Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00405

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Булган сумын ** дугаар багт оршин суух, РД:***********С овогт Ан Ний хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
                         ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын “С” нэгдэлд 1972 оны 6 дугаар сарын 3-аас эхлэн 1974 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл мод бэлтгэгчээр, 1979 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн 1983 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган сумын Улаагчин бригадад хоньчин, Баян-Өлгий аймгийн Булган сумын “Ёлт” бага сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 01-ээс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгчээр ажилласан болохыг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч А.Н шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие 1972 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Ёлт туслах бригадад мод бэлтгэгчээр 1974 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1979 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн Булган сумын Улаагчин бригадад хоньчиноор, 1983 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1985 оны 1-р сарын 1-ээс эхлэн “Ёлт” бага сургуулийн дотуур байрны жижүүрээр, 1992 оноос тус сургуульд 1994 оны 1 дүгээр сар хүртэл хүмүүжүүлэгчийн ажлыг хийсэн болно. Тухайн үед ажилд орсон, ажлаас гарсан зарим бичиг баримтууд байгаа боловч тухайн хугацаанд ажиллаж байсан холбогдох албан тушаалтан нь санхүү болон бусад холбогдолтой материалуудыг архивт шилжүүлэн хүлээлгэж өгөөгүй байна. Иймд миний бие “Ёлт”-ын туслах бригадад 1972 оны 6 дугаар сарын 3-аас эхлэн 1974 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл мод бэлтгэгчээр, 1979 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн 1983 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган сумын Улаагчин бригадад хончиноор, “Ёлт” бага сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 01-ээс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгчээр ажилласаныг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Ний гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, Булган сумын Ёлтын бага сургуулийн баримтыг архивд шилжүүлээгүй тул А.Нд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 332 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар хүсэлт гаргагч А.Ний ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд: 
- А.Нийг Баян-Өлгий аймгийн Булган сумын “С” нэгдлийн даргын 1979 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01 дугаартай тушаалаар Улаагчин бригадад  хончиноор томилсон тухай 1970 оны 1581 дугаартай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрийн 8-9 дүгээр хуудсанд бичилт хийж, нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан байна. Мөн уг Хөдөлмөрийн дэвтэрийн 22-23 дугаар хуудсанд А.Ний 1979 оны 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл, 1980 оны 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийж тэмдэг дарж баталгаажуулсан байна. 
- А.Нийг Баян-Өлгий аймгийн Булган сумын “С” нэгдэлийн Ёлт бригадын мод бэлтгэгчээр томилсон нь тус нэгдэлийн даргын 1972 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай “Ажилд хуваарилан томилох тухай” тушаал болон уг тушаалын хавсралтаар, 
- Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Булган сумын “С” нэгдэлийн Улаагчин бригадын хөдөлмөрийн хөлсний 70 дугаар данснаас  А.Ний 1981 оны 1, 3, 5, 10, 11, 12 саруудад, мөн 1983 оны    1-9 дүгээр саруудад цалин хөлс авч байсан байдал /Х№36, Д№03, ХН№11, мөн Х№36, Д№03, ХН№13/
-Мөн хүсэлт гаргагч А.Нтэй хамт ажилласан гэх малын эмч РД:***** З.Дүримхан, малчин РД:************ И.Х, малын эмч РД.*********** К.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Булган сумын 2 дугаар багийн иргэн А.Н нь 1972 оноос 1983 он хүртэл тус сумын “С” нэгдлийн Улаагчин бригадад малчинаар ажиллаж байсан нь үнэн гэсэн байна.
- А.Нийг 1985 оны 1 дүгээр сарын 01-нээс Ёлтын бага сургуулийн дотуур байрны жижүүрээр бүр авч ажиллуулсан нь Баян-Өлгий аймгийн Булган сумын найман жилийн сургуулийн захирлын 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаалаар,
-1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон №678784 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд А.Ний 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл авсан цалин, төлсөн татварын талаар бичигдэж, тамга дарж баталгаажуулсан байна. 
- Хүсэлт гаргагч А.Нтэй хамт ажилласан гэх захирал Л.А, багш РД:********** С.Б, нярав РД:*********** Х.М, тогооч РД:*********** З.М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: А.Н нь 1983-2003 он хүртэл Булган сумын Ёлтын бага сургуульд жижүүр, хүмүүжүүлэгчээр тасралтгүй ажилласан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна 
- Хүсэлт гаргагч А.Нийг 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Улаагчин бригадын шинэ жилийн баярт зориулан явуулсан үндэсний бөхийн барилдаанд идэвхитэй оролцож, тэргүүн байр эзэлсэн тул сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр, Ёлт бага сургуулийн захиргаанаас 1987 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх үйлст идэвх зүтгэлтэй оролцож, нөөц бололцоог бүрэн ашигласан явдлыг сайшаан тэмдэглэж сургуулийн нөөц бололцооны аваргаар шалгаруулан баярын бичиг үнэ бүхий зүйлээр, 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдөр сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг хангахад идэвхи зүтгэл гаргасан явдалд талархал илэрхийлж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр, Булган 10 жилийн сургуулийн захиргаанаас 1989 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ёлт бага сургууль байгуулагдсаны хагас зуун жилийн ойг сурлага хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан явдалыг тэмдэглэж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр, Ардын боловсролын хэлтсийн даргаас 1989 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Монголын багш нарын 5 дугаар Их хурал угтсан 1988 оны социалист уралдаанд бусдыг хошуучлан өсвөр үеийнхэнийг сурган хүмүүжүүлэх үйлсэд амжилт олж байгааг сайшаан тэмдэглэж диплом үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж байсан байна. 
- 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдэлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрийн эхний хуудсанд А Н гэж бичигдэж С нэгдэлийн тамга дарагдсан боловч дэвтэрийг нээлгэсэн огноо засвартай, зураггүй, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 182987 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрийн 4-5 дугаар хуудсанд Булган сумын намын хорооны зөвшөөрлийг үндэслэн 1983 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай тушаалаар сургуулийн дотуур байрны жижүүрээр 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр томилсон талаар бичилт хийгдсэн боловч огноо засвартай, эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч А.Н нь Баян-Өлгий аймгийн Булган сумын “С” нэгдэлд 1972 оны 6 дугаар сарын 3-аас эхлэн 1974 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл мод бэлтгэгчээр, 1979 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн 1983 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган сумын Улаагчин бригадад хоньчин, Баян-Өлгий аймгийн Булган сумын “Ёлт” бага сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 01-ээс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгчээр ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:***********С овогт Ан Н Баян-Өлгий аймгийн Булган сумын “С” нэгдэлд 1972 оны 6 дугаар сарын 3-аас эхлэн 1974 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл мод бэлтгэгчээр, 1979 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн 1983 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган сумын Улаагчин бригадад хоньчин, Баян-Өлгий аймгийн Булган сумын “Ёлт” бага сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 01-ээс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгчээр ажилласан болохыг тус тус тогтоосугай. 
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А.Ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Б.МАНГИЛИК