Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 99

 

 

Г.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1468 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Г.А-т холбогдох 2006017311274 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09ий өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, А

 

Г.А- нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах нийтийн байрны 127 тоот өрөөнд Г.Батзоригийг унтаж байхад хаалгыг эвдэн нэвтэрч Самсунг С-8 загварын гар утсыг хулгайлж 357.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 346 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 43 хоног хорих ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 43 хоног хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.А-ын нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Г.А-т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр багасгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Магадлалын 5 дугаар талд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэх алдаатай дүгнэлт хийсэн буюу миний бие давж заалдах гомдолдоо дээрх заалтыг хэрэглэх эсэх асуудлыг дурдаагүй. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хэрэгт, 2019 оны 12 дугаар сард үйлдэгдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцогдохоор байна. Иймд Г.А-ын холбогдсон гэмт хэргийн нийгмийн хор аюул, үйлдсэн арга, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү” гэв.

 

 Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүх шүүгдэгч Г.А-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэсэн нь хуулийг зөв хэрэглэсэн байна. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.А- нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны шөнө хохирогч А.Батзоригийг унтаж байхад өрөөнийх нь хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, түүний “Самсунг С-8 загварын гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг шүүгдэгчид оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхийн өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн хулгайн гэмт хэрэгтээ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаас 4 цагийн ялыг гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж, биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай хууль зүйн зохицуулалт нь бүх шатны шүүхэд заавал хэрэглэхээр үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд хэрэглэх эсэх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудал юм.

 

Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн хэдий ч өмнө үйлдсэн хулгайн гэмт хэрэгтээ мөрдөн шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн Г.А-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлээгүйг буруутгах үндэслэлгүй болно.

 

Харин шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанарыг харгалзан тухайн зүйлд заасан ялын доод хэмжээний буюу 2 жил 1 сар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Г.А-т оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг багасгаж магадлалыг хүчингүй болгох агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурьдсан үндэслэлийг үгүйсгэн няцаахдаа гомдолд тусгагдаагүй асуудлаар буюу Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1468 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                 Б.ЦОГТ

 

                                                             Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                            С.БАТДЭЛГЭР

 

                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН