Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2016/00400

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, Ш овогт Нийн Сгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 17533458 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би энэ салбарт олон жил ажилласан. Төрд ажилласныхаа төлөө иргэний эрхийн дагуу төрөөс авах тэтгэмжийн мөнгө авч тэтгэвэрт гарах тухай хүсэлтээ гаргасан. 2015.08.05-ны өдөр тэтгэвэрт гарч тэтгэмжийн мөнгө авах ёстой байсан. Гэхдээ тухайн үед олгож чадаагүй. 2016 оны 01 дүгээр сард тэтгэмжийн мөнгө өгнө гэсэн байхгүй, 03 дугаар сард өгнө гэсэн байхгүй одоо хүртэл өгч чадахгүй сунгагдаад явж байгаа. Хариуцагчаас төсвийн задаргаанд 7 дугаар сард олгоно гэж өгсөн байна. Би тухайн үед энэ задаргааг харж байгаагүй. 7 дугаар сард үнэхээр өгч чадахаар юм бол би нэхэмжлэлээсээ буцаж болох байсан. Гэхдээ би хариуцагч талд найдахгүй байна. Тийм учраас авах ёстой мөнгөө шүүхийн шийдвэр гаргуулж байж авах, мөн хариуцагч талаас энэ асуудлыг дээд шатны байгууллагад асуудал тавьж хөөцөлдөхөд шүүхийн шийдвэр хэрэгтэй учраас шүүхэд ийм асуудал тавьж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Н.С гуай 2015.11.01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Түүнийг өндөр насны тэтгэвэрт гарсныг баталж ажлаас чөлөөлсөн тушаалд тэтгэмжийн мөнгийг нь 2016 оны төсөвт тусгаж өгөх тухай тодорхой заасан. Тэгээд 2016 оны төсөвт нэхэмжлэгчийн тэтгэмжийн мөнгө тусгаад 07 дугаар сард олгогдохоор болсон. Энэ нь УИХ-аар баталсан төсөв шүү дээ. 07 дугаар сард олгоё гэж байна. Тэгэхэд 300,000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Тооцоог бол нэг жилийн өмнө гаргаад өгчихдөг. 08 дугаар сард тэтгэвэрт гарах ёстой байсан. Гэхдээ 11 сар хүртэл ажилласан. Харин бид төсөвт суулгасан тэтгэмжийн мөнгийг 08 дугаар сарын байдлаар тооцож суулгасан байгаа. Уг хугацаанаас болж жоохон зөрүү гараад байх шиг байна. Хэрэв зөрүүг авна гэвэл бид уг зөрүү мөнгийг нь 2017 оны төсөвт суулгаж өгч олгож болно. Энэ жилийн төсөвт зөрүү мөнгө нь тусгагдаагүй. Энэ жилийн төсвийн тооцоог урьд жилд гаргаад өгсөн. Энэ жилийн төсвийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан байсан. Харин нэмэлт зөрүү мөнгийг 2017 оны төсөвт суулгаж өгч олгоно л доо. Ийм л жоохон 300,000 төгрөгийн зөрүү гараад байх шиг байна. Харин миний гаргасан тооцоогоор тэтгэмжийг одоо олгоно. 07 дугаар сард олгох хуваарьтай гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газраас тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 17533458 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Н.С нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 11 сарын 25-ний өдрийн Б/22 дугаартай Н.Сйг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн Уул уурхай, нөхөн сэргээлт, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.С тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Стай холбогдох тооцоог хийж, тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийг 2016 оны төсвийн тодотголоос тооцож олгохыг нябо /Х.Е/-д даалгасан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е нь Төрийн албан хаагчид ажилласан жилд нь тооцож олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн тэтгэмжийн мөнгийг Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор тооцож 17231157 төгрөг олгох болно. Н.Сд олгох 17231157 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-аар батлагдаж 2016 оны 07 дугаар сард олгогдохоор төсөвт суусан тул үүнээс өмнө олгох боломжгүй байгаа болно гэж шүүхэд тайлбар гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, гэвч тэтгэмжийн үнийн дүнгийн зөрүү гарч байна гэж тайлбарласан боловч хариуцагч энэ талаарх үгүйсгэсэн нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй, зохигчид маргасан болно.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар нь мэргэжилтэн Н.Сгийн тэтгэвэрт гарах хугацааг 2015 оны 08 сарын 05-ны өдөр гэж тооцож байсан нь хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 онд тэтгэвэрт гарах албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тооцоогоор нотлогдох боловч нэхэмжлэгч Н.С нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын даргын 2015 оны 11 сарын 25-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нь нотлогдож байна.

Нэгэнт нэхэмжлэгч Н.С нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын даргын 2015 оны 11 сарын 25-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх тул уг хугацааг ажилласан хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй ба Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэсний дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх үүсч байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.С нь төрийн жинхэнэ албан хаагчид олгох нийт ажилласан жилээр тооцож олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн 17533458 төгрөгийг авах ёстой гэх боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид 245617 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын санхүүгээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын санхүүгээс нэг удаагийн буцалтгүй тусламж 17533458 /арван долоон сая таван зуун гучин гурван мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын санхүүгээс 245617 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН