Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00513

 

 

 

 

 

 

             

      2024          03             15                                            210/МА2024/00513

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03872 дугаар шийдвэртэй,

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Н, Г.Ш нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 100,863,676 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцалтөгс нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. М ХХК нь Г.Ш, Г.Н нартай 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 20210961 тоот зээлийн гэрээг байгуулж, 65,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлж, Г.Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай Х дүүрэг, *** хороо, *** байр, ** тооттоот хаягт байршилтай 67,6 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1.2. Г.Ш, Г.Н нар нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *** тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулан 28,700,000 төгрөгийг нэмж олгон гэрээний хугацааг 4 сараас сунгасан.

Дээрх зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн гэрээний үлдэгдэлтэй байсан.

1.3. Иймд Г.Ш, Г.Н нараас үндсэн зээлийн үлдэгдэл 65,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 31,131,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,732,000 төгрөг, нийт 100,863,676 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч Г.Шын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Г.Ш, Г.Н нар М ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр **** тоот зээлийн гэрээ байгуулан 65,000,000 төгрөгийг 1 сарын 2,8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлж авсан. Уг зээлээс Г.Ш 30,000,000 төгрөг авсан, Г.Н өөрөө болон аав Ц.Г-ын дансаар 39,400,000 төгрөг, нэмэлт зээлээс бас тодорхой мөнгийг авсан.

2.2. М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 65,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 31,131,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,732,000 төгрөг, нийт 100,863,676 төгрөг нэхэмжилж байгаа хүүг хэрхэн тооцож гаргасан нь эргэлзээтэй.

Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дахин нарийвчлан тооцож гаргасны дараа нэхэмжлэгч М ХХК-тай харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.

 

3. Хариуцагч Г.Н-ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Г.Н-ын аав Ц.Гнь Г.Шын нэр дээр байраа барьцаанд тавиад зээл гаргаад өгчих найдвартай, итгэл даах хүн гэх мэтээр ятгаж, итгэл төрүүлэн М ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ****  тоот зээлийн гэрээг байгуулахад хариуцагч Г.Н нь хамтран зээлдэгчээр орж 65,000,000 төгрөгийг зээлсэн.

Хариуцагч Г.Ш авсан зээлээ төлөөд явж байх хугацаанд зээлийг сунгаж аваад удахгүй төлж дуусгана гээд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М ХХК-д дахин зээлийн хүсэлт гаргаж 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ****  дугаартай зээлийн нэмэлт гэрээг байгуулан 28,700,000 төгрөгийг мөн Г.Ш өөрийн дансаар авсан. Ч.Ш болон өөрийн эцэг Ц.Г-тай холбогдож зээл төлж байгаа талаар асууж, хурдан дуусгах талаар удаа дараа шаарддаг байсан бөгөөд асуудалгүй төлж байгаа санаа зоволтгүй гэдэг байсан.

Хариуцагч Г.Н нь 2023 оны 03 дугаар сар хүртэл Монгол улсад байсан бөгөөд энэ хугацаанд М ХХК-с барьцаанд байгаа хөрөнгө болох хариуцагч Г.Н-ын Х дүүрэг, ***  дүгээр хороо, *** дугаар байр, *** тоот хаягаар нэг ч удаа мэдэгдэл ирж байгаагүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Ш, Г.Н нараас 91,053,220 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,810,456 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ш, Г.Н нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Г.Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж, 205 дугаар байр, 26 тоот хаягт байрлах, 67.6 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 732 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ш, Г.Н нараас 683 416 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Г.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Хариуцагч Г.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 12 цаг болох шүүх хурал нь тус хэргийн шүүх хуралтай давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй хариуцагч нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

 Хэрэгт авагдсан нотлох баримт дутуу, талуудын гаргасан хариу тайлбар хоорондоо зөрүүтэй, тухайн зээлийн гэрээний үндсэн дээр зээлсэн мөнгийг хариуцагч нар хэрхэн авсан нь нотлогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүр хэд хэдэн хувиар төлж барагдуулах нь тодорхойгүй байхад хариуцагч нарыг эзгүйд хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тайлбарлах, талуудын мэтгэлцэх зарчмаар хангаагүй нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

5.2. Хариуцагчиас Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцохоор мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дэлгэрэнгүй задаргааг нэхэмжлэгчээс гаргуулах, хариуцагч Г.Шын дансны хуулгыг гаргуулах тухай хүсэлт гаргахаар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14:30 цагийн шүүх хуралд 8 минут хоцорч очиход шүүх хурал хүсэлт шийдвэрлэн завсарлаж байсан бөгөөд хуралдаанд оролцох гэсэн боловч хэргийн оролцогчдыг оруулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргах, мэтгэлцэх, мөн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хуульд заасан эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

5.3. Хариуцагч Г.Ш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дахин нарийвчлан тооцож гаргасны дараа нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэх боломжтой гэх тайлбарыг гаргасан боловч зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон дэлгэрэнгүй задаргаа хэргийн материалд авагдаагүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д “эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах” гэж заасан. Анхан шатны шүүх талуудын эвлэрэн хэлэлцэх боломжийг хангаагүй.

5.4. Хариуцагч Г.Н нь М ХХК, Г.Ш нарын хооронд  байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон боловч зээлийн мөнгөн хөрөнгийг Г.Ш авсан ба хэрхэн яаж захиран зарцуулсан нь тодорхойгүй.

Хариуцагч Г.Н тухай мөнгөнөөс авсан эсэх нь нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч Г.Ш, Г.Н нараас 91,053,220 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Г.Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй. Х дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 67.6 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь өмчлөгч Г.Н-ын эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой, өмчлөх эрхийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Г.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г.Ш, Г.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,863,676 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. М ХХК ХХК нь Г.Ш, Г.Н нартай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ****  дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК ХХК нь 65,000,000 төгрөгийг, 4 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, Г.Ш, Г.Н нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, зээлийн гэрээнд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хэмжээг 28,700,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үндсэн төлбөрөөс 3 сар чөлөөлөх өөрчлөлтийн оруулсан, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Дээр дурдсан зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

5. Зээлийн гэрээнд Г.Н гарын үсэг зурсан, хүсэл зоригийг илэрхийлсэн учир Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр юм. Иймд Н.Ч, Г.Н нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Хариуцагч Г.Н-ыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй тул түүний итгэмжлэгдсэн төлөлөгчийн холбогдох давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй болно.   

 

6.  Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ш, Г.Н нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 58,855,255 төгрөг, зээлийн хүүд 27,825,965 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,372,000 төгрөг, нийт 91,053,220 төгрөгийн хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. 

 

7. М ХХК ХХК болон Г.Ш, Г.Н нар 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ****  дугаартай  барьцааны гэрээ байгуулж, Г.Н-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Х дүүрэг, *** дүгээр хороо, *** байр, *** тоот хаягт байршилтай, 67,6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

7.1. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэж, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч М ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна. Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр Г.Н-ын өмчлөх эрхийг зөрчсөн гэх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

8.1. Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Г.Ш, Г.Н нарт холбогдох нэхэмжлэлийг шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2023/09744 дугаар захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

8.2. Анхан шатны шүүх хариуцагч Г.Н-т 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, Г.Ш-д 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэлийг гардуулж, тэдгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар шүүх тайлбарлан өгчээ.

8.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/17071 дугаар захирамжаар  хэргийн материалтай танилцах тухай хариуцагч Г.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Р-н гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

8.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/19241 дугаар захирамжаар  шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагч Г.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тын хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

8.5. Дээрхээс дүгнэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар үргэлжилсэн бөгөөд уг хугацаанд хариуцагч нар нь хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх, тайлбар татгалзалаа хэрэгжүүлэх, нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх эрх нь нээлттэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан, эвлэрэн хэлэлцэх эрхээр хангаагүй гэх хариуцагч Г.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг давж заалдах шүүх бүрэлдэхүүн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Наас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613,216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА