Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0417

 


“Д г э” хоршооны

 гомдолтой зөрчлийн хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Ц, хариуцагч улсын байцаагч Г.Г нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2019/0016 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Д г э” хоршооны гомдолтой, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Г-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2019/0016 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Д г э” хоршооны Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Г-ын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0066075 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Д г э” хоршооны өмгөөлөгч Ж.Ц давж заалдах гомдолдоо: “...төлөвлөгөөт шалгалт хийх талаар хоршооны захиралд албан ёсоор мэдэгдэж, гарын үсэг зуруулаагүй ба 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шалгалт хийж байгаа талаар мэдэгдэж, тайлбар авч тэмдэглэл хөтөлсөн. Үүнээс хойш хариуцагч нь нэхэмжлэгч рүү материалыг чинь шүүх рүү явуулсан гэж нэг удаа ярьсан байдаг. Харин 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 19300000101 тоот зөрчлийн хэрэг үүсгэн тогтоол үйлдсэн байх ба тогтоолтой танилцуулаагүй, Зөрчлийн тухай хуулийн аль зүйл, заалт, хэсгээр хариуцлага тооцож, ямар шийтгэл оногдуулсан тухай шийдвэрээ мэдэгдэж танилцуулаагүй зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Хариуцагчийн гэрчээр мэдүүлэг авсан Л.Мөнх-Ундрал нь тус хоршооны орон тооны ажилтан биш. Б.Г-ы эхнэр бөгөөд гэрчээр асуусан мэдүүлэг нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокурорт гомдол гаргаж болохоор заасан боловч нэхэмжлэгч болон өмгөөлөгчид гомдол гаргах боломж олгоогүй, зөвхөн нэг удаа тайлбар авснаар зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэл ногдуулсан нь уг хуулийг ноцтой зөрчсөн байгаа нь харагдаж байна. Хариуцагч нь оролцогчдод хүсэлт гаргах боломжийг олгоогүйн улмаас төрөл садангийн хүнээр хэрэг бүртгэлийг удирдуулан ажилласан зөрчил гаргасан байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17/15 дугаар[1] удирдамжийн дагуу гомдол гаргагч “Д г э” хоршооны үйл ажиллагаанд мөн оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүрэлдэхүүнтэйгээр хяналт, шалгалтыг[2] хийжээ.

Уг шалгалтаар тус газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Г нь ““Д г э” хоршоо 2018 оны 07-10 дугаар сарын хоорондох цалин хөлсний цэсээр нийт 19.760.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 17.640.000 төгрөг, зөрүү 2.120.000 төгрөгийн цалин, хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцоогүй зөрчил илэрсэн” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж[3], улмаар 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 0066075 дугаартай шийтгэлийн хуудсаар[4] гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна”, 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:”, уг хэсгийн 1 дэх заалтад “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;” 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж тус тус зааснаас үзвэл өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс албан журмаар нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр суутган тооцож байхаар зохицуулжээ.

Гомдол гаргагч “Д г э” хоршоо нь зарим ажилтнаас тодруулбал, Ч.Энхжаргал, П.Ганзориг, А.Хүрэлтулга, С.Оюун, П.Ганзориг нарын цалингаас албан журмаар нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцоогүй нь “Д г э” хоршооны 7[5], 10[6] дугаар сарын цалингийн цэс, тус хоршооны 2018 оны 07, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан[7], банкны хуулгаар[8], Г.Мартад 10 дугаар сард 500.000 төгрөгийн цалин олгосон гэж цалингийн хүснэгтэд бичсэн атлаа нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын 10 дугаар сарын тайланд 240.000 төгрөгийн цалин авсан гэж бүртгэн холбогдох суутгалыг хийсэн нь дээрх баримт болон гэрчийн мэдүүлгээр[9] тус тус тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуусан, эсхүл худал мэдүүлсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд гомдол гаргагч нь нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг худал мэдүүлсэн буюу зарим ажилчдын цалингаас албан журмын нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцоогүй, авсан цалингаас зөрүүтэйгээр нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайланд тусгаж мэдүүлсэн болох нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Г-ын 2019 оны 0066075 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 19300000101 тоот зөрчлийн хэрэг үүсгэн тогтоол үйлдсэн байх ба тогтоолтой танилцуулаагүй, Зөрчлийн тухай хуулийн аль зүйл, заалт, хэсгээр хариуцлага тооцож, ямар шийтгэл оногдуулсан тухай шийдвэрээ мэдэгдэж танилцуулаагүй, ...гомдол гаргах боломж олгоогүй” гэж дурдсан ба Б.Г-д 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлэг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, үүргийг танилцуулж, гарын үсгийг зуруулсан байх бөгөөд зөрчлийн хэрэг үүсгээд холбогдогчоос буюу өөрөөс нь мэдүүлэг авсан гэдгийг мэдсэн гэж үзэхээр байх тул хуульд заасан эрхээр хангаагүй гэх үндэслэлээр дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохооргүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2019/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Д г э” хоршооны өмгөөлөгч Ж.Ц-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-23 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-35 хуудас

[3] Хавтаст хэрэг 19 хуудас

[4] Хавтаст хэрэг 49 хуудас

[5] Хавтаст хэрэг 52 хуудас

[6] Хавтаст хэрэг 55 хуудас

[7] Хавтаст хэрэг 56, 59 хуудас

[8] Хавтаст хэрэг 81, 83 хуудас

[9] Хавтаст хэрэг 41 хуудас