:ВР86061615/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Г нь согтуурсан үедээ “Тоёота карина 91-18 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д заасныг зөрчсөний улмаас Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Уулс Заамар” ХХК-ийн зассан зам дээр онхолдож, зорчигч Г.Дэлгэрдалайгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Г нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны дүгнэлт болон Замын Цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-13 хуудас/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22 дугаар хуудас/, шүүгдэгч З.Г-ийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 23-25 дугаар хуудас/, хохирогч Б.Дэлгэрдалайн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/, гэрч Б.Дэлгэрдалайн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Э.Мөнхсайханы мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч З.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, яллагдагч З.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 632 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 139 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-48 дугаар хуудас/, шүүгдэгч З.Г-ийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 24-25 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа /хх-ийн 51-53 дугаар хуудас/, хохирогч Б.Дэлгэрдалайн гомдол саналгүй гэх хүсэлт, хохирлын баримтууд /хх-ийн 54-62 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч З.Г нь согтуурсан үедээ “Тоёота карина 91-18 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д заасныг зөрчсөний улмаас Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Уулс Заамар” ХХК-ын зассан зам дээр онхолдож, зорчигч Г.Дэлгэрдалайгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
“Тухайн үед Жамъянсүрэнгийн эхнэр төрсөн гээд З.Г, Жамъянсүрэн нар 0.5 литрийн Соёрхол нэртэй архийг хоёулаа хувааж уугаад Жамъянсүрэнгийн гэрт байж байгаад шөнө 03 цаг өнгөрч байх үед Сов явахаар болоод Мөнхсайхан, би, Г машинаа бариад Сов явсан. Тэгээд замдаа явж байгаад аваарт орсон.” гэх хохирогч Б.Дэлгэрдалайгийн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
“Жамъянсүрэн ахын эхнэр саяхан төрөөд хүүтэй болсон гээд тэр хоёр 0.5 литрийн Соёрхол нэртэй архийг хоёулаа хувааж уусан... ...З.Г өглөө эрт ажилтай явахгүй бол болохгүй гэсээр байгаад Мөнхсайхан бид нар Ганхуягийн 9118 УНЦ улсын дугаартай тоёота карина маркийн тээврийн хэрэгсэлтэй Сов руу явах гэхэд Г машинаа барина гэсээр би та согтуу байна Мөнхсайханаар машинаа бариулчих гэсэн чинь би зүгээр байна аажуухан яваад орчихно гэсээр байгаад машинаа бариад хөдлөөд замдаа их хурдлаад байхаар нь та машин барихаа болио Мөнхсайхан машинаа бариулчих гэхэд би зүгээрээ би бараг энэ замыг зохиосон юм гээд яриад явж байгаад нэг мэдсэн чинь машины гадаа хэвтэж байсан... ...З.Г эмчилгээний зардлыг төлж байгаа. Эмчилгээг минь сайн хийлгээд хуучин хэвэндээ орчихвол зүгээр байна.” гэх гэрч Б.Дэлгэрдалайгийн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
“Жамъянсүрэн хүүтэй болсон гээд тэр хоёр 0.5 литрийн Соёрхол архи хувааж уусан. Дэлгэрдалай бид хоёрыг гадаа машиндаа унтаж байхад Жамъянсүрэн бид хоёрыг орж ирж гал түл гээд дуудсан. Тэгээд бид хоёрыг ороход би өглөө эрт ажилтай явахгүй бол болохгүй гээд байхаар нь цагаа хартал 03 цаг өнгөрч байсан. Дэлгэрдалай бид хоёр Г-ийг унтаж байгаад өглөө цуг явъя гэхэд явна гэсээр байгаад Ганхуягийн гэр рүү явж байгаад их хурдтай яваад байхаар нь би машиныг чинь бариад явъя гэхэд би өөрөө бариад явж чадна гэхээр нь би бүсээ зүүсэн. Тэгээд удалгүй тойрог дээр бөгсөө шидээд эргэлдээд яваад өгсөн. Тэгээд би хажуу талын жолоочийг хартал зүгээр байхаар нь ард сууж явсан Дэлгэрдалайг хартал байхгүй байсан. Би машинаас буугаад Дэлгэрдалайг хайгаад машинаас 10-20 алхмын цаана хэвтэж байсан.”гэх гэрч Э.Мөнхсайханы мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
“бид хоёр 0.5 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уугаад би шөнө 03 цаг өнгөрч байхад Мөнхсайхан, Дэлгэрдалай нарын хамт явж Туулын гүүр рүү явж байх байх замдаа миний унаж явсан 91-18 УНЦ улсын дугаартай Т.Карина маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад аваарт орсон...” гэх гэрч З.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
“Би Монгол улсын эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” яллагдагч З.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/, шүүх хуралдааны тэмдэглэл,
“Уг зам тээврийн осол нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Туулийн гүүрнээс баруун урд зүгт Уул-Уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах Уулс заамар ХХК-ийн зассан зам байх ба Хайлааст багийн төвөөс урд зүгт 12 км зайд туул голын гүүнээс 6 км зайд байв. Уг газар нь урд зүгээс баруун тийш явах замд зүүн гар тал руу эргэх сайжруулсан замын тойрог дээр болсон байна. Үзлэгийг явцад А цэгийг анхны хэрэг болсон буюу 91-18 УНЦ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота карина маркийн авто машин онхолдсон гэх газар дээр салхины шил их гэрлийн хагархай байв. А цэгээс А1 цэгийн /дараагийн салхины шилний хагарч бутарсан газарт тодорхойлов/ хооронд 6.5 метрийн зайтай байлаа. Б цэгийг авто машин онолдоод 4 дугуй дээрээ өнхөрч очсон гэх цэгийг авав. А1 цэгээс Б цэгийн хооронд 30.8 метр зайтай байгаа талаар хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар /хх-05, 14 тал/,
“Тоёота карина маркийн 91-18 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон гэх газар.” талаар Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсанаар /хх-16 тал/,
“Осол гарсны дараа тээврийн хэрэгсэл хаана, ямар байрлалтай байсан нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэл хийх явцыг бэхжүүлсэн. “ гэрэл зургийн үзүүлэлтүүдэд /хх-05-18 тал/,
Б.Дэлгэрдалайгийн биед учирсан гэмтлийг тогтоосон дүгнэлтэд “Б.Дэлгэрдалайгийн биед суурь ясны хугарал, дух ясны ил хугарал, тархины няцрал, хуйханд шарх, тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, цээж, нуруу, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/
З.Гнь Замын хөдөлгөөний ямар зүйл заалтыг зөрчсөнийг тогтоосон шинжээчийн “Т.Карина маркийн 91-18 УНЦ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч З.Гнь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв.
91-18 УНЦ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч З.Гнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/-ээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч З.Гнь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
З.Гнь З “Тоёота карина 91-18 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д заасныг зөрчсөний улмаас Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Уулс Заамар” ХХК-ийн зассан зам дээр онхолдож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч З.Г-ийн зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн объектив шинжийг хангасан.
Уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шинж нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, согтуурсан үедээ гэж хуульчлагдсан бөгөөд З.Гнь 1.68 хувийн согтолттой байсан талаар “жолоочийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “ тусгагдсан,
шүүгдэгч З.Г-ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн шинжилгээний дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, зүйлчлэл тохирсон байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
“Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдлыг ойлгоно.” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг
Шүүгдэгч З.Гнь өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хохирол, хор уршиг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба З.Г нь хуулиар тогтоосон насанд хүрсэн байна.
Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.
Хохирогч Б.Дэлгэрдалайгийн зүгээс уг гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардалтай холбогдон гарсан 1.694.094 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч сайн дураараа төлж барагдуулан, нийт эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны зардал 9.200.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Дэлгэрдалай нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” талаар шүүхэд мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзлаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул З.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулж, тэнссэн үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №879732 дугаартай жолоочийн үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Г нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн З.Г-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн З.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хохирох ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 \хоёр\ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6. хохирогч Г.Дэлгэрдалай нэхэмжлэх зүйлгүй гэснийг
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Г авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ