Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/0021

 

 

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/0021

Улаанбаатар хот

 “Эм Е Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбодорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 542 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 526 дугаар магадлалтай, “Эм Е Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Эм Е Эм” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь Сэлэнгэ аймгийн Сант сумын “Цахир” нэртэй газарт орших 5104 гектар талбай дээр 14560Х хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин, 6 дахь жилдээ геологи, хайгуулын ажил хийсэн. Тус компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бичиг баримтуудыг өргөдлийн хамт 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан боловч тухайн өдөр Геологи уул уурхай кадастрын хэлтсийн 202 өрөөнд суух сунгалт хариуцсан мэргэжилтэн /тухайн хүн чөлөөтэй байсан тул орлон ажиллаж байсан хүн/-ээс сунгалт хийх өргөдлийн маягт авч бөглөн өгөхөд “хайгуулын тусгай зөвшөөрлийн га тутмын төлбөрийг төлж ир, мөн хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажуулаагүй учраас өргөдлийг хүлээн авах боломжгүй” хэмээн манай материалыг буцаасан.

Дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2013 онд буюу 6 дахь жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг батлуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газарт 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн боловч тус газраас манай тайланг 6 сарын дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулж хүлээлгэн өгсөн. Мөн тухайн үед тус компанийн захирал Б.Жаргалсайхан хайгуулын төсөлд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч нартай ажил хэргийн уулзалтаар Америкийн нэгдсэн улс болон Их Британы Умард Ирландын Нэгдсэн Вант Улсруу албан томилолттой байсан тул төлбөр санхүүгийн асуудлыг бид хувь хүнээс зээл авч 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөртөө багтаан га тутмын төлбөр болох 14,388,592 төгрөгийг Ашигт малтмалын газрын Төрийн сан дахь 900000712 тоот дансанд тушаасан бөгөөд өнөөдрийг хүртэлх байдлаар дээрх төлбөр нь Ашигт малтмалын газрын дансанд орсон.

Ийнхүү тус компаниас холбогдох материалыг бүрдүүлэн Ашигт малтмалын газрын Геологи уул уурхай кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлөө сунгуулахаар дахин хандсан боловч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6-6807 дугаартай албан бичгээр тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон тул тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

“Эм Е Эм” ХХК нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани бөгөөд өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулагч нар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол багассан үед өөрийн хүч бололцоо, санхүүгийн чадавхийг шавхан өнгөрсөн 6 жилийн хугацаанд 14560Х хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийн геологийн хайгуул хийсэн.

Иймд нэгэнт Ашигт малтмалын газарт 14560Х тусгай зөвшөөрлийн төлбөр болон үйлчилгээний хөлс төлөгдсөн, хайгуулын ажлын тайланг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар баталгаажуулсан /биднээс үл хамаарах шалтгаанаар хугацаа алдаж 6 сарын дараа баталгаажуулсан/, холбогдох баримт, бичгийн бүрдэл хангагдсан байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт орших “Цахир” нэртэй газарт 5100.84 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-14560 тусгай зөвшөөрлийг 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Эм Е Эм” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргахаар заасан ба “Эм Е Эм” ХХК нь ХВ-14560 тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлэхээр хуульчилсан байна.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна.

“Эм Е Эм” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хугацаандаа ирүүлээгүй талаараа нэхэмжлэлдээ дурьдсан ба хуульд заасан шаардлага хангасан сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй учраас ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцожжил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Эм Е Эм” ХХК нь ХV-14560 хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлбөрөө төлөөгүй нь энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад зааснаар цуцлагдах үндэслэл мөн энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хугацаандаа ирүүлээгүй нь 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад зааснаар цуцлагдах үндэслэл бүрдсэн байна.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын ХВ-14560 тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 542 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд хангаж буюу “Эм Е Эм” ХХК-ийн дугаар “14560Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 526 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2  22.1.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 48 дугаар зүйлийн 48.1.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан “...14560Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, хугацаа сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий “МЕМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбодорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг хэрэглэхдээ "... нэг сарын өмнө сунгуулах өргөдлөө гаргаагүй ..." гэсэн нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөлийн хугацаа дуусаагүй байхад хэдийд ч сунгуулах өргөдлөө гаргах эрхийг хязгаарлаж, хуулийг буруу хэрэглэсэн.

Өмнө нь Улсын дээд шүүх хяналтын журмаар хэргийн хянан шийдвэрлэх замаар хуулийг тайлбарлахдаа Ашигт малтмалын хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан нэг сарын өмнө өргөдөл гаргаагүй нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах үндэслэл болохгүй, учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно”, Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д зааснаар "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасны дагуу анх олгогдсон огнооноос тооцон тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх, энэ хугацаандаа сунгуулах өргөдлөө гаргаж шийдвэрлүүлэх эрхэд халдаж, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэж хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгаж шийдвэрлэж байсан олон практик байдаг.

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргах гэсэн боловч хариуцагчийн холбогдох этгээд нь өргөдлийг хүлээн авахаас татгалзсан үйл баримтыг Давж заалдах шатны   шүүх  анхаараагүйн  дээр  "...   өргөдлөө  гаргасан  боловч  дээрх  хуульд заасан баримтуудыг хавсаргаагүй байна..." гэж дүгнэсэн. Ашигт малтмалын тухай хууль болон, Аж ахуйн тусгай зөвшөөрлийн хуулинд тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай зохицуулалт байхгүй бөгөөд харин өргөдлийг хүлээн аваад хангах эсхул өргөдлийг хангахгүй орхих л хуулийн зохицуулалттай. Гэтэл давж заалдах шатны шүүх өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн хууль бус үндэслэл шаардлага, үйл баримтыг зөвтгөн дүгнэлт хийснээр хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч компанийн захирал Б Жаргалсайхан тухайн үед гадаадад албан томилолттой зорчиж байсныг давж заалдах шатны шүүх "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж үзэхгүй хэмээсэн нь өрөөсгөл бөгөөд Татварын ерөнхий хуулийн 4.1.8-д зааснаар "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж 4.1.З-т “томилолтоор гадаад, дотоодод ажилласан гэдгийг хамруулахаар заасан бөгөөд энэ нь "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдгийг тайлбарлсан хуулийн ганц зохицуулалт тул үүнийг холбогдох хуульд зааснаар төсөөтэй хэрэглэх боломжтой юм. Нэхэмжлэгч нь хайгуулын тайланг ашигт хайгуулын ажлын тайланг батлуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БОГУУХГазарт 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн боловч тус газраас уг тайланг 6 сарын дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулж хүлээлгэн өгсөн. Гэтэл шүүх төрийн байгууллагын энэхүү хугацаа хоцроож хайгуулын ажлын тайланг баталсан үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгасан нь огт үндэслэлгүй юм.

Төлбөрийн тухайд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр буюу тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд хариуцагчийн дансанд төлсөн бөгөөд ийнхүү төлөхдөө хувь хүнээс зээл авч 14,388,592 төгрөгийг төлсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 34.4-т зааснаар "Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно" гэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хариуцагчийн дансанд энэ төлбөр хэвээр байгаа.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн үзлэгийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр Ашигт малтмалын хуулийн 22.1.4-т заасан "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" үйлддэг эсэх талаар тодруулахаар шүүхийн үзлэг хийсэн бөгөөд шүүхийн үзлэгээр тухайн төрийн байгууллагууд дээр нэгдсэн бүртгэл байхгүй, зөвхөн мэргэжилтэний комьпютер дээр албан бусаар бүртгэдэг хоорондын уялдаа холбоогүйн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээлгэн өгсөн материалыг батлахгүй уддаг нөхцөл байдал тогтоогдсон.

Гэтэл Давж заалдах шатны шүүх энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй байдлаар шалгаж үзэлгүй холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсанд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “Эм Е Эм” ХХК-ийн “14560Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Эм Е Эм” ХХК-аас 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасныг хариуцагч байгууллагын ажилтан тусгай зөвшөөрлийн га тутмыг төлбөрийг төлөөгүй, хайгуулын ажлын тайланг мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажуулаагүй өргөдлийг хүлээн авах боломжгүй хэмээн буцаасан байна.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж...” гэж заасан нь нэхэмжлэгчид хуулиар ногдуулсан үүрэг боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй нь өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг хариуцагчид олгож байгаа хуулийн зохицуулалт биш бөгөөд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн “хугацааг дуусгавар болтол хүлээх” хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх эрх зүйн үндэслэл ч биш юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан байна.

Дээрх хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаандаа гаргасан нэхэмжлэгчийн өргөдлийг хариуцагч байгууллага хүлээн авч, уг өргөдөл нь шаардлага хангасан эсэх талаар хариуг бичгээр өгөхөөр байхад давж заалдах шатны шүүхээс “хуулийн шаардлага хангасан өргөдлийг хариуцагч хүлээн авах ёстой” гэж нэхэмжлэгчийн эрхийн дордуулан тайлбарлаж, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Давж заалдах шатны шүүхээс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах” өргөдөл, гомдол гаргагчийн эрх, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах” хариуцагчийн нийтлэг үүргийг тус тус анхаараагүй нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн 2014 оны төлбөрийг төлсөн, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн 2014 оны хайгуулын ажлын тайланг хянаж баталгаажуулсан байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 526 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН