Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/55

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Б Бт холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч:  Ч овгийн Бн Б /РД:а/  

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр иргэн Х.Г бага байхад зоддог байсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгой, гар орчим нь хутгалж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

          Хохирогч Х.Гөгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би хөдөө гэрээсээ сумын төв рүү орж малын эмч Бтай уулзсан. Быг дагуулан явж өөрийн малыг угаалгахаар болсон. Өдөр 11 цагийн үед Быг машиндаа суулгаад ус авахаар худаг руу явж байх замдаа Бэй худгийн ойролцоо таарсан. Б Б хандан  өдрийн 25000 төгрөгийн хөлстэй надад туслаад айлын мал угаах уу гэж асуухад Бзөвшөөрсөн. Би хадаж ээж Хажид болон Б, Б нарыг машиндаа суулгаад Бодонт руу 15 цагийн үед гарцгаасан. Замдаа Хархираа гэх газар Б, Ббид гурав 0.5 литрийн ерөөл архи 2 шилийг ууцгаасан. Архи ууж дуусгаад Олзодын өвөр гэх газар машинаа бариад явж байх үед гэнэт араас үзүүртэй юмаар толгой хэсэг рүү хатгах шиг болсон. Би машинаа зогсоогоод буутал араас Б бууж ирээд Б намайг гарын бугалга хэсэг рүү хэд хэдэн удаа хутгаар хатгасан. Би Б хандан чи яаж байна гэж хэлэхэд Бнадад хандан би уурандаа таныг хутгалчихлаа гэж хэлсэн. Энэ үед Б буугаад Б бид хоёрыг салгаад, Бхутгыг аваад машиндаа суулгасан. Би Б өс санасан зүйл байхгүй. Би Б бага байхад нь өөрийн малаа маллуулж байсан. Тухайн үедээ загнах зандрах асуудал байсан л байх. Түүнд Бнадад юм санаад явж байсан байж магадгүй. Би тухайн үед жолоо бариад явж байсан. Бжолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Бхадам ээж Хажид хоёр машины хойд талын суудал дээр сууж явсан. Би Б гомдол санал байхгүй. Бнадад эмчилгээний зардал болох 300.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/ 

 

          Гэрч Ц.Б өгсөн: ...тухайн үед ажилдаа туслуулахаар Б гуйж авч явсан. Гийн машинд хадам ээж нь сууж явсан, өөр хүн байгаагүй, дөрөвүүлээ явсан юм. Бид нар сумын төвөөс эрүүл гарч яваад Банзантай зам дээр таарч 1 шил архи гаргаж хувааж уугаад цааш явсан. Тэгээд ванны хажууд очихоор явж байтал гэнэт зогсоод Г, Б 2 машинаас буугаад барьцалдаад авахаар буугаад салгах гэж очих хооронд Бнь Гийг хутгалчихсан. Зүүн мөр рүү нь таван удаа, толгойн ар хуйханд нэг удаа хутгалсан байсан. Тэгээд би салгаад Г ах  ноцолдож байхдаа хутгыг нь унагаасан байсан. Тэгтэл Б нь зугтаагаад холдоод яваад өгсөн, дахиж уулзаагүй. Г толгойн араас их хэмжээний цус гараад байсан учраас багийн эмч дуудаад эмнэлгийн тусламж авч сумын төв рүү явсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Машин дотор ямар ч хэрүүл маргаан болоогүй. Эхлээд машинаас буухаас өмнө юу болсон талаар мэдээгүй. Гэнэт л яаж байгаан гээд бууцгаасан. Юунаас болсон талаар мэдэхгүй. Өмнө нь Б Гийн малыг харж байсан юм шиг байна билээ, тэр үедээ муудалцаад, түүнээсээ болоод архи уусан үедээ хутгалсан юм шиг байсан. Тийм утгатай юм яриад байсан. Тэр хутга нь Бөөрийнх нь хутга байх, хэзээ хаанаас авсан талаар мэдэхгүй. Б ямар зорилгоор Г хутгалсан талаар мэдэхгүй байна. Г ах хааяа архи уучихдаг янз бүрийн зангүй, Б өмнө нь нэг удаа хамт ажилдаа дагуулж явж байсан. Мөрөөрөө залуу байгаа юм...би тухайн үед машин дотор Б Гийн араас ар дагз хэсэг рүү нь хутгалахыг хараагүй. Гэнэт Г машинаа зогсоогоод буусан. Бараас нь буугаад Г руу дайраад  хутгаар мөр, гар хэсэг рүү нь хэд хэдэн удаа хутгалсан. Би машинаас буугаад Б дээр очоод хутгыг нь салгаж аваад Б холдуулж байгаад Гийн цус гарч байгаа хэсгийг хөлийн ороолтоор ороож боосон. Уг хутгыг Б өөрийнхөө биед авч явсан хутга. Ямар зорилгоор авч явсан талаар би мэдэхгүй. Г, Бнар сумын төвд уулзахдаа хэрэлдэж муудалцаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу, 23-24 хуу/ 

 

Гэрч Ө.Он өгсөн...Б даруухан архи дарс уугаад зөрчил гаргаад байдаггүй залуу байгаа юм. Бөөрийн гэх малгүй. Тэр өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдээд шүүхээс тэнсэн харгалзах ял авч байсан. Уг ялын хугацаа нь дуусаагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

 

Гэрч Б.Он өгсөн...Би нөхөр Бэй 2015 онд танилцаж нэг гэр бүл болсон. Тэрнээс хойш нөхөртэйгээ 3 жил амьдарч байна. Бнь үг дуу цөөнтэй даруухан. Хүний үгээр байдаг хүн байгаа юм. Хүнтэй хэрүүл зодоон хийгээд байдаггүй, хүнд их тус ч хүн байгаа юм. Бүйлдсэн гэмт хэргийн талаар тухайн үедээ мэдээгүй. Түүнийг аймгаас цагдаа ирж авах үед Х гэх залууг хутгалж, гэмт хэрэг үйлдсэн байна гэж мэдсэн. Бнь өмнө нь 2015 он билүү 2016 онд С, А, Т гэх хүмүүстэй малын хулгайн хэрэг үйлдээд шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан бөгөөд одоо уг тэнсэн харгалзах ял дуусаагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28  хуу/

 

Гэрч А.Ц өгсөн...Миний хүү Б нь даруунхан хүнд тусархуу зантай, архи дарс нэг их уугаад байдаггүй, их хүмүүжил сайтай хүүхэд байгаа юм. Би Б хүн хутгалж, зодсон талаар сүүлд мэдсэн. Тухайн үед юу болсон талаар мэдэхгүй. Бнь өмнө нь хулгайн гэмт хэрэгт нэг удаа орж байсан. Одоо тэнсэн харгалзах ял нь дуусаагүй байгаа. Өмнө нь хэрэг үйлдсэн үедээ их засарч байсан, архи уусан үедээ ийм хэрэг үйлдсэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

 

Гэрч Т.О өгсөн...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд жижүүр сувилагч байсан. Г ах 20 цаг 30 минутад манай эмнэлэг дээр хүнд хутгалуулчихлаа гэж ирсэн. Ирэхээр нь үзлэг хийхэд биеийн байдал дунд зэрэг шилэн хүзүүнийхээ дээд хэсэгт ойролцоогоор 6 см орчим зүсэгдсэн шархтай, мөн зүүн гарын булчин дээрээ хэд хэдэн удаа зүсэгдсэн шархтай байсан. Уг шархнуудын хоёр нь доороосоо дээш чиглэлтэй хатгагдсан шархтай байсан. Г ахын шархыг цэвэрлэж ариутгаад оёдол тавьсан. Мөн өвчин намдаах тариа болон бусад хэрэгтэй шингэнүүдийг залгасан. Уг өдөр нь эмнэлэгт хэвтүүлсэн. Г ах манай эмнэлэгт хэвтэж байгаад биеийн байдал нь сайжраад гарсан. Тухайн үед Г ахаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34  хуу/

Б.Б яллагдагчаар өгсөн: ...миний үйлдэлд тохирч байна. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр айлд хөлсөөр мал нядлах гээд гэрээсээ хутга авч, гутлынхаа түрүүнд хийгээд явж байтал мал эмнэлгийн Бах, Г ах хоёр Г ахын ачааны машинтай явж байгаад надтай таарсан. Бах надад хандан чи надтай цуг яваад, айлын мал угаагаадах, нэг өдрийн 25.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Би Г ахын машинд суугаад, Г ах, Гын хадам ээж мөн Бах бид дөрөв Бодонт баг руу явсан. Замдаа ерөөл гэсэн бичигтэй 0.5 литрийн хоёр шил архийг Г ах, Бах бид гурав хувааж уусан. Бодонтын гол гэх газар явж байхад Г ах надад хандан чи муу бага байхдаа миний малыг харахдаа их дутаадаг байсан. Одоо ч гэсэн ажил муутай хэвээрээ зэргээр надтай хэрэлдсэн. Тэрнээс болж бид хоёр муудалцаад, Г ахыг машинд явж байхад нь би түрүүн дэх хутгаараа Г ахын хүзүү рүү нэг удаа хатгасан. Тэгтэл Г ах машинаа зогсоогоод чи намайг хутгалчихлаа гээд машинаас буусан. Би Г ахын араас буугаад хутгаараа гар руу нь хэд хэдэн удаа хатгасан. Тухайн үед нилээн согтсон байсан болохоор өөр зүйл санахгүй байна. Би бага байхдаа Г ахынд хөлсөөр мал хардаг байсан. Мал маллаж байхад, намайг хааяа зоддог байсан. Би тэрэнд нь жаахан дургүй хүрдэг байсан. Өөр бид хоёрт муудалцах, хэрэлдэх шалтгаан байхгүй. Би Г ахад өс хонзон санадаггүй.  Г ах намайг цохиж, зодоогүй. Би л Г ахыг хутгаар хэд хэдэн удаа хатгасан. Уг асуудал Г ахын машин дотор болсон бөгөөд Г ахын хадам ээж,  Б, Г ах бид дөрөв байсан. Би шинжээч эмч Б.О 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 452 тоот дүгнэлттэй санал нийлж байна. Би 2016 оны 11 дүгээр сард гурван хүний хамтаар айлын аргамжаатай морь хулгайлж, уг хэргээрээ 2017 оны 01 дүгээр сард Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж, 2 жил 6 сарын тэнсэн харгалзах ял авсан юм. Одоогоор миний тэнсэн харгалзах ял дуусаагүй байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Г ахад эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг өгсөн. Одоо Г ах надад гомдолгүй гэж хэлсэн...мөн би 2013 онд айлын 4 ямааг 3 хүний хамт хулгайлж, уг хэрэгт бас 1 жилийн  тэнсэн харгалзах ял авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 хуу, 85 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 452 дугаартай дүгнэлт:

1. Х.Г биед толгойн ар хэсэгт хуйханд нэг зүсэгдсэн шарх, зүүн бугалганд гадна дээд хэсэгт 5 ширхэг зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.  

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг 

түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна.   

3, 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх

дүгнэлт /хх-ийн 37 хуу/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 3 хуу/

Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-7 хуу/

Х.Гэмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн гэх баримт / хх-ийн 38-45 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57 хуу 90 хуу/  

Б.Биргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 58 хуу/

Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59-60 хуу/ 

Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/  

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 65-72 хуу/ 

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 74-75 хуу, 86-87 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Гбага байхад зоддог байсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгой, гар орчим нь хутгалж, толгойн ар хэсэгт хуйханд нэг зүсэгдсэн шарх, зүүн бугалганд гадна дээд хэсэгт 5 ширхэг зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

Шүүгдэгч Б.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Х.Г, гэрч Ц.Б, Ө.О, Б.О, А.Ц, Т.О нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 452 дугаар дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.   

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.Г хутгалж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн толгойн ар хэсэгт хуйханд нэг зүсэгдсэн шарх, зүүн бугалганд гадна дээд хэсэгт 5 ширхэг зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 452 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.      

Аймгийн Прокурорын газраас Б.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Б.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Хохирогч Х.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгч Б.Б300.000 төгрөг авсан талаараа мөрдөн байцаалтын үед, мэдүүлэг өгөхдөө /хх-ийн 13 хуу/ гомдол саналгүй талаараа мэдүүлэг өгсөн байгаа тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Харин шүүгдэгч Б.Бнь өмнө нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнссэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Б эдлээгүй үлдсэн 9 сар 24 хоногийн хорих ялыг нэмж эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга нэг ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.5, 1.8, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                       ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ч овгийн Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Б.Бнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга нэг ширхэгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 24 хоногийн хорих ялыг энэ шүүх хуралдаанаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 1сарын хорих ялыг нэмж шүүгдэгч Б.Б 10 сар 24 хоногийн хорих ял оногдуулсугай. 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Б оногдуулсан 10 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ