Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2016/00398

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Ны Сыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгөхийг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.С нь 2014 оны 12-р сарын 02-ны өдөр Х банкны Баян-Өлгий салбарын Ховд гол тооцооны төвөөс 3250347 төгрөгийн тэтгэврийн зээлийг 18 сарын хугацаатайгаар жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч манай банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж байна. Банкны ажилтнууд зээлийг төлүүлэх талаар зээлдэгчтэй холбоо барих гэтэл зээлдэгчийн оршин суугаа газар хаяг тодорхойгүй Ха байгаа нь мэдэгдэхгүй байна. Банкны зүгээс Н.Сын оршин суугаа газрыг тодорхойлохын тулд өөрийн боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч хаягийг тодруулж чадаагүй байгаа тул зээлдэгч Н.Сыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч С нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Ховд гол тооцооны төвөөс 3250347 төгрөгийг 11 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч банкнаас авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлөхгүй зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж байна. Банкны ажилтнууд зээлийг төлүүлэх талаар зээлдэгчтэй холбоо барих гэтэл зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, Ха байгаа нь мэдэгдэхгүй байна. Банкны зүгээс зээлдэгч Сын оршин суугаа хаягийг тодруулах өөрийн боломжит бүх арга хэмжээг авсан ч хаягийг нь тодруулж чадаагүй байгаа тул зээлдэгч Сыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь Н.Сыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгөхийг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнээд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Н.С нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай 2014 оны 12-р сарын 02-ны өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 18 сарын хугацаатай сарын жилийн 18 хувийн хүүтэй өмнө авсан зээл дээр нэмж 2873300 төгрөгийн зээл, нийт 3250347 төгрөгийн зээл авч хугацаанд төлж байсан нь хэрэгт авагдсан Тэтгэврийн зээлийн гэрээгээр нотлогдож байна. Улмаар зээлийн хугацаа хэтэрсэн учир банкны зүгээс зээлдэгчээс Тэтгэврийн зээлийн гэрээний 4.1.1-д зааснаар үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч Н.С нь оршин суугаа хаягтаа байхгүй байсан тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд ханджээ.

Зээлдэгч Н.С нь оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Өлгий сумын 9-р багийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байх тул Н.Сыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Н.Сыг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах-ыг хүссэн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ж овогт Ны Сыг /РД:*****/ эрэн сурвалжилсугай.

2. Н.С нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар багт /Өлгий сумын 9-р багт түр оршин сууж байсан/ оршин сууж байсан болохыг дурьдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Н.Сыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг нь тогтоохыг Зургаадугаар тойргийн Тахарын албаны Баян-Өлгий аймаг дахь хэсэгт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН