Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1263

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03737 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

/Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлбөр авагч “ХХХ” ХХК оролцсон/,

 

ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот, 170 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 332 600 000 төгрөгөөр үнэлсэн шинжээч “ХХХ” ХХК-ийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд санал болгосон 232 820 000 төгрөгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар санал болгон 166 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2015/03418 дугаар захирамжаар 205 922 126 төгрөгийг “ХХХ” ББСБ-д төлөхөөр шийдвэрлэгдсэн. Миний өмчлөлийн 4 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн 332 600 000 төгрөгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 232 820 000 төгрөгийн үнэлгээ, 50 хувиар бууруулан 166 300 000 төгрөгөөр үнэлсэн 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг бүгдийг зөвшөөрөхгүй учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Миний орон сууц ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороонд байрладаг, орон сууцны байшинд цөөхөн айл амьдардаг, орчиндоо дуу чимээгүй, утаа багатай, цэвэр эрүүл агаартай гэх зэргээр олон давуу талтай. Гэтэл ийм орон сууцыг бодит байдлаас илт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Би өөрийн 170 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаа 680 000 000 төгрөгөөр үнэлэх тухай санал өгсөн. ХХХХХ хороолол болон ХХ дугаар хороололд байрлалтай орон сууцны 1 м.кв нь 2 000 000 төгрөг байдаг.

Төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцож үнэлгээгээ тогтоох ёстой, гэтэл шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээг харилцан тохиролцох ажиллагаа хийснээр тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлэх ёстой. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Надад шинжээч үнэлсэн тайлан, төлбөр төлөгчийн үнийн саналыг танилцуулаагүй. Шинжээч миний орон сууцыг 332 600 000 төгрөгөөр үнэлснийг, түүнээс 70 хувь бууруулж 232 820 000 төгрөгийн үнэлгээ тогтоосон гэх мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 19-нд шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авсан.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 16-нд манайд шуудан ирснээр мэдсэн. Гэхдээ би уг дуудлага худалдаанд оролцож чадаагүй. Гэтэл 2 дахь албадан дуудлага худалдаанд 166 300 000 төгрөгөөр үнэлж оруулахаар болсон тухай мэдэгдлийг 2016 оны 1 дүгээр сарын 18-нд өгсөн. Иймд орон сууцыг хэтэрхий доогуур үнэлсэнд их гомдолтой байгаа учир дээрх 3 үнэлгээг тус бүрд нь хүчингүй болгохыг хүсч байна. Шинжээч орон сууцыг үнэлэхдээ манайхтай ойролцоо байрлах ХХХХХХХ байр, ХХХ дугаар сургуулийн урд талын ХХХХ дугаар байр, Удирдлагын академийн урд талын байрууд нь хуучин, хамгийн түрүүнд баригдсан, олон айл амьдардаг нийтийн байрнуудтай харьцуулсан нь үндэслэлгүй, манай байр бол хаус учир харьцуулах боломжгүй.

Миний төлөх төлбөр 205 922 126 төгрөг болон үнэлгээ гэх 166 300 000 төгрөгийн зөрүүг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна. Би 2016 оны 1 дүгээр сарын 22-нд болсон 2 дахь албадан дуудлага худалдааны үйл ажиллагаанд хуулийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдол гаргасан, түүний хариуг өгөөгүй байгаа. Энэ нь үнэлгээтэй холбоотой биш гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2015/03418 дугаар захирамжаар ХХ-оос 205 922 126 төгрөг гаргуулж “ХХХХ” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2015 оны 7 дугаар сарын 24-нд албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, 1981 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 7 дугаар сарын 27-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 440 тогтоол гарч ажиллагаа явагдсан.

Үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХ тоот, 170 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 26-нд 140/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 9 дүгээр сарын 09-ний өдрийн 140/02 тоот тогтоолоор хураах ажиллагаа хийсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад нэхэмжлэгч ХХ 680 000 000 төгрөгөөр, төлбөр авагч “ХХХ” ББСБ 300 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай санал өгсөн. Үнийн талаар тохиролцоогүй учир 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 111 дугаар Шинжээч томилох тогтоолоор “ХХХХХ” ХХК-ийг томилсон. Шинжээч орон сууцыг 332 600 000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээний мэдэгдлийг ХХ-д 2015 оны 11 дүгээр сарын 16-нд 3/39905 тоот албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгч ХХтөлбөрөөс огт төлөлт хийгээгүй, бид зах зээлийн үнэ болох 332 600 000 төгрөгөөс 70 хувиар тооцон дуудлага худалдааны санал болгох доод үнийг 232 820 000 төгрөгөөр тогтоон 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар Өнөөдөр сонинд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй юм. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд зах зээлийн үнийн 50 хувиар тооцон 166 300 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 1 дүгээр сарын 22-нд оруулах болсон тухай мэдэгдлийг ХХ-д 2016 оны 1 дүгээр сарын 12-нд өгсөн. Мөн Өнөөдөр сонинд мэдээлсэн боловч санал ирээгүй, 1 дүгээр сарын 22-нд болсон үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд санал ирээгүй.

Шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2016/06342 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ХХ-д хангалттай хугацаа олгож шийдвэрийг биелүүлэх, төлбөрийг төлөх тухай мэдэгдлүүдийг өгч, хувийн хэргийн баримтуудтай танилцуулж эрхийг нь бүрэн хангаж байсан. Одоог хүртэл төлбөр авагчид ямар ч төлөлт хийгээгүй. ХХнь 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай гомдлыг ахлах гүйцэтгэгчид гаргасан гэх боловч манайд тийм гомдол байгаа эсэхийг мэдэхгүй,одоог хүртэл хариу өгөхгүй байх боломжгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч дураараа тогтоохгүй, мэргэжлийн байгууллага тогтоодог, хуульд заасны дагуу албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоодог тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч ХХнь шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2015/03418 дугаар захирамжийг биелүүлэхгүй байснаас шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Уг ажиллагааны явцад барьцааны зүйл болох ХХ-ийн өмчлөлийн ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоот, 170 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагаа явуулсан. Төлбөрийг төлөх хугацаа байсан ч төлөөгүй. Иймд бид албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч биднээс орон сууцны үнийн саналыг авсан, барьцааны гэрээнд заасан үнэ болох 300 000 000 төгрөгөөр үнэлэхээр санал өгсөн. Төлбөр төлөгчтэй үнийн талаар тохиролцоонд хүрээгүй учир Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2.-т зааснаар шинжээчээр үнэлүүлэхэд 332 600 000 төгрөгөөр үнэлж тогтоосон.

Шийдвэр гүйцэтгэх албанаас анхны албадан дуудлага худалдааны үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу 70 хувь болох 232 820 000 төгрөгөөр тогтоон дуудлага худалдаанд оруулахаар манайд болон төлбөр төлөгч ХХ-д мэдэгдсэн. Үнийн санал ирээгүй учраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-т зааснаар үнэлгээг 50 хувь болох 166 300 000 төгрөгөөр үнэлж 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах болсон талаар 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1498 тоот албан бичгээр мэдэгдэл өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон шинжээчийн үнэлгээ хууль зөрчөөгүй. Төлбөр төлөгч нь төлбөрөөс ямар нэгэн төлөлт хийгээгүй манай байгууллагыг хохироож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгосон доод үнэ болох 166 300 000 төгрөгийн үнэлгээг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд томилогдсон шинжээчийн тогтоосон 332 600 000 төгрөгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны 232 820 000 төгрөгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2016/0642 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

ХХХХ ХХ-ийн өмчлөлийн ХХХХХХХ дүүргийн ХХ-р хороо ХХХХХХХХХХХХХ тоот 170 м.кв орон сууцыг 332 600 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй орон сууцыг 232 820 000 төгрөгийн үнэлгээгээр анхны дуудлага худалгаанд үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 166 300 000 төгрөгөөр зах зээлийн ханшаас хэт бага үнэлж дуудлага худалдаанд оруулах гэж буй нь өмчлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. ХХХХ нь албадан дуудлага худалдааны коммисоор шийдвэрлэж үнэлгээ бууруулах ёстой атал ахлах шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг тогтоож бууруулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Төлбөр авагч “ХХХ” ХХК үнэлгээний саналыг төлбөр төлөгчид танилцуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх үүрэггүй гэж дүгнэн шинжээч томилон үнэлгээг тогтоосон нь зөв гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХнь ХХХХ-д холбогдуулан ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот, 170 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 332 600 000 төгрөгөөр үнэлсэн “ХХХ” ХХК-ийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд санал болгосон 232 820 000 төгрөгийн үнэлгээ, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар санал болгон 166 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тус бүрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргаж, төлбөр авагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж тайлбарласан болно.

 

ХХХХ нь ХХ-оос 205 329 826 төгрөг гаргуулж “ХХХ” ББСБ-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн ХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХ тоот, 170 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, улмаар албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах, шинжээч томилон үнэлгээ тогтоох зэрэг ажиллагааг явуулсан үйл баримт тогтоогдсон талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.                                                                                  /хх-ийн 5-6, 27-29 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн дурдаж буй “төлбөр төлөгч, төлбөр авагч талуудыг үнэлгээний талаар тохиролцуулах ажиллагаа явуулаагүй, орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ХХ-д орон сууцны үнийн санал ирүүлэхийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн, өмчлөгч 680 000 000 төгрөгөөр, төлбөр авагч 300 000 000 төгрөгөөр үнэлэхээр харилцан адилгүй, зөрүүтэй санал ирүүлсэн байна. Иймд үнийн талаар талуудыг тохиролцуулах ажиллагааг хийгээгүй гэж үзэхгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар ХХХХ “ХХХХ” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоох үүргийг даалгасан.                                                                        /хх-ийн 32, 34-37, 50, 51 дүгээр тал/

 

Тухайн үнэлгээчин уг орон сууцны зах зээлийн үнийг 332 600 000 төгрөгөөр тогтоосонд үндэслэн албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг зохих хувиар бууруулсан ажиллагааг шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсгийн заалттай нийцүүлэн дүгнэсэн байна. Үнэлгээчний тогтоосон энэхүү үнийн талаар төлбөр төлөгчид 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн нь нэхэмжлэгч ХХ-ийн  гарын үсэг бүхий баримтаар тогтоогджээ.

 

Харин дээрх үнэлгээний тайлангаар орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэгч маргаж байгаа боловч тэрээр уг үнэлгээтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу ямар нэгэн гомдол гаргаагүй байна. Мөн өөрийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА