| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 149/2016/00001/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2017-02-08 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | А.Ариунзаяа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 14
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор А.Ариунзаяа
Ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Хэрлэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Наяман овогт Садагийн Бат-Өлзийд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618020186 дугаартай, 149/2017/00001/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Төмөр замын точект оршин суух хаягтай, Урьд :
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 107 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 03 сар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 24 тоот шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Наяман овогт Садагийн Бат-Өлзий /РД: МЫ77120716/.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч С.Бат-Өлзий нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, 241 дүгээр зөрлөгт 2016 оны 09 дүгээр сарын 14-ний орой 19-20 цагийн үед бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, ямар ч шалтгаангүйгээр Ө.Атарсүрэнтэй маргалдан зодолдож, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Ө.Атарсүрэнгийн эрүүн тус газар хутганы ишээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл, Н.Зоригтбаатарын зүүн гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл, Б.Мөнхбатын нүүрний баруун хэсгийг зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус учруулж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх С.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 01 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бат-Өлзийг 05 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.Бат-Өлзийд оногдуулсан 05 жил 05 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Шүүх С.Бат-Өлзийг нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Ө.Атарсүрэнгийн эрүүн тус газар хутганы ишээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл, Н.Зоригтбаатарын зүүн гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл, Б.Мөнхбатын нүүрний баруун хэсгийг духнаас хацар хүртэл нь зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэж дүгнэх үндэслэлтэй байна гэжээ. Тэгвэл хэргийн бодит байдлыг тал бүрээс нь харахаар Бат-Өлзийг хутгыг зэвсэг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэсэн гэхэд эргэлзээ төрж байна. Учир нь Бат-Өлзий нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд надад хутга байгаагүй харин хадаастай модоор намайг цохисон, намайг хадаастай модоор цохиж байхдаа нэгнийхээ нүүрийг зүссэн юм шиг байна лээ гэж мэдүүлдэг. Мөн хэргийн газраас хадаастай модыг хурааж цагдаагийн газар авчирсан гэдэг. Гэтэл энэхүү хадаастай модыг эд мөрийн баримтаар баталгаажуулаагүй, хаа байгаа нь тодорхойгүй. Хутгыг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэсэн гэх боловч хохирогч нарын мэдүүлээд байгаа урт иштэй балиусан хутга, хүрэн иштэй балиусан хутга, хүрэн шаргал иштэй хутга байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаагүй, хутгыг олж тогтоогоогүй. Энэ бүгд байдлаас үзэхэд хохирогч нар хадаасанд зүсэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ хутганд зүсэгдсэн бол Мөнхбатын нүүрний зүсэгдсэн байдал маш гүн цавчигдах ёстой. Иймээс хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шинжлэн судлахад хутга хэрэглэсэн гэдэгт эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдэх үүднээс зүйл ангийг нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлээр зүйлчилж өгнө үү...” гэв.
Ялтан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Миний бие шүүхээс оногдуулсан 05 жил 05 хоногийн ялыг хүндэдлээ хэмээн үзэж гомдолтой байна. Миний бие ар гэрийн амьдрал хүнд, ам бүл 2, ээж Тавхайгийн хамт амьдардаг. Ээж маань 66 настай. Тал цус харвасан хэвтрийн дэглэм сахиж байгаа, байнга хүний асрамжид байдаг, маш хүнд нөхцөлд үлдэж байгаа. ...миний бие гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа. Анх энэ хүмүүстэй хэрүүл зодоон хийхдээ гартаа юу ч бариагүй, өөрөө Атарсүрэн хашааны банз мод барьж явсан тэгж явахдаа нэгнийхээ нүүрийг зүссэн байсан. Намайг буруутган шийтгэж байгаа хуулийн зүйлийг би зөвшөөрөөгүй байна. Иймд миний гэм буруутай үйлдэлд тохирох зүйчлэлээр хэргийг зүйлчилж, хөнгөрүүлж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгч туслана уу...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 болон мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 заасныг баримтлан С.Бат-Өлзийгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, эсвэл 181 дүгээр зүйлийн 181.1 болгон өөрчилж өгнө үү.
2015 оны Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар С.Бат-Өлзий өршөөгдөж, ялтай байдал нь арилсан. С.Бат-Өлзий нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нарт төлөх төлбөр байхгүй, гомдол саналгүй. Анхан шатны шүүхээс хохирогч нарыг шүүх хуралдаанд ир гэхэд ирдэггүй, өөрсдөө буруутай болоод ирдэггүй болов уу гэж бодож байна...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
“…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Ялтны өмгөөлөгч сая ялтны үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн зүйчлэлийг хувийн болон танхайрсан гэх 2 сонголтыг шүүхэд санал болгож байгаа нь буруу юм. Учир нь өмгөөлөгч сая санал дээрээ ялтны үйлдсэн үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэлийг зөвшөөрчихлөө. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Тодорхойлох нь:
С.Бат-өлзий нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, 241 дүгээр зөрлөгт 2016 оны 09 дүгээр сарын 14-ний орой 19-20 цагийн үед бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, ямар ч шалтгаангүйгээр Ө.Атарсүрэнтэй маргалдан зодолдож, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Ө.Атарсүрэнгийн эрүүн тус газар хутганы ишээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл, Н.Зоригтбаатарын зүүн гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл, Б.Мөнхбатын нүүрний баруун хэсгийг зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус учруулж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх С.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бат-Өлзийг 05 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.Бат-Өлзийд оногдуулсан 05 жил 05 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “…Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна…” гэсэн шаардлагыг хангасан байна.
Ялтан С.Бат-Өлзий болон түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу С.Бат-Өлзийд холбогдох 201618020186 дугаартай эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад:
Х.Бат-Өлзий нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мөнхбат /хх-ийн 08-р ху/, Н.Зоригтбаатар /хх-ийн 12-13-р ху/, Ө.Атарсүрэн /хх-ийн 14-15-р ху/, гэрч Л.Туул /хх-ийн 23-р ху/, Б.Амарсанаа /хх-ийн 24-р ху/, Н.Алтанцэцэг /хх-ийн 25-р ху/, Н.Алтантуяа /хх-ийн 26-р ху/, М.Чимгээ /хх-ийн 28-р ху/, шинжээч Г.Ган-Эрдэнэ /хх-ийн 33-р ху/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Мөнхбатын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р ху/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн Шинжилгээний Хэсгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 214 тоот акт /хх-ийн 40-р ху/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн Шинжилгээний Хэсгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 225 тоот акт /хх-ийн 42-р ху/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн Шинжилгээний Хэсгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 46-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.
Түүнчлэн С.Бат-Өлзий нь уг гэмт хэргийн хохирогчид болох Б.Мөнхбат, Н.Зоригтбаатар, Ө.Атарсүрэн нарыг тухайн үед огт таньдаггүй байсан бөгөөд тэдний хооронд ямар нэгэн байдлаар хувийн таарамжгүй харьцаа үүсээгүй байхад тодорхой шалтаг, шалтгаангүйгээр хэрүүл маргаан өдөж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Ө.Атарсүрэнгийн эрүүн тус газар хутганы ишээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл, Н.Зоригтбаатарын зүүн гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл, Б.Мөнхбатын нүүрний баруун хэсгийг зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус учруулж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул түүний үйлдлийг “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг эсхүл мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг тус тус хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхийг хүссэн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Бат-Өлзий болон түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Бат-Өлзий болон түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ